Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 745

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо, нэхэмжлэгч “ЦУ ” ХХК-ийн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гэрч Р.Э нарыг оролцуулан “ЦУ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “ЦУ ” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЦУ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “ЦУ '’ ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-0254.. дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Алтай, Бугат, Төгрөг сумдын нутаг дамжсан L-46-94-Г, L-46-106-А.Б планшетуудыг дамнасан Гэрэл нэртэй 10827.72 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 тоот албан бичгээр “анх өргөдөл гаргасан 10844 га бүхий талбай нь усан сан бүхий газартай давхцалтай байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасан нөхцөлийг хангахгүй байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн.

Иймд дээрх албан бичгийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, уг зөвшөөрлийг хуулийн дагуу олгуулж шийдвэрлүүлэхээр хүсэлтээ  Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/1988 тоот албан бичгээр олгох боломжгүй гэсэн хариуг аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасны дагуу ерөнхий болзлыг хангасан тул манай компани нь хууль журмын дагуу өргөдөл гаргасан, 2015 онд гаргасан өргөдөл удаан хугацаанд шийдвэрлэгдэхгүй байсан.

Анх гаргасан өргөдлийн солбицлыг өөрчлөхдөө тус газрын ажилтнуудын саналаар өөрчлөлт оруулж, кадастрын хэлтсээр солбицлыг тодорхойлуулж зургийг хийлгэсэн, зохих журмын дагуу өргөдлийг өгсөн бөгөөд энэ нь уг талбайд зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно”, 17.3.3 дахь хэсэгт “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар” гэж тус тус хуульчилсантай нийцэж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 18.2-т заасан хавсаргах баримтыг хавсаргасан, 19.1-т заасан өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэсэн, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэсэн, тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийсэн, бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсэн, хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй зэрэг хуулийн шаардлагыг хангаж байхад тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна. Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, олгохыг Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “ЦУ ” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. “ЦУ ” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай, Бугат, Төгрөг сумдын нутаг Гэрэл нэртэй 10827.72 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 44 минутад гаргаж Кадастрын өргөдлийн бүртгэлийн NЕ-0254.. дугаарт бүртгүүлсэн байна.

Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Үүнд:

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байх эсэхэд шүүлт хийсэн.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 6/2029 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NЕ-0254.. дугаартай өргөдөлд Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Х/03 дугаар тогтоолын дагуу дэмжихгүй саналыг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлжээ. Нэхэмжлэгч компаниас манай байгууллагад удаа дараа албан хүсэлт гаргаж байжээ. Тодруулбал 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15/040, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 16/011 тоотоор дээр дурдсан Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй байх тул дахин санал авах тоот илгээж өгөхийг хүссэн байдаг.

Хүсэлтийн дагуу төрийн захиргааны байгууллагаас 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 6/1305 тоотоор Говь-Алтай аймгийн Засаг даргад дахин мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Засаг даргаас 2016 оны 6 дугаар сарын 1-ний огноотой NЕ- 025491 дугаартай өргөдөлд дэмжиж байна гэсэн санал ирүүлсэн байна.

Хоёр. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол гарсан болно. Уг тогтоолын 1 дэх заалтаар Усны сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгаж, 2 дахь заалтаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 1 дүгээр, уг тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж шийдвэрлэсэн.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/6603 тоотоор “ЦУ ” ХХК-д илгээсэн албан тоотод NЕ-0254.. дугаартай өргөдлийн талбай нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Булгийн хамгаалалтын бүс /Усны тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бүс/-ийн хилтэй хэсэгчлэн давхцалтай тухай мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч компаниас 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 16/039 тоотоор хүсэлт гаргаж Усны тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бүс Булгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай хэсгийг хасаж шийдвэрлэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж зааснаас бусад тохиолдолд өргөдлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалт байхгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэх заалтын дагуу сонсох ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр явуулсан бөгөөд мөн хуулийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” заасан эс үйлдэхүй гаргасан асуудал байхгүй юм. Дахин дурдахад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” зааснаас бусад тохиолдолд өргөдлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалт байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЦУ " ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 тоот албан бичгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” гэж тодруулсны дагуу шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц уг хуулийн 19.1.1-19.1.4-д заасан ажиллагаа хийж, 19.2-т зааснаар ... энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан мөн хуулийн 19.2.1-19.2.5-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргах хуулийн зохицуулалттай. 

“ЦУ ” ХХК нь анх Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Гэрэл нэртэй газарт булангийн 6 цэг бүхий 10844 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан.

Нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдөл болон түүнд хавсаргасан баримт нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг тус тус хангасан гэж үзэн хариуцагч байгууллага тухайн талбайд анхан шатны зураг зүйн шүүлт хийж 10827.72 га талбайд олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын газрын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 6/2029 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга нь уг мэдэгдэлд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн х/03 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-аар дэмжихгүй гэх саналыг хүргүүлжээ. 

Аймгийн Засаг даргын ирүүлсэн татгалзсан саналын хууль зүйн үндэслэлийг шалган нэхэмжлэгч компанийн өргөдлийг эцэслэн шийдвэрлэх эрх хариуцагчид хуулиар олгогдсон байхад өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй нь ойлгомжгүй бөгөөд энэхүү маргаан үүсэх гол шалтгаан нь болж байна. 

Нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдлийг эцэслэн шийдвэрлэж хаасан талаар нотлох баримт байхгүй ба энэ талаар хариуцагч маргадаггүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..Өргөдөл хаагдаагүй байгаа, одоогоор сонсгох ажиллагаа хийгдсэн, өргөдлийг хаахад ажиллагаа хийгдэж байгаа үүнд тодорхой хугацаа хэрэгтэй ...” гэснийг дурдах нь зүйтэй юм. 

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-аар дэмжихгүй гэх санал ирсний дараагаар нэхэмжлэгч “ЦУ ” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15/040 албан бичгээр, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 16/011 дүгээр албан бичгүүдээр тус тус Говь-Алтай аймгийн Засаг даргаас дахин санал авахыг хүссэн хүсэлтийг хариуцагч байгууллагад удаа дараа хүргүүлж, эдгээр хүсэлтийн дагуу хариуцагчаас 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 6/1305 дугаар албан бичгээр дахин санал авах мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж зааснаас биш тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас татгалзсан хариу тохиолдолд дахин санал авах хуулийн зохицуулалт байхгүй.

Гэвч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч Говь-Алтай аймгийн Засаг даргаас дахин санал авахаар мэдэгдэл хүргүүлсний  хариуд Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 9 дүгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-аар дэмжиж байна гэх саналыг өгсөн байна. 

Тухайн дэмжих санал нь хууль бус болох талаар хариуцагч маргадаг ба Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаар, 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 9 дүгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-уудад зурагдсан Говь-Алтай аймгийн Засаг даргын гарын үсгийг нэг хүн зурсан эсэхийг шалгуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5853 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 

Гэвч аймгийн Засаг даргын дэмжсэн гэх санал нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар нийтээр амрах баярын өдөр байсныг дурдах нь зүйтэй юм. 

Мөн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс эцэслэн шийдвэрлэх ба харин ийнхүү шийдвэр гаргах урьтал нөхцөл нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэж  аймгийн Засаг дарга саналыг албажуулан дамжуулах үүргийг гүйцэтгэх явдал юм. 

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2/968 дугаар  албан бичигт “... “ЦУ ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг татгалзсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүргүүлж байна. ... Харин “ЦУ ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тухай албан бичиг, өргөдөл материалын лавлагаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын архивд шүүж үзэхэд ашигт малтмалын газарт хүргүүлсэн баримт материал байхгүй байгаа нь зохих хууль зөрчигдсөн гэж үзэж байна...” гэсэн байх тул тухайн дэмжсэн болон дэмжээгүй гэх хоёр саналд зурагдсан Засаг даргын гарын үсгийг нэг хүн зурсан эсэхийг шинжээч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хэргийг шуурхай шийдвэрлэх зарчимд нийцэхгүйгээс гадна маргааны үйл баримтыг нотлох, нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэхээргүй  байна. 

Харин Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаар татгалзсан саналыг хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж, нэхэмжлэгч компанийн дахин санал авах хүсэлтийг хариуцагч хүлээн авч, дахин мэдэгдэл хүргүүлснээр Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан шаардлагыг хангасан саналыг хариуцагчид ирүүлсэн тохиолдолд үүнийг Засаг  дарга  өмнөх гаргасан захиргааны акт болох татгалзсан саналаа хуульд нийцүүлэн алдаагаа залруулж дахин шинэ акт гаргасан гэж үзэж  уг дэмжсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж боломжтой юм. Гэвч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2/968 дугаар албан бичгээр Засаг даргын анхны татгалзсан саналын эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн эсхүл захиргааны актын алдааг засаж залруулж, хуулийн шаардлага хангаж ирүүлсэн гэж үзэхээргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.  

Түүнчлэн шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газарт хийсэн бичиг баримтын үзлэгээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 9 дүгээр дэмжсэн гэх санал нь Засаг даргын ямар нэгэн албан бичгээр албажиж ирээгүй зөвхөн дан маягт хэлбэрээр бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг shuukh.mn-с хянаж үзэхэд тухайн аймгийн Засаг даргын саналтай холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн тус тогтоолд Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг гаргаж өгч болох тухай  яригдаж байсан талаар бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн анх өргөдөл гаргах үед Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолд өргөдлөөр заасан солбицолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасны дагуу үйл ажиллагаа явагдаж байсан байх ба  Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “усны сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт  энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгаж ...” мөн уг тогтоолын 2 дахь заалтаар “Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хийлийн заагийн солбицолд оруулах өөрчлөлтийг 1 дүгээр хавсралтаар харин уг тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралтаар баталсан байна. 

Дээрх тогтоолын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам “ЦУ ” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/6603 дугаар албан бичгээр “ Говь-Алтай аймгийн Бугат, Төгрөг, Алтай сумдын нутагт орших NE-0254.. тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Барилга хот байгуулалтын Сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Булгийн хамгаалалтын бүс /Усны тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бүс/-ийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай байна.” гэх хариуг хүргүүлж байжээ. 

Нэгэнт эрх бүхий байгууллагаас дээрхи хариуг ирүүлсээр байхад нэхэмжлэгч компани нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 16/011 дүгээр албан бичгээр дахин Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахыг хүссэн хүсэлт гарган үүний дагуу Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 6/1305 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч компани нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 16/039 дүгээр албан бичгээр “... Өргөдлийн талбайн Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Усны тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бүсийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай хэсгийг хасаж тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан байдаг.  

Үүний дагуу хариуцагч байгууллага 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр зураг зүйн шүүлт хийн солбицолд өөрчлөлт оруулав гэж тэмдэглэгээ хийжээ. Хэдийгээр төрийн захиргааны байгууллага өргөдөл гаргагчийн талбайн солбицолд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авсан гэж үзэхээр байх боловч энэ нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хийгдсэн байхыг шаардана.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэх хуулийн зохицуулалттай.

Харин энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан тухайн талбайд түрүүлж өргөдөл гаргасан аливаа нэгэн хуулийн этгээд, түрүүлж гаргасан өргөдөлд тусгагдсан талбайтай давхацсан зүйл байхгүй тул анх өргөдөл гаргасан солбицлыг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийн дагуу өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй ба Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар дахин өргөдөл гаргах хуулийн зохицуулалт хэрэгжих боломжгүй юм.  

Мөн өргөдөлд тусгагдсан талбайн солбицолд өөрчлөлт оруулсан гэх тухайн үед хариуцан ажиллаж байсан холбогдох албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг авахад гэрч Г.Л нь “... н.М ээлжийн амралттай байсан тул би хариуцаж байсан байх,  ... солбицлыг өөрчлөн гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасны үүднээс солбицлыг өөрчлөн гаргасан байх. Өргөдөлд хавсаргадаг зураг биш, нэхэмжлэгч компани албан бичигт хавсаргаж өгөх зураг байна ...  Цонхон дээр ирсний дагуу зураг гаргаж өгөх үүргийнхээ дагуу гаргасан ... ” гэсэн боловч Ашигт малтмалын тухай хуульд анх өргөдөл гаргасан талбайн солбицолд тухайн компанийн хүсэлтээр өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалт байхгүй тул тухайн үед солбицолд өөрчлөлт оруулсан   хариуцагч   байгууллагын   мэргэжилтнүүдийн   үйл   ажиллагааг   зөвтгөх боломжгүй байна. 

Тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч байгууллага хуулиар олгогдсон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдсон тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байдаг ба нэхэмжлэгчийн өргөдөлтэй холбоотой асуудлаар хариуцагчийн зүгээс албан ёсны эцсийн шийдвэр болох захиргааны акт гараагүй байх байгаа тул  даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/6603 дугаар албан бичиг, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх”  дэмжихгүй санал зэрэг нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байхад өргөдлийг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 тоот албан бичгээр өгсөн хариуг буруутгах боломжгүй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.4, 19.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЦУ " ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан  хариуцагчийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 тоот албан бичгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН