Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ХШТ/114

 

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

   Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, яллагдагч Э.Э-, түүний өмгөөлөгч Д.Жаргал, хохирогч Л.Ж-, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/739 дугаар шүүгчийн захирамж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ДШМ/46 дугаар магадлалтай, Э.Э-т холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагчийн өмгөөлөгч Д.Жаргалын гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Э, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ... хамт ... аймгийн ... сумын ... баг, ... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Яллагдагч Э.Э- нь 2016 оноос 2017 оны хооронд ... аймгийн ... сумын ... багийн ... гэх газар оршин суух иргэн Л.Ж-ын 457 тооны малыг завшиж 324,550,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Жаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа:  “… Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, хэргийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан байна. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 96 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар “шүүх бүрэлдэхүүн өөрчлөн оролцуулах тухай” захирамж гарсан байх ба уг захирамждаа шүүгч Д.Байгалмааг албажуулсан, мөн өдрийн 98 дугаартай захирамжаар шүүгч Д.Байгалмаагийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч шүүгч Д.Байгалмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан хүсэлтийг хангаж” шийдвэрлэжээ. Дээр дурдсан ерөнхий шүүгчийн хоёр захирамжийг шүүгч В.Цэцэнбилэг гарын үсэг зурж албажуулсан байх ба шүүгч В.Цэцэнбилэг нь ерөнхий шүүгчийг орлон ажиллах тухай ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн захирамж хэрэгт авагдаагүй байхад 96, 98 дугаартай захирамж гарсан нь үндэслэлгүй болжээ.

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, илтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч В.Энхтөр, Ч.Баярцэнгэл нар оролцсон байх ба шүүгч В.Энхтөрийг тухайн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан тухай Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамж, эсхүл тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж гараагүй байх тул шүүгч В.Энхтөр шүүх хуралдаанд оролцож хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж магадлал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар: “…эрүүгийн хэргийг давж заалдах журмаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэнэ.”, 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “...энэ зүйлд заасан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “... аймаг, нийслэлийн шүүхийн шүүх бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан тогтооно” гэснийг тус тус зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Э.Э- шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцэл, оролцогчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх ийнхүү хэргийг хянан шийдвэрлэхэд анх томилогдож албажсанаас өөр шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар ерөнхий шүүгч захирамж гарган албажуулаагүй байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна...” гэв.

 

Хохирогч Л.Ж- шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Тус шүүх хуралдааныг хууль ёсны болсон гэж үзэж байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хяналтын шатны шүүх хуралдаанаар яллагдагчийн өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан гомдлыг үндэслэн Э.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхээс яллагдагч Э.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаах тухай гаргасан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хянаж, уг захирамжийг хүчингүй болгожээ.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг чандлан сахих үүрэгтэй. Энэ үүргийг зөрчсөн тохиолдолд түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно гэж хуульчилсан.

 

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчих, эсхүл тухайн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдоно.

 

Харин хуулийн бүх шаардлагад нийцсэн, хуульд үндэслэн гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үздэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульчлагдсан журмын дагуу явагдаж хэмжигдэх учиртай.

 

Үүнд, шүүх аливаа хэрэг, маргааныг хүлээн авахаас хянан хэлэлцэж шийдвэр гаргах хүртэлх бүх үе шат хамаарах бөгөөд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэгч шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг.

 

Хэрэг хуваарилагдсан шүүгч болон хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн шүүгчдийн зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөхгүй байх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх баталгаа болохоос гадна шүүхийн үйл ажиллагаа хүний нөлөөллөөс ангид нээлттэй, ил тод байж шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах зорилтод нийцнэ.

 

Тиймээс эрүүгийн эрх зүйд шүүх бүрэлдэхүүний онол нь зөвхөн зохион байгуулалтын асуудал биш, харин шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдал, шударга ёсны үндэс суурь гэж үздэг.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно”, 7 дахь хэсэгт “...аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол …аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж тус тус заажээ. 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасны дагуу Нийт шүүгчийн чуулганаар баталсан Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын 1.2 дугаар зүйлийн 4-т “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөх боломжгүй”, 3.1-т “Тухайн шүүхийн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ шүүх бүрэлдэхүүнийг сонгоно”, 3.3-т “Томилогдсон шүүгч бүрэлдэхүүнд оролцох боломжгүй болсон тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журамд заасны дагуу өөр шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилно”, 3.4-т “Шүүх хуралдаан хойшилсон нь шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөх үндэслэл болохгүй” байхаар зохицуулсан байна.

 

5.Давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүгч В.Цэцэнбилэг, Ч.Энхтөр, Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэж 2025/ДШМ/46 дугаартай магадлал гаргажээ.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЕШЗ/85 дугаартай захирамжаар тус шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд В.Цэцэнбилэг, Д.Байгалмаа, Т.Даваасүрэн нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

 

Үүнээс гадна Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ЕШЗ/96 дугаартай захирамжаар шүүгч Д.Байгалмааг томилсон шийдвэрийг албажуулсан, мөн өдрийн  2025/ЕШЗ/85 дугаартай захирамжаар шүүгч Д.Байгалмаагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн Э.Э-т холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ч.Баярцэнгэлийг томилжээ.

 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ч.Энхтөрийг тухайн бүрэлдэхүүнд томилсон шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр, эсхүл ерөнхий шүүгчийн албан ёсоор албажуулсан захирамж хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний томилгоо шүүгчдийн зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөхгүй байх, мөн урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлын аргаар томилогдох хуульчлагдсан шаардлага, журамтай нийцэхгүй байна.   

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ч.Энхтөрийг томилсон шийдвэрийг албажуулаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан дээрх ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд нөлөөлөхүйц шинжтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргасан үндэслэлд хамаарна.

 

5.Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчимтай учир шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлаас ямагт урьдчилан сэргийлж, шүүгчийн ёс зүйг чанд сахин ажиллах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нар ч энэхүү үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс шаардах эрхтэйг цаашид анхаарвал зохино.

 

Иймд давж заалдах шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй байх тул яллагдагчийн өмгөөлөгч Д.Жаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ДШМ/46 дугаар магадлалыг хүчингүй болгож, яллагдагчийн өмгөөлөгч Д.Жаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2.Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                              Б.АМАРБАЯСГАЛАН

 

                            ШҮҮГЧИД                                               Б.БАТЦЭРЭН

       

                                                                                               Ц.ОЧ

 

           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

           М.ПҮРЭВСҮРЭН