Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 574

 

Г.Ууганбаярт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

ялтан Г.Ууганбаярын өмгөөлөгч Ч.Содончимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ууганбаярын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заадлах гомдлоор Г.Ууганбаярт холбогдох эрүүгийн 201726010428 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Галцогийн Ууганбаяр, 1988 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Боди Транс” ХХК-д авто ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 6 дугаар гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 2 дугаар гудамжны 32 тоотод түр оршин суудаг,

- 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:ЧД88010811/,

Г.Ууганбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” төвийн 2 дугаар давхарт байрлах “Жи” нэртэй шөнийн цэнгээний клубт хохирогч Д.Батбаярын зүй бус үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, бие махбодид нь “эрүүний баруун булангийн далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Ууганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ууганбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Батбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Г.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Г.Ууганбаярын өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон. Би эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Иймд гэмт хэргийн нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг албадан ажил хийлгэх ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Ууганбаярын өмгөөлөгч Ч.Содончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус заасан тул уг хуульд нийцүүлэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Одоо Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна...” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэргийн материалыг судлахад, Г.Ууганбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” төвийн 2 дугаар давхарт байрлах “Жи” нэртэй шөнийн цэнгээний клубт хохирогч Д.Батбаярын зүй бус үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, бие махбодид нь “эрүүний баруун булангийн далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Д.Батбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн үед найз Б.Ууганбаяр над руу залгаад “... “Жи” бааранд байна, ирэх юм уу” гэж асуухаар нь би “Яваад очъё” гэж хэлсэн... 20-30 минутын дараа “Жи” бааранд ороход найз Б.Ууганбаяр, Г.Ууганбаяр, Бэхбат нар сууж байсан ба 1 шил архи, 3 сав пиво авсан. Надад нэг хундага архи хийж өгөхөөр нь уучихаад бүжиглэх гээд бүжгийн талбай руу гарсан. Бүжиглэж байхад баарны хамгаалагч Б.Ууганбаярыг дагуулаад гарсан. Б.Ууганбаяр орж ирэхгүй болохоор нь гараад харсан чинь баарны хамгаалагч Б.Ууганбаярыг барьсан, хажуу талаас нь өөр хүмүүс цохиж байхаар нь эхлээд салгах гэж очсон. Г.Ууганбаяр нь Б.Ууганбаярыг цохиод унагаасан. Харин би дараа нь нөгөө хүмүүс рүү нь дайрч эхэлсэн. Тухайн үед Г.Ууганбаяр “Намайг боль” гэж хэлэхээр нь түүний үгийг сонсохгүй баарны хамгаалагч руу дайрахад тэрээр миний шанаа руу цохисон... зодоон дууссан хойно Б.Ууганбаяр бид хоёр тамхи татах гээд гадаа сууж байхад миний эрүү өвдөөд шүлс хаяж болохгүй байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-8, 125/,

- гэрч Б.Ууганбаярын “...намайг тус баарны хамгаалагч хүн уулзъя гэж дагуулж гараад надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд бужигнээд тойрчихсон байсан. Манай найз Г.Ууганбаяр гарч ирээд намайг маргалдаж байхад салгасан. Тэгээд цаанаас Д.Батбаяр гар ирээд хүн, хүн рүү үсчээд байсан. Би хамгаалагчтай маргалдаж байхад Г.Ууганбаяр нь намайг санаандгүй “Болиоч” гээд тохойлдоход би газар унаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрэхэд Д.Батбаяр намайг дагуулаад баарнаас гарч байсан. Баарны үүдэнд Д.Батбаяр нь “Миний эрүү, ам өвдөөд байна” гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд эрүү нь хугарсан байсан... Г.Ууганбаяр салгах гээд цохиод авсан байх. Уг зодооны асуудал бид гурвын дунд болсон. Ер нь Д.Батбаяр бид хоёроос болж Г.Ууганбаяр уурандаа ийм зүйл хийсэн байх. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...” /хх-9, 13/,

- ялтан Г.Ууганбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Ууганбаяр орж ирэхгүй удаад байхаар нь би хойноос нь гарахад ... Б.Ууганбаяр баарны хамгаалагчтай зодолдож, тэнд байсан хүмүүс рүү дайраад байхаар нь би түүнийг “Боль” гээд түлхэж тохойгоороо цохисон чинь Б.Ууганбаяр ухаан алдаад унасан. Энэ үед Д.Батбаяр гарч ирээд хүмүүс рүү дайраад байхаар нь түүнд “Боль” гэж 2 удаа хэлэхэд миний үгийг тоохгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад Д.Батбаярын баруун шанаа руу нь 1 удаа цохисон...” /хх-30-31,120/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2484 тоот “...Д.Батбаярын биед эрүүний баруун булангийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-19/, хохирогч Д.Батбаярын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 2017 оны 2 дугаар сарын 9-нөөс 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-40-49/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс Г.Ууганбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Г.Ууганбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж, ял эдлэх дэглэмийг тогтоожээ.

Г.Ууганбаярт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Г.Ууганбаярт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид нийцэж тогтоогдсон ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байна.

Иймд ялтан Г.Ууганбаярыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, түүнчлэн түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, ялтан Г.Ууганбаярын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан “...хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.