Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

 

 2019        12          02                                    2019/ШЦТ/997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч М.Очбадрах,

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Бд холбогдох эрүүгийн 1902002640145 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хаяг сурталчилгааны ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 16 дугаар байрны 57 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б Б /регистрийн дугаар УХ89082855/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бохир жингээр 3.7412 грамм, цэвэр жингээр 1.9 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... “ гэв.

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 50/1-204 тоотод танхайрсан гэх зөрчилтэй Б.Б, Т.Майбаяр нар эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэн ирсэн. Биед нь үзлэг хийхэд Б.Б жижиг ууттай зүйлийг үүдний хаалганы завсраар шидсэнийг авч үзсэн...” гэх илтгэх хуудас /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

 

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай "Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай” прокурорын тогтоол /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон “...хэрэгт гялгар ногоон ууттай, ногоон өнгийн 2 грамм “Каннабис” өвсийг эд мөрийн баримтаар тооцсон” тухай тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 2327 дугаартай:

1. “Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бээс хураан авсан ургамал мэт зүйл” гэж хаягласан цайвар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бээс хураан авсан ургамал мэт зүйл” гэж хаягласан цайвар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно.

4. Уг ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 3,7412 грамм, цэвэр жин нь 1,9828 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1,8930 грамм болов.” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын шинжээчийн 612 дугаартай:

1."Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан.

4.Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.

6. . Б.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсын СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой байна.

7. Б.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна." гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 61-65 дугаар хуудас/

 

Гэрч Д.Хангалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө шартаж сэрсэн учир дэлгүүр орж 100 грамм архи авах гэж ортол Майбаяр, Б нартай таарсан. Бид гурав архиа хувааж уухаар болоод манай найзын эзэнгүй нийтийн байранд очоод худалдаж авсан архиа хувааж уусан.
Архи талдаа хүрээгүй байтал би нилээн согтсон ба тасраад унтсан байсан. Тэгтэл Майбаяр ариун цэврийн өрөөнд Д.Б рүү дайраад зодох шиг чимээ гарахад би сэрээд шууд цагдаа дуудсан. Би цагдаа дуудчихаад хэвтэж байтал Майбаяр намайг бас цохиж зодоод байсан. Ямар учраас юу болоод зодоон болсныг санахгүй байна. Би нэлээн согтуу байсан болохоор юу болоод байгааг ойлгоогүй. Цагдаа нар ирээд тэр хоёрыг авч яваад би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч С.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн ажил болох Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цаг 30 минутын үед гаднаас Майбаяр, Д.Б нар эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдэж ирсэн. Б.Бийн биед нь үзлэг хийгээд эрүүлжүүлэх өрөөнд оруулах үед цагдаагийн дэд ахлагч Э.Баасанжаргал “сая Б.Бийн биед үзлэг хийх явцад биедээ байсан нэг зүйлийг гаргаад үүд рүү шидчихлээ” гэж хэлсэн. Нөгөө шидсэн зүйлийг нь эрүүлжүүлэх байрны хаалганы гаднаас аваад 2 давхарт эрүүгийн мөрдөгч, дэслэгч Энх-Амгаланд өгч Майбаяр, Б.Б нарыг буцааж гаргаад шээсний шинжилгээ авахад ТНС буюу хар тамхи, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байна гэж гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд ялллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гарахдаа Майбаяр руу утсаар яриад “...дотор чинь гайгүй юу, би ажил руугаа явж байна, уулзах уу...” гэж асуухад Майбаяр “ажил дээр чинь яваад очъё” гэж хэлсэн. Ингээд би ажил дээрээ ирээд ажлаа хийж байх үед 10 цагийн үед Майбаяр ажил дээр ирсэн. Тэгээд Майбаяр, бид 2 шараа тайлангаа 0.5 грамм архи авч уунгаа тамхилах санаатай ажлынхаа өрөөнөөс гарахад 2-3 давхрын шатны урд талын цонхны тавцан дээр цагаан ууттай зүйл байхаар нь авч үзэхэд ууттай хатаасан өвс байсан. Парламент тамхины доторх хуурай тамхийг асгаж, дотор нь хатаасан ууттай өвснөөс хийгээд Майбаяр, бид хоёр татаж үзсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай бохир жингээр 3.7412 грамм, цэвэр жингээр 1.9828 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан болох нь цагдаагийн илтгэх хуудас, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бийн биедээ хадгалж байсан өвс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон өвсийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Прокуророос шүүгдэгч Б.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг мэдсээр байж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар зориуд олж авч хадгалсан, тус хэргийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоогдоогүй тохиолдолд учирч болох хор аюул үлэмж ихсэхээр байдлыг үүсгэсэн байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Гэсэн хэдий ч шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “2 грамм Каннабис өвс”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 1/нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “2 грамм Каннабис өвс буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ОДОНЧИМЭГ