| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2019/0904/З |
| Дугаар | 221/МА2020/0534 |
| Огноо | 2020-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2020/0534
Ш.Дын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ш.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу Ш.Дын нэхэмжлэлтэй, НЗД холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Дын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05–ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар, өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/1077 дугаар захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийн Ш.Дын газартай 112 м.кв хэмжээтэйгээр давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх 306 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200/ далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/-төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2019 оны 08 дугаар 29-ны өдрийн 15/1612 тоотод Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ж.М нь Иргэн Ш.Д .................. нэгж талбарын дугаартай газар нь ................... тоот ...................... нэгж талбарын дугаар бүхий Б.Эгийн 418 м.кв газартай давхцуулж өмчлүүлсэн байна.
Хэргийн хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ ...Нийслэлийн засаг даргын 2007 оны A/105 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо .................. дугаар гудамжны ... тоот ................. нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг 3.Б-д өмчлүүлсэн байна” гэсэн дээрх хоёр тодорхойлолт нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гэсний учир нь дээрх газрыг анх Чингэлтэй дүүргийн засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 92 тоот захирамжид иргэн Ш.Б-тендерийг 500 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Мөн 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ш.Б З.Б нар тохиролцож гэрээ байгуулжээ. Үүнд Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ........................ тоотод байрлах 500 м.кв газрыг 1 сая төгрөгөөр 3.Б-д худалдсан байдаг. Нотариатаар баталгаажуулсан энэ гэрээ дээр газрын хэмжээг 500 м.кв гэж заасан байдаг. Ер нь маргаантай Ш.Дын газар нь 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн одоог хүртэл 500м.кв байгаа нь нотлогдож байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэл гаргахдаа: “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны A/105 дугаар захирамжаар 3.Б-д тус газрыг өмчлүүлсэн байх тул 3.Б-ийн буюу Ш.Дын эзэмшил, цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс өмнө түрүүлж үүссэн болох нь нотлогдож байна” гэсэн эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн хэрэг болж байгаа юм. Учир нь уг газрыг Нийслэлийн засаг даргын 2007 оны A/105 дугаартай захирамжаар З.Бид өмчлүүлэхдээ 2006 оны 10 дугаар 18–ны өдөр З.Б худалдаж авахад 500 м.кв байсан газрыг 2007 онд буюу хэдхэн сарын дараа газрын хэмжээнд огцом өөрчлөлт орж 700 м.кв болж 200 м.кв газар нэмэгдэн A/105 тоот захирамжаар З.Бид өмчлүүлсэн байна. 200 м.кв газрыг үндсэн 500 м.кв газар дээр нэмж 700 м.кв болгон томсгосон тухай 2007 оноос хойших архивын баримтанд нотлох ямар нэг бичиг баримт байхгүй байна.
Энэ нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.25-д “Газар эзэмших өмчлөхөд шаардлагатай материал бүрдүүлж өгнө” гэсэн заалтуудыг хангаагүй байна. Иргэн 3.Б-ийн 2007 онд өмчилж авсан газрын нэмэгдсэн 200 м.кв газраа хуулинд заасан кадастр хийлгэж зохих бичиг баримт бүрдүүлсний үндсэн дээр Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамж гаргуулах хуультай байтал газар нэмүүлсэн ямарч нотлох баримт байхгүй байна.
Мөн Ш.Днь Б.Эгээс өмнө газар өмчилж авсан боловч өмчилсөн газрын хэмжээ болон бусад бичиг баримтууд нь нотлох баримтаас зөрж байна. Түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Н.О, газар зохион байгуулагч Т.Э нарын гарын үсэг тамга тэмдэгтэй кадастрын зурагт З.Бийн 2007 онд өмчилж авсан газар нь 700 м.кв биш 588 м.кв бөгөөд Б.Эгийн өмчлөлийн газартай давхцаагүй болохыг нотолсон байдаг.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, зураг зүйн газраас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 807 тоот албан бичигт тодорхойлохдоо “2008 оны архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 2745 дугаар бүхий 699 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 1748 дугаар бүхий 588 м.кв талбайтай болж өөрчлөгдөн бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна”. Мөн 2008 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 5722 дугаар бүхий 40З м.кв талбайтайгаар эзэмшигчийн нэргүй бүртгэлтэй газар нь 1748 дугаар бүхий 588 м.кв талбайтай газартай давхцалгүй байна гэсэн байдаг юм.
Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхдээ:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, 16 дугаар зүйлийн 16.3-д Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасныг зөрчиж шударга өмчлөгч миний эрхэнд халдсан шийдвэр гаргасан.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг биелүүлээгүй буюу нотлох баримтыг үнэлэхдээ захирамжуудын он сар өдөр, газрын нэгж талбарын дугаар, кадастрын хэмжээ, архивын бичиг баримтанд анхаарлаа хандуулаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, Мөн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тал бүрээс нь үнэлээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Жишээ нь нэхэмжлэгч Ш.Дын хоёр нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
1. Ш.Дын өмчилж авсан газрын кадастр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирсэн архивын нотлох баримтанд 588 м.кв гэж байгаа.
2. Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга байсан Ж.М 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15/1612 тоот нотлох баримтгүй албан бичгийг захиргааны хэргийн шүүхэд ирүүлж албан тушаалаа буруугаар ашигласан нь нотлогдсон болно.
Иймд дээрх хөдөлшгүй нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.Доос “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/1077 дугаар захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны А/105 дугаар захирамжаар өмчлөгдсөн 700 м.кв газар миний өмч юм. Хөдөө амарч байх хойгуур иргэн Б.Эгээс худалдаж авсан гэх хүмүүс миний газрын 5 ба 6 цэгийн хооронд байсан гарах хаалга, хашаатай хэсгийг буулгаж, 4 дүгээр цэгээр таслан хашаа барьж миний өмчид халдсан...” хэмээн маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ..... дугаар гудамжны ... хаягт байрлах 700 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” 105 дугаар захирамжаар З.Бид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байх бөгөөд улмаар 3.Б уг газраа 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр нэхэмжлэгч Ш.Дт бэлэглэснээр Ш.Днь уг газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар улсын бүртгэлийн Г-............. дугаарт бүртгүүлж, .................. дугаар гэрчилгээ авсан байна.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/1077 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Эд 418 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхдээ нэхэмжлэгч Ш.Дын өмчлөлийн газартай 112 м.кв тайлбайгаар давхцуулан, нэхэмжлэгчийн хашааны орц, гарцыг хаасан байдлаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэл болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03-08/4954, 15/142 дугаартай албан бичгүүд, болон шүүхээс газар дээр хийсэн үзлэг, кадастрын зургаар тогтоогджээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээд Б.Эд 418 м.кв нэгж талбарын ...................... дугаартай газрыг өмчлүүлэхдээ нэхэмжлэгч Ш.Дын Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ....................... дугаар гудамжны ... хаягт байрлах нэгж талбарын .................... дугаар бүхий өмчлөлийн газартай 112 м.кв талбайгаар давхцуулан олгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Ш.Дын өмнөх эзэмшигч З.Бид анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар 700 м.кв газар эзэмших эрх үүсч, 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн кадастрын зурагт 700 м.кв хэмжээтэй мэдээллийн санд бүртгэгдсэн, харин нэхэмжлэгч Ш.Дт 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрх үүсч, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, уг газар нь хэмжээ болон байршлын хувьд өөрчлөгдөөгүй зэргээс дүгнэхэд гуравдагч этгээд Б.Эгийн “...Б-ийн газрын хэмжээ 500 м.кв байсан, 700 м.кв болсон талаарх баримт байхгүй, газар өмчлөхөд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөөгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчилж авсан газар нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсэхээс өмнө үүссэн тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангаагүй байх тул маргаж буй актаар өмчлүүлсэн газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ