Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2017/03108/И |
Дугаар | 001/ХТ2018/00403 |
Огноо | 2018-03-13 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/00403
П.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/03090 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2412 дугаар магадлалтай,
П.С-ийн нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүргийн ** дугаар цэцэрлэгт холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.С, өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч П.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ** дугаар цэцэрлэгт сав угаагчаар ажилд ороход ажил олгогчийн зүгээс 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 31-нд гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал, зөрчил гаргаж байгууллага болон эрхлэгчид хохирол учруулсан зүйл байхгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал үндэслэл болгоно гэснийг зөрчсөнөөс гадна анх ажилд орохдоо эрхлэгчид баярласнаа илэрхийлж мөнгө өгөөгүйгээс болсон гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд сав угаагчийн орон тоо байхгүй гал тогооны туслах ажилтан, үйлчлэгч гэх мэт миний хийж чадах ажил байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа адил чанарын албан тушаалд эгүүлэн томилуулах болгож өөрчилж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Хууль сахиулахын их сургууль өөрийн байраа тохижуулан гаргаж өгч, тус байрандаа өөрсдийн ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломжтой болгосноор 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 12 албан хаагчтай, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажлын байранд тавигдах шаардлага, боловсролын шаардлага хангахгүй байсан учраас П.С-тэй 2 сарын хугацаатай гэрээ анх байгуулсан гэж тайлбарладаг. Дараа нь байгууллагын бүтэц орон тоо батлагдаж ирээгүй ч хийж байсан ажилдаа идэвх зүтгэлтэй байсан учраас П.С-ийг орон тоог батлагдаж иртэл буюу гэрээг нь 6 сарын хугацаагаар сунгасан. 2016 оноос 2017 оны хичээлийн жил дуусч, хөдөлмөрийн гэрээ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Байгууллагын бүтэц, орон тоо батлагдан ирэхдээ сав угаагчийн орон тоо огт байхгүй болж, сав угаагчийн гүйцэтгэж байсан чиг үүргийг бүлгийн туслах багшийн үүрэгт шилжүүлсэн. Гал тогооны бэлтгэгч, туслах гэх орон тоо нь тогооч болон бэлтгэгчийн мэргэшил, мэдлэгтэй хүн байх шаардлага тавигдсан учраас П.С-ийг цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусах ёстой гэх боловч хичээлийн жилийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр, 2017 оны 6 дугаар сарын 02-ноос цэцэрлэгийн багш ажилчдын амралттай холбоотой асуудал гарч ирж байгаа учраас энэ өдөр чөлөөлөх боломж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/03090 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.С-ийн ** дугаар цэцэрлэгт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2412 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/03090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.С-ийг Баянзүрх дүүргийн ** дугаар цэцэрлэгийн сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.165.698 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.С-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн ** дугаар цэцэрлэгт даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн ** дугаар цэцэрлэгээс 49.601 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх харицагч байгууллага нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсанаас хойш 2017 оны 3 дугаар сарын 17-нд хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж 8.8 дах заалтыг нэмсэн байгааг анхаараагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн. Учир нь хариуцагч нэхэмжлэгчтэй анх хөдөлмөрийн гэрээ байгуулахын өмнө дүүргийн Засаг даргад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаартай албан бичгээр сав угаагч, гал тогооны туслахын орон тоо одоо 1 байгаа, үүнийг сав угаагч 2, гал тогооны туслах 1-ээр нэмэгдүүлж нийт 3 орон тоотой ажиллах саналаа хүргүүлсэн байдаг, энэ захирамжаар батлагдсан сав угаагч, гал тогооны туслахын байнгын ажлын байранд өөр ажилтан ажиллаж байсан тул шинээр үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд батлагдаагүй 2 орон тоондоо буюу орон тооноос гадуур шинээр авсан 1 сав угаагч буюу П.С-тэй харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулахдаа 2016 оны А/24 тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам батлан, батлагдсан орон тооноос гадуур хугацаатай хөдөлмөрийн гэрээг нэр дурьдсан 11 ажил, албан тушаалд үүний дотор сав угаагч ажилд шинээр ажиллаж байгаа ажилтантай хугацаатай гэрээ байгуулан ажиллуулахаар дотоод журмын 13.3 дах хэсэгт заалтаар зохицуулсан зохицуулалтаа үндэслэл болгосон. Улмаар дүүргийн Засаг даргад санал болгосон орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй учраас 2017 оны 3 дугаар сарын 17-нд хөдөлмөрийн дотоод журамдаа өөрчлөлт оруулахдаа 13.3 дах заалтыг яг энэ агуулгаар нь 8.8 болгож өөрчилсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх 8.8 дах заалтыг хедөлмөрийн гэрээ байгуулсанас хойш баталсан дотоод журам гэж үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна.
Магадлалд П.С-ийн ажиллаж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн болохоос түүний ажлын байр хэвээр байгаа, харин ч түүнийг ажлаас чөлөөлөх үед орон тоо нь нэмж батлагдсан гэж дүгнэх үндэслэлтэй гээд сав угаагчийн ажил нь байнгын ажлын байранд хамаарч байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, 23.2.2-т заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь батлагдсан орон тооноос гадуур огт байхгүй сав угаагчийн ажилд ажиллаж байсан, энэ талаар анх хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгч мэдэж байсан, энэ байгууллагад байнгын байсан нэг “сав угаагч, гал тогооны туслагч”-ийн ажилд өөр хүн ажиллаж байсан, 2017 оны 5 дугаар сарын 31-нд батлагдсан орон тоонд сав угаагч орон тоог огт байхгүй болгож зөвхөн гал тогооны туслагч буюу туслах тогоочийн орон тоо батлагдсан ирсэн тул тогоочийн мэргэжилгүй П.С-ийг ажиллуулах боломжгүй байсан. Ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн. Нэхэмжлэгч өөрийнх нь ажиллаж байсан сав угаагч орон тоо байхгүй гал тогооны туслах ажилтан, үйлчлэгч гэх мэт миний хийж чадах ажил байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, адил чанарын албан тушаалд эгүүлэн томилуулах болгож өөрчилсөн шаардлагыг нь өөрчлөгдсөн шаардлага гэж үзэлгүй огт байхгүй сав угаагч ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч П.С хариуцагч Баянзүрх дүүргийн ** дугаар цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх боловч тэрээр өмнө эрхэлж байсан сав угаагчийн ажил, түүнтэй адил чанарын ажилд тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн агуулгаас өмнө гаргасан шаардлагаа өөрчилсөн гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.
П.С-ийг ажил олгогч 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” шалтгаанаар ажлаас чөлөөлжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо П.С-ийг анх ажилд авахдаа хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу туршилтын хугацаагаар авсан, тухайн гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч Баянзүрх дүүргийн ** дугаар цэцэрлэг анх П.С-тэй 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 2 сарын хугацаагаар байгуулж, дараа нь гэрээг сунгажээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хугацаа зааж байгаа нөхцлийг туршилтын гэж тусгайлан тохирсон нь тогтоогдоогүй атал анхан шатны шүүх байгууллагын дотоод журмыг баримталж, туршилтын хугацаа дууссан гэж дүгнэснээс гадна дотоод журамд “туршилтын хугацаа 6 сараас ихгүй байна” гэсэн өөрчлөлтийг талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдснаас хойш нэмснийг тус шүүх анхаараагүй нь буруу болжээ. Энэ талаар магадлалд заасан үндэслэлийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн ** дугаар цэцэрлэг 2015 онд нийт 25 орон тоотой, үүнд сав угаагч, гал тогооны туслах гэсэн орон тоо 1 байсан, 2016-2017 онд цэцэрлэгийн салбар нэмэгдснээр 52 орон тоотой, үүнээс гал тогооны туслагч 3 гэсэн орон тоотой болсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Хариуцагч П.С-ийг цаашид ажиллуулах боломжгүй гэсэн үндэслэлдээ, орон тоо батлагдаагүй, орон тооноос гадуур ажиллуулж байсан, сав угаагчийн чиг үүрэг туслах багшид шилжсэн, гал тогооны туслах ажилтны мэргэжлийн шаардлага хангахгүй, гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн гэж үзэж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2412 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ