Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 174

 

М.Номуундарийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2016/00923 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Номуундарийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Цогтоод холбогдох

 

Хохиролд 57 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М.Номуундарь, түүний өмгөөлөгч Р.Очирбал,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Номуундарийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

 Миний найз байсан Ц.Цогтоо 2013 оны 10 сард намайг гадаадад ажлаар яваад ирэх хойгуур манай гэрийн гал тогооны ханын шүүгээнд бэлнээр байсан 12 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг надад хэлэлгүй, зөвшөөрөлгүйгээр авсан байсан, үлдсэн 4 000 000 төгрөгийг нь сүүлд зээлж аваад өгөөгүй, нийт 12 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эргүүлж өгнө” гэсэн албан бичиг надад бичиж өгсөн.

Үүнээс гадна Ц.Цогтоо миний аавын машиныг барьцаалан миний найз н.Сэлэнгээгээс 2 500 000 төгрөг зээлж авсан боловч түүнийгээ төлж барагдуулаагүй тул би 2 500 000 төгрөгийг түүний өмнөөс найздаа хүүтэй нь төлж барагдуулсан. Ээмэг, бөгж, бугуйвчийг миний нэрээр барьцаалдан зээлдүүлэх газар нийт 2 900 000 төгрөгийн барьцаанд тавьж мөрийтэй тоглоом тоглож алдсаныг би бас төлж байсан. Энэ мэтчилэн удаа дараа миний мөнгө болон эд хөрөнгийг ямар нэг шалтгаанаар авч хувьдаа ашигласан хэрнээ буцааж төлдөггүй, шүүх цагдаад хандана гэхээр удахгүй бүрэн төлж барагдуулна гэдэг байсан.

Ингээд нэг өдөр Ц.Цогтоо над дээр ирээд “чи ер нь өөрийнхөө машиныг барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьчих зээлсэн мөнгөөр чинь би Хонг Конг явж бизнес хийгээд ирье, гадаадаас ирээд шууд авсан мөнгөө төлж чамайг хохиролгүй болгоно” гэсэн. Удаа дараа гуйсан тул 2013 оны 10 сарын 17-ны өдөр би өөрийн өмчлөлийн 28-98 УНГ улсын дугаартай Волксвагеь Тигуан маркийн автомашиныг "ЖДМБ" ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар 22 000 000 төгрөгийн барьцаанд барьцаалж, мөнгийг бүхэлд нь Ц.Цогтоод өгсөн. Уг мөнгийг Ц.Цогтоо нь надаас авч валют болгосон бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг эх хувиар нь нотлох баримтаар нэхэмжлэлд хавсаргасан болно. Миний мөнгийг өгөхгүй байсан тул би 2014 оны 2 сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан боловч энэ нь иргэд хоорондын маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ хугацаанд би барьцаалан зээлдүүлэх газар хүү төлж, зээлээ төлж чадахгүй байсаар автомашинаа зээлийн барьцаанд алдсан. Зээлийг бүтнээр Ц.Цогтоо хүлээн авч ашигласан атлаа би түүний авсан зээлд хүү төлж явсаар сүүлдээ зээл хүүг төлж чадалгүй автомашинаа алдсан. Би өөрт учирсан бэлнээр авсан 12 000 000 төгрөг, барьцаанд тавьж алдсан автомашины үнэ 44 952 120 төгрөг, найз н.Сэлэнгээс зээлсэн 2 500 000 төгрөг, миний ээмэг, бөгж, бугуйвчийг ломбардад тавьж алдсан 2 900 000 төгрөг, мөнгөн аяга ломбардад тавьсан 1 600 000 төгрөг, нийт 63 952 120 төгрөгийн хохирлыг Ц.Цогтоогоос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоо Ц.Цогтоогоос үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 57 200 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа 6 000 000 төгрөгөөр багасгаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл нь:

1. бэлнээр авсан 12 000 000 төгрөгийн 8 000 000 төгрөгийг зөвшөөрөгүй авсан учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна, харин 4 000 000 төгрөгийг зээлж аваад өгөөгүй,

2. Барьцаанд тавьсан автомашины үнэ 36 000 000 төгрөг, мөн машины ломбардны хүү төлсөн 2 200 000 төгрөг,

З. Найз н.Сэлэнгээс зээлсэн 2 500 000 төгрөг,

4. Ломбардад тавьж алдсан ээмэг, бөгж, бугуйвчний үнэ 2 900 000 төгрөг,

5. Ломбардад мөнгөн аяга тавьсан 1 600 000 төгрөг, нийт 57 200 000 төгрөг болно гэжээ.

 

Хариуцагч Ц.Цогтоогийн шүүхэд гаргасан тайлбарт:

М.Номуундарийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Миний бие М.Номуундарьтай 2011 оноос хойш хамтран амьдарч байсан ба М.Номуундарийн хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 17, 2013 оны 12 дугаар сарын 27-нд буюу 2 удаа хамтдаа Хонг Конг болон Макао явсан. Эхний удаа Хонг Конг болон Макао руу явахдаа би хувиасаа 20 000 000 төгрөг мөн М.Номуундарь нь тодорхой хэмжээний мөнгө гаргасан ба Хонг Конг болон Макаод очиж бид 2 хамтдаа авч явсан мөнгөө дуусгасан. Дараагийн удаа буюу 2013 оны 12 дугаар сарын 27-нд бид 2 хамтдаа дахин Хонг Конг болон Макао явсан бөгөөд би мөн 20 000 000 төгрөг гаргасан. Харин М.Номуундарь нь хамт явахаас өмнө буюу 2013 оны 12 дугаар сарын 25-нд "Онунфанд ББСБ" ХХК-тай зээлийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн орон сууц болон авто зогсоолыг барьцаалж 38 000 000 төгрөгийн зээл авсан байсан.

М.Номуундарь бид 2 хоёр дахь удаа Хонг Конг болон Макаод очиж авч явсан мөнгөөрөө дахин мөрийтэй тоглож, хувцас, эд зүйлс авах зэргээр дуусгасан.

Ингээд М.Номуундарь, түүний эцэг н.Мягмар нар манай эцэг эхтэй уулзаж, "... М.Номуундарийн барьцаанд тавьсан орон сууцыг алдах гээд байна" гэсэн тул манай эцэг М.Номуундарьт 40 000 000 гаруй төгрөг өгч, түүний авсан зээлийг төлж барагдуулсан. Тухайн үед М.Номуундарь нь мөнгө болон хөрөнгөө үрж дуусгасан нь Ц.Цогтоо бид хоёрын өөрсдийн буруу, одоо орон сууцаа буцаагаад авчихсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Гэтэл 2014 оны 2 сард М.Номуундарь нь надад залилан мэхлүүлсэн мэтээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн ба тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон тул 2014 оны 7 сарын 30-ны өдөр прокурорын тогтоолоор тус хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд нэхэмжлэгч М.Номуундарийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар М.Номуундарийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Цогтоод холбогдох 57 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч М.Номуундарь давж заалдах гомдолдоо:

           Шүүх нэхэмжлэлийн эхний шаардлага болох 8 000 000 төгрөг болон зээлж авсан 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагч Ц.Цогтоог нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн мөнгийг авч хэрэглэсэн гэсэн боловч мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.2-т заасан нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нь өөртөө нэмүү өртөг, ашигтай байдал бий болгосон эсэх нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн. Мөн нэхэмжлэгч нь 4 000 000 төгрөг зээлсэн гэж тайлбарласан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод гарын үсэг зураагүй гэж маргасан тул уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна гэжээ. Шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 116.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж байна.

Хэргийн 6, 7 дугаар дугаар талд хариуцагч Ц.Цогтоо өөрийн гараар дараах агуулга бүхий баримтыг 2013.10.03-ны өдөр болон 2013.10.10-ны өдөр үйлдэж надад өгснийг миний бие шүүхэд эх хувиар нь өгсөн бөгөөд энэ нь талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн, миний бие Ц.Цогтоогоос Иргэний хуулийн 495.2-т заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлснийг нотолно. Ц.Цогтоо нь үнэн, худал нь мэдэгдэхгүй байдлаар миний мөнгийг зөвшөөрөлгүй авах, эсхүл мөнгө зээлээч хэмээн шахаж, шаардаж, гүйдаг байсан учир дээрх баримтыг бичиж өгөхийг миний бие Ц.Цогтоогоос хүссэний дагуу тэрээр бичиж өгсөн болно.

Ц.Цогтоогийн бичиж өгсөн 2013.10.03-ны өдрийн баримтад "миний бие 2013 оны 10 сарын 01-нд эхнэр М.Номуундариас 3 600 000 төгрөг авсан. Өнөөдөр 2016 оны 10 сарын 03-нд нэмж 1 000 000 төгрөг зээлж авлаа. Энэ мөнгийг 10 сарын 10-нд буцааж өгнө", мөн 2013.10.10-ны өдөр бичиж өгсөн баримтад "миний бие эхнэр М.Номуудариас 10 сарын 10-ны өдөр 12 000 000 төгрөгийг авч өөрийн найзад зээлдүүлсэн. Энэ мөнгийг 10 сарын 20-нд буцаан өгнө" хэмээн бичсэн.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Ц.Цогтоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримтыг Ц.Цогтоо согтуу байхдаа бичсэн хэмээн нотлох баримтгүй үндэслэлгүй тайлбар өгснийг шүүх шийдвэрийн үндэслэл болгож "хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод гарын үсэг зураагүй гэж маргасан тул уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна" хэмээн дүгнэсэн байна. Миний гарын үсэг биш, согтуу байхдаа зурсан гэсэн тайлбар нь бичмэл нотлох баримтыг бүхэлд нь үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.10.11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан "хэргийн 6, 7 дугаар хуудсанд байгаа баримтыг үгүйсгэж байгаа үндэслэл нь юу вэ?" гэх асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч согтуу байхад нь бичүүлсэн, юу бичснээ санахгүй байгаа хэмээн хариулсан  байна.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлагын тухайд нэхэмжлэгч миний бие автомашин барьцаалсан барьцаат зээлийн гэрээг "ЖДМБ" ХХК-тай байгуулсан болохоо үгүйсгэхгүй.   Харин автомашинаа барьцаалан зээл авч өгөхийг Ц.Цогтоо хүсэж, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Ц.Цогтоо хариуцна гэсэн учир дээрх зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн мөнгөнөөс миний бие нэг ч төгрөг авч ашиглаагүй. Иймээс барьцаалан зээлдэх гэрээний төлбөрт комиссын худалдаагаар худалдагдсан автомашины үнийг үнэлгээний байгууллагын үнэлсэний дагуу 36 000 000 төгрөгөөр тооцон хохирлыг нэхэмжилсэн.

Хэрэгт хариуцагч Ц.Цогтоогийн 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бичиж өгсөн баримт байгаа бөгөөд уг бичигт "Ц.Цогтоо миний бие М.Номуундарийн Volkeswagon Tiguan авто машин, 11 800 000 төгрөг, Цастын 55-64 тоот орон сууц, М.Номуундарийн найз н.Сэлэнгээгээс авсан 2 500 000 төгрөг, аавынх нь машиныг тавьж тоглосон 1 000 000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлт, бугуйвч 1 900 000 төгрөгөөр ломбардад 2 ширхэг мөнгөн аяга 200 000 төгрөгөөр тавьсан. Энэ бүх асуудлыг өөрийн биеэр хариуцах нь үнэн болно" хэмээн бичсэн байна. Хариуцагч Ц.Цогтоогийн бичиж өгсөн баримтаас үзэхэд тэрээр 12 000 000 төгрөг авснаа, миний өмчлөлийн машин болон орон сууцыг барьцаалсан, найз н.Сэлэнгээгээс авсан 2 500 000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлт, бугуйвч 1 900 000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн аяга 200 000 төгрөгөөр ломбардад тавьсанаа бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн болохыг нотолж байна. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээд өөрийн хийсэн үйлдэл, үйлдсэн баримт бичиг, байгуулсан гэрээ хэлцлийн хууль зүйн үр дагаварыг хариуцах учиртай. Хариуцагч Ц.Цогтоо нь дээрх баримтад бичсэний дагуу миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Энэ нь Ц.Цогтоо 2014.02.23-ны өдөр бичсэн баримтынхаа дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байсан болохыг харуулж байна.

Ц.Цогтоо нь миний алтан ээмэг, бөгж, бугуйвч болон 2 ширхэг мөнгөн аягыг ломбарданд тавьсан нь "ЛДЖО" ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, Ц.Цогтоогийн өөрийн гараар бичсэн 2014.02.23-ны өдрийн тодорхойлолт, цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар зэргээр нотлогдож байгаа болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00923 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч хэрэгт авагдсан зарим баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч М.Номуундарь нь хариуцагч Ц.Цогтоогоос гэм хорын хохиролд 63 752 120 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 57 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

           Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрт байсан 12 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг зөвшөөрөлгүй авч ашигласан, 4 000 000 төгрөгийг зээлж авсан, зээлийн барьцаанд автомашин, алтан ээмэг, бөгж, бугуйвч, мөнгөн аяга тавьж алдсан, найз н.Сэлэнгээгээс 2 500 000 төгрөг зээлдэн авч нийт 57 200 000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тайлбарласныг хариуцагч Ц.Цогтоо эс зөвшөөрч “бид хамт амьдарч байх хугацаандаа Хонг Конг, Макао явж, энэ мөнгийг хамтдаа зарцуулсан, эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа энэ талаар харилцан тохиролцож хохирлыг төлсөн” гэж маргасан байна.

 

          Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч М.Номуундарь, хариуцагч Ц.Цогтоо нар хамтын амьдралтай байх хугацаандаа нэхэмжлэгч М.Номуундарь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “ЖДМБ” ХХК-иас Волксваген маркын 2898 УНГ улсын дугаартай автомашин барьцаалж, 22 000 000 төгрөг 1 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Онунфанд” ББСБ-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамжны 57 дугаар байрны 64 тоот орон сууцыг 17 тоот авто зогсоолын хамт барьцаалж 38 000 000 төгрөг 2 сарын хугацаатай, сард 3.5 хувийн хүүтэй тус тус зээлдэн авсан, орон сууц барьцаалсан 38 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт нийт 41 200 000 төгрөгийг хариуцагч Ц.Цогтоогийн аав Л.Цолмон 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаарх “Онунфанд” ББСБ-ын тодорхойлолт, мөнгө төлсөн баримтууд хэргийн 60-64 дүгээр талд авагджээ.  

 

Хариуцагч нь “нэхэмжлэгч автомашин болон орон сууцаа барьцаалж зээл аваад 2013 оны 10, 12 дугаар саруудад хариуцагчийн хамт Хонгконг, Макао зэрэг хотуудаар аялж, өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлах, худалдан авалт хийх зэргээр мөнгөө зарцуулсан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд дээрх зээлээс орон сууц барьцаалсан зээлийг хариуцагч талаас төлсөн байх ба автомашин барьцаалсан зээлийг хариуцагч дангаар авч захиран зарцуулсан, уг зээлийн үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Хэргийн 155 дугаар тал дахь “ЛДЖО” ЗБН нөхөрлөлийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тодорхойлолтыг үндэслэн хариуцагч Ц.Цогтоог нэхэмжлэгч М.Номуундарийн өмчлөлийн мөнгөн аяга, ээмэг бөгж, бугуйвчийг барьцаалж зээл авсан гэж үзэхэд учир дутагдалтай ба хариуцагчийн тус нөхөрлөлтэй байгуулсан зээлийн гэрээ мөнгө хүлээн авсан баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байна. Хэргийн 7, 91 дүгээр талд авагдсан 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн  баримтад хариуцагч Ц.Цогтоо нь гарын үсэг зураагүй, хэн уг баримтыг үйлдсэн нь тодорхойгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн "Бэст эстимейт" ХХК-ийн тодорхойлолт, “ЖДМБ” ХХК-ийн зээлийн гэрээ, кассын орлогын баримт, автомашин хүлээлгэн өгсөн акт, автомашин худалдах, худалдан авах гэрээ зэрэг  баримтууд нь нэхэмжлэгч М.Номуундарийг бусадтай гэрээ хэлцэл хийсэн үйл баримтыг нотлохоос бус хариуцагч Ц.Цогтоог дээрх мөнгийг авч, ашигласан, нэхэмжлэгчийн өмнө мөнгө төлөх үүрэг үүссэн болохыг нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 57 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 12 000 000 төгрөгийн шаардлагаас бусдыг хуулийн шаардлага хангасан баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин 12 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлдэн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн 6 дугаар талд авагдсан “10 сарын 10-ны өдөр 12 000 000 төгрөгийг авч өөрийн найзад зээлдүүлсэн. Энэ мөнгийг би 10 сарын 20-нд М.Номуундарьд буцааж өгнө” гэсэн тодорхойлолтыг хариуцагч Ц.Цогтоо өөрөө бичиж гарын үсгээ зурсан байх ба уг бичмэл баримтыг хариуцагч нь нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.  Энэ тодорхойлолт хэмээх бичмэл баримтын агуулгаас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв. Уг баримтаар Ц.Цогтоо 12 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 10 сарын 20-ны өдөр буцааж төлөхөө илэрхийлсэн нь тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл байх тул хариуцагчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөх үүрэг үүснэ.

 

            Иймд нэхэмжлэгчийн, шүүхээс хэргийн үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн эхний шаардлага болох 8 000 000 төгрөг болон зээлж авсан 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гэх гомдлыг хангах үндэслэлтэй, харин хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх газарт нэхэмжлэгчийн авто машин, алтан ээмэг, бөгж, бугуйвч болон 2 ширхэг мөнгөн аягыг барьцаалж зээл авсан, энэ мөнгөн төлбөрийг төлөх үүрэгтэйг нотлосон баримтгүй байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурьдсан "ЛДЖО" ХХК-ийн тодорхойлолт, хариуцагч Ц.Цогтоогийн 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар зэрэг баримтууд нь хариуцагч бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүй захиран зарцуулсан болохыг шууд нотолсон баримт гэж үзэхэд эргэлзээтэй, талуудын хоорондох маргаанд хамаарахгүй нотлох баримтууд байх тул хариуцагчаас эдгээр баримтуудыг үндэслэн төлбөр гаргуулах хуулийн үндэслэлгүй болно.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

                1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2016/00923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цогтоогоос 12 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Номуундарьд олгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс үлдэх 45 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цогтоогоос улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Номуундарьд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Номуундарийн төлсөн 444 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ