Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0342/З/ |
Дугаар | 221/МА2020/0539 |
Огноо | 2020-09-10 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2020/0539
нэр бүхий 4 компанийн нэхэмжлэлтэйГ.Э болон
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгч Ц ХХК, Э ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Э.Д.М ХХК-ийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгч Э.Г.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ц ХХК, Э.Д.М ХХК, Э ХХК, Э.Г.Б ХХК нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Г.Э болон нэр бүхий 4 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 460 дугаар шийдвэрээр:
“...1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-д заасныг тус тус баримтлан “Г.Ш ”ХХК, Ц ХХК, Э.Д.М ХХК, Э ХХК, Э.Г.Б ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлаж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн Г.Э, “Ц”ХХК, “Э ” ХХК, Э ХХК, Э.Г.Б ХХК-иудад холбогдох холбогдох хэсгийн хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгч нараар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг ийг улсын орлогод хэвэр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М давж заалдах гомдолдоо:
“... Г.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заажээ.
Манай компани нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1, 2 дахь заалтаас өөрийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх бидний огт маргаагүй акт болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагад маань дүгнэлт өгөлгүй уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг байдлаа ч анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч “шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Э-ийн тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан талбайнууд нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр цуцалсан үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэв” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл бидний маргаж буй захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаан дээр уг захирамжийн үндэслэлд дурдсан нөхцөл байдал огт бүрдээгүй талаар тайлбарласан боловч уг хууль зүйн үндэслэлийг зөвтгөсөн дүгнэлт огт хийгээгүй болно.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй тухайд:
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дараах хуулийн заалтуудыг баримталсан байдаг.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ ” гэж тус тус заажээ
Уг хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг авсан байх, уг саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан байх шаардлагатай.
Манай компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тухай бүр төлж байсан, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж байсан, үүнийг ч хариуцагч хүлээн зөвшөөрсөн нэмэлт тайлбарыг гаргаж өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан нөхцөл огт бүрдээгүй байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, зөвхөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолтой давхцсан гэж тайлбарлан уг тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан байдаг.
Уг заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох ажиллагааг хийгээгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон бүсүүдтэй хэрхэн давхцаж байгаа, аль бүстэй нь давхцаж байгааг актыг гаргахын өмнө тогтоогоогүй, шалгаж тогтоосон гэх Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын давхцлын зураг нь маргаан бүхий акт гарснаас хойш гарсан болно.
Мөн хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 460 дугаар шүүхийн шийдвэрийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гарсан гэж мэдэгдсэнийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гардан авч танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Үүнд: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Ингэхдээ нэхэмжлэгч нарын зүгээс маргаж буй хэд хэдэн үндэслэлүүдэд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “ ... Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр цуцалсан үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэв.” гэж зөвхөн 1 үндэслэлээр хэргийг шийдвэрлэжээ.
Нэгдүгээрт: Нэхэмжлэгч нарын зүгээс нэгдүгээрт нэхэмжлэгч нарын хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж маргадаг. Түүнчлэн Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хохирлын асуудлыг хариуцагчийн зүгээс хэрхэн шийдвэрлэсэн болон шийдвэрлэх талаар тодруулж дүгнэх шаардлагатай гэсээр байтал огт дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч 4 компаниуд нөхөн сэргээлтээ хийсэн гэж дүгнэгдсэн аливаа зөрчилгүй компаниуд бөгөөд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой юм.
Хоёрдугаарт: Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “Нэхэмжлэгч нараас дээрх Улаанбаатар хотын усны “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй давхацсан хэмжээтэй маргаагүй бөгөөд зөвхөн уг тогтоолоор Улаанбаатар хотын Усны сан бүхий газрийн энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо хэтэрхий өргөн хүрээгээр тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.” гэжээ. Нэхэмжлэгч нар дээрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор бүс тогтоосон гэх асуудал дээр хэд хэдэн үндэслэлээр маргаж ирсэн гэтэл түүнийг дүгнэлгүй орхижээ.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч Усны энгийн хамгаалалтын бүсийг голын эргээс 200 метр байхаар хуульчилж, журамлаж тогтоосон. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдийн 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс нь” Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан хэмжээг хэт давж хуулийг зөрчиж гарсан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдийн 50 дугаар тогтоолтой маргаагүй боловч Нийслэлийн засаг дарга захирамж гаргахдаа хууль зөрчсөн тогтоолыг үндэслэхгүй байх эрх нь хуулиар байгаа билээ. Тиймээс хууль зөрчиж бүсийг илүү хэмжээгээр тогтоосон тогтоолыг дагаж мөрдөх үүргийг Нийслэлийн засаг дарга хүлээхгүй мөн шүүх дүгнэлтээрээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон бүс хуулиас давж бүс тогтоосон байна гэж дүгнэх боломжтой юм.
Мөн 50 дугаар тогтоолын тогтоох хэсэг болон 2 дугаар заалтад Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам”-ыг баримтлан ажиллахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгосон. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан бөгөөд хориглох үйл ажиллагаанд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглоогүй юм. Хоёр сайдын тушаалаар баталсан тус журмаас өмнө мөрдөж байсан журамд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглож байгаад хассан байдаг. Тиймээс хэрэв энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэж байгаа бол журмын дагуу үйл ажиллагаа явуулж болох зохицуулалт байгаад дүгнэлт хийх ёстой
Гуравдугаарт: Нийслэлийн засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлд Улаанбаатар хотын ундны усны бүстэй давхцалтай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч компаниудыг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэж хариуцагч дүгнэдэг. Хэрэв хуулийг давж энгийн хамгаалалтын бүс тогтоож байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт хүчин төгөлдөр хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч компаниудын газар давхцалтай байна гэж үзэж байгаа бол Нийслэлийн засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлд Улаанбаатар хотын ундны усны бүстэй давхцалтай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсугай гэснийг дүгнэж шийдвэрлэх ёстой юм.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байсан хүчин төгөлдөр гэж л дүгнэснээс биш энгийн хамгаалалтын бүсийг хуульд заасны дагуу биш хэт өргөнөөр тогтоосон эсэх, бага тогтоосон эсэх талаар дүгнээгүй юм. Гэтэл шүүхээс дүгнэлтийг буруу тайлбарлаж хариуцагчид ашигтай байдлаар хэргийг шийджээ.
Дөрөвдүгээрт: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргаж байгаа захиргааны актын шаардлагыг хуульчилсан. Тус маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамж хуулийн захиргааны актыг гаргах бодит нөхцөл, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн шаардлагуудыг огт хангаагүй байгаад дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн нарын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, Ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр цуцалсан гэтэл хариуцагч шүүхэд тайлбар өгч, нотлох баримт гаргаж өгөхдөө уучлаарай танай 5 компани нөхөн сэргээлт хийсэн байна, бас зарим компани чинь 3 жил үйл ажиллагаа явуулаагүй юм байна шүү тэгэхээр захирамжийн 2 дахь заалтад бас хамаарна гэх зэргээр тайлбарлаж байгаа ямар ч судалгаа, шинжилгээ байхгүй, оролцогч нарын оролцоог хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж гарсныг харж болох юм.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 460 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1, 2 дахь заалтаас Г.Э, Ц ХХК, Э.Д.М ХХК, Э ХХК, Э.Г.Б ХХК-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлаж, 2 дахь заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн ашиглах эрхийг тус тус дуусгавар болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч нэр бүхий компаниуд багтжээ.
Нэхэмжлэгч нараас давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тайлбарлан дүгнэлт гаргасан хэмээн тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.”, 107 дугаар зүйлийн 107.4-т “... хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн ...” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль нийцсэн эсэх тухайд дүгнэлт хийхдээ түүний үндэслэл болсон хууль болон бусад холбогдох хэм хэмжээний актыг үндэслэн дүгнэлт гаргана.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нараас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн гарсан байх тул анхан шатны шүүх уг тогтоолыг дурдаж, хэргийг хянан шийдвэрлэснийг маргааны үйл баримтаас хэтрүүлсэн гэж үзэхгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Г.Ш” ХХК, Ц ХХК, Э.Д.М ХХК, Э ХХК, Э.Г.Б ХХК-иудын тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан талбайнууд нь Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундрага, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт бүхий зургаар баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус бүр давхцалтай болох нь тогтоогдсон байх тул хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгохоор заасан ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна.
Нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй тусгай зөвшөөрөл бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын талбайнууд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсноор тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол”, 49.3.5-д “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус зааснаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх зорилгоор гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Харин нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй хэмээн тайлбарлах боловч шүүхэд бичгээр гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж буй нь тодорхойгүй байхын зэрэгцээ маргаан бүхий нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байх тул тус гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахаас өмнө ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар нотлох баримт байхгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т нийтийн ашиг сонирхлын үүднээс гаргах шийдвэрт сонсох ажиллагааг хийхгүй байж болохоор, энэ шалтгаанаа захиргааны байгууллага өөрөө нотлох үүргийг хүлээхээр заасан бөгөөд Улаанбаатар хотын усны эх үүсвэр, Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд байлгах зорилгоор гаргасан дээрх шийдвэрт мэдэгдэх, сонсох ажиллагаа хийснийг нотлох баримтаар нотлоогүй ч энэ үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй энэ талаарх давж заалдах гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлаж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ