| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0200/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 22
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Л.Батжаргал, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч Ч.Мөнхдулам,
Улсын яллагч С.Сугар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,
Гэрч С.Э,
Шинжээч А.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр,
Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нд холбогдох 1830000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн.1974 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “А” гэх газарт “И” ХХК-д эксваторын жолоочоор ажиллаж байсан, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороололын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 онд Эрүүгийн хуулийн 239 зүйлийн 2 дахь хэсгээр 1 жил хорьж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорьж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Т.Н.
Холбогдсон хэргийн талаар / прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “А” гэх газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах И ХХК-ны ажилчдын байран дээр согтууруулах ундаа уусан үедээ Ц.Мтай маргалдан улмаар зодож, түүний хэвлий хэсэгт өвдөглөн “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцралын улмаас хурц цус алдсанаас амь насыг нь хохироож, алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ асуудал 2018 оны 07 дугаар сарын 25-аас 26-ны шилжих шөнө болсон. Тэр орой 21 цагийн үед М гарчихаад буцаж орж ирсэн. Талийгаач жонш ялгагч хэд дайлна гэж байна гэхээр тэд нарын гэр рүү орсон. 12 цаг өнгөрч байхад гэр рүүгээ орсон. Намайг унтаж байхад М ирээд “ бацаан нарт доошоо ороод, гөлөг царайлаад “ гээд янз янзын юм яриад байхаар нь би сайн ойлгохгүй “... унтъя өглөө ажилтай” гэсэн. Тэгсэн миний хамар руу цохичхоод гараад явсан. Би гэрийн хаяа руу цусаа гоожуулахад гадаа гэгээ орж байсан. Хэдэн цагт гэдгийг мэдэхгүй. М дахиж гаднаас орж ирээд “ чамаас болж би бацаануудтай маргаад байна” гэсэн. Тэгээд намайг зодоод байсан. Орон дээр цохиж байгаад орноос татаж газар унагасан. Би өөрийгөө хамгаалж их зүйл болсон. Би өөрийнхөө амь насыг хамгаалах гэж эсэргүүцэл үзүүлсэн. Миний дээр гарч суугаад паркетан шалаар намайг цохиход тэр паркетан шал нь хугарсан. Би хугархайг нь аваад талийгаачийг цохисон. Миний дээр дараад, намайг боогоод байхаар нь би доороос нь 2-3 удаа түлхсэн. Тэгээд гэрээс гарч зугтаах гэхэд намайг дахин барьж авч бид хоёр дахиад зодолдож, гэрийн баруун орон дээр унасан. Дээр доороо их орж ноцолдсон. Чамайг ална гээд л над руу дайраад байсан. Би дээр нь гарах гэж их зүтгэсэн. М намайг бодвол хамаагүй бяртай. Тэгж байгаад би дээр нь гарсан. Тэгэхэд С.Э ах одоо боль гэсэн. Тэгээд би орон дээр очиж суусан.
Би өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэхэд чамаас яллагдагчийн байцаалт авахгүй, гэрчийн мэдүүлэг авна, заавал өгөх ёстой гэсэн. Би Нямхүү гэж өмгөөлөгч авсан гэж хэлсэн. Энэ бол байцаалт биш, зүгээр гэрчийн мэдүүлэг учраас өмгөөлөгч шаардлага байхгүй гэсэн. Би талийгаачийн дээрээс өвдөглөж унаагүй. Байцаагч Манлайбаяр чи тэгсэн биздээ гэсэн. Тэр үед шоконд орсон байсан учраас сайн уншиж чадахгүй зурсан.
Талийгаачийн хавирга хугарсан нь ноцолдож байх явцад болон орон дээрээс унахад, өнхрөхөд, аль алинаас нь учирсан байх. Намайг боож байхад би доороос нь жийснээс болсон байх.
Намайг бооход би ухаан балартаж унах гээд байсан. Ухаан балартаад, хэцүү болсон. Тэгээд жийж өшиглөсөн, хөлөө займчилж гаргаж ирээд жийсэн. Хохиролд мөнгө 5,000,000 төгрөг өгсөн...гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: 2018.07.26-ны өглөө ийм зүйл болсныг мэдсэн. Өглөө 06 цагт над руу утсаар яриад Сүхбаатар аймагт зодоон болсон байна гэсэн. 30, 40 минутын дараа дахин утсаар яриад М өнгөрсөн байна гэсэн. Энэ хоёрыг зодолдсон гэж бодоогүй. Дараа нь нойр булчирхай нь задарсан байна гэхээр нь санамсаргүй нэг цохисноос болсон байх гэж бодож байсан. Гэтэл олон тооны хавирга хугарсан, ийм айхавтар зодуулсан байна. Хүний гарт ийм зэрлэгээр амиа алдсанд гомдолтой байна. 12,944,000 төгрөг нэхэмжилж байгаагаас 5,500,000 төгрөг өгсөн. Шүүх хуралдаан эхлэхэд 2,400,000 баримт нэмж гаргаж өгсөн. Буяны ажил явдлыг нь хийгээд 21 хонож байсан. Байцаагч нь 21, 41 хоногийн баримтуудаа бүрдүүлээд бөөнд нь өг гэж байсан, Сүхбаатар аймагт ирж байцаагчтай уулзаж, буцаж байсан зардлууд байгаа.Одоо 9,800,000 төгрөг нэхэмжилж байгаа...гэв.
- Гэрч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эд нар чимээгүй байж байснаа үүрээр М орж, гараад байсан. Эргэж гарахдаа Нгийн хамрыг цохиж цусалчихаад гараад явсан. Нэлээн байж байгаад буцаж орж ирээд Нг орон нь дээрээс авч чулуудсан. Тэр үед гадаа гэгээ татсан байсан. Энэ хоёр дээр, доороо орж зодолдож байсан. Баруун орон дээрээс зүүн орон дээр давхардаж унаж байхыг нь би харсан. Манай гэрт өргөн хошуу чагтаганаас зүүдэг байсан. Тэрэнд тээглэж унаж байсан. Зүүн талын орон дээр давхарлалдаад ойчиход М Нгийн толгой руу паркетан шалны модоор цохисон. Энэ паркетан шалны модны хугархайг Н аваад Мын нуруу руу нь цохиод байсан.Н унаад гарч зугтах гэхэд М араас нь бариад эргэж зодолдож байхаар нь би салгах гэхэд М намайг гараараа цааш нь түлхэхэд би шидэгдсэн. Тэгээд намайг хөдөлвөл дэмий шүү, бархирвал дэмий шүү гэсэн. М, Нг боож байхад Н доороос нь өшиглөөд байсан. Энэ хоёр дээр доороо орж байгаад Н дээр нь гарсан. Тэгэхээр нь би боль, нэг газраас ирсэн хүмүүс, та нар нэг дор өссөн гээ биздээ гэсэн. Тэгээд Н салаад орон дээр хэвтсэн. М чи миний нутагт байгаа хүн шүү, би чамайг ална гэсэн. Тэгээд өөр юм болоогүй. Би бие засаад орж ирэхэд Н зүүн орон дээр, талийгаач баруун ороо түшээд, хажууд нь сууж байсан. Гэтэл хэзээ хойно нь Алтанцэцэг наад хоёроо салгаач гэхээр нь салгасан байна гэсэн чинь наад хүн чинь эвгүй байна даа гээд гадаа гараад утсаар ярьсан. Тэгээд түргэн тусламж дуудчихлаа гэсэн. Түргэн тусламж 06 цагийн үед ирээд, өнгөрсөн байна гэсэн.
Н орон дээрээс үсэрч ирээд Мын дээрээс өвдөглөсөн тийм асуудал болоогүй. Намайг гарын үсэг зур гэхээр нь би гарын үсгээ зурчихаад нүдний шилээ зүүгээд уншихад дээрээс нь өшиглөсөн, Н Мыг аллаа гэж бичсэн байсан. Би ингэж хэлээгүй гэхэд нэгэнт л хүн алсан юм чинь гэж байсан. Тэгэхээр нь би шүүхэд очоод хэлнэ гэж хэлсэн. Би айгаад миний ярьсан биш байна гэж хэлээгүй. Мөрдөн байцаагчид нь та нар ингэж гуйвуулж бичлээ гэхэд бид мэдэж байна гэсэн. Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн. Би өөрийнхөө харсан зүйлийг хэлсэн, энэ мэдүүлэгтээ итгэлтэй байна....гэв.
- Яллагдагч Т.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг "Алтан-Овоо” нэртэй газар үйл ажиллагаа явуулах Их-Асралт Трейд ХХК-ны экскаваторын жолоочоор найз Мын хамт 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажилласан. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Э ахтай хамт Ганжаргал, Ганпүрэв нарыг гаргаж өгч байгаа гээд архи анх уусан байсан. 23 цаг болж байхад М гаднаас орж ирээд залуучууд “бид хоёрыг дайлна гэнээ, хамт орохуу” гэхээр нь зөвшөөрч А нарын гэр рүү орсон чинь уг гэрт байдаг хүмүүс болон Болор-Эрдэнэ нар нь ерөөл нэртэй архи задалчихсан уугаад сууж байсан. Нийтдээ 0,75 литрийн ерөөл нэртэй 4 шил архи, 2,5 литрийн пивотой ууж дуусгах үед мотор унтарсан учир гэрэлгүй болоод тэнд байсан хүмүүс тарцгаасан. Би өөрийнхөө унтдаг баруун урд талын орон дээр дээш хараад хэвтэж байтал гаднаас М нь орж ирээд “чи муу жоншны ялгагч бацаануудаас доошоогоо ороод гөлөг чинь” гэж хэлэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь М нь шууд гараараа миний нүүр рүү буюу хамар орчимд 1 удаа цохихоор нь хамраа барьсан цус гарч байхаар нь орны цаад хөндийгөөр цусаа гоожуулаад тонгойгоод байж байтал гаднаас дахин орж ирээд “чамайг би өмгөөлж бацаануудтай чиний өмнөөс хэрүүл хийж байна” гэж хэлээд дахин намайг цохиод татаж орноос газар руу унагаж нүүр рүү өшиглөхөөр нь би гараараа нүүрээ дарж хаасан. Багцаагаар 4-5 удаа өшиглөсөн. Намайг өшиглөөд байхаар нь 2 хөлийг давхар тэвэрч татсан чинь гэрийн зүүн талруу М нь биеийнхээ ар хэсгээрээ савж ор мөргөж унахаар нь би хөлийг нь барьж байснаа больж ахиулан 2 биенээ заамдаад би доор нь дээшээ хараад байж байхад М нь миний дээр гараад сууж байхдаа гэрийн зүүн урд талын орон дээр байсан паркетан шалны хавтангаар миний толгойны зүүн дээд хэсэгт цохитол хавтан нь 2 хэсэг болж хугарахаар нь шидэгдсэн хугархайг нь би авч зөрүүлээд Мын нүүр толгойруу нь цохисон. М гартаа үлдсэн хугархай хавтангаараа намайг цохиж байсан. М бид 2 гартаа барьсан байсан паркетан шалны хугархай хавтанг тавиад 2 багананы урд хэсэгт өөд өөдөөсөө хараад барьцалдаж аваад хамт газар унасан бөгөөд унах үед М нь эхэлж газар биеийнхээ баруун гар талаараа толгой нь баруун хойд зүгт унаад бага зэрэг хүч нь сулраад барьцаа тавихаар нь би босч ирээд үсрээд 2 өвдгөөрөө биеийнх нь зүүн хэсэгт хавирга орчимд буучихсан. Үүнээс хойш М босч ирэлгүй тэр чигээрээ хэвтээд ёолоод байсан. Мын толгой нь баруун орны доогуур баруун хойд зүг орчихсон байхаар нь 2 хөлнөөс нь бага зэрэг татаж гаргаж ирсэн. Би гадагш гарч гал тогооны гэр рүү орж цай уучихаад шанаганд ус хийж нүүрийг нь угаах мөн сэргээх гэж 2 удаа цацах үед ёолоод л хэвтээд байсан. Гайгүй байлгүй гээд бодоод би орон дээрээ гараад хэвтсэн нэг мэдсэн чинь манай гэрт хамт байрладаг Э ах намайг сэрээгээд Мын царай сонин болчихсон байна гээд байж байтал гаднаас Алтанцэцэг эгч ирж байгаа харагдаж байсан сүүлдээ олон хүн ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 101-105/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бы: Миний хувьд талийгаач Цын Мын эхнэр нь юм. Талийгаач Ц.М нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг уурхайд том оврын автомашин буюу хүнд даацын техник дээр Нгийн хамт 2018 оны 05 дугаар сараас эхлэн ажиллах болсон. 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед утсаар залгаад одоо унтаж амрах гэж байна, өглөө утсаар яръя гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өглөөний 06 цагийн орчимд хүнд даацын техникийн эзэн нь над руу яриад Ц.Мын бие нь муу байна, урьд шөнө байгаа газар нь зодоон болсон гэж ярьсан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа нас барсан байна гэдгийг хэлсэн.Талийгаач маань уул уурхайн чиглэлээр хүнд даацын авто машин, техникийг гол төлөв жолоодож амьдралаа залгуулдаг байсан бөгөөд дунджаар сард 1.200.000 төгрөгний цалин авдаг байсан. Нтай бага байхдаа нэг байранд өссөн, ээж аавууд нь бие биенээ таньдаг хүмүүс юм. Энэ байдлаасаа болж хамтарч уул уурхайн газарт техник барьдаг болсон.Архи уугаад байдаггүй бөгөөд хааяа найз нөхөдтэйгээ нийлэхээр пиво уугаад гэртээ ирээд амардаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн уур уцаар гаргаад байдаггүй байсан.Талийгаач маань нас барж миний бие 21, 17, 12, 5 насны 4 хүүхэдтэй үлдсэн.Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Одоогийн байдлаар оршуулгын зардалд 12,991.700 /арван хоёр сая есөн зуун ерэн нэгэн мянга долоон зуу / төгрөгний зардал гарсан бөгөөд цаашид буяны хоног буюу 21, 49 хоногт тодорхой хэмжээний мөнгө зарцуулах учир тухайн баримтыг шүүхэд нэмэлтээр гаргаж, дээрх үнийн дүн дээр нэмж нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16,18/
- Гэрч Ж.Аийн: 2018 оны 07 дугаар сарын 26-ны өглөө өөрийн байрладаг урд эгнээний хамгийн баруун талын гэртээ амарч байтал гэнэт юм дуугараад цочоод сэрсэн бөгөөд юу болж байгааг мэдэх гээд гэрээр явж харсан чинь хэрэг болсон гэрийн орчимд ирсэн чинь гэрийн хаалга нээлттэй Н нь баруун урд орон дээр суучихсан, бөгтөр нуруутай Цогоо гэх хүн нь гэрийн гол хэсэгт “одоо боль” гэж байсан. Харин нас барсан залуу нь гэрийн баруун талаар унасан, баруун талаараа хэвтчихсэн атиралдсан байдалтай газраар хэвтэж байсан. Гэр рүү ойртох үед цусны үнэр үнэртэж байсан. Миний хувьд цусны үнэрийг содон мэдэрдэг юм. Ингээд би юу болоод байна гээд бахирсан, хэн нэгнийгээ зодоод алчихлаа гэж бодоогүй, нэгнийгээ зодож гэмтээсэн байна гэж бодсон.Удалгүй Болор гэх залуу орж буцаж гарч ирэхдээ уйлсан байдалтай байхаар хэрэг бишидлээ гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Болор нь гэрээс гарч ирсний дараа Н руу дайрч арай ч дээ нэгнийгээ ийм болгодог нь яаж байгаа юм гээд уйлаад зодчих гээд байхаар хориод байсан...гэх мэдүүлэг/хх- 19-20/,
- Гэрч Ц.Аын: 2018 оны 07 дугаар сарын 25-ны 22 цагийн үед урд эгнээний баруун талаасаа 3 дахь гэр буюу жонш ялгагч залуучуудын гэр рүү би орсон чинь хүмүүс пиво, архи уугаад сууж байсан. Унтаж байтал уурхайд үйлчлэгч ажилтай Алтанцэцэг эгч намайг сэрээгээд утсаар яримаар байна М, Н нар нь нэг нь нэгийгээ зодсон юм шиг байна гэж байсан. Энэ үед 2018 оны 07 дугаар 26-ны 04 цаг 45 минут болж байсан. Ингээд миний гар утсаар Алтанцэцэг эгч Уулбаян сумын цагдааруу залгасан боловч болохгүй байсан учир эмнэлэг дуудсан. М, Н,Э, Ганжаргал, Ганпүрэв нар нь 1 гэрт байдаг бөгөөд Ганжаргал, Ганпүрэв нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумруу явчихсан юм. М, Н, Э нар хамт байрлаж байсан. Би жонш ялгагч нарын гэрт 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой орох үед М, Н нар нь жонш ялгагч нарын хамт байж байсан, харин Э нь байхгүй байсан. Яасан талаар асуухад байрладаг гэртээ унтаж байгаа гэж байсан. Алтанцэцэг эгч намайг сэрээсний дараа юу болсон талаар харах гээд гэр рүү ороход М нь гэрийнхээ баруун талаараа хажуу тийш хараад газраар хэвтчихсэн, Н нь гэрийн баруун урд талын орон дээр сууж байсан. Газраар цус болсон байдлыг ажиглахад зодолдсон шинж илэрхий байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22/
- Гэрч С.Эын: Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “А” гэх газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Их- Асралт Трейд ХХК-д операторчноор 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа юм. М, Н, Ганжаргал, Ганпүрэв бид 5 нэг гэрт хамт байрладаг бөгөөд Ганжаргал, Ганпүрэв нар нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумруу наадам үзэхээр 2018 оны 07 дугаар 25-ны өдрийн 14 цагийн орчимд байх яваад өгсөн. Би ээлжинд гарч 19 цагт буугаад оройн хоол цайгаа идэж уугаад унтаж амарсан. Харин Ц.М, Т.Н нар нь хаагуур явсан талаар мэдээгүй. Намайг унтаж байтал гаднаас Ц.М, Т.Н нар нь архи уусан байдалтай орж ирээд Т.Н нь гэрийн баруун урд талын орон дээр хойд зүгт хараад хэвтсэн. М нь гэрт орж ирснээ буцаад гараад явсан. Би дахин унтах гээд байж байтал гаднаас М нь орж ирээд Нг цохисон. Энэ үед Н нь “чи намайг цохьчихлоо шдээ, миний хамраас цус гараад байна” гэсэн чинь М нь гадагшаа гарсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа М нь дахин гаднаас орж ирээд Ндаа хандаж “чамаас болж би залуучуудтай муудалцлаа” гэж хэлээд Нг орон дээрээс нь татаж газар унагаагаад дээрээс нь цохиж, өшиглөөд байхаар нь би хэвтэж байсан орон дээрээсээ босч “боль” гэж хорих гэсэн боловч М нь намайг гараараа түлхэх үед би хойш болж ойртож чадахгүй байсан. Удалгүй хоёулаа газар унаж гэрийн зүүн урд талд дээр, доороо ороод байж байснаа гэрийн зүүн урд талын орон дээр байсан паркетан шалны хавтангаар М нь Нг яах аргагүй толгойруу нь 1 удаа цохисон чинь цохисон паркетан шалны хавтан нь хугарчихсан бөгөөд хугарсан хэсгээс нь Н нь аваад Мын нуруу хэсэгт 3 удаа цохисон. М, Н нар нь босч ирээд гэрийн баруун хэсэгт очиход М нь баруун хойд зүгт толгой нь чигтэй биеийнхээ баруун гар талаар газар уначихсан Н дээр нь байсан. Н нь Мыг газар уначихсан хэвтэж байх үед нь гүйж ирээд 2 өвдгөө зэрэг нугалж гэдэс цээж орчмоор нь өвдөглөөд буусан. Н босч ирэхээр нь би татаж байгаад өөрийнх нь унтдаг баруун урд талын орон дээр суулгасан. Би гал тогооны гэр рүү орж хүйтэн цай уучихаад буцаад ирэхэд Н нь өөрийнхөө орон дээр, М нь гэрийн баруун талаар газраар хэвтэж байсан. Би буцаад хэвтэх гэсэн боловч унтаж чадахгүй болохоор нь боссон чинь Н орон дээрээ сууж байхаар нь та 2 одоо боль гээд байж байтал гаднаас үйлчлэгч ажилтай Алтанцэцэг нь ирээд хаалга гаднаас шагайчихаад юу болоод байна гээд яваад өгсөн. Удалгүй хүмүүс цугларсан. М нь энэ үед ёолоод байсан бөгөөд хүмүүс ирсний дараа нас барчихлаа гэж байсан. Н нь гаднаас орж ирээд орон дээрээ хэвтэж байхад нь М нь “чи залуучуудын хажууд доошоо ороод байна” гэх мэтээр анх хэлж Нг цохисон. Дахин М нь Нг орноос нь татаж унагаад дээр доороо орж байгаад салахгүй үргэлжилсэн зодоон болж байгаад сүүлдээ Н нь Мынхаа амийг нь хохироолоо. Энэ 2 урьд нь маргаж муудаж байгаагүй, багын найз нөхөд гэдэг юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 21/
- Гэрч Т.Агийн: 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай Их-Трейд ХХК-ны ажилчид болох Алтаншагай, Энх-Оргил хоёр Сүхбаатар аймгийн төв рүү яваад орой 20 цагийн үед ирсэн. Ирэхдээ тэр хоёр 4 шил 0,75 гр ерөөл архи, тамхи, хоол хүнсний зүйлүүдээ авчирсан байсан. Манай гэрт Болор-Эрдэнэ, Алтаншагай, Энх-Оргил, Шинэбаяр, Очирпүрэв, Н, Хуягаа гэх залуу, талийгаач бид нар ууцгааж 3 дахь архийг ууцгаасан. Тухайн үед бүгдээрээ л инээлдэж хөхрөлдөөд ямар ч хэрүүл маргаан болоогүй талийгаач Мад Н нь хэлэхдээ “миний найз,миний найзын дүү, доод төгсөлтийн залуу байгаа юм” гээд хоорондоо ярилцаж гар утсаараа өөрсдийнхөө зургийг авцгааж инээлдэж хөхрөлдөж байсан. Тэгээд тэд нар ууцгааж байхад нь орондоо ороод унтаад амарсан. Ер нь Н нь тэр өдрийн өглөө нь уучихсан яваад байсан. Харин хэнтэй уусан талаар мэдэхгүй байна. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 05 цагийн үед гэрт Анхбаяр, Болор-Эрдэнэ, Алтаншагай гурав гэрт орж ирээд намайг сэрээхээр нь би уурлаад “ажилд гарах болоогүй байна ш дээ” гэтэл Анхбаяр “нэгнийгээ алчихсан байна ш дээ” гээд уйлаад байхаар нь би хувцсаа өмсөөд гэрээс гарч талийгаачийн гэр рүү нь очиход Н талийгаачийн гэрийн гадна зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “ Намайг унтаж байхад талийгаач орж ирээд намайг цохиод байхаар нь би хөлийг нь тэвэрч унагаад цээж рүү нь хоёр гурав өшиглөсөн. Эр улсууд яахав дээр доороо орж зодолдож байгаад би босч ирээд цээж рүү нь өшиглөсөн ” гэж надад хэлсэн. Өөр юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
- Гэрч С.Бийн: Агийн бригадын залуучууд ерөөл нэртэй архи задалчихсан тойруулж байсан. Удалгүй Н, М нар нь гаднаас орж ирээд уусан. Мөн Анхбаяр сүүл хэсгээр орж ирсэн. Ингээд бид нар хэсэг юм ярьж нийтдээ ерөөл нэртэй 4 шил архийг ууж дуусах үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Энэ үед гэрэл шууд унтраад хүмүүс тарахаар нь би босоод хувцсаа өмсөөд гэррүү ороод шууд унтаад өгсөн. 2018 оны 07 дугаар 26-ны 04 цаг 40 минутын үед Алтанцэцэг эгч намайг сэрээгээд “ Н, М нар болохгүй байна” гэх шиг бүдэг бадаг зүйл ярихаар нь шууд Н, Мын нарын гэр рүү ороход М нь гэрийн баруун баганын баруун талаар толгой нь хойд зүгт, бие нь дээш харчихсан байдалтай, Н нь баруун урд талын орон дээр цаашаа харчихсан атийсан байдалтай хэвтчихсэн, Э нь өөрийнхөө орны орчимд байж байсан. Би шууд М дээр очоод нэрээр нь дуудаад “яасан бэ, ах босоорой, сэрээрэй” гэж хэлээд гараараа биеийг нь хөдөлгөсөн чинь бие нь нойтон, нүүр, толгой нь цус болчихсон байхаар нь амьсгалж байгаа эсэхийг нь мэдэх гээд чихээ ам хамарт нь ойртуулсан чинь амьсгалахгүй байхаар нь ухаан алдчихсан юм болуу гэж бодоод хацар руу нь бага зэрэг алгадсан боловч сэрэхгүй байсан. Цээжнээс нь өргөсөн боловч ямарч хариу байхгүй байсан. Нэг удаа амьсгалах шиг болсон, дахин амьсгалаагүй. Даараад байгаа байх гэж бодоод өөрийнх нь орон дээрээс хөнжлийг нь авч дээгүүр нь бүтээсэн. Энэ байдлаар нилээн удсан. Багцаагаар 20 гаран минут болсны дараа уруул нь хөхрөөд харалчихсан харагдахаар нь нас барсан байна гэж ойлгосон. Энэ үед хажуунаас Э ах Н, М хоёр хоорондоо зодолдсон гэж байсан. Ойр орчмыг ажиглаж харахад гэрийн зүүн талын хүн унтдаггүй орон дээр пракетан шалны хугархайны булан хэсэг нь цус болчихсон,талийгаач хэвтэж байсан газраар болон баруун орны шалан доогуур цус болчихсон байхаар нь зодоод алчихлаа гэдгийг шууд ойлгож, Н ахаа та хүн алчихсан байна ш дээ гээд хувцаснаас нь татсан чинь өөдөөс уурламдаг болсон. Тухайн үед Н нь орон дээр цаашаа харчихсан хэвтэж байсан. Орой архи ууж сууж байхдаа ажлын талаар ярьж байсан. Ямар нэгэн маргаан болоогүй. М, Н нар нь хоорондоо хол сууж байсан. ямар нэг маргаж, муудах ярианы сэдэв огт яригдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Гэрч Ж.Эын: 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Анхбаярын хамт уурхайн ажилчдын байрнаас Сүхбаатар аймгийн төв рүү хоол хүнсээ цуглуулахаар ирээд будаа, 4 шил 0.75 литрийн архи аваад 21 цагийн үед уурхайн ажилчдын байран дээрээ ирээд хүнс, ногоогоо буулгачихаад архиа аваад гэртээ Шинэ-Од, А, Алтаншагай, Очирпүрэв нарын хамт нэг шил архиа тойруулаад ууж байхад гаднаас Хуягаа, Сансар гэх хоёр залуу орж ирээд долуулаа задалсан нэг шил архиа ууж дууссан. Хоёр дахь архиа задалж байхад талийгаач М, Нгийн хамт орж ирээд архинаас уусан. Тухайн үед миний дотор муухайраад байхаар нь гэрээс гараад хажуу талын гэр болох Алтанцэцэг эгчийн гэр рүү ороход Алтанцэцэг, Анхбаяр, Цээгий гэх гурван эмэгтэй байхаар нь тэд нартай юм ярьж байхад 00 цаг болж, мотор унтарч гэрэлгүй болоход тэр 3 “за амарцгаая” гээд би мөн амрах гээд гэртээ ирэхэд Алтаншагай,А, Шинэ-Од, Очирпүрэв нар орондоо орчихсон унтах гэж байхаар нь би орондоо ороод унтсан. Талийгаач М,Н хоёр анх манай гэрт орж ирэхдээ хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй. Өглөө 6 цагийн үед А намайг сэрээгээд “хойно хүн өнгөрчихсөн байна” гэхээр нь босоод хувцас хунараа өмсөөд гэр рүү нь очиж харах гэхэд хүмүүс битгий оч, цагдаа эмнэлэг дуудчихсан байгаа гэхээр нь очоогүй,өөр юу болсон талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
- Гэрч С.Шын: Аймгаас авчирсан 4 шил 0.75 л ерөөл архи ууж байхад гаднаас талийгаач М, Н нар орж ирээд архиа ууцгааж хоорондоо ажлын талаар ярьцгааж байхад 00 цаг болж мотор унтраад гэрэлгүй болохоор нь амарцгаахаар гэрээс гарцгааж, би гэртээ А,Алтаншагай, Энх-Оргил, Очирпүрэв нарын хамт гэртээ амарсан.Тухайн үед архи ууцгааж байхад ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй, бас гэрэл унтраад тэд нар манай гэрээс гарахдаа ч хэрүүл маргаан болоогүй. Маргааш өглөө нь буюу 07 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед А намайг сэрээгээд “бос бос хүн өнгөрчихсөн байна” гэхээр нь босоод хувцас хунараа өмсөөд гэрээс гараагүй. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг / хх 8-13/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-32-33, 37-39/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол/хх- 126/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-43-45/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актанд: 1.Талийгаач Ц.Мын цогцост дагзны хуйхны язарч урагдсан шарх, хуйхан дорхи цус хуралт, баруун чамархайн гавлын булчингийн цус хуралт, баруун 2,3,4,5,6,8-р хавирганы, зүүн 1,4,5,6,7-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун 9-р хавирга, зүүн 10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун зүүн талын дотор ханын тархмал цус хуралт, хэнхэрцгийн баруун талын гадны ханын цус хуралт, нойр булчирхайн задарсан урагдал, няцрал, ходоодны ар хана, сэмж чацархайн цус хуралт, баруун бөөрний өөхөн ислэг, гялтан хальсны цус хуралт, хамарт, зүүн хацарт, баруун мөрөнд, баруун бугалганы урд дунд хэсэгт, баруун алганы ар хэсэгт, хэвлийн дээд хэсэг аюулхайн орчимд, зүүн бугапганы гадна дунд хэсэгт, урд дунд хэсэгт, зүүн тохойд, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн алганы ар хэсэгт, баруун даланд цус хуралтууд, баруун шанаанд, баруун чихний доод дэлбэнд, баруун гарын алганы ар хэсэгт, хэвлийн баруун хэсэгт хөх махнаас доош 21см-т, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны ар дунд хэсэгт, шууны гадна доод хэсэгт, сарвууны ар хэсэгт зулгаралтууд, духны баруун дээд хэсэгт зулгарсан шарх, зүүн хацар шанаа, 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Талийгаач Ц.Мын цогцост үүссэн гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 3. Талийгаач Ц.Мьн хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцралын улмаас хурц цус алдаж нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. 5. Талийгаач Ц.М нас барахдаа хүчтэй зэргийн согтолттой байжээ...” гэжээ. /хх-ийн 34-35/,
- Шүүхийн шинжилгээний албаны шүүх химийн шинжилгээний 102 дугаартай: Ц.Маас авсан гэх цусанд 2.9 промилль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 36/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай /нэмэлт дүгнэлтэнд/: 1.Талийгаач Ц.Мын цогцост дагзны хуйхны язарч урагдсан шарх, хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн гавлын булчингийн цус хуралт, баруун 2,3,4,5,6,8-р хавирганы, зүүн 1,4,5,6,7-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун 9-р хавирга, зүүн 10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун зүүн талын дотор ханын тархмал цус хуралт, хэнхэрцгийн баруун талын гадны ханын цус хуралт, нойр булчирхайн задарсан урагдал, няцрал, ходоодны ар хана, сэмж чацархайн цус хуралт, баруун бөөрний өөхөн ислэг, гялтан хальсны цус хуралт, хамарт, зүүн хацарт, баруун мөрөнд, баруун бугалганы урд дунд хэсэгт, баруун алганы ар хэсэгт, хэвлийн дээд хэсэг аюулхайн орчимд, зүүн бугапганы гадна дунд хэсэгт, урд дунд хэсэгт, зүүн тохойд, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн алганы ар хэсэгт, баруун даланд цус хуралтууд, баруун шанаанд, баруун чихний доод дэлбэнд, баруун гарын алганы ар хэсэгт, хэвлийн баруун хэсэгт хөх махнаас доош 21см-т, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны ар дунд хэсэгт, шууны гадна доод хэсэгт, сарвууны ар хэсэгт зулгаралтууд, духны баруун дээд хэсэгт зулгарсан шарх, зүүн хацар шанаа, 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүдээс үзэхэд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэмтлүүд байна. 3. Талийгаач Ц.М нь баруун гар талаараа хэвтэж байгаа үед биеийн зүүн хэсэгт хавирга орчимд нь үсэрч 2 өвдгөөр өвдөглөх үед баруун 2,3,4,5,6,8-р хавирганы, зүүн 1,4,5,6,7-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун 9-р хавирга, зүүн 10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун зүүн талын дотср ханын тархмал цус хуралт, хэнхэрцгийн баруун талын гадны ханын цус хуралт, нойр булчирхайн задарсан урагдал, няцрал, ходоодны ар хана, сэмж чацархайн цус хуралт, баруун бөөрний өөхөн ислэг, гялтан хальсны цус хуралт бүхий гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. Харин дагзны хуйхны язарч урагдсан шарх, хуйхан дорхи цус хуралт, баруун чамархайн гавлын булчингийн цус хуралт, хамарт, зүүн хацарт, баруун мөрөнд, баруун бугалганы урд дунд хэсэгт, баруун алганы ар хэсэгт, хэвлийн дээд хэсэг аюулхайн орчимд, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, урд дунд хэсэгт, зүүн тохойд, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн алганы ар хэсэгт, баруун даланд цус хуралтууд, баруун шанаанд, баруун чихний доод дэлбэнд, баруун гарын алганы ар хэсэгт, хэвлийн баруун хэсэгт хөх махнаас доош 21 см-т, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны ар дунд хэсэгт, шууны гадна доод хэсэгт, сарвууны ар хэсэгт зулгаралтууд, духны баруун дээд хэсэгт зулгарсан шарх, зүүн хацар шанаа, 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 98-100/,
-Ц.Мын 0000217576 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-62/
-Ц.М, Д.Б нарын 0019916 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-63/
- Оршуулгын зардлын баримтууд /хх-69-77/
- Хохирогч Д.Бд хохирлын 5.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн баримт /хх-136/
- Цт хохирлын 500.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн баримт /
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бы шүүх хуралдаанд гаргасан хохирлын баримтууд/ 3 хуудас бүхий 29 ширхэг баримт /
- Т.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/
- Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг/хх- 44- 46/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 435 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Т.Нгийн биед хамар ясны хугарал, баруун гарын чигчий хурууны 2-р шивнүүр ясны хугарал, хүзүүний зүүн доод хэсэгт баруун мөр, даланд, зүүн даланд, зүүн тохойд, баруун зүүн өвдгөнд зулгаралт, баруун чамархайнд хуйханд, баруун зүүн мөрөнд, баруун зүүн мөрөнд, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй. /хх-42/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааны актанд: Т.Н нь сэтгэцийн хурц эмгэггүй. Т.Н нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Т.Н нь одоогоор хэрэг хариуцах чадвартай... гэжээ. /хх-48-50/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай захирамж /хх-53-54/
-Цагдаагийн Ерөнхий Газрын лавлагаа мэдээлэл /хх-80/
-Т.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86/
-Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-95/
- Зоннемунд ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-106/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-107-109/
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-138-143/,
- Т.Нгийн Амбулаториор үзүүлэгчдийн дэвтэр/ 4 хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “ А ” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах И ХХК-ны ажилчдын байранд хохирогч Ц.Мын согтуурсан үедээ цохиж зодсон үйлдлийн улмаас харилцан зодолдох явцдаа түүний хэвлий хэсэгт өшиглөж, өвдөглөж Ц.Мын эрүүл мэндэд “ хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцрал” гэмтэл учруулж амв насыг нь хохироосон болох нь шүүгдэгч Т.Нгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, гэрч Ж.А, С.Э, Т.А, Ж.Э, С.Ш нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт, Шинжээчийн 41/1, 102 тоот дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааны акт, Ц.Мын 0000217576 дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Тухайн хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Т.Нг унтаж байхад амь хохирогч Ц.М нь орж ирэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн хамарт нь цохиж цус гарган, мөн дахин орж ирэн түүнийг орноос нь татаж унаган зодоон үүсгэсэн, Т.Н нь түүнийг эсэргүүцэж харилцан зодолдох явцдаа амь хохирогч Ц.Мын биед “ хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцрал” бүхий гэмтэл учруулнаас амь нас нь хохирсон үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгч Т.Нгийн гэрчээр, мөн өмгөөлөгч Г.Нямхүүгийн хамт яллагдагчаар өгсөн “ М нь эхэлж газар биеийнхээ баруун гар талаараа толгой нь баруун хойд зүгт унаад бага зэрэг хүч нь сулраад барьцаа тавихаар нь би босч ирээд үсрээд 2 өвдгөөрөө биеийнх нь зүүн хэсэгт хавирга орчимд буучихсан. Үүнээс хойш М босч ирэлгүй тэр чигээрээ хэвтээд ёолоод байсан “ гэх адил мэдүүлэг,
гэрч С.Эын “ М нь дахин гаднаас орж ирээд “чамаас болж би залуучуудтай муудалцлаа” гэж хэлээд Нг орон дээрээс нь татаж газар унагаагаад дээрээс нь цохиж өшиглөөд байхаар нь би хэвтэж байсан орон дээрээсээ босч “боль” гэж хорих гэсэн боловч М нь намайг гараараа түлхэх үед би хойш болж ойртож чадахгүй байсан. Хоёулаа газар унаж гэрийн зүүн урд талд дээр, доороо ороод байж байснаа гэрийн зүүн урд талын орон дээр байсан паркетан шалны хавтангаар М нь Нг толгойруу нь 1 удаа цохисон чинь хугарчихсан бөгөөд хугарсан хэсгээс нь Н нь аваад Мын нуруу хэсэгт 3 удаа цохисон. М, Н нар нь босч ирээд гэрийн баруун хэсэгт очиход М нь баруун хойд зүгт толгой нь чигтэй биеийнхээ баруун гар талаар газар уначихсан Н дээр нь байсан, Н нь Мыг газар уначихсан хэвтэж байх үед нь гүйж ирээд 2 өвдгөө зэрэг нугалж гэдэс цээж орчмоор нь өвдөглөөд буусан ” гэх,
гэрч Т.Агийн “ 2018 оны 07 дугаар сарын 05 цагийн үед талийгаачийн гэр рүү нь очиход Н талийгаачийн гэрийн гадна зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “ Намайг унтаж байхад талийгаач орж ирээд намайг цохиод байхаар нь би хөлийг нь тэвэрч унагаад цээж рүү нь хоёр гурав өшиглөсөн. Эр улсууд яахав дээр доороо орж зодолдож байгаад би босч ирээд цээж рүү нь өшиглөсөн гэж надад хэлсэн “ гэх мэдүүлгээр хэрэгт нотлогдоно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэж буй өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаярын нарын ” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан бүх насаар хорих ял оногдуулж болох хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасныг зөрчсөн. Гэрчээр асууж байна гээд хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, ойлгуулж, хууран мэхлэх замаар мэдүүлэг авсан. Хуурч, хууль бусаар авсан учраас нотлох баримтын шаардлага хангахгүй. Гэрч С.Эоос мэдүүлэг авахдаа хэлээгүй зүйлийг хэлсэн болгож гуйвуулсан, энэ хүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүү шүүлт тулгаж авсан. Н нь боож байх үед нь боолтыг тавиулах гэж, амиа хамгаалах гэж доороос нь жийсэн гэж байна. Эдгээр гэмтлүүд энэ байдлаас үүсэх боломжтой гэдгийг сая хэлж байна. Нгийн гаргаад байгаа үйлдлийг бусдыг санаатай алах гэсэн үйлдэл биш. Өөрийнхөө амь насыг аврах гэж өөрөөсөө том биетэй хүн өөрийг нь боогоод, модоор цохиод байхад тодорхой хэмжээний няцаалт өгөх шаардлага үүссэн. Энэ хүний амьд явах эрх, эрүүл мэнд, энэ бүх эрх чөлөөнд нь хүнд согтолттой хүн догшин, ширүүн авирлаж, ална гэж дайрч байгаа тохиолдолд энэ хүн эсэргүүцэж хамгаалсан. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн байсан. Гэрчийн мэдүүлгээр довтолгоон дуусаагүй, үргэлжилж байсныг харуулж байна. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэдгийг баримталж гэмт хэргийн шинжийг үгүйсгэж өгнө үү...гэх тайлбаруудыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хэргийн баримтаар амь хохирогч Ц.М нь маргаан үүсгэн зодооныг эхлүүлсэн, үүний улмаас Т.Н түүнийг эсэргүүцэж харилцан зодолдож, тэрээр Ц.Мын дээрээс өвдөглөн унасан талаараа гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн, энэ тухай Т.Ад “ Эр улсууд яахав дээр доороо орж зодолдож байгаад би босч ирээд цээж рүү нь өшиглөсөн “ гэж өөрөө хэлсэн, мөн энэ үйлдлийг гэрч С.Э харж тодорхой мэдүүлсэн байх бөгөөд дээрх зодооны явцад амь хохирогчийн биед учирсан үхэлд хүргэсэн гэмтлүүд нь зөвхөн унах, юманд цохих, газар өнхөрөлдөх зэрэгт үүсээгүй, харин дээрээс өшиглөх, өвдөглөх зэрэг их талбай, их хүчний олон удаагийн үйлчлэлээр үүссэн талаарх шинжээч эмч А.Болор-Эрдэнийн ” Талийгаач Ц.М нь баруун гар талаараа хэвтэж байгаа үед биеийн зүүн хэсэгт хавирга орчимд нь үсэрч 2 өвдгөөр өвдөглөх үед баруун 2,3,4,5,6,8-р хавирганы, зүүн 1,4,5,6,7-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун 9-р хавирга, зүүн 10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун зүүн талын дотор ханын тархмал цус хуралт, хэнхэрцгийн баруун талын гадны ханын цус хуралт, нойр булчирхайн задарсан урагдал, няцрал, ходоодны ар хана, сэмж чацархайн цус хуралт, баруун бөөрний өөхөн ислэг, гялтан хальсны цус хуралт бүхий гэмтлүүд нь үүссэн. Эдгээр гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн байсан. Гэмтлээс үзэхэд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байсан. Маш олон тооны хавирга нэг цаг хугацаанд хугарснаас цээжний хөндийн хэнгэрцэгний дотор талд цус хуралт үүссэн. Мөн ходоодны ар талд, сэмжинд нэг цаг хугацаанд цус хуралт үүссэн. Хэвлийн тус газарт өшиглөхөд нойр булчирхай дангаараа гэмтэх боломжтой байдаг. Хоёр талын олон хавирга хугарсан байгаа. Биеийн хүчээр унахад үүсэх боломж байхгүй. Цохилтоос ташраараа гэмтсэн. Өвдөглөхөд хамрах талбай нь том болно. Боолгож байгаа хүн доороос нь өшиглөхөд энэ гэмтэл үүсэхгүй. Хамрах талбай нь их байгаа. Хавирга ташраараа хугарсан байгаа Энэ бол маш их хүч үйлчилсэн учраас тэр олон хавирга хугарсан “ гэх,
шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн” Хавирганы олон хугарал доороос өшиглөхөд үүсэх боломжгүй. Дээрээс хүн хүчтэй нөлөөлөх, дээрээс хүчтэй юм унах, даралт ирснээс олон тооны хавирганы хугарал үүснэ. Өнхөрч байх явцад үүссэн гэдгийг бол мэдэхгүй. Зөрүүтэй хугарлууд бол үүсэх боломжтой. Төмөр орон дээр нэг, хоёр удаа унахад тэр олон хавирга хугарна гэж байхгүй. Өнхөрч байх явцад бол ганц, хоёр хавирга хугарах боломжтой. Олон удаагийн үйлчлэл үүсэж, эдгээр гэмтлүүдийн аль нэг гэмтэл нь нойр булчирхайнд нөлөөлсөн. Тиймээс нойр булчирхайн задрал, няцрал үүссэн. Үүнээс болж хэвлийн хөндийд цус алдсан” гэх тайлбар, дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Учир нь тухайн хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Т.Н, амь хохирогч Ц.М нар л хоорондоо зодолдсон, өөр бусад этгээд зодоонд оролцоогүй, үүнийг гэрч С.Э тодорхой харж байсан бөгөөд амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч Т.Нгаас өөр хүн учруулаагүй болох нь түүний болон гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд, мөн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд амь хохирогчийн үхлийн шалтгааны талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, тайлбарууд зэргээр хэрэгт хангалттай нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Нгийн зодсон үйлдлийн улмаас амь хохирогч Ц.Мын биед гэмтэл учирч түүний амь нас хохирсон бөгөөд энэ хор уршиг учирсан үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоогүйг шүүгдэгч, өмгөөөгч нарын зүгээс тодорхой баримтаар няцаан үгүйсгээгүй болно.
Цагдаагийн байгууллага нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны 05 цагийн орчимд иргэн Ж.Аийн утсаар өгсөн “ М бусдад зодуулсан байдалтай нас барсан “ гэх мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Т.Нг гэрчээр асууж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй ба тэрээр гэрчээр байцаасан тэмдэглэлтэй танилцан, “ миний ярьсан зүйл үнэн бичигдсэн байна “ гэж гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй ”-т гэж заасныг зөрчсөн, гэрч Т.Нгийн зүгээс мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн түүнийг хуурч, мэхлэн мэдүүлэг авсан байдал хэргийн материалаар тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т бүх насаар хорих ял оногдуулж болохуйц хэрэгт өмгөөлөгчгүйгээр яллагдагчийг байцааж болохгүй гэж заасныг зөрчсөн“ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ зохицуулалт нь гэрчид хамааралгүй буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамааралтай зохицуулалт болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдож байна.
Мөн гэрч С.Эоос мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан “ гэх байдал хэрэгт нотлогдоогүй болно.
Учир нь гэрч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Н орон дээрээс үсэрч ирээд Мын дээрээс өвдөглөсөн тийм асуудал болоогүй. Намайг гарын үсэг зур гэхээр нь би гарын үсгээ зурчихаад нүдний шилээ зүүгээд уншихад дээрээс нь өшиглөсөн, Н Мыг аллаа гэж бичсэн байсан. Би ингэж хэлээгүй гэхэд нэгэнт л хүн алсан юм чинь гэж байсан. Би айгаад миний ярьсан биш байна гэж хэлээгүй. Мөрдөн байцаагчид нь та нар ингэж гуйвуулж бичлээ гэхэд бид мэдэж байна гэсэн. Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн “ гэж мэдүүлэх боловч гэрчээр мэдүүлэг авахад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар тэрээр огт гомдол гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, С.Эын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн “ Н нь Мыг газар уначихсан хэвтэж байх үед нь гүйж ирээд 2 өвдгөө зэрэг нугалж гэдэс цээж орчмоор нь өвдөглөөд буусан “ гэх мэдүүлэг нь шүүгдэгч Т.Нгийн гэрчээр, өмгөөлөгч Г.Нямхүүгийн хамт яллагдагчаар өгсөн, мөн гэрч Т.Агийн мэдүүлэгүүдтэй агуулга, утга адил байгааг дурдья.
Иймд өмгөөлөгч нарын мэтгэлцэж буй “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч С.Эын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай “ хүсэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Нгийн “Би өөрийнхөө амь насыг хамгаалах гэж эсэргүүцэл үзүүлсэн. Талийгаачийн хавирга хугарсан нь ноцолдож байх явцад болон орон дээрээс унахад, өнхрөхөд, аль алинаас нь учирсан байх. Намайг боож байхад би доороос нь жийснээс болсон байх “ гэж, түүний өмгөөлөгчид “ шүүгдэгч Т.Нийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцэж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба хэргийн нөхцөл байдлыг үзвэл шүүгдэгч Т.Н, амь хохирогч Ц.М нар 20 орчим минут хоорондоо дээр доороо орон зодолдсон, паркетан шалны хугархайгаар бие биеэ цохиж байсан, хохирогч хүчтэй согтолттой байсан, түүний биед “дагзны хуйхны язарч урагдсан шарх, хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн гавлын булчингийн цус хуралт, баруун 2,3,4,5,6,8-р хавирганы, зүүн 1,4,5,6,7-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун 9-р хавирга, зүүн 10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун зүүн талын дотор ханын тархмал цус хуралт, хэнхэрцгийн баруун талын гадны ханын цус хуралт, нойр булчирхайн задарсан урагдал, няцрал, ходоодны ар хана, сэмж чацархайн цус хуралт, баруун бөөрний өөхөн ислэг, гялтан хальсны цус хуралт, хамарт, зүүн хацарт, баруун мөрөнд, баруун бугалганы урд дунд хэсэгт, баруун алганы ар хэсэгт, хэвлийн дээд хэсэг аюулхайн орчимд, зүүн бугапганы гадна дунд хэсэгт, урд дунд хэсэгт, зүүн тохойд, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн алганы ар хэсэгт, баруун даланд цус хуралтууд, баруун шанаанд, баруун чихний доод дэлбэнд, баруун гарын алганы ар хэсэгт, хэвлийн баруун хэсэгт хөх махнаас доош 21см-т, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны ар дунд хэсэгт, шууны гадна доод хэсэгт, сарвууны ар хэсэгт зулгаралтууд, духны баруун дээд хэсэгт зулгарсан шарх, зүүн хацар шанаа, 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал “ гэмтлүүд учирсан зэргийг үндэслэвэл амь хохирогчийн зүгээс илүүтэй давамгайлсан байдал үзүүлж түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг халдсан байдал нотлогдоогүй ба дээрх олон тооны гэмтэл учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжгүй байна.
Аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон бөгөөд шүүгдэгч Т.Нгийн дээрх үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Т.Н гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг зодож амь насыг хохироожээ.
Шүүгдэгч Т.Нгийн, хохирогч Ц.Мыг зодож амь насыг нь хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эдийн хохиролд 15.393.150 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх энэ нэхэмжлэлээс амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой 13.646.670 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, харин дээрх шууд зардалтай холбоогүй буюу нас барагчийн хоног хураасны зардлын 1.728.480 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Т.Н оршуулгын зардалд 5.500.000 төгрөг нөхөн төлсөн байх тул үүнийг 13.646.670 төгрөгийн нэхэмжлэлэс хасаж, үлдэгдэл 8.164.670 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд олгохоор тогтооно.
Т.Нгийн амь хохирогчийн согтуурсан үедээ түүнийг зодсон хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын “ Миний үйлчлүүлэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж тусгай ангид заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү ” саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.4-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалттай ба шүүгдэгч Т.Нгийн гэм буруугийн талаар маргаж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд учирсан эдийн хохирол болох амь хохирогчийн оршуулгын зардлыг бүрэн төлөөгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.
Харин тухайн гэмт хэрэг гарахад амь хохирогчийн согтуурсан зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн амь хохирогчийн оршуулгын зардлыг тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Т.Н энэ хэргийн улмаас 169 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 см урттай, 2 см өргөнтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон мод 1 ш, 43 см урттай, 13 өргөнтэй паркетан шалны хугархай 1 ш, 33.5х 13 харьцаатай паркетан шалны хугархай мод 1 ш зэргийг хуульд заасны дагуу устгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 10 / арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Нд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Нгийн цагдан хоригдсон 169 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Нгаас 8.164.670 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баярсайханд олгож, түүний нэхэмжлэлээс 1.728.480 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 см урттай, 2 см өргөнтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон мод 1 ш, 43 см урттай, 13 өргөнтэй паркетан шалны хугархай 1 ш, 33.5х 13 харьцаатай паркетан шалны хугархай мод 1 ш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.