Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1030

 

         

 

 

 

 

 

 

2019         12          09                                     2019/ШЦТ/1030

 

                  

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

            Улсын яллагч Я.Мөнхзаяа,

            Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н Чт холбогдох эрүүгийн 1909 01106 0686 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “МН Жойн” ХХК-д үйлчилгээний машины жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59 дүгээр гудамжны 45 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй гэх А овогт Нын Ч /регистрийн дугаар МЙ92050510/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Н.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ дэлхий" төвийн гадна байсан Б.Түшигийн эзэмшлийн 59-54 УНА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашины эд анги болох зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, эмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, 

            Хохирогч Б.Түшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн өдөр ажлын газрын гадаа машинаа байрлуулаад ажил дээрээ хонож ажиллаж байсан юм.  Өглөө 6 цагийн үед машинаа асаасан чинь сонин дуугараад байхаар нь үзсэн чинь янданг нь аваад явсан байсан учир цагдаад хандсан... би ажлын гадаа гудамжинд машинаа ил тавьсан байсан... машинаа түгжээд ажил руугаа орсон бөгөөд яндан машины доор ил байдаг... миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

            "Дамно" ХХК-ийн хөрөнгө үнэлгээний СБ2-19-300 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            Яллагдагч Н.Ч нь хохирогч Б.Түшигийн ХААН банкны 5070082350 дугаарын дансанд хохирлын мөнгө 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга / хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө “Шинэ дэлхий” телевизийн байрны хажууд 59-54 УНА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёота Приус-20” маркийн автомашины зөөлөн янданг хулгайлж авсан... би хохирлыг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу хэрэг үйлдсэн өдрийн нөгөөдөр нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Түшигийн “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,                        

 

            Шүүгдэгч Н.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 754 дугаар тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, “МН ЖОЙН” компанийн 19/196 дугаар тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, Цагдаагийн ­Ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүхээс шүүгдэгч Н.Чт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ дэлхий" төвийн гадна байсан Б.Түшигийн эзэмшлийн 59-54 УНА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашины эд анги болох зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Н.Чийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүх шүүгдэгч Н.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овогт Нын Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Чийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Чт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ