Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 249

 

                                     Х.Базаррагчаад холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 577 дугаар магадлалтай, 201525022682 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, энэ хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай байсан, Боржигон овогт Х.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Б-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 577 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-1 дэх заалтыг “Х.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

- 2 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Б-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Х.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Мөрдөн байцаагч нь хохирогч П.Батчулууныг урьд гэмтэлтэй байсан эсэхийг шалгаагүй. Анхны томографийн шинжилгээгээр хуучин гэмтэлтэй гэж гарсан байдаг. Тухайн хэрэг гарсан өдөр хохирогч нь гэртээ архи ууж, хүргэнтэйгээ зодолдсон бөгөөд охин нь цагдаа дуудсан байсан. 20 сая төгрөг өгчихвөл бид гомдолгүй, худал мэдүүлэг өгсөн гэж мэдүүлнэ гэж ярьдаг. Шинжээч эмч гэмтлийг нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн мөртлөө, ганц түлхсэн надаас үүсэх боломжтой гэж үздэг. Мөн ар дагзаараа унаж хана мөргөснөөс цус хуралт үүсэж, түүнийг хагалгаа хийж авсан гэж байснаа сүүлийн шүүх хурал дээр зүүн шанааны яс цөмөрч дээш, доош цууралт үүссэн, энэ нь Базаррагчаад цохиулснаас болсон гэж дүгнэлт нь өөрчлөгдсөн. Камерын бичлэгт хаана цохиж, яаж унаж байгаа нь сайн харагдахгүй бүдэг байна гэдэг мөртлөө миний түлхэлтийг цохилт гэж үздэг. ...Энэ бүгдийг мэдүүлсээр байхад аль ч шатанд авч хэлэлцээгүй. Би тухайн үед тамхины иш шидэхэд нь биеэ барьж чадалгүй түлхсэндээ одоог хүртэл харамсаж явдаг. Иймд хорих ялыг өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад шууд нөлөөлсөн нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тул түүнд хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй. Дээрх тохиолдолд Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох ял болох торгуулийн доод хэмжээ буюу 10.000 нэгжээр торгож, уг ялыг хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Х.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчмын дагуу шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна хохирогч П.Батчулууныг “тамхины иш өөдөөс шидлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон ба тухайн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс Х.Базаррагчаад хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Х.Базаррагчаад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 2 жил хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Анхны томографийн шинжилгээгээр хохирогч П.Батчулуун хуучин гэмтэлтэй гэж гарсан... Тухайн хэрэг гарсан өдөр хохирогч нь гэртээ архи ууж, хүргэнтэйгээ зодолдсон... Шинжээч эмч гэмтлийг нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн мөртлөө... сүүлийн шүүх хурал дээр зүүн шанааны яс цөмөрч дээш, доош цууралт үүссэн нь Базаррагчаад цохиулснаас болсон гэж дүгнэлт нь өөрчлөгдсөн... Энэ бүгдийг мэдүүлсээр байхад аль ч шатанд авч хэлэлцээгүй... Хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 577 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                       С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                   

                                                                                                Д.ГАНЗОРИГ

 

                                                                                                Б.ЦОГТ