Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 5269

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгой, 51 дүгээр гудамж, 318 тоотод оршин суух Боржигон овогт Адъяагийн Жаргалмаа /РД:АМ71061900/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Барс захын ар талд өөрийн байранд байрлах “Си Си Эс Эм Жи Эл” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 01” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгохийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Жаргалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн төлөөлөгч Б.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат, гэрч Н.Нямхүү, н.Хоролгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Жаргалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Жаргалмаа нь 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “Си Си Эс Эм Жи Эл” ХХК-д үйлчлэгчээр ажилд орж, ажиллаж байсан. Ажлаа хийж байх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Байгууллагын дотоод журмын дагуу хариуцсан цэвэрлэгээгээ зохих шаардлагын дагуу сайн хийж ирсэн. Анх ажилд ороход 432,000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд 2014 оны 10 дугаар сараас эхлэн сарын үндсэн цалинд 600,000 төгрөг авч байсан. Миний бие 3 хүүхдийнхээ хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд бага хүүгээ ажилдаа ойрхон тул 32 дугаар сургууль оруулсан байсан юм. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 17.00 цагт хүүхдээ авахаар сургуульд нь очиж ангийн багштай нь уулзтал, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 07.30-13.00 цагт сургуулийн орчимд “School police”-д үүрэг гүйцэтгэх болсоныг мэдэгдсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 25-ны өглөө ажилдаа ирж, энэ тухайгаа хэлэх гэтэл зохион байгуулагч н.Мөнхжаргал ирээгүй байсан тул тухайн өдрийн жижүүр Баасанжаргалд сургуулийн орчим эргүүлд гарах болсон тухай хэлээд энэ тухай зохион байгуулагч Мөнхжаргал болон удирдлагад хэлээрэй гэж дамжуулсан. Эргүүлийн хугацааны дундуур нь ажил дээрээ ирж, Мөнхжаргалд өөрт нь мэдэгдээд, үүдний хэсгийг цэвэрлээд явсан. Эргүүлээ дуусгаад ажил дээрээ иртэл миний оронд өөр хүн аваад ажиллуулж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Ингээд ямар шалтгаанаар яагаад ажлаас халагдаж байгаагаа нягтлан бодогч Нямхүүгээс асуухад тэрээр зохион байгуулагч Мөнхжаргал таныг ачаалаа дийлэхгүй, ажлаа хийж чадахгүй байна гэж хэлсэн учраас ажлаас халсан гэж хэлсэн. Мөн өөрөө ажлаас халагдах өргөдөл бичиж өгвөл, нийгмийн даатгалын дэвтэр ба тушаал гаргаж өгнө гэсэн. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр миний эгч Хоролгарав компани дээр очиж, ерөнхий захирал Б.Батзоригоос 16/04 тоот тушаалыг хүлээн авсан. Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж, иргэн миний эрх ашгийг хохироосон “Си Си Эс Эм Жи Эл” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/04 тоот тушаалыг хүчингүй болгож, А.Жаргалмаа намайг өмнөх ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 4,200,000 төгрөгийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:... Нэхэмжлэгч А.Жаргалмаагийн Нийгмийн даатгалын дэвтэрт  бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 1” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Си Си Эс Эм Жи Эл” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Жаргалмаагийн “Си Си Эс Эм Жи Эл” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайбарыг гаргаж байна. Манай компани нь Зайсан Тауны 5 болон 6 дугаар давхарыг бусдад түрээслүүдэг бөгөөд А.Жаргалмаа нь эдгээр давхарын цэвэрлэгээг хийдэг байсан. 2016 оны 3 дугаар сард 5 дугаар давхарт байрлах өдөр өнжүүлэхийн ариун цэврийн өрөөг цэвэрлүүлэх гэсэн боловч цэвэрлээгүйгээр барахгүй түрээслэгчтэй маргаан үүсгэсэн байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-дэх хэсэгт зааснаар болон Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчийн зүгээс ажлаас халсан нь үнэслэлтэй юм. А.Жаргалмаа нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 15/03 дугаартай “Си Си Эс Эм Жи Эл” ХХК-ийн захиралын тушаалаар манай компанид үйлчлэгчийн ажил хийж эхэлсэн ба 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/04 дугаартай захирлын тушаалын дагуу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/04 дугаартай захирлын тушаалыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр авсан атлаа нэхэмжлэлдээ 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тушаалаа хүлээж авсан бөгөөд 2016 оын 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана”  гэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.Жаргалмаа ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 4,200,000 төгрөгийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт  бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 1” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч “Си Си Эс Эм Жи Эл” ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинд 1,350,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 337,500 төгрөгийг тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Б.Жаргалмаа нь ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 2,850,000 төгрөгийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт  бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 1” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж талууд эвлэрчээ.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Жаргалмаа нь хариуцагч “Си Си Эс Эм Жи Эл” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 4,200,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт  бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 1” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч А.Жаргалмаа нь ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 2,850,000 төгрөгийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт  бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 1” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Си Си Эс Эм Жи Эл” ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинд 1,350,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 337,500 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                                                 ТОГТООХ нь:                                    

1.Нэхэмжлэгч А.Жаргалмаа ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 4,200,000 төгрөгийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт  бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 1” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас “ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 2,850,000 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт  бичсэн “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 16/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв” гэсэн бичвэрийн “2016 оны 4 дүгээр сарын 01” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Си Си Эс Эм Жи Эл” ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинд 1,350,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 337,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 337,500 төгрөгийг тус тус төлөхөөр  зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

  

          ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА