Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 24

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч  Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Хосбаяр
Шүүгчдэгч: Г.О, түүний өмгөөлөгч Г.Сүрэн
Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор С.Сугарын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн 1930000000125 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Боловсрол хороолол”-ын 2-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 4 дүгээр бүрэн дунд сургуулийн хашаан дотор 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 22 цагийн орчимд согтуугаар иргэн Н.Гийг болгоомжгүй үйлдлийн улмаас түлхэж унагаснаас түүний эрүүл мэндэд “гавал тархины далд гэмтэл, тархины няцралт, баруун талын чамархай хатуу хальсан дээрх цусан хураа” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн 1930000000125 дугаартай  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж,  шүүхийн шатанд шүүгдэгч Г.От таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Сугар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс Г.Оын хэрэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг шалган тогтоож  нотлох бөгөөд тухайн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна гэжээ. Учир нь шүүгдэгч Г.О нь урдаа явж байсан хохирогч  Н.Гийг араас нь дуудаад түлхсэний улмаас унаж түүнд гэмтэл учирсан гэх хэргийн үйл баримтыг прокуророос ямар үндэслэл, нотлох баримтаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас болгоомжгүйгээр бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн нь тодорхой бус хийгээд болсон үйл явдлын талаар мэдүүлэх хохирогч, гэрчийн мэдүүлгүүд прокурорын үйл баримтын дүгнэлттэй нийцэхгүй, эрс зөрөөтэй байгааг дурдах нь зүйтэй. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа прокурорын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 5/15 дугаартай тогтоолыг үндэслэлгүй гарсан, тогтоолд “шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл” гэдгийг тодорхой тусгаагүй байна гэдгийг үндэслэн мөрдөн байцаалтанд буцаалаа гэж танилцуулсан атлаа шүүгчийн захирамжид танилцуулагдаагүй үндэслэлийг дурдсан, шүүх хуралдаанд уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй болсон байна. Хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж буй үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан зохицуулалтаар хэргийг шүүгдэгчийн гэм буруугийн шүүх хуралдаанаас прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр  шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
    Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас “хэргийг прокурорт буцаах тухай” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хоёр үндэслэлийг заажээ. Тухайлбал: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдол”-ыг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн тохиолдолд, прокурор энэ зүйлийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т зааснаар хэргийг буцаах шаардлагатай гэж үзсэн” тохиолдолд тус тус хэргийг прокурорт буцаах боловч,  энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл”-д нийцсэн байх ёстой.
    Гэтэл анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө өөрийн санаачилгаар болон оролцогч талуудын санал, хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй, прокурор шүүх хуралдаанаас хэргийг буцааж авах тухай санал гаргаагүй байхад шүүх хуралдаанаас Г.От холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасныг хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн гэж үзлээ.
    Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.От холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн 1930000000125 дугаартай хэргийг тухайн шүүхэд буцаасугай.
Хоёр: Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
 Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 О.БААТАРСҮХ
                             ШҮҮГЧИД                 Л.НАРАНБАЯР    
                                                                            Д.БАЙГАЛМАА