Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 715

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “В ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч Г.Э, С.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “В ” ХХК,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч Г.Э, С.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г., С.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “В ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зориг, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн Ерөнхий Газрын 2016 оны 11 дүгээр сарьн 03-ны өдрийн 40/16 тоот удирдамжийн дагуу манай компанид гаалийн албан татварын бүрдүүлэлт төлөлт бүртгэлийн шалгалт хийгдсэн билээ. Энэхүү шалгалтаар манай компанид

- Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.1-р зүйлд заасан “... барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нзвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол ...” гэсэн үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 20/16 тоотоор 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг тавьсан.

Энэхүү акт нь “Монгол улсын Гаалийн тухай хуулийн 290-р зүйлийн 290.2.1-р зүйлд заасан “... барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр, төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол...” гэсэн үндэслэлээр тавигдсан. 

Манай компани энэхүү актыг тавьсан хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзаж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/1837 тоот хариуг “В ” ХХК-д ирүүлсэн. 

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байна. 

Иймд, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Г.Э, С.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“В ” ХХК-ийн 2013-2016 онуудад импортолсон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгахаар Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны 40/16 тоот удирдамж болон удирдамжид оруулах нэмэлт өөрчлөлтөөр гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нар томилогдон ажилласан.

Нэг. Шалгалтаар гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот актаар 63,572,098.2 төгрөгийг “В ” ХХК-д ногдуулсан.

Уг акт нь бүрдүүлэлтийн дараах шалгалтад гаргаж өгсөн санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, барааны үнийг гадаад руу шилжүүлсэн төлбөр тооцооны баримт, хавсаргасан үнийн нэхэмжлэх болон санхүүгийн тайлангаар барааг дуусаагүй барилга дансны бүртгэлд тусгасан зэрэг нотлох баримтуудаар үндэслэн тогтоосон.

“В ” ХХК нь 2014 онд БНХАУ-руу уулын авирах хананы хэрэгсэл, жудогийн дэвсгэр, хананы хамгаалах зөөлөвч, боксын дэвжээ дагалдах хэрэгслийн хамт, гадна гоёлын туузан гэрэл, спорт заалны дээвэр зэрэг бараанд 197,326.0 юань, кабельд 116 ам.доллар буюу нийт 63,572,098.2 төгрөгийг тус тус худалдан авахаар гадаадруу шилжүүлсэн байсан.

Хоёр: Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 2.1 дэх /барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсвэл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх/ мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь /гаалийн хууль тогтоомж зөрчиж нэвтрүүлсэн бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулахдаа Монгол улсын хил нэвтрүүлсэн өдөр, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илрүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг өрдөнө/ гэсэн заалтуудыг үндэслэсэн акт тогтоосон нь хууль, эрх зүйн хувьд зөрчилгүй болно.

Гурав: Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад “... аж ахуй нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгоно ...” гэсний дагуу “В ” ХХК нь 110000 төгрөгийн торгуулийг барагдуулсан нь дээрх зөрчлийг гаргасан нь нотлогдож байгаа болно.

Дөрөв: “В ” ХХК-иас гаргасан гомдол, хүсэлтэд тухай бүрт нь хариу өгч актыг барагдуулах талаар албан бичиг, гаалийн улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байсан билээ.

Иймд гаалийн улсын байцаагчийн тогтоосон актыг хэвээр баталж, “В ” ХХК-иас улсын төсөвт төвлөрүүлэх гааль, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон торгууль болох нийт 63,572,098.28.2 төгрөгийн орлогыг гаргуулж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “В ” ХХК нь 2017 оны ... сарын ...-ны өдөр тус шүүхэд “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй, эрх зүйн зөрчилтэй илт хууль бус акт бөгөөд хилээр орж ирээгүй барааг мэдүүлээгүй гэж үзэж төлбөр ногдуулсан” гэж маргажээ. 

Хариуцагч нараас “...санхүүгийн тайландаа тусгаж, эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажуулсан баримт бичгийг ирүүлсэн тохиолдолд бидний зүгээс татгалзах зүйлгүй” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч санхүүгийн тайланг аудитын байгууллага баталгаажуулах эсэхийг шүүхээс урьдчилан тодорхойлох боломжгүй, түүнчлэн улсын төсөвт төлбөр төлөгдөхгүй, хохирол учрах нөхцөл байдал үүсэхээр байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж “В ” ХХК-ийн нэхэмжлэлтэй гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.3-т заасны дагуу гаалийн улсын байцаагч нь “гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх”, 290 дугаар зүйлийн 2.1-д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих ... зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил гаргасан ... бол аж ахуйн нэгж байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нар нь  “В ” ХХК-ийн 2013-2016 оны 03 дугаар улирал дуусталх хугацааны санхүүгийн тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэгт шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот актаар  ““В ” ХХК-ийн барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй” зөрчилд 110,000.00 төгрөгийн торгууль  ногдуулж, 63,572,098.2 төгрөгийн барааны үнийг нөхөн төлүүлэхээр тогтоосон байна. 

“В ” ХХК нь зөрчилд ногдуулсан 110000 төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан байна. 

Маргаан бүхий актад “В ” ХХК-ийн гомдол гаргах эрхийг дурьдаагүй нь хуулийн шаардлага хангаагүй, эрхийг дурьдах ёстой байсан тухайд хариуцагч нар маргахгүй байх хэдий ч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаж буй “маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй гомдлыг хэзээ, хэнд гаргах талаар дурдаагүй нь хуульд нийцэхгүй, эрх зүйн зөрчилтэй акт юм” гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. Учир нь:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох нөхцөлүүдийг тодорхой тоочиж хуульчилсан байх ба маргаан бүхий акт нь энэ зүйлд заасан алдаатай бөгөөд уг алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой. 

Харин нэхэмжлэгчээс маргаж буй бичгээр гаргасан захиргааны актад тавигдах “гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” шаардлага нь энэ шаардлагыг хангаагүйн улмаас акт хаяглагдсан этгээдийн гомдол гаргах эрх зөрчигдсөн эсэхийг дүгнэж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болдог ач холбогдолтой. 

Маргаан бүхий акт нь дээрх шаардлагыг хангаагүйгээс үл хамааран “В ” ХХК-аас дээрх актыг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газрын даргад гомдол  гаргасан байх бөгөөд Гаалийн ерөнхий газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/1837 тоот албан бичгээр “...төлбөрийн акт үйлдэгдсэнийг үндэслэлтэй”  гэсэн хариу өгчээ. 

Дээрхээс үзвэл маргаан бүхий актад гомдол гаргах эрхийг дурьдаагүйгээс нэхэмжлэгчийн уг актад гомдол гаргах эрх зөрчигдөөгүй байх тул энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус актад тооцох боломжгүй байна.

Мөн Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд тухайн акт эрх зүйн зөрчилтэй буюу хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгаж дүгнэхгүй тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаж буй “... нэр төрөл бүхий барааг манай байгууллага улсын хилээр оруулж ирээгүй байхад төлбөр тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй акт юм” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Иймээс хариуцагч нарын,

- “В ” ХХК-аас 2014 оны 08 дугаар сарын 06 болон 10 дугаар сарын 24-нд 5 удаагийн гүйлгээгээр БНХАУ руу 105,614 юаныг барааны төлбөрт шилжүүлсэн, 2017 онд компанийн дансанд орсон 28,782,86 ам.доллар нь дээрх төлбөрийг буцаан шилжүүлсэн гэдгийг нотлохгүй, “Голден вилла” хотхоны “Урса” спорт, бэлтгэлийн төв ашиглалтанд бүрэн орсон байх ба уг төвд уулын авирах хананы хэрэгсэл, жудогийн дэвсгэр ханын хамгаалах зөөлөвч, боксын дэвжээ дагалдах хэрэгслийн хамт суурилуулагдан ашиглагдаж байна, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээд нь санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс дээрх барааг “дуусаагүй барилга данс”-нд бүртгэсэн байсан гэсэн тайлбарт,  мөн нэхэмжлэгчийн, 

- “В ” ХХК нь “Спорт, бэлтгэлийн төвд ашиглагдаж байгаа ижил нэр төрлийн барааг дотоодын зах зээлээс худалдан авсан, төлбөр нь захирлын хувийн данснаас төлөгдсөн, нягтлан бодогчийн алдаатай үйл ажиллагааны улмаас буруу дансанд бүртгэсэн гэсэн тайлбаруудад тус тус шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дугаар зүйлийн 290.2.1  дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “В ” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ