Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 5257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Сот 2-2 байр 65 тоотод оршин суух, Анжжав овогт Чулуунбатын Энхболд /РД:ФМ80062711/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв, Угтаалцайдам, 2 дугаар баг, Асгат, уушиг, 5 гудамж 8 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 303-141 тоотод оршин суух, Боржигон овогт Баасангийн Мөнхзориг /РД:НТ80041715/-т холбогдох,

4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Энхболд, хариуцагч Б.Мөнхзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ч.Энхболд нь 2013 оны 6 дугаар сард “Шуурхай зар” сониноос “Мантууны цех тоног төхөөрөмжийн хамт зарна, сард 3 сая төгрөгийн ашиг олдог, байр нь түрээсийнх” гэсэн зарын дагуу Б.Мөнхзориг гэдэг хүнтэй уулзахад тэр цехийнхээ үйл ажиллагааг танилцуулаад өдөрт 300-350 уут мантуу хийгээд бүрэн зарагдаж байгаа нэгийг нь 700 төгрөгөөр зардаг. Ямарч буцаалт, хорогдол байхгүй. Бүх зардал, түрээсээ хасаад өдөрт цэвэр ашиг 100,000 төгрөг олдог. Бүх зөвшөөрөл нь байгаа. Авбал ажлын байрны дүгнэлтийг нэр дээр чинь шилжүүлээд, шинжилгээний бичгийг гаргуулаад өгнө. Хөлдөөгч, жигнүүр, тавиур нь 2,000,000 төгрөг болно. Тэгээд зах зээлээ 4,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, хөргөгчтэй нийлээд 6,400,000 төгрөг болно гэхэд нь би ажлын байрны дүгнэлт, шинжилгээний бичиг хоёроо миний нэр дээр гаргуулаад өгчих тэгвэл мөнгөө өгч наймаагаа хийж болох юм гэсэн. Тэгээд дахин дахин мантууны цех ашигтай гээд байхаар нь би өөрт байсан 4,900,000 төгрөг дээрээ хүнээс 1,500,000 төгрөг зээлж аваад нийт 6,400,000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Б.Мөнхзориг гэгч нь надаас мөнгөө өгчих, итгэлцлээр гарын үсэг зураад болдог юм гээд мөнгө авснаасаа хойш ор сураггүй алга болсон. Иймд Б.Мөнхзоригоос тоног төхөөрөмжийн 2,000,000 төгрөгийг хасаад 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Мөнхзориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхзориг миний бие  2013 оны 6 дугаар сарын 10-ны үеэр өөрийн ажиллуулж байсан “ЧКА” мантууны цехийн үйл ажиллагааг тоног төхөөрөмжийн хамт зарна гэсэн зарыг зарын сонин болон интернетын зарын сайтуудад байршуулсан. Тухайн зарын дагуу хэд хэдэн хүн үзсэн бөгөөд Ч.Энхболд эхнэрийн хамт ирж үзсэн. Тухайн үед 7,000,000 төгрөгөөр зарна гэж төлөвлөсөн байсан. Үүнд тоног төхөөрөмж /жигнүүр, хөлдөөгч, зуурагч машин, хатаагч, тавиур, хөргөх сэнс, модон ширээ гэх мэт/,  зах зээлээ үнэлсэн үнэ орсон болно. Ч.Энхболд нь мантууны цехийг ирж үзсэнээс 2-3 хоногийн дараа залгаж үнээ доош нь ярих боломж байна уу гэж асуухад нь за яахав чи үнэхээр сонирхож байгаа бол бэлэн 6,000,000 төгрөгөөр авбал ав гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ирж уулзаад цехийн үйл ажиллагаатай танилцаад борлуулалтанд чинь хамт явж үзье гээд 2 хоног манай борлуулагчтай явж үзсэн. Тэгээд за би авъя мөнгө төгрөгөө өгч авахдаа нотариатаар баталгаажуулъя гэсэн. Бичиг баримтаа яаж шилжүүлэх вэ гэхэд нь би бол иргэн хүнээр Улсын мэргэжлийн хяналтанд хүнсний цехийн үйл ажиллагааны зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2 сарын өмнө өгсөн байгаа. Одоо бараг гарч байгаа байх гэхэд нь миний нэр дээр болгож өгмөөр байна гэхээр би мэргэжлийн хяналтын байцаагч н.Рэгзэдсүрэнд хэлэхэд чи хүсэлтээ өөрийн нэр дээр өгсөн учир чиний нэр дээр гарна энэ зөвшөөрөл 3 сар тутамд шинэчлэгддэг. Дараагийн удаа хүсэлт гаргахдаа худалдаж авч байгаа хүний нэр дээрээ хүсэлт гараж болно гэсэн. Энэ тухай би Ч.Энхболдод хэлсэн. Ингээд харилцан тохиролцож 6,000,000 төгрөг өгөхөөр болоход цехэд байсан манай дүүгийн хөлдөөгчийг нэмж авахаар болж 400,000 төгрөг нэмээд 6,400,000 төгрөг надад өгсөн. Мөнгө авсан баримтад цехийн үйл ажиллагааг тоног төхөөрмжийн хамт Ч.Энхболдод шилжүүлж зарав гэсэн бичиг үйлдэж нотариатаар баталгаажуулсан. Хэд хоногийн дараа Улсын мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний бичиг /эрүүл ахуйн шаардлага хангасан/ гарч, бичгийг би өөрийн биеэр Ч.Энхболдын эхнэрт цех дээр нь аваачиж өгсөн. Дараагийн удаа өөрсдийнхөө нэр дээр хүсэлт гаргаж аваарай гэж бас дахин хэлсэн. Иймд Ч.Энхболдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зарын дагуу өөрөө ирж үзээд, үйл ажиллагаатай танилцаад, борлуулалтанд хамт явж үзээд өөрөө авах шийдвэрээ гаргаад авсан байгаа. Харилцан тохиролцсон наймаа болсон. 3 жил өнгөрсөн байхад ийм зүйл ярьж явааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн өмнө нь надтай ийм асуудлаар нэг удаа ч ярьж байгаагүй. Би технологийн тал дээр юм уу зөвлөгөө, асуух зүйл байвал асуугаарай гэж байсан. Тухайн үед барьж байсан 99102387 дугаарын төлбөр өндөр гарч төлж чадаагүй хаагдсан байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхболд нь хариуцагч Б.Мөнхзоригт холбогдуулан  4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Энхболд нь 2013 оны 06 дугаар сард “Шуурхайн зар сонин”-ы  “Мантууны цех, тоног төхөөрөмжийн хамт зарна, сард 3,000,000 төгрөгийн ашиг олдог, байр түрээсийнх” гэсэн зарын дагуу Б.Мөнхзоригтой уулзаж, түүний үйл ажиллагаа явуулдаг гэх “Чка” мантууны цехийг тоног төхөөрөмжийн хамт 6,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Мөнгө хүлээн авсан тухай баримт”-аар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.  /хх-ийн 5 дугаар хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч Ч.Энхболд нь мантууны цехийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны үнэд 6,400,000 төгрөгийг төлөх, хариуцагч Б.Мөнхболд нь мантууны цехийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагааны хамт шилжүүлэн өгөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ч.Энхболд нь “...тухайн мантууны цехийг нийтэд нь 6,400,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тоног төхөөрөмжийг нь 2,400,000 төгрөгөөр, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 4,000,000 төгрөгөөр үнэлсэн. Б.Мөнхзориг анх надад уг цехээ зарахдаа бүх бичиг баримт зөвшөөрөл нь байгаа гэж хэлж байсан бөгөөд мөнгө төгрөг өгч авалцахдаа ямар ч бичиг баримт байгаагүй ба удахгүй нэр дээр чинь бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө гэж хэлээд сураггүй болсон. Ингээд миний бие ямар ч шинжилгээний бичиггүй ажлын байрны дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тоног төхөөрөмжийг нь зарсан учраас тоног төхөөрөмжийн 2,400,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин үйл ажиллагаа явуулах эрхийн үнэ болох 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Б.Мөнхзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ...Ч.Энхболд нь зарын дагуу өөрөө ирж үйл ажиллагаатай танилцаад 6,400,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Үүнд тоног төхөөрөмжөө 3,000,000 төгрөгөөр, үйл ажиллагаагаа 3,400,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед ажлын байрны дүгнэлт гарсан байсныг Ч.Энхболдод шилжилгээний бичгийн хамт өгсөн учраас  гэрээний үүргээ биелүүлсэн. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 3 жил өнгөрсөн байхад ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байна.

Мантууны цех нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ажлын байрны дүгнэлт болон шинжилгээний бичгийг үндэслэн үйл ажиллагаа явуулдаг гэдэгт талууд маргахгүй байх ба харин уг ажлын байрны дүгнэлт болон шинжилгээний бичгийг өгөөгүй гэж нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа бол хариуцагч нь уг бичиг баримтуудыг өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч Б.Мөнхзориг болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа уг мантууны цехийн ажлын байрны дүгнэлтийг шинжилгээний бичгийн хамт нэхэмжлэгч Ч.Энхболдод өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь талаар ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байх тул  хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Хэргийн 5 дугаар талд авагдсан 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Мөнгө хүлээн авсан тухай баримт”-д “Чка” мантууны цехийг тоног төхөөрөмж, үйл ажиллагааны хамт 6,400,000 төгрөгөөр худалдав. Эдгээр тоног төхөөрөмжийн өмчлөл болон үйл ажиллагааг эзэмшихтэй холбоотой асуудлаар маргаан гомдол гарвал өөрийн биеэр хариуцна” гэж бичигдсэн байна.

Хариуцагч Б.Мөнхзориг нь “мантууны цехийн үйл ажиллагаа” гэдгийг “мантуугаа зарах зах зээл юм” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйл ажиллагаа нь мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ажлын байрны дүгнэлт, шинжилгээний бичгийн үндсэн дээр явагдах тул талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйл нь мантууны цехийн үйл ажиллагаа явуулах эрх болон тоног төхөөрөмж байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Б.Мөнхзориг нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох мантууны цехийн үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Энхболд нь гэрээнээс татгалзаж, хохирлоо шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл өгөөгүй” гэж байгаа боловч хариуцагч Б.Мөнхзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мантууны цехийг зарснаас хойш 14 хоногийн дараа над руу утсаар ярьж, мантууны цехээ буцаая гэж хэлсэн” гэх тайлбар болон Б.Мөнхзоригийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Баталгаа” гэх баримтад бичсэн “ Б.Мөнхзориг миний бие... мах, мантууны цехийг зарагдах хүртэл нь авах хүмүүстэй нь уулзаж, ярилцаж өгөхөөр тохиролцов” гэх бичвэрээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч мантууны цехийн тоног төхөөрөмжийг 2,400,000 төгрөгөөр, үйл ажиллагаа явуулах эрхийг 4,000,000 төгрөгөөр тооцон худалдаж авсан гэж, хариуцагч нь тоног төхөөрөмжийг 3,000,000 төгрөгөөр, үйл ажиллагаагаа 3,400,000 төгрөгөөр тооцсон гэж тайлбарлаж байх боловч зохигчийн хэн алин нь энэ талаарх баримт хэрэгт ирүүлээгүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.Мөнхзоригоос 3,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхболдод олгож, үлдэх 600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхзоригоос 3,400,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ч.Энхболдод олгож, үлдэх 600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 69,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхболдод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА