Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1967

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05257 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХ нь 2013 оны 6 дугаар сард “Шуурхай зар” сониноос “Мантууны цех тоног төхөөрөмжийн хамт зарна, сард 3 000 000 төгрөгийн ашиг олдог, байр нь түрээсийнх” гэсэн зарын дагуу ХХХХ гэдэг хүнтэй уулзахад тэр цехийнхээ үйл ажиллагааг танилцуулаад “...өдөрт 300-350 уут мантуу хийгээд бүрэн зарагдаж байгаа нэгийг нь 700 төгрөгөөр зардаг. Ямарч буцаалт, хорогдол байхгүй. Бүх зардал, түрээсийн төлбөрөө хасаад өдөрт цэвэр ашиг 100 000 төгрөг олдог. Бүх зөвшөөрөл нь байгаа. Авбал ажлын байрны дүгнэлтийг нэр дээр чинь шилжүүлээд, шинжилгээний бичгийг гаргуулаад өгнө. Хөлдөөгч, жигнүүр, тавиур нь 2 000 000 төгрөг болно. Тэгээд зах зээлээ 4 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг, хөргөгчтэй нийлээд 6 400 000 төгрөг болно...” гэхэд нь би “...ажлын байрны дүгнэлт, шинжилгээний бичиг хоёроо миний нэр дээр гаргуулаад өгчих тэгвэл мөнгөө өгч наймаагаа хийж болох юм...” гэсэн. Тэгээд дахин дахин мантууны цех ашигтай гээд байхаар нь би өөрт байсан 4 900 000 төгрөг дээрээ хүнээс 1 500 000 төгрөг зээлж аваад нийт 6 400 000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. ХХХХ гэгч нь надаас мөнгөө өгчих, итгэлцлээр гарын үсэг зураад болдог юм гээд мөнгө авснаасаа хойш ор сураггүй алга болсон. Иймд ХХХХоос тоног төхөөрөмжийн 2 000 000 төгрөгийг хасаад 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ миний бие  2013 оны 6 дугаар сарын 10-ны үеэр өөрийн ажиллуулж байсан “ЧКА” мантууны цехийн үйл ажиллагааг тоног төхөөрөмжийн хамт зарна гэсэн зарыг зарын сонин болон интернетын зарын сайтуудад байршуулсан. Тухайн зарын дагуу хэд хэдэн хүн үзсэн бөгөөд ХХХ эхнэрийн хамт ирж үзсэн. Тухайн үед 7 000 000 төгрөгөөр зарна гэж төлөвлөсөн байсан. Үүнд тоног төхөөрөмж /жигнүүр, хөлдөөгч, зуурагч машин, хатаагч, тавиур, хөргөх сэнс, модон ширээ гэх мэт/,  зах зээлээ үнэлсэн үнэ орсон болно.

ХХХ нь мантууны цехийг ирж үзсэнээс 2-3 хоногийн дараа залгаж “үнээ доош нь ярих боломж байна уу” гэж асуухад нь “за яахав чи үнэхээр сонирхож байгаа бол бэлэн 6 000 000 төгрөгөөр авбал ав” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ирж уулзаад цехийн үйл ажиллагаатай танилцаад борлуулалтанд хамт явж үзье гээд 2 хоног манай борлуулагчтай явж үзсэн. Тэгээд “за би авъя мөнгө төгрөгөө өгч авахдаа нотариатаар баталгаажуулъя, бичиг баримтаа яаж шилжүүлэх вэ” гэхэд нь би “иргэн хүнээр Улсын мэргэжлийн хяналтад хүнсний цехийн үйл ажиллагааны зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг 2 сарын өмнө өгсөн байгаа.

Одоо бараг гарч байгаа байх гэхэд нь миний нэр дээр болгож өгмөөр байна гэхээр би мэргэжлийн хяналтын байцаагч ХХХ-д хэлэхэд “чи хүсэлтээ өөрийн нэр дээр өгсөн учир чиний нэр дээр гарна энэ зөвшөөрөл 3 сар тутамд шинэчлэгддэг. Дараагийн удаа хүсэлт гаргахдаа худалдаж авч байгаа хүний нэр дээрээ хүсэлт гараж болно” гэсэн. Энэ тухай би ХХХод хэлсэн. Ингээд харилцан тохиролцож 6 000 000 төгрөг өгөхөөр болоход цехэд байсан манай дүүгийн хөлдөөгчийг нэмж авахаар болж 400 000 төгрөг нэмээд 6 400 000 төгрөг надад өгсөн. Мөнгө авсан баримтад “цехийн үйл ажиллагааг тоног төхөөрмжийн хамт ХХХод шилжүүлж зарав” гэсэн бичиг үйлдэж нотариатаар баталгаажуулсан.

Хэд хоногийн дараа Улсын мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний бичиг /эрүүл ахуйн шаардлага хангасан/ гарч, бичгийг би өөрийн биеэр ХХХ-ын эхнэрт цех дээр нь аваачиж өгөөд “дараагийн удаа өөрсдийнхөө нэр дээр хүсэлт гаргаж аваарай” гэж бас дахин хэлсэн. Иймд ХХХ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зарын дагуу өөрөө ирж үзээд, үйл ажиллагаатай танилцаад, борлуулалтад хамт явж үзээд өөрөө авах шийдвэрээ гаргаад авсан байгаа. Харилцан тохиролцсон наймаа болсон. 3 жил өнгөрсөн байхад ийм зүйл ярьж явааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн өмнө нь надтай ийм асуудлаар нэг удаа ч ярьж байгаагүй. Би технологийн тал дээр юм уу зөвлөгөө, асуух зүйл байвал асуугаарай гэж байсан. Тухайн үед барьж байсан ХХХХХХХХ дугаарын төлбөр өндөр гарч төлж чадаагүй хаагдсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХоос 3 400 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ХХХод олгож, үлдэх 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХоос улсын тэмдэгтийн хураамжид 69 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлож чадаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд нь тулгуурлан хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн гэсэн атлаа хариуцагчийг ажлын байрны дүгнэлт, шинжилгээний бичгээ өгсөн талаар нотлож чадаагүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь шинжилгээний бичиг, дүгнэлт өгөөгүй гэх боловч шинжилгээний бичгээ авч сунгуулах нь өөрийнх нь үүрэг юм. Учир нь ХХХод өгсөн гэх шинжилгээний бичиг 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас бичигдэн гарсан байна. Уг эрхийн бичгийг ХХХХ өөр дээрээ байлгах ямарч шаардлагагүй бөгөөд 3 сарын хугацаанд хүчинтэй байдаг. ХХХ нэгэнт худалдан аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа тул 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс өөрөө хүсэлтээ гаргаж бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжилгээнд өгч байж эрхээ дахин 3 сараар авах үүрэгтэй.

Тэгээд ч ямар нэгэн эрхийн бичиггүйгээр огт танихгүй хүнд мөнгөө өгч авна гэж байхгүй байх. Нэхэмжлэгч эрхийн бичиггүйгээр цаашдаа үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон талаар маргаагүй ба энэ талаар өөрөө ч нотлоогүй. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй юм. Цехийг худалдаж авснаас хойш 3 жил болоход ямар үндэслэлээр гэрээнээсээ татгалзаж байгаа тухайгаа ХХХХ-т албан ёсоор мэдэгдээгүй, энэ талын нотлох баримт байхгүй байхад шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй үндэслэл муутайгаар шийдвэрлэлээ. Мөн нэхэмжлэгч ХХХ гэрээнээсээ татгалзсан бол ХХХХийн бүх тоног төхөөрөмжийг эргүүлэн өгөх ёстой атал түүнд хэлэлгүйгээр тоног төхөөрөмжийг нь дур мэдэн зарж захиран зарцуулж мөнгөө гаргаж авсан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчид амаар тохиролцсоны дагуу “Чка” нэртэй мантууны цехийг ХХХ худалдан авч, 2013 оны 6 дугаар сарын 20-нд 6 400 000 төгрөгийг хариуцагч ХХХХ хүлээн авсан баримт хэрэгт авагдсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь  анх мантууны цехийг худалдахдаа ХХХХ бүх бичиг баримт, зөвшөөрөл нь байгаа, удахгүй нэр дээр чинь бүрдүүлж өгнө гэснээ биелүүлээгүй тул үйл ажиллагаа явуулах эрхийн үнэ гэж 4 000 000 төгрөг өгснөө буцаан шаардана гэжээ.

Хариуцагч ХХХХийн тоног төхөөрөмжөөс гадна зах зээл буюу үйл ажиллагаагаа 3 400 000 төгрөгөөр үнэлсэн, бичиг баримтыг эхнэрт нь өгсөн гэж тайлбарласан, мөнгө хүлээн авсан тухай 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  баримтад /хх-5/ ”тоног төхөөрөмжийг цехийн үйл ажиллагааны хамт худалдав” гэж тэмдэглэн гарын үсгээр баталгаажуулсан зэргээрээ гэрээний зүйл нь тоног төхөөрөмж, мөн цехийн үйл ажиллагааг явуулах, эзэмших эрхтэй холбоотой бичиг баримт байсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн хариуцагчаас цехийн ажлын байрны дүгнэлт, шинжилгээний бичгийг тухайн үед худалдан авагчид өгсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийнхээ дагуу холбогдох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж, нотлоогүй байна

Иймд хариуцагчийг эрхийн зөрчилгүй, доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар дутуу эд хөрөнгийн буюу цехийн эзэмших эрхтэй холбоотой бичиг баримт, эдийн бус хөрөнгөд төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй, хариуцагч мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгах үүрэгтэй.

Хариуцагч ХХХХ нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичгээр “баталгаа” /хх-17/ гаргасан нь хэрэгт авагдсан тул тухайн үед нь буюу цехийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн авснаас хойш 14 хоногт цехийг ажиллуулах боломжгүй талаар худалдагч талд мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үүгээр нотлогдсон байх бөгөөд эд хөрөнгийн доголдлыг арилгуулах шаардлагаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан гэж  үзнэ.

Иймд 3 жилийн дараа нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй. 

 Талууд худалдах, худалдах авах гэрээний үнийн дүн 6 400 000 төгрөг болох талаар маргаагүй боловч цехийн үйл ажиллагаа буюу эзэмших эрхийг 4 000 000 төгрөг, 3 400 000 төгрөг гэж зөрүүтэй гаргасан тайлбараа хэн аль нь баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шүүх талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн, цехийн үйл ажиллагаа буюу эзэмших эрхийг үнэлэн, төлбөрийг авсан боловч гэрээний зүйлийг шилжүүлээгүй талаар дүгнэж, төлбөрийг буцаан шаардсаныг хангасан нь зөв боловч хохирлыг арилгуулахтай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг 227.1 дэх заалтыг хэрэглэсэн нь оновчгүй, маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг заасан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх заалтыг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “227 дугаар зүйлийн 227.1” гэснийг “254 дүгээр зүйлийн 254.4 дэх” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

А.ОТГОНЦЭЦЭГ