| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2015/00603/И |
| Дугаар | 130/ШШ2016/00580 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2016/00580
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, *********** регистрийн дугаартай, Б овогт Ды А,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, ************ регистрийн дугаартай, Б овогт Аы М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, Н ХХК-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, Д.А нар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч К.З, гэрч Х.Ө, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Н ХХК-д ажилласан хөдөлмөрийн хөлс 2 хүний цалин 5510000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Д.А, А.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А би Н ХХК-ны эзэн Я.Дтай амаар харилцан тохирч өрмийн мотор ачих ачааны Камаз машиныг чиргүүлийн хамт компанид ашиглуулж, өөрөө 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сард 1000000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авахаар хэлэлцэж ажилласан. Би бүгд 6300000 төгрөг авах ёстойгоос үлдсэн 3930000 төгрөг авах хөлсөө Н ХХК-иас авч чадахгүй байна. Тус компани эзэн Я.Д нь санхүүжилт ирэхээр үлдсэн мөнгийг өгөх болно гэж бичиж нотариатаар баталгаажуулсан баримтыг өргөдөлд хавсаргав. Иймд Н ХХК-иас миний хөдөлмөрийн хөлс болох 3930000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Иргэн А.М би 2014 оны хавраас намрын сүүлд сар өвлийн эхэн сарын хугацаанд Н ХХК-д гүний ус гаргах өрмийн ажилд эзэн нь болох Я.Дтай амаар хийснээр хөлс авч ажиллахаар тохирч, өрмийн мастераар туслахаар ажилласан. Би өөрийн хийсэн ажлын хөдөлмөрийн хөлсийг өгсөн ба одоо дутуу үлдсэн 1180000 төгрөгийг компанийн эзэн Я.Дадаадулам нь санхүүжилт ирэхээр өгнө гэж хэлж бас бичиг хийж өгсөн санхүүжилт хэзээ ирэх нь тодорхой бус байна. Иймд энэ мөнгийг хэзээ яаж өгөх талаар Н ХХК-ийн эзэн Я.Даас тодруулан маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н ХХК-ийн захирал Я.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багийн иргэн Ды А , Өлгий сумын 9-р багийн иргэн Аы М нарын нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хүргүүлэх тухай: 1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багийн иргэн Д.А, Өлгий сумын 9-р багийн иргэн А.М нарын нэхэмжлэлтэй холбоотой 2014 оны 6-р сараас 2014 оны 12сар хүртэл ажиллах хугацаанд Н ХХК-д амаар харилцан тохирч ажиллуулж байсан компанийн эзэн Я.Д гэдэг хүн болох би биш Өлгий сумын 8-р багт оршин сууж амьдарч байсан Мийн А гэдэг хүн захирал нь амаар хэлэлцэн тохирч ажиллуулж байсан болно. М.А нь тэр хүмүүстэй тохиролцон ажиллуулж өгөх ёстой байсан ажлын хөлсийг нь төлж барагдуулж дуусгасан болно. (Баримтуудыг хавсаргав.) А. М нь Н-д 2014 оны 10-р сараас 2014 оны 12-р сар хүртэл 2 сар хүрэхгүй туслах ажилчнаар ажилласан ба авах хөлсийг нь барагдуулсан болно. (Баримтуудыг хавсаргав.)
2. Тэр мөнгө авах тухай баримттай холбоотой тайлбар:
Н-ны захирал Мийн А нь 2014 оны 12-р сарын 29 нд зуурдаар нас барсан. Энэ компанийн 2004 оны ажлаас дутуу хийж гүйцэтгэсэн Толбо руу явах замын дагуу тарьсан мод усжуулахаар хийгдсэн гүний худаг нь 150м өрөмдөөд ус гараагүй байсан ба 2016 оны хавар мод тарих хугацаанд нь Аймгийн ЗДТГазраас шаардлага тавьсан тул тэр худгийг өрөмдөх ажил хийлгэхээр өрмийн тоног төхөөрөмжийг гараажнаас гарган камаз машиныг Д. Агаар жолоодуулж ажилд гаргасан. 2015 оны 6-р сарын 15-ны үед орой Д. Агийн хашаанд байна хүрээд ир гээд дуудсан, яваад очсон чинь 100 000 000 (зуун сая) төгрөгийн өртөгтэй өрмийн машин дагалдах багаж хэрэгслийг нь ачсан камаз машиныг чиргүүлтэй нь хашаандаа оруулж аваад Агийн аав Д, ах нь иргэн М нар баримтыг бичиж өг өгөхгүй бол өрмийн машин ачсан чиргүүлтэй камазыг хашаанаас гаргахгүй гэж бичүүлж авсан. Хэрэв тэр орой чиргүүлтэй камазыг тэр хашаанаас гаргаж авахгүй хонуулсан бол тэр 100 000 000 (зуун сая) төгрөгийн өрмийн машин багаж хэрэгслийг ч тэр хүмүүс яах байсан тодорхой биш би мэдэхгүй. Тэр баримтыг л бичүүлж авах гээд байгаа бол гээл юу ч гэсэн гээл бичиж өгсөн. Тэгээд хашаанд хүргэж өг гэсэн чинь өөрөө яаж авч гаран аваад яав бид нар аваачихгүй гэсэн. Тэгээд би хүргэн Т. А-ийг дуудаж (утас: ******) камазын жолооч дагуулж ирээд гаргах гэсэн чинь камаз асахгүй шөнийн 4 цаг хүртэл тэр хүмүүс оролдож арай хийн асаан гаргаж авсан. Тэгээд Цэнгэл сум руу ажилд гаргахаар явуулахад Өлгийгээс гараад 5 км ч яваагүй камаз машин таг зогссон. Тэгээд юунаас болов гээд тал талаас нь үзэж хайж машины агаарын шүүрнээс 2 ширхэг цамц чихсэн байсныг гаргасан. Үүнээс болж камазын мотор цохиж нэг жилийн өмнө хийлгэсэн моторын бүрэн ком ээлжийг дахиж солиулж хийлгэх болсон. (Баримтыг хавсаргав.)
Энэ хүмүүс ганц бие эмэгтэй хүн намайг үл тоомсорлон юу ч хийсэн яадгийн гэж өмнө жилийн ажлын үлдэгдэл хийж гүйцэтгэх ёстой худгийн ажлыг хийж дуусгаагүй мөн өнчин хүүхдүүдийн маань хөрөнгийг дур зоргоороо хашаандаа оруулан дарамталж баримт бичүүлж аваад .нэгэнтээ тэр компаниас жолооч хийж хөлсийг нь авч байсан бол тэр барьж байсан машин тоног төхөөрөмжийг хариуцан эзэн болж ажиллах ёстой байтал ,санаатайгаар гол хүнээр бол амьсгалын замыг нь боогдуулж зүрх зогсоохтой адил камаз машины агаарын шүүрд цамц чихэж моторыг нь цохиулж хохирол учруулсан дээр нь хэрвээ тэр шөнө тэр хашаанаас нь тэд нарын хүссэн баримтыг нь бичиж өгөөд ачаа ачсан чиргүүлтэй камаз машиныг ч гаргаж аваагүй хонуулсан бол энэ хүмүүс өнчин хүүхдүүдийн маань хөрөнгө болох тэр өрмийн машиныг ч яаж тонож, эвдэж , хаяж ямар гэмтэл хохирол учруулах байсан юм байгаа. Өмнө шууд асдаг байсан камазыг ч асахааргүй болгож бас цахилгаан энэ тэрийг нь салгасан байсныг хүргэн Т. А таньдаг камазын жолоочтой нийлж шөнөжингөө оролдож асааж авч гарсан. Энэ бүгдээс харахад иргэн Д.А А.М нар зохион байгуулалттайгаар ямар ч зөвшөөрөлгүйгээр хүний хөрөнгийг хашаандаа дураараа оруулан хүнээр амьсгал авдаг амьсгал авч чадахгүй бол яах билээ. Камазын агаарын шүүр гэдэг чинь тэр гэсэн үг, цамц чихэж бөглөрүүлснээс машин дөнгөж хөдлөөд нам зогсож, мотор цохисон. Яаралтай ажлын гэрээ хийгээд ажилд гарч байсан болохоор машины эвдрэлийг засахыг хүлээхэд их хугацаа алдагдах байсан тул эвдэрсэн камазыг буцааж Өлгий рүү чирч авчирч хашаанд оруулаад дээр нь ачиж явсан худаг ухах өрмийн машиныг А гэдэг камазын жолоочтой хэлэлцэн тохирч камазанд нь ачуулаад чиргүүлийг нь чирүүлж Цэнгэл сум, Согогын чиглэлд ажилд гаргаж явуулсан. А жолоочтой 2500 000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгөөр хөлс тохирсон. Энэ хүмүүсийн санаатай хийсэн хорлол уршгаас болж 3 520 000 (гурван сая таван зуун хорин мянган) төгрөгөөр хохирч дээр нь сэтгэл санааны хүнд дарамт цочролд орсон. Казак хэлэнд "су ишкен худагнаа түкирмейди" гэдэг үг байдаг. Захирал М. Атай тохиролцон энэ компани- д ажиллахдаа энэ машин техник тоног төхөөрөмжийг ажилласны хүчээр л энэ хүмүүс ийм цалин хөлс авч амьжиргаагаа хангаж амьдарч байсан баймаар юм. Тэгж ажиллаж цалин хөлс аваагүй бол хэн тэд нарыг ажиллуулж байгаа юм. Харин ч тэгж болохгүй ш дээ. Хэлэх үг ч алга. Энэ үйлдлээс харахад иргэн Д.А, А.М нарын зохион байгуулалттайгаар машин тоног төхөөрөмжийг барьцаалан байж бичүүлж авах гэсэн баримтыг нь бичиж өгөөгүй бол, хэрэв тэр шөнө тэр айлын хашаанд хонуулсан бол бүгдийг нь тоноод,эвдээд, сүйтгээд , хаяхаар байсан нь энэ үйлдлээс тодорхой харагдаж байгаа. Өрмийн машиныг ачсан камазыг хашаанд оруулахдаа намайг дуудах хооронд амжаад энэ хорон үйлдэл хийж амжсан байгаа юм чинь. Иймээс иргэн Д.А А.М нар иргэн Я.Д надаас нэхэмжилсэн нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй. Тэр үед энэ хүмүүст ажиллах хөлсийг хэдэн төгрөгөөр тохирч ажиллуулж байсныг би мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүмүүс тухай үед ажиллаж байсан хөлсөө авсан баримт нь надад үлдсэн. Тэр үед Н ХХК-ны ажилчид захиралтай ажлын хөлсөө хэдэн төгрөгөөр тохиролцож, яаж ажиллаж байсныг би мэдэхгүй. Энэ хүмүүс болох Д.А А.М нарыг ажиллуулаад ажлын хөлсийг нь тохирч ажиллуулж байсан Н-ны захирал эзэн Я.Д би биш. Ганц бие эмэгтэй намайг дээрэлхэн дарамталж өнчин хүүхдүүдийн маань хөрөнгийг барьцаалан байж дээр нь эвдэн, хорлон баримт бичүүлж авсан. Иргэн Я.Д би Д.А А.М нарын нэхэмжлэлийг барагдуулах биш харин ч учруулсан хохирол болох төгрөг, камаз машиныг бүрэн бүтнээр нь шинэчилж засварлаж өгөх, камазын үнийг нэхэмжлэх нотлох баримтууд, эрх надад байна. (Жич: камаз машиныг О. Ш гэдэг хүнээр засуулахдаа мөнгө төгрөгийн бололцооноос болж моторын бүрэн ээлж хийлгэж чадаагүй. Ойрын замд хөдлөх хэмжээнд тохиролцон засвар хийлгэсэн ба бүрэн моторын ком засвар хийлгэхэд 5 000 000 (таван сая) төгрөг шаардлагатай.) 2014 оны 12-р сард иргэн Д. А нь өөрийн ахынд гаргуулсан худагны үнэ болох 2 000 000 (хоёр сая) төгрөгөө бас мартсан юм шиг байна.Тэр худгийнхаа хөлс болох 2 000 000 хоёр сая төгрөгийг төлүүлж авмаар байна. Компанийн хөрөнгөөр тэр тоног төхөөрөмжөөр ажиллуулж гаргасан юм шүү гэжээ.
Нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Н ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс -2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аман гэрээ байгуулж ажилласан. Сарын цалинг 1 сая төгрөгөөр тохиролцсон. 6300000 төгрөгийн цалин авах ёстой байсан ба үүнээс 2200000 төгрөг авч үлдсэн 3930000 төгрөгийг өгөөгүй. Төрөөс санхүүжилт орж ирэх үед өгнө гээд баримт бичиж өгсөн. Тийм учраас уг мөнгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч А.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өрөмчний туслахаар ажилд орж, нэг худаг гаргахад 250000 төгрөг авахаар амаар тохиролцсон. Өрөмчний туслахаар 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Ажилласан хугацааны цалингаас 1120000 төгрөг авсан бөгөөд үлдсэн мөнгийг санхүүжилт орж ирэхээр төлж өгнө гэж гарын баримт бичиж өгсөн боловч одоо хүртэл төлж өгөөгүй. Тийм учраас хийсэн хөдөлмөрийн мөнгийг "Н" ХХК-аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.А, А.М нар нь Н ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилласан ажлын хөлс 5510000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ.
Хариуцагч Я.Дын шүүхэд гаргасан тайлбартаа Н ХХК-ийн үүсгэн байгуулагч Мийн А нь амаар хэлэлцэн тохирч, тэр хүмүүстэй тохиролцож ажиллуулсан ажлын хөлсийг төлж барагдуулсан гэжээ. Нэхэмжлэгч Д.А, А.М нарын тайлбар, хариуцагч Я.Дын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар үнэлэн "Н" ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах аман гэрээ хийгдэж, ажил гүйцэтгэгч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажил олгогч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна гэж үзлээ.
Хариуцагч Я.Д нь "Н" ХХК-ийн үүсгэн байгуулагч Мийн А нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нар барсан учир үүсгэн байгуулагч өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр тус компанийг гэрээний хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, №000066564 дугаартай Монгол Улс Улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн бүртгэлд Я овогтой Д-г захирал-р томилсныг бүртгэв. Дахин гэрчилгээ олгов. 2015.01.14 улсын бүртгэгч Б.С гэж бичигдсэн бичилтээр хариуцагч Я.Д нь Н ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд Д.А нь "Н" ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 15-наас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, А.М нь 2014 оны хавраас намрын сүүл хүртэл "Н" ХХК-нд өрмийн мастерын туслахаар ажилласан болох нь хариуцагч "Н" ХХК-ны шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн "Н" ХХК-ийн захирал Я.Дын өөрийн гараар бичиж өгсөн баримтанд: Ад 6300000 өгөх ёстой байснаас 2370000 өгсөн. Үлдэгдэл 3930000 төгрөгийг санхүүжилт орж ирэхээр тооцоо хийж дуусгана, мөн А.Мд 1580000 төгрөг өгөх нь үнэн. Санхүүжилт орж ирэхээр тооцоо хийж дуусгана гэж тус тус бичиж өгсөн бичмэл нотлох баримтыг үзэхэд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь, Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу Н ХХК-ны захирал Я.Д үлдэгдэл мөнгийг санхүүжилт орж ирэхээр тооцоо хийж дуусгана гэж дээрх баримтыг бичиж нэхэмжлэгч нарт өгсөн байна гэж үзлээ.
Хариуцагч Н ХХК-ны захирал нь өрмийн машины дагалдах багаж хэрэгслийг нь ачсан камаз машиныг чиргүүлийн хамт хашаандаа оруулж аваад баримтыг бичиж өг, өгөхгүй бол өрмийн машин ачсан чиргүүлтэй камазыг хашаанаас гаргахгүй гэж дарамталсан учир би баримт бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Өий бэр эгч дуудахад очиж, машиныг арай гэж асааж авч явсан гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Т.Аийн тодорхойлолт, О.Шы тодорхойлолтоос харахад камаз машиныг засварлаж өгсөн гэж байгаа болохоос уг машиныг жолооч Д.А эвдсэн нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд А.Агийн камаз машиныг чирч авч ирсэн талаар бичсэн тодорхойлолт, С.Аийн машины хөдөлгүүр эвдэрсэн талаар бичсэн тодорхойлолтуудыг тус тус нотлох баримтаар гаргаж өгчээ. Энэ нь нэхэмжлэгч Д.А, А.М нар нь хариуцагч Н ХХК-ны захирал Я.Дыг дарамталсан нь, нэхэмжлэгч Д.А нь камаз машиныг санаатай эвдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч Д.А, А.М нарын буруутай ажиллагааны улмаас 3520000 төгрөгийн хохирол учирсан, мөн Д.Ан өөрийн ахынд гаргуулсан худагны үнэ 2000000 төгрөгийг гаргуулах талаар тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагч Н ХХК-нийн захирал нь дээрх асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Н ХХК-аас 3930000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад, 1580000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Н ХХК-ийн захирал Я.Дд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдааны товыг мэдлээ, би Хөвсгөл аймагт байгаа .... шүүх хуралдаанд миний өмгөөлөгч К.З оролцох болно гэсэн учир хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Д.А, А.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Н ХХК-ийн санхүүгээс 103109 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А, А.М нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас 3930000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад, 1580000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд тус тус олгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А, А.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч "Н" ХХК-ны санхүүгээс 103109 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А, А.М нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН