Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2016/06491/И |
Дугаар | 1710 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1710
ХХХХ-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч ХХХХ, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00384 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох
“Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн үлдэгдэл төлбөрт 22 079.83 ам.доллар, алданги 10 222.96 ам.доллар, нийт 32 302.79 ам.доллар буюу 64 605 903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"ХХХХ 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "ХХХХ" ХХК-тай 12/06/23 тоот "Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулан 36 243 ам.долларын урьдчилгаа төлбөр төлж "Пийс тауэр" оффис худалдаа үйлчилгээний барилгын 6 дугаар давхрын 623 тоот талбайг худалдан авахаар тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч тал 2012 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд дээрх талбайг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул захиалагч талын санаачлагаар гэрээг цуцалсан. "ХХХХ" ХХК 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар F62/03 албан тоотоор үлдэгдэл төлбөр болох 36 243 ам.долларыг хугацаа хожимдуулсан алданги 3000 ам.долларын хамт нэмж тооцон нийт 39 243 ам.долларыг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор буцаан олгох мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөө мэдэгдэж, талууд тохиролцоонд хүрсэн. Гэвч "ХХХХ" ХХК төлөлт хийхгүй байсаар 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хугацаа хэтрүүлсэн 114 хоногт 4 4473 ам.долларын алданги, үндсэн төлбөрт 1 895.73 ам.доллар, нийт 6 369.43 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа хэтрүүлсэн 48 хоногт 1 792.67 ам.долларын алданги, үндсэн төлбөрт 19,679.72 ам.доллар тус тус төлж үндсэн төлбөрийн үлдэгдэл 17 667.55 ам.доллар болсон. 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийхгүй байсаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2 500 000 төгрөгийг төлөлт хийснийг тухайн өдрийн Монгол банкны ханш буюу 1 892.79 ам.доллараар тооцоход 1 320.80 ам.доллар болсон. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийснийг тухайн өдрийн Монгол банкны ханш буюу 1891.30 ам.доллараар тооцоход 2 643.68 ам.доллар болсон. Үүнээс хугацаа хэтрүүлсэн 19 хоногийн алданги болох 1 409.2 ам.доллараас хасч тооцоход 395.81 ам.доллар болсон бөгөөд үлдэгдэл төлбөр болох 21684.02 ам.доллар дээр нэмж тооцоход үндсэн төлбөр 22079.83 ам.доллар болсон. Ийнхүү 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй байгаа тул үндсэн төлбөр болох 22,079.83 ам.доллар дээр хугацаа хэтрүүлсэн 463 хоногт, хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож 10,222.96 ам.доллар, нийт 32 302.79 ам.долларыг гаргуулж өгнө үү" гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
"Нэхэмжлэгч ХХХХ болон хариуцагч "ХХХХ" ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 32,000 ам.доллар төлөгдсөний дараа захиалагчийн хүсэлтээр гэрээг 2013 онд цуцалсан. Гэрээ цуцалсантай холбоотойгоор 32,824.64 ам.долларыг буцаан өгсөн нь анх гэрээний дагуу хүлээн авсан 32 302.79 гэрээнээс давж гарсан байдаг. Алданги тооцохгүй байх үндэслэл нь гэвэл үндсэн гэрээнд 0,1%-иар алданги тооцохоор заасан байсан боловч захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тул үүнээс хойш алданги тооцохгүй. Нэхэмжлэгч тал "ХХХХ" ХХК-ийг алданги төлөх үүрэг хүлээсэн, хэлцэл байгуулсан гэж үзэж үүнийгээ нотлон 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгийг хавсарган өгсөн. Энэ албан бичигт 3 000 ам.долларыг алдангид тооцож өгнө, заасан хугацаанаас хойш үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,1%-ийн алданги тооцож төлнө гэж үүрэг хүлээж байгаа нь "ХХХХ" ХХК-ийн тухай үед ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга ХХХХ гэдэг хүний бичиж өгсөн албан бичиг нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй мөн Санхүү эрхэлсэн орлогч захирлын албан тушаал эрхэлж байсан учраас бодлогын шинжтэй үйл ажиллагаа явуулахаас биш тооцоо нийлэх чиг үүрэггүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ХХХХ" ХХК-иас 6 936 654 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57 669 248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 979.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ХХХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125 936 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ХХХХ 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "ХХХХ" ХХК-тай 12/06/23 тоот "Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулан 36.243 ам.долларын урьдчилгаа төлбөр төлж "Пийс тауэр" офисс худалдаа үйлчилгээний барилгын 6 давхрын 623 тоот талбайг худалдан авахаар тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч тал 2012 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд дээрх талбайг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул гэрээг цуцлах саналаа захиалагч тал гүйцэтгэгч талд хүргүүлсэн. Ингээд шат дараалсан олон уулзалтын үр дүнд "ХХХХ" ХХК 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар F62/03 албан тоотоор үлдэгдэл төлбөр болох 36 243 ам.долларыг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор буцаан олгох мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөө мэдэгдэж, талууд тохиролцоонд хүрсэн. Гэвч "ХХХХ" ХХК дээрх тохиролцооны дагуу төлбөрийг хийх ёстой байсан боловч төлөлт хийхгүй байсан. Ингээд үлдэгдэл төлбөр 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар үндсэн төлбөр 22 079.83 ам.доллар дээр хугацаа хэтрүүлсэн 463 хоног, хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож 10 222.96 ам.доллар нийт 32 302.79 ам.долларыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор ул суурьтайгаар судлалгүйгээр өнгөц дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Талууд 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зуйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр алданги авахаар тохиролцсон. Мөн гүйцэтгэгч тал 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн F62/03 албан тоот, албан бичиг үйлдэн алданги төлөхөө хүлээн зөвшөөрч үүнтэй холбоотойгоор "ХХХХ" ХХК удаа дараагийн төлөлтүүдийг хийж ирсэн. Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болсон гол үндэслэл гүйцэтгэгч талын буруугаас болж цуцлагдсан тул бид алданги авах эрхтэй. Гэрээг цуцлагдсан гэсэн үндэслэлээр алданги авах эрхийг хязгаарлаж буй нь буруу юм. Иймд дээрх байдлыг хянан үзэж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00384 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч ХХХХ хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г цуцалж, гэрээний үнэд төлсөн 22 079.83 ам. доллар, алдангид 10 222.96 ам.доллар нийт 32 302.79 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 12/06/23 дугаар Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, гэрээний дагуу захиалгын урьдчилгаа төлбөрт 36 243 ам.доллар төлсөн, зохигчид уг гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар маргаагүй болно. / хэргийн 7-9 дүгээр тал /
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” байдаг тул хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэгч ХХХХд байрны урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “ХХХХ” ХХК нь гэрээ цуцлагдсанаас хойш урьдчилгаанд төлсөн төлбөрөөс 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 6 369.43 ам. доллар, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 21 472.39 ам. доллар, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 320.80 ам. доллар, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 643.68 ам.доллар 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 1 013.39 ам. доллар нийт 32 774.69 ам. долларыг нэхэмжлэгч ХХХХд төлсөн болох нь банкны харилцах дансны гүйлгээний хуулга болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд буцаан төлсөн үнийн дүнгийн талаар зохигчид маргаагүй байна.
Харин зохигчид алданги төлөх эсэх асуудлаар маргаж, нэхэмжлэгч ХХХХ нь алдангид 10 222.96 ам. доллар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа “ХХХХ" ХХК-ийн санхүүгийн албаны дарга ХХХХ-ийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн F62/03 тоот албан бичгийг үндэслэжээ.
Уг албан бичигт “тус компанийн “Peace tower” оффис худалдаа, үйлчилгээний барилгын 6 давхрын 623 тоот талбайн 12/06/23 тоот гэрээний дагуу төлөгдсөн урьдчилгаа төлбөр болох 36 243 ам.долларыг захиалагч талын гэрээ цуцлах саналын дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ний дотор хугацаа хожимдуулсан алдангид 3 000 ам.доллар нэмж тооцон нийт 39 243 ам.доллар буцаан олгохоор тохиролцов. Уг хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алданги төлнө” гэсэн байх бөгөөд алданги төлөх тухай дээрх бичгийн баримтыг тус компанийн санхүүгийн албаны дарга үйлдсэн байгаа нь талуудын хооронд хийсэн гэрээнд алданги төлөхөөр өөрчлөлт орсон гэж үзэх боломжгүй юм.
Учир нь “ХХХХ” ХХК-ийн санхүүгийн албаны дарга ХХХХ нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн бусадтай хэлцэл хийх эрх бүхий этгээд болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул дээрхи бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч байгууллагаас алданги шаардах эрхгүй юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах боломжтой бөгөөд алданги нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийг гүйцэтгүүлэх зорилготойгоороо нэмэлт үүргийг үүсгэдэг. Талууд үндсэн гэрээнээс татгалзан гэрээ дуусгавар болж буй тохиолдолд үндсэн болон нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болох тул цуцлагдсан гэрээний дагуу алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн урьдчилсан төлсөн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 3 468.31 ам.доллар буюу 6 936 654 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алданги гаргуулахаар давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ ХХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД ХХХХ
Ц.ИЧИНХОРЛОО