Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0351/З |
Дугаар | 221/МА2020/0521 |
Огноо | 2020-09-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0521
Г.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Г.Г-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэг /2006 оны/, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-аас Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан
хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар “Г.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн 1 дэх хэсгийн “ажлаас чөлөөлсүгэй” гэснийг 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Г тус шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагад холбогдох үйл баримтад хамаарахгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний эрхэлж буй албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх эрх, тодруулбал төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлээр зохицуулагдсан. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг байгууллага дотроо түр орлон гүйцэтгэсэн ба хүүхэд асрах чөлөөтэй албан хаагч ажилдаа эргэж орсон тохиолдолд намайг урьд эрхэлж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслах албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл уг албан тушаалтай дүйцэх хэмжээний ажлаар хангана гэсэн итгэл үнэмшил бүрэн дүүрэн байсан.
Гэтэл Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар захирамжийг гаргахдаа намайг урьд эрхэлж байсан ажил, үгүй ядаж өөр албан тушаалд томилохгүйгээр /орон тоо байсаар байтал/ бүр мөсөн ажилгүй болгосон явдал нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх талаар хуульд тусгайлан зохицуулсан шаардлага, хориглолт болон миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно", 43 дугаар зүйлийн 43.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна", 43.6-д "Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг тодорхой зохицуулсан байхад намайг бүр мөсөн ажилгүй болгох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй юм.
Тухайн захирамж гарахад хүний нөөцийн ахлах референт Б.П 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр намайг өрөөндөө дуудаж чиний гаргасан өргөдлийг уншиж танилцсан, чамайг ажлаас чөлөөлөхөд асуудалгүй юм байна лээ гэж хэлсэн ба 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр /Пүрэв гариг/ намайг ажлаас бүрмөсөн чөлөөлсөн захирамж гарсан байсан бөгөөд миний бие Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна. Үүнийгээ ч шүүх хуралдааны явцад хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Түүнчлэн захирамжийг гаргахдаа Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 41.1.4 дэх заалтыг үндэслэж чөлөөлсөн нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хуулийн үндэслэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй байхад өөрөө хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн мэтээр ойлгон тайлбарлаж, өмнө нь гаргасан илт хууль бус шийдвэрээ дараа нь гаргасан шийдвэрээ зөвтгөх байдлаар ашиглахаар санаархаж буй нь үндсэн хуулиар олгогдсон миний үндсэн эрхэд халдаж байгаагийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйл болон 49 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасны эцэст хэрэгжих ёстой гэж ойлгож байна.
Иймд төрийн жинхэнэ албан хаагч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхээс тухайн үед намайг түр орлон гүйцэтгүүлэх захирамжийг гаргахдаа эрх зүйн байдлыг хэрхэн дордуулж байсан талаарх төсөл, захирамжийн үндэслэл, өргөдөл, холбогдох хуульд заасан шаардлага зэргийг бүрэн шинжлэн судлалгүйгээр, хариуцагчийн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 41 дүгээр зүйлийн 41.1.4 заалтаар чөлөөлсөн үйлдлийг өөрийн хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж, хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж зөвтгөж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж гаргасан шийдвэр гэж үзэж байна.
Намайг энэ хэцүү цаг үед албан тушаалаас бүрмөсөн чөлөөлөхдөө захиргааны зүгээс “чиний өмнө гаргасан өргөдөл чамайг чөлөөлөхөд асуудалгүй” гэдэг үгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэлсэн. Хэрэв захиргааны зүгээс намайг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар захирамжаар намайг түр орлон гүйцэтгүүлэхдээ туслахын албан тушаалаас бүр мөсөн чөлөөлсөн гэж байгаа бол харин ч захиргаа илт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасныг зөрчсөн акт гаргасан байгаагаа харуулж байна гэж миний бие үзэж байгаа бөгөөд гомдолтой байна. Тухайн захирамжаар намайг цалингүй олон хоног ажиллуулж, цалин хөлсийг дутуу тогтоож, үүрэг гүйцэтгүүлсэн атал давхар тус захирамжаар чөлөөлөхөд асуудалгүй гэж гэнэт ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар түр орлон гүйцэтгүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг давхар гаргасан.
...Тус захирамжийг гаргахад анхны төслийг надаас өргөдөл авалгүйгээр танилцуулж, цалингүй ажлын 15 өдөр ажиллуулахаар боловсруулагдсан байсан ба захирамжийн төсөлд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд намайг цалингүй ажиллаж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс тус албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр боловсруулсан байсныг мэдээд Л.Ө дарга болон тухайн үед Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Х, тухайн үед Хүний нөөцийн ахлах референтээр ажиллаж байсан Б.Т нарт би цалингийн зээлтэй гэдгээ хэлж, зээлийн хүүгээ яаж төлж, яаж амьдрах юм, тийм юм гэж юу байдаг юм гэж тухайн үед ажиллаж байсан Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргад төслөө яагаад танилцуулж, хянуулахгүй байгаа юм гэхэд тэр хамаагүй, зээлтэй чинь чиний асуудал гэдэг байдлаар хүлээж авсан. ...Мөн 2 дахь төсөл танилцуулагдаж байхад захирамжийн төсөл танилцуулах, шийдвэрт санал авах хяналтын хуудаст Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г.Г-ын цалинг 28-ны өдрөөс тооцохоор өөрөөс нь хүсэлт гаргуулах гэсэн чиглэл бичсэнээр надаас дахин цалинг 28-ны өдрөөс тооцохыг зөвшөөрч байна гэдэг өргөдөл бичүүлэн авч, өргөдлийн агуулга буруу байна гэж 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй ажиллаж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллахыг зөвшөөрч байна гэсэн Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн даргад хандсан өргөдлийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичүүлж авсан. Намайг түр орлон гүйцэтгүүлэхээр томилох захирамж гаргахдаа төслийг 3-н удаа боловсруулж, төсөл өөрчлөгдөх бүрт миний эрх зүйн байдлыг дордуулж байсан.
2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болон 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус тус өргөдөл өгснөөр дахин миний эрх зүйн байдлыг бүр дордуулсан төсөл боловсруулж, танилцуулснаар албажиж, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар Г.Г-ыг ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” захирамж гарсан байдаг. Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт албан тушаалд хүүхэд асрах чөлөөтэй хүний албан үүргийг түр орлон гүйцэтгэх хүсэл зоригтой байсан болохоос биш Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалаас бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй.
Өөрөөр хэлбэл, миний бие Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан зүйл огт байхгүй. Миний 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болон 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан өргөдөлд тухайн албан тушаалаас чөлөөлөгдөх талаас дурдагдсан зүйл байхгүй. Түүнчлэн хариуцагч талаас захирамжид Төрийн албаны тухай хуулийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх” харилцааг зохицуулсан холбогдох зохицуулалтыг баримтлаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” мөн хуулийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан. Нэхэмжлэгч миний бие төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх эрх зүйн зохицуулалт огт байхгүй байхад хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан хориглолтыг зөрчиж намайг туслахын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг “өөрөө мэдэж” гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлд хамаарна гэж үзэж байгаа бөгөөд тухайн актыг илт хууль бус захиргааны актад тооцуулснаар цалингүй ажилласан нөхөн олговор, мөн цалинг буруу тогтоосноос авч чадаагүй цалингийн зөрүүг хуулийн хүрээнд тооцуулан гаргуулж авах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах эрх үүснэ гэж миний бие үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож, ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны үйл баримтад дутуу дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Г нь “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, 2019 он ы 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар “Г.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн 1 дэх хэсгийн “ажлаас чөлөөлсүгэй” гэснийг 2, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасныг зөрчиж нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгчээс[1] “...албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаа тул чөлөөтэй албан хаагч ажилдаа эргэн орсон тохиолдолд урьд эрхэлж байсан ...туслахын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах эсхүл, уг албан тушаалтай дүйцэх хэмжээний ажлаар хангана гэсэн итгэл үнэмшил бүрэн дүүрэн байсан,...ядаж өөр албан тушаалд томилохгүйгээр бүр мөсөн ажилгүй болгосон...” гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа “...Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд эгүүлэн томилуулах...” гэж тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлага нь зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр тодорхой болгох шаардлагатай байна.
Хэрэв нэхэмжлэгч “зөвхөн туслахын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах” байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байгаа тохиолдолд маргаан бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд одоогийн байдлаар сул орон тоо байгаа эсэх эсхүл, одоогоор нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр дурдаж байгаагаар өөр этгээд томилогдон ажиллаж байгаа бол түүнийг албан тушаалд томилсон тушаал, маргаан бүхий туслахын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, тус албан тушаал нь төрийн албан тушаалын ямар ангилал (улс төрийн эсхүл, төрийн захиргааны), зэрэглэл, шатлалд хамаардаг эсэхтэй холбоотой баримтыг цуглуулж харьцуулан дүгнэх шаардлагатай байтал эдгээр баримтууд нь хэрэгт цуглараагүй байна.
Харин нэхэмжлэгч нь “туслахын албан тушаалд бус уг албан тушаалтай дүйцэх хэмжээний ажлаар хангуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс маргаж байгаа “орон тоо байсаар байтал” гэх үндэслэлийг тодруулан Улсын Их Хурлын Тамгын газарт уг маргаан бүхий албан тушаалтай дүйцэхүйц хэмжээний албан тушаалын сул орон тоо байгаа эсэхтэй холбоотой судалгаа, баримт, хариуцагчаас энэ талаар тодруулга тайлбар авч, тухайн дүйцэхүйц албан тушаалын ажлын байрны тодорхойлолтууд, бусад холбогдох баримтыг авч харьцуулан дүгнэх шаардлагатай.
2. Маргаан бүхий туслахын албан тушаалд шинээр томилогдсон албан тушаалтан байгаа тохиолдолд уг албан тушаалтан нь түр томилогдсон эсхүл, жинхлэн томилогдсон эсэх, томилогдсон үндэслэл, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас шинээр томилогдсон албан тушаалтны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхэд дүгнэлт хийх нь шүүхээс хэргийг нэг мөр, үндэслэл бүхий шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын агуулгаас үзэхэд захиргааны шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, уг үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн эсэхийг шалган тогтоох, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу захиргааны байгууллагаас өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт нь хууль зөрчсөн эсэхийг нэхэмжлэгч маргаж байгаа тохиолдолд шүүх шалгах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийг “туслахын албан тушаалаас чөлөөлсөн”, “нэхэмжлэгчийн оронд туслахын албан тушаалд өөр этгээдийг шинээр томилсон”, “чөлөөтэй байсан ажилтны албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлсэн”, “чөлөөтэй ажилтны албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлээд албан тушаалаас нь чөлөөлсөн”, “төрийн албанаас бүрмөсөн чөлөөлсөн” зэрэг маргааны үйл баримт, нөхцөл байдлуудын талаар нэхэмжлэгч, хариуцагч талуудаас харилцан зөрүүтэй үндэслэл, тайлбарыг өгч, эдгээр нөхцөл байдлыг нотлох шаардлагатай баримтууд дутуу, мөн анхан шатны шүүхээс эдгээр маргааны үйл баримт, үүнтэй холбоотой маргаан бүхий акт бүрийн зорилго, үндэслэл, шалтгаан, маргаан бүхий акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг шалган тогтоож, тус бүрт нь хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс[2] “төрийн албанаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй байхад хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн мэтээр хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй”, “ажлын 15 өдөр цалингүй ажилласан”, “түр орлон гүйцэтгэх хүсэлт гаргасан төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй”, “өргөдлөө бичиж өг гэсэн шаардлага тавьсан”, “өмнөх дарга ажлаас чөлөөлөгдөж, шинэ дарга ирээд 10 хоног болж байхад миний оронд туслах болгоно гэж хүн ирж, түүнийг 20 хоног би дадлагажуулж, ажлаа зааж өгсөн” гэж маргаж байгаа үндэслэлтэй маргаан бүхий актууд холбоотой эсэх, эдгээр үндэслэлүүд ямар баримт, нөхцөл байдлаар нотлогдож байгаа эсхүл, үгүйсгэгдэж байгаа эсэхэд анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэгч “цалингүй ажиллахаа хүлээн зөвшөөрсөн”, “өөрөө хүсэлт гаргасан нь тогтоогдсон”, “маргаан бүхий 2019 оны 380 дугаар захирамжтай тухайн үед нь маргаж байгаагүй”, “маргаан бүхий захирамжууд нь хуулийг баримталсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” зэрэг дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд ... төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно:”, 43 дугаар зүйлийн 43.4-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна.” гэж заасан.
Хуулийн эдгээр заалтын дагуу нэхэмжлэгчийн маргаж байгаа “нэхэмжлэгчийг өөр албан тушаалтны үүргийг түр гүйцэтгүүлэхдээ энэ хуульд заасан журмыг баримталж туслахын албан тушаалаас чөлөөлөхгүйгээр, уг албан үүрэгтэй нь зэрэгцүүлэн албан үүргийг түр гүйцэтгүүлээгүй” гэх үндэслэлийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, мөн нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлээр бус Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх заалтыг баримтлан төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчимтай нийцсэн эсэхийг шалган тогтоож, дүгнэлт өгөх нь зүйтэй.
4. Нэхэмжлэгчээс “2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаанд цалингүй ажилласан олговор болон албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд цалинг буруу тогтоосноос авч чадаагүй ажилласан хугацааны цалингийн зөрүүг хуулийн дагуу тооцож гаргуулах”-аар маргаж байгаа тул нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан болон түр орлон гүйцэтгэсэн албан тушаалын цалингийн шатлал, цалингийн тооцоолол, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референтийн албан тушаалд ажиллаж байсан Н.М-аад жирэмсний болон амаржсаны чөлөөг хэзээ олгосон талаарх баримтуудыг авч харьцуулан дүгнэлт хийх нь шаардлагатай.
Дээрх байдлаас дүгнэхэд, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд
[2] Нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд