Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 192

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох 1930000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Дарьганга-Өртөө хоршоонд авто инженер ажилтай,  ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Боловсрол хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Г.О.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  Г.О нь 2019 оны 05 сарын 04-ний шөнийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 4 дүгээр бүрэн дунд сургуулийн хашаан дотор согтуугаар хохирогч Н.Гийг болгоомжгүй үйлдлийн улмаас түлхэж унагаснаас түүний эрүүл мэндэд “гавал тархины далд гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, баруун талын чамархай хатуу хальсан дээрх цусан хураа ” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед бид бүгдээрээ архи уучихсан согтуу байсан. Н.Г бид хоёр бага наснаасаа эхлэн барилдаж, тоглож өссөн. Тиймээс энэ зангаараа тоглоод түлхсэн. Би Н.Гийг түлхэх үед ямар нэгэн муу санасан зүйл байгаагүй. Үүндээ харамсаж байна. Надад бага ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би эмнэлэгт хэвтсэн бүх зардлыг нь гаргасан. Мөн саяхан Улаанбаатарт очиж цоорхой ясны нөхөөсний хагалгаанд орсон. Энэ зардлыг мөн гаргасан. Зардлыг яг нарийн сайн тооцож үзээгүй. Өмнө нь эмнэлэгт хэвтэхэд эмчилгээний зардал нь 1.000.000 орчим төгрөг болсон. Харин сүүлд Улаанбаатар хотод хагалгаанд ороход 2.000.000 орчим төгрөгийн зардал гарсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Сувилалд авч явна гээд ярьчихсан байгаа . Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Архи ууснаас болж энэ хэрэг гарсан байна. Би энэ явдлаас хойш ганц удаа ч архи уугаагүй. Би өөрийн бурууг ойлгож байгаа... гэв.
 
- Хохирогч  Н.Гийн: Б гэртээ байсан 0.75 литрийн ерөөл нэртэй архи задалж бид гурав хувааж ууж байтал гаднаас О орж ирсэн. Би дахиад нэг шил архи дэлгүүрээс авч бүгд хувааж уусан. Найс караокед орж хүний нэг нэг шилтэй пиво аваад, гаднаас нууцаар архи оруулж уусан. Караокед хэдэн цагт орсон талаараа санахгүй байна. Ямар ч байсан 1 цаг аваад гарцгаасан. Тэгээд гараад явж байгаад архиндаа согтож тасарсан. Тухайн үед архи их уусан бөгөөд согтсон юм. Нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Эмч нар тархиндаа гэмтэл авсан гэж байсан. Намайг хэн түлхэж унагасан талаар санахгүй байна. Ухаан орсны дараа О надад өөрөө намайг түлхэж унагасан гэж хэлж байсан. Бид 2 хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Караокеноос гарч яваад хоорондоо марзагнаж, тоглож байгаад намайг түлхэж унагасан байх. Манай аав Оын ээжийн төрсөн ах. Бид  үеэл хүүхдүүд юм. О нь өнгөрсөн өвлөөс хойш манай гэрт амьдарч байгаа. Бид урьд өмнө нь маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Бид хоёр багийн найз нөхөд О надаас уучлалт гуйсан. Одоо урьдын адил харилцаатай байгаа.  Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх...мэдүүлэг /хх-ийн 7-8, 14-15/,

-Хохирогч Н.Гийн Цагдаагийн газарт гаргасан: “ Н.Г миний бие нь Г.Отай хар багийн үй зайгүй сайн найз бөгөөд төрсөн ах дүүс шиг цуг нэг гэрт хүүхэд насаа өнгөрөөсөн төрсөнах дүүсийн хүүхдүүд юм. Намайг гэмтэл  авснаас хойш Г.О нь эмнэлэг дээр надтай хамт байнга байж эмчилгээнд гарсан зардал болох томографын 200000 төгрөг, ор хоногийн 360 000 төгрөг хагалгаанд ороход 350 000 төгрөг болоод ойр зуурын урсгал зардлыг гаргаж бүх сэтгэл зүрхээрээ хамт байсан. Цаашид эмчилгээнд зардал гарвал төлнө гэж ярьдаг. Миний бие От ямар нэгэн гомдол санал байхгүй. О намайг түлхэх үед ямар нэг хорон муу санаа агуулаагүй санамсар болгоомжгүйгээр түлхсэн гэдэгт бат итгэлтэй байна. Иймд От холбогдуулан үүсээд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх хүсэлт 2019.05.22 /хх-ийн 63/

-Н.Гийн прокурорт гаргасан:“ Намайг гэмтэл  авснаас хойш Г.О нь эмнэлэг дээр надтай хамт байнга байж эмчилгээнд гарсан зардал болох томографын 200.000 төгрөг, ор хоногийн 360.000 төгрөг хагалгаанд ороход 350.000 төгрөг гээд бусад зардлыг бүрэн гаргасан. Цаашид эмчилгээний зардал гарахад бүгдийг хариуцана гэсэн. Намайг сувилалд хэвтүүлэхээр тохиролцсон байна. Миний бие От ямар нэгэн гомдол санал байхгүй. О намайг түлхэх үед ямар нэг хорон муу санаа агуулаагүй санамсар болгоомжгүйгээр түлхсэн гэдэгт бат итгэлтэй байна “  гэх хүсэлт  2019.06.12. /хх-73/

- Гэрч М.Бын: О, Га, Г нарын хамт Найс караокед ороод тус бүр 1 шил нийслэл пиво захиалаад 1 цаг дуулаад гарсан. Тэгээд гадаа гараад салхинд цохиулаад нэг хэсэг манарсан байсан. О надтай хамт куртикээ бариад явж байснаа гэнэт л Га руу гүйж очоод түлхээд унагасан. Тэгэхээр нь яаж байгаа юм бол гээд очиход О нь Гаийн толгойг гар дээрээ өргөөд түргэн дуудаач найз нь ингэнэ гэж бодоогүй шүү гээд бархираад байсан. Ганбаатар түргэн дуудсан. О, Га нар тэр өдөр лав муудаагүй. Тэр хоёр багаасаа нэг гэрт байгаа болохоор юунаас болоод түлхсэн талаар мэдэхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Д.Гын: 21 цагийн үед Найс караокегоос гараад баруун тийшээ явсан. Га бид 2 тамхи татаад түрүүлээд 4 дүгээр сургуулийн арын хашаа руу ороод явж байсан. Харин О Б нар араас ирж байсан. Тэгсэнээ хойноос хүн гүйгээд хөөе гээд дуудахаар нь эргээд хартал Гаийг О нь түлхээд унагаасан. Га унахдаа ар дагзаараа газар унаад ухааан алдсан. О босгох гэхэд гар нь цус болсон байсан. Түргэн дуудаач гээд бархирахаар нь би түргэн дуудсан.Юунас болж түлхсэн талаар мэдэхгүй байна. Бид нарын хувьд маргаж муудсан зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 02-05/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 247 дугаартай дүгнэлтэд: Н.Гийн биед гавал тархины далд гэмтэл, тархины хүнд зэргийн няцралт баруун талын чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд  зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна... гэжээ /хх-ийн 20/,

-Н.Гийн өвчний түүхийн хуулбар  /хх-ийн 23-49/

 - Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.05.07-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолт  /хх-58/

 - Г.Оын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/

-Г.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-60/

-  Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.05.22-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолт  /хх-62/

- Сүхбаатар аймгийн Асгат сумын Залуучуудыг холбооны тодорхойлолт/хх- 64/


Шүүгдэгч Г.О нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 21 цагийн орчимд Н.Г, М.Б, Д.Г нарын хамт караокед согтууруулах ундаа хэрэглэж харих замдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг 4 дүгээр бүрэн дунд сургуулийн хашаан дотор өөрийн үеэл хохирогч Н.Гийг тоглож араас нь түлхэж унаган эрүүл мэндэд “ гавал тархины далд гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, баруун талын чамархай хатуу хальсан дээрх цусан хураа” бүхий хүнд хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Г, гэрч М.Б, Д.Г нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 247 дугаартай дүгнэлт, Н.Гийн өвчний түүхийн хуулбар  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

    Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Г.О нь караокед хамт согтууруулах ундаа хэрэглэн харих үедээ өөрийн үеэл, нэг гэрт хамт амьдрах Н.Гийг тоглоомоор араас нь түлхэж унагасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь тухайн хэрэг гарахад хамт байсан гэрч  М.Бын “ О надтай хамт куртикээ бариад явж байснаа гэнэт л Га руу гүйж очоод түлхээд унагасан. Тэгэхээр нь яаж байгаа юм бол гээд очиход О нь Гаийн толгойг гар дээрээ өргөөд түргэн дуудаач найз нь ингэнэ гэж бодоогүй шүү гээд бархираад байсан. О, Га нар тэр өдөр лав муудаагүй. Тэр хоёр багаасаа нэг гэрт байгаа болохоор юунаас болоод түлхсэн талаар мэдэхгүй байна ” гэх,  
гэрч Д.Гын “...О Б нар араас  ирж байсан. Тэгсэнээ хойноос хүн гүйгээд хөөе гээд дуудахаар нь эргээд хартал Гаийг О нь түлхээд унагаасан. Га унахдаа ар дагзаараа газар унаад ухаан алдсан. О босгох гэхэд гар нь цус болсон байсан. Түргэн дуудаач гээд бархирахаар нь би түргэн дуудсан...гэх,
хохирогч Н.Гийн “ Тухайн үед архи их уусан бөгөөд согтсон юм. Нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Эмч нар тархиндаа гэмтэл авсан гэж байсан. Намайг хэн түлхэж унагасан талаар санахгүй байна. Ухаан орсны дараа О надад өөрөө намайг түлхэж унагасан гэж хэлж байсан.. гэх,
шүүгдэгч  Г.Оын “ Тухайн үед бид бүгдээрээ архи уучихсан согтуу байсан. Н.Г бид хоёр бага наснаасаа эхлэн барилдаж, тоглож өссөн. Тиймээс энэ зангаараа тоглоод түлхсэн. Би Н.Гийг түлхэх үед ямар нэгэн муу санасан зүйл байгаагүй. Үүндээ харамсаж байна “  гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 247 дугаартай “Гаийн биед  гавал тархины далд гэмтэл, тархины хүнд зэргийн няцралт баруун талын чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд  зэргийн гэмтэлд хамаарна гэх  дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.О нь хохирогч Н.Гт гэмтэл учруулах зорилгоор санаатайгаар түлхсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэрээр бага наснаасаа хохирогчтой хамт өссөн, байнга барилдаж, тоглож өссөн зангаараа хохирогчийг  тоглож түлхсэн буюу болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.

Г.О нь бусдыг түлхсэнээр унах, гэмтэл, бэртэл авах боломжтойг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирчээ.

Шүүгдэгч Г.Оын, хохирогч Н.Гийг болгоомжгүйгээр түлхэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол  болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
        Г.Оын үйлдлийн улмаас хохирогч Н.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар “ Намайг гэмтэл  авснаас хойш Г.О нь эмнэлэг дээр надтай хамт байнга байж эмчилгээнд гарсан зардал болох томографын 200.000 төгрөг, ор хоногийн 360.000 төгрөг хагалгаанд ороход 350.000 төгрөг гээд бусад зардлыг бүрэн гаргасан. Цаашид эмчилгээний зардал гарахад бүгдийг хариуцана гэсэн. Намайг сувилалд хэвтүүлэхээр тохиролцсон байна. Миний бие От ямар нэгэн гомдол санал байхгүй. О намайг түлхэх үед ямар нэг хорон муу санаа агуулаагүй санамсар болгоомжгүйгээр түлхсэн гэдэгт бат итгэлтэй байна ” гэх тайлбарыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн прокурорт гаргасан хүсэлтэндээ дурдсан ба шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

    Хохирогч Н.Г нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй боловч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдлыг үндэслэвэл, цаашид гарах эмчилгээ болон хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдъя.

    Шүүгдэгч Г.Оын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас буюу Н.Гтой тоглож түүний араас түлхсэний улмаас Н.Г газарт унаж түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

    Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Г.Оын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний болох бусад зардлыг бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчийн эрүүл мэндэд байнга анхаарал тавьж байгаа, тэдгээр нь хоорондоо төрлийн холбоотой буюу үеэл, багаасаа нэг гэрт хамт өссөн, хохирогч Н.Г “ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй “ гэдгээ удаа дараа хүсэлт гаргаж хэрэгт илэрхийлсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн  11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн долдугаар бүлэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршиг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр заасан бөгөөд шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрэн хангагдсан гэж шүүх үзсэн болно.
    
    Шүүгдэгч Г.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд шүүхийн шатанд таслан  сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Оыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    
     3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.От шүүхээс тэнссэн дээрх хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

    4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г нь өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид гарах эдийн хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
    
    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.От таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    
    
    6. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу  хохирогч Н.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН








 2019 оны 07 сарын 30                   2019/ШЦТ/                                  Баруун-Урт сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай  хэргийг  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн 1995  оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид  хост ажилтай, ам бүл  4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт  хэрэгт  холбогджээ.
 
  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.  

       Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас  цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь  гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн.  Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.

    Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг.  Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би  уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд  худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн  гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх  7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
    О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр,  гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын  мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн  “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи  ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан.  Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр  1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс  хөөж гаргадаг байсан.  Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан.  Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй,  Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний  хувьд Чинбаярын  бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг,  шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Идэрмаа нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор  Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн  хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр  хөндүүлсэн  хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг  уг гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд  гэмт  хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
    Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
    
    Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        
    
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй    
    
    4. Ялтан  О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР