Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 2020            02            06                                         2020/ДШМ/180                            

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

            шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох 1902002640145 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн Б-, Улаанбаатар хотод 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хаяг хийх ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар 00 мянгатын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/

Б.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1,9 грамм жин /бохир жин 3,7 грамм/-тэй каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч  хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа “2 грамм каннабис өвс буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт би 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлж байсан. Гэтэл улсын яллагч эс зөвшөөрч эсэргүүцэл бичснээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг буцаасан. Ингээд би 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 2 сар хорих ял шийтгүүллээ. Би хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ алдаа гаргаж, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн. Хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшин харамсаж байна. Би тэтгэврийн насны ээж, 13 настай эрэгтэй дүүгийн хамт амьдардаг бөгөөд хувиараа биет үсэг, гэрэлт самбар, хаяг реклам хийх бизнес эрхлэн ар гэрээ авч явдаг. Гэр бүлдээ цор ганц хөдөлмөр эрхэлдэг хүн нь билээ. Иймээс ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг өөр шийтгэлээр сольж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Гэтэл прокурор Ш.Нямдорж гэмт хэргийн хор уршгийн талаар дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолд “... Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг мэдсээр байж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар зориуд олж авч хадгалсан, тус хэргийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоогдоогүй тохиолдолд учирч болох хор аюул үлэмж ихсэхээр байдлыг үүсгэсэн байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй ...” гэж огт нотлогдож тогтоодоогүй, хэргийн үйл баримтад нийцээгүй буруу дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 1 жил 2 сарын хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа уг хэрэгт холбогдон шалгагдаж хар тамхины төрлийн “өвс” гэх ургамлыг хэн нэгэнд зарж борлуулаагүй, хэрэглүүлээгүй, хэн нэгэнд хор уршиг учруулаагүй бөгөөд хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж өөрөө хэрэглэж өөртөө хор уршиг (эрүүл мэнддээ) учруулсан байдаг.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар шийдвэр гаргахад хөндлөнгөөс нөлөөлж хэргийг хүндрүүлэн шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдолтой байна. Дээд шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндрүүлж шийдвэрлэхгүй гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэглэж оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

            Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг гэх бүлэгт хамаардаг. Сүүлийн үед хүүхэд, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх гэмт хэрэг маш их гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор нийгмийн аюулын шинж чанар, учруулж буй хор уршиг нь нийгэмд үүсч буй нөхцөл байдалтай холбоотой. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.        

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2 грамм каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч С.Батнасангийн “... Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад 15 цагийн үед Майбаяр, Б- нар хүргэгдэн ирсэн. Тэдний биед үзлэг хийж байтал цагдаагийн дэд ахлагч Баасанжаргал “сая Б- биедээ байсан нэг зүйлийг ... үүд рүү шидчихлээ” гэсэн. Шидсэн зүйлийг нь аваад эрүүгийн мөрдөгч, дэслэгч Энх-Амгаланд өгсөн. Майбаяр, Б- нараас шээсний шинжилгээ авахад ТНС буюу хар тамхи мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн гэж гарсан...” /хх 33-34/ гэх мэдүүлэг,

“... бэлдмэлийн грамм нь 2 гр байв.” гэсэн Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, дэд ахлагч Э.Баасанжаргалын илтгэх хуудас, гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 9-10, 23-24/,

Б.Б-ээс хураан авсан ургамал мэт зүйл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2327 тоот шинжээчийн дүгнэлт /хх 43-44/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/,

шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “... шатны цонхны давцан дээрээс цагаан ууттай зүйл олоод үзтэл хатаасан өвс байсан. Гадаа гараад татаж үзсэн ... үлдэгдэлийг нь халаасандаа хийгээд явж байгаад найз Хангалтай таарсан ... эрүүлжүүлэх, саатуулах байранд “биед байгаа зүйлээ гарга” гэхээр нь сандарсандаа халааснаасаа гаргаад шат руу шидсэн юм ...” гэх /хх 60/ мэдүүлэг зэргээр нотлогдон, тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Анхан шатнаас шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасны дагуу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохоор хуульчилжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ДШМ/994 дугаартай магадлал /хх 170/-аас үзвэл давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дээрх хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд “анхан шатны шүүх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг үнэлж, дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснээс бус доод шатны шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлсөн хэрэг биш юм.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэцэд нөлөөлт бодисыг олж авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Б.Б-ийг олж авснаар гэм буруутайд тооцсон хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН