| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2016/0009/Э |
| Дугаар | 577 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 577
Х.Базаррагчаад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
прокурор П.Бямбасүрэн,
ялтан Х.Базаррагчаагийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Базаррагчаа, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Базаррагчаад холбогдох 201525022682 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Хүрэлбаатарын Базаррагчаа, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай, цагдаагийн ахлах ахлагч цолтой, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байрны 128 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ЧЕ80102970/,
Х.Базаррагчаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна иргэн П.Батчулууныг “Тамхины иш өөдөөс шидлээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Базаррагчаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Базаррагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Батчулууны 5.859.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Х.Базаррагчаа нь төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Базаррагчаагийн цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Х.Базаррагчаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Х.Базаррагчаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...мөрдөн байцаагч нь хохирогч П.Батчулууныг урьд ямар гэмтэлтэй байсныг шалгаагүй, тэр өдөр охиныхоо хүүхдийг харж байхдаа архи ууснаас болж хүргэнтэйгээ муудалцаж зодолдсон байдаг. Анхны томографийн шинжилгээгээр хуучин тархины гэмтэлтэй гэсэн байхад П.Батчулуун нь анхан шатны шүүх хуралдаанд “Би эм ууж үзээгүй, одоо насгүй болчихлоо” гээд уйлж худал мэдүүлж байсан. Мөн эмчилгээний мөнгө нэхсэн баримт дотор нь эмийн сангаас авсан тархины хүчтэй эмийн хуудсууд байснаас үзэхэд өмнө нь гэмтэл авсан байж магадгүй талаарх хүсэлтийг гаргаж байсан. Шинжээч эмч гэмтлийг нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн мөртлөө зөвхөн надаас үүссэн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн камерын бичлэгт хаана нь цохиж, яаж унаж байгаа нь тод харагдахгүй байна гэсэн мөртлөө миний түлхэлтийг цохилт гэж, камерт хүнд өшиглүүлж байсныг жийлт, түлхэлт гэж яаж зааглан үзээд байгааг ойлгохгүй байна. Тамхи нүүр лүү шидсэнээс болж би биеэ барьж чадалгүй түлхсэн. Үүндээ би байнга гэмшиж байна. Яагаад намайг санаатай гэсэн зүйл ангиар яллаад байгааг би ойлгохгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Ялтан Х.Базаррагчаагийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ялтан Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдолтой байр суурийн хувьд зөрүүтэй байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналт, анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлттэй маргах зүйлгүй. Иймд өөрийн гаргасан давж заалдах гомдлынхоо 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээсээ татгалзаж байна. Хохирогч П.Батчулууны хохирлын хэмжээг анхан шатны шүүхээс үнэн зөв тооцож шийдвэрлэсэн бөгөөд Х.Базаррагчаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон хэмжээнд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Базаррагчаагийн үйлдэл тохирч байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 5-аас 8 жилийн хорих ялтай байсан. Тэгвэл Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд энэ гэмт хэрэг нь 2-оос 8 жилийн хорих ялтай болсон. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай болсон. Хохирогчийн зүй бус авирласан, төрийн төлөөлөгчийн өөдөөс тамхины иш шидэж доромжилсон зэрэг үйлдлийг хохирогчийн буруутай үйлдэл гэж үзнэ. Иймд Х.Базаррагчааг заавал хорих ялаар шийтгэх шаардлагагүй бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл, хохирол төлбөрийг бүрэн төлсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн байдал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах боломжтой байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000-40.000 нэгжээр торгох ялын санкцтай болсон тул доод хэмжээ буюу 10.000 нэгжээр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугийн талаар маргаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх асуудалд давж заалдах гомдол гаргасан тул энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж үүнд прокурорын зүгээс тусгайлан гаргах санал, дүгнэлтгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Х.Базаррагчаа нь давж заалдах гомдолдоо “хохирогчийн биед өмнө нь хэн нэгний буруутай үйл ажиллагааны улмаас гэмтэл учирсан байгаа асуудлыг шалгаагүй” гэж байна. Хохирогч нь хэрэг болохоос өмнөх өдөр хүүхдээ харж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ байсан талаар мэдүүлдэг. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “ахуйн хүрээнд агсан согтуу тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилтны мэдүүлэг, мөн саатуулах байранд хүлээн авсан цагдаагийн ажилтны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт зэргээр Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдол үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийн шинжийг агуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэх боломжтой...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн материалыг судлахад, Х.Базаррагчаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна иргэн П.Батчулууныг “Тамхины иш өөдөөс шидлээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан бие махбодид нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч П.Батчулууны “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ зээ охиноо хараад байж байтал манай найз Батхуяг орж ирээд 0,5 литрийн хэмжээтэй 1 шил архийг хувааж уусан... түүнийг явсаны дараа дэлгүүр орж дахин 1 шил архи авч гэрт орж ирээд уугаад байж байсан. Түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Сүүлд гэрийнхэнээс сонсоход цагдаа дуудаж намайг саатуулсан, тэндээ цагдаад зодуулж эмнэлэгт хүргэгдэн улмаар хагалгаанд орсон байгаа юм...” /1хх-64-67/,
- гэрч Т.Нарандэлгэрийн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 23 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ахлах ахлагч Базаррагчаа нь гаднаас 4 хүнтэй саатуулах байранд орж ирсэн... коридорт тэр 4 хүний биед үзлэг хийгээд байж байтал гаднаас ахлах ахлагч Өнөрнасан нь Батчулуун гэх 1 хүнийг дагуулж орж ирсэн. Тэгээд тэр хүнд үзлэг хийх гэхэд үзүүлэхгүй эсэргүүцээд байсан бөгөөд драгер ч үлээлгэхгүй нэлээн их согтолттой байсан. Тэр шөнө камерын цагдаа Пүрэвбаатарт “Батчулуунд байнга хяналт тавьж байгаарай” гэж хэлсэн... шөнө 05 цагийн үед камерын гаднаас нэрээр нь дуудахад өндийж харахаар нь биеийн байдлыг нь харахад духны баруун хэсэгт овойж хавдсан байхаар нь түргэн тусламж дуудсан...” /хх-81-82/,
- гэрч Б.Өнөрнасангийн “...саатуулах байрны гадаа ирээд Базаррагчаа нь хүмүүсээ автомашинаас буулгасан. Харин би автомашинаа гражид байрлуулчихаад саатуулах байрны үүдэнд ирсэн чинь нэг хүн хэвтэж байсан. “Энэ хүн яачихваа” гэж Базаррагчаагаас асуухад “Өөдөөс тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь уначихлаа” гэж хэлсэн. Би гражийн хажууд байсан өөрийн автомашинаа 2-3 минут асааж халаачихаад эргээд иртэл нөгөө хэвтэж байсан хүн тэр чигтээ хэвтэж байхаар нь очоод “Босож чадах уу” гэхэд “Зүгээрээ босож чадна” гээд өөрөө босоод ирэхээр нь би түшээд саатуулах байр луу авч орсон. Батчулуун гэх хүн автомашинд явж байхдаа зодоон цохион хийгээгүй. Харин дуу нь өндөрсөөд хүн болгон руу дайраад агсраад байсан...” /1хх-87-88/,
- гэрч Э.Пүрэвбаатарын “...ахлах ахлагч Өнөрнасан, Базаррагчаа нар 23 цагийн үед 5 хүнтэй ирсэн бөгөөд 4 хүнийг нь саатуулах байр луу оруулж ирсэн. “Нэг хүнийг нь яасан” гэж асуухад Базаррагчаа нь “Урдаас тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь хэвтчихээд босож ирэхгүй байна” гэсэн. Тэгээд би орж ирсэн 4 хүнийг драгераар үлээлгээд байж байхад гаднаас нэг хүнийг Өнөрнасан дагуулж орж ирсэн... камерт Батчулуун нь хүний нөмөрч байсан одъяалыг авахад нөгөө хүн нь цээжин тус газар нь цохиж байгаа харагдсан. Сүүлд камерын бичлэг үзэж байхад Батчулуун нь явж байхдаа нааранд тээглээд камерын төмөр торон хаалга мөргөөд хойшоогоо унасан байсан нь харагдсан...” /1хх-91-92, 2хх-184/,
- ялтан Х.Базаррагчаагийн шүүгдэгчээр өгсөн “...хохирогч миний нүүр лүү татсан тамхиа шидэхээр нь миний уур хүрээд мөр лүү нь гараараа түлхтэл арагшаа саваад дагзаараа хананы доод талын ирмэг мөргөж унасан. Би нүүрэнд нь цохиогүй. Би мөр лүү нь түлхсэндээ гэмшиж байна...” /3хх-81/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 406 тоот “...Батчулууны биед зүүн талд суурь яснаас дээш чамархай зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу бүрхүүлийн дээр цус хуралт, зүүн дух, чамархайн тархины эдэд няцрал, зүүн хацар ясны нумын хугарал, дух хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, аалзан бүрхүүлийн цус харвалт, дух, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх, шинжээчийн 940 тоот “...дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд гаргасан шинжээчийн 406 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлтүүд /1хх-105, 2хх-82/,
мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан саатуулах байрны гаднах, доторх хяналтын камерын бичлэг, түүнээс хуулбар хийсэн 3 ширхэг “СиДи” бичлэг, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эдгээр эд мөрийн баримтад үзлэг хийсэн “...23 цаг 19 минут 50 секундэд саатуулах байрны хаалганы хажууд зогсож байсан залуу /Батчулуун/ татаж байсан тамхиа цагдаагийн албан хаагч /Базаррагчаа/ руу шидэв. Цагдаагийн албан хаагч баруун гараараа тамхи шидсэн залуугийн нүүрэн тус газар нь цохив. Цохиулсан хүн хана руу толгойгоороо саваад газар унав... унасан хүн босохгүй хэвтэж байхад 23 цаг 25 минут 30 секундэд цагдаагийн ахлах ахлагч Өнөрнасан ямар нэгэн зүйл хэлээд босгож саатуулах байр луу оруулав... 00 цаг 50 минут 36 секундэд хамгийн цаад талд хэвтэж байсан хүн Батчулууны баруун мөр орчим нь хөлөөрөө жийхэд Батчулуун босож тэр хүнийг өшиглөх үйлдэл хийхэд нөгөө хүн өндийж Батчулууныг баруун хацар орчим гараараа түлхэв... 02 цаг 08 минут 27 секундэд цагдаа өрөөний хаалгыг онгойлгож Батчулууныг босгоод цагдаа урд алхаж байхад Батчулуун араас нь гарч явж байгаад ногоон өнгийн наарны буланд хөлөөрөө тээглэн газар биеийн баруун хэсгээрээ унаж толгойн ар хэсгээр төмөр сараалжин хаалганы хажуугийн төмрийг мөргөж унав...” гэсэн тэмдэглэл /1хх-27-29, 2хх-181-183/,
- шинжээч эмч Б.Номинцэцэгийн “...гавал тархины гэмтлүүд нь арагш унахад үүсэх бүрэн боломжтой байна...” /1хх-221/,
- шинжээч эмч Б.Ариунзулын “...бичлэгээс үзэхэд Батчулууны унаж буй байдал нь дээрх гэмтлийг үүсгэхээргүй байна ...хохирогчийн нүүрний зүүн хэсэгт хүч үйлчилснээс хугарал үүсч хугаралаас дээшээ доошоо цууралт үүссэн байна. Тэгэхээр энэ нь нүүрэнд тодорхой хэмжээний хүч үйлчилснийг харуулж байна. Мөрөнд түлхсэн тохиолдолд ийм хэмжээний хугарал үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хугарал байрлаж байгаа газарт цохилтын хүч үйлчилсэн байна. Дээрх гэмтлийг авсан даруйдаа хэсэг зуур ухаан балартах, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Тэгээд ухаан сэргэнэ. Үүнээс хойш тархины хугарлаас цус шүүрээд тархиа дарах хүртэл идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Тархи дарагдах хугацаа гэмтлээсээ хамаараад харилцан адилгүй байна. Тархины голомт үүсэхэд тархи хавагнана. Тархи доошоо шахагдахад тархины доор байдаг нугас гардаг том нүх рүү шахаж, амьсгал зүрх судасны төв дарагдахад хүнд дотор муухайрах, тэнцвэр алдагдах, ухаан балартах, юм хоёр харагдах зэрэг зовиурууд илэрнэ...” /2хх-246, 3хх-83-84/ гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой ба эдгээрийг үндэслэн ялтан Х.Базаррагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв үндэслэлтэй болсны гадна, Х.Базаррагчаад ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.
Ялтан Х.Базаррагчаа нь гаргасан давж заалдах гомдолдоо “...миний түлхсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэдэгт эргэлзээ төрж байна...” гэж гэм буруугийн талаар маргасан байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 406, 940 тоот дүгнэлтүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан саатуулах байрны гаднах, доторх хяналтын камерын бичлэг, шинжээч эмч Б.Номинцэцэг, Б.Ариунзул болон гэрч Б.Өнөрнасан, Э.Пүрэвбаатар нарын өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч П.Батчулууны бие махбодид үүссэн хүнд зэргийн гэмтэл нь ялтан Х.Базаррагчаагийн цохилтын улмаас үүссэн түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогч П.Батчулууны биед гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн ялтан Х.Базаррагчаагийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн гаргасан давж заалдах гомдлынхоо 1, 2 дахь хэсэг буюу гэмт хэрэг гарсан байдал, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан маргасан хэсгээсээ татгалзаж байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Х.Базаррагчаад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид нийцэж байна.
Иймд ялтан Х.Базаррагчаагийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, ялтан Х.Базаррагчаагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, гэм буруугийн хэлбэр, ял шийтгэлийн талаар гаргасан ялтан Х.Базаррагчаа, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.