Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2016/00598

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын *** дугаар багт оршин суух, Ж овогт Сн Рын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд 1982 оноос 1986 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Р шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Сн Р Дэлүүн сумын нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр 1982-1986 онуудад тус сумын О нэгдэл малчнаар тус тус тасралтгүй ажилласан юм. Би 2014 оны 02 дугаар сарын 01-нд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон билээ. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирсэн шалгалтынхан улсад ажилласан жил нь тогтоогдохгүй байна гэж 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс миний авч байсан 195000 төгрөгийн тэтгэврийг хасчхаад өгөхгүй байна. Би 2014 оны 11 дүгээр сараас тэтгэврийг урьдчилан зээлээр авсан тул тэтгэвэр ирээгүй сараас эхлэн хувиараа төлж байгаа тул амьдрал маш хүнд болчхоод байна. Би Дэлүүн сумын Нийтийн халуун усанд 1980 онд үйлчлэгчээр ажиллахад хөдөлмөрийн дэвтэр нээгээгүй юм шиг байна лээ. Лав надад өгч байгаагүй юм. Харин 1982-1986 онуудад тус сумын О нэгдэлд малчнаар ажилласан талаар миний хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн боловч архивд материал ороогүй юм байна лээ. Тийм учраас миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн миний Дэлүүн сумын нийтийн халуун усанд 1980 онд үйлчлэгчээр 1 жил, 1982-1986 онуудад тус сумын О нэгдэлд малчнаар 5 жил тус тус тасралтгүй ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х хүсэлтийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хүсэлт гаргагч С.Рын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О дүгээр нэгдэлд одоогийн 3 дугаар багийн малчнаар 1982-1986 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. С.Р нь малчнаар ажилласан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 1.Түүний хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа. Учир нь 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Х гэх хүн анх хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. 2. Нэгдлийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр О дүгээр нэгдэлд малчнаар авч ажиллуулах тухай 03 тоот тушаал гарсан. 3. Нэгдлийн тоо бүртгэгч түүний ажилласан сар бүрийн хоног, хөлс зэргийг хөдөлмөрийн дэвтэрт бичиж гарын үсэг зурж, тэмдгээ дарж баталгаажуулсан байгаа. Түүнчлэн ерөнхий нягтлан бодогч байсан Х.Айпийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, гэрч Баянхан, Махабат, Сандалхан, Ынтыбай нарыг шүүхэд гэрчээр байцаасан тэмдэглэл зэрэг байгаа. Дээрх хүмүүс нь Рын эцэг эх нь хөрш байсан тэр утгаараа бид түүнийг сайн мэднэ. 1982 онд цэргээс ирээд Нэгдэлд ажилд ороход С.Р нь тэнд малчин болж ажиллаж байсан гэж мэдүүлсэн байдаг. Гол гэрч болох Баянхан нь 1981-1988 онд хүртэл Дэлүүн сумын 3 дугаар багт хүний бага эмч хийж байсан. Нэгдэлд ажиллаж байсныг мэднэ, хүний бага эмчийн хувьд тухайн үед жирэмсний амралттай байсан талаар сайн мэдэж байгаа гэж гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Хавтаст хэрэг дотор С.Рын олон хүүхэд эхчүүдэд олгох тэтгэвэр олгох 582847 дугаартай дэвтрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүгээр С.Р нь 1981-1985 он хүртэл 3 хүүхэд төрүүлсэн, өөрөөр хэлбэл малчин мөртлөө олон хүүхэд төрүүлж байсан гэдгийг нотолж байгаа. С.Рын нөхөр болох Жы 793096 дугаартай үйлдвэрчний батлах өгсөн бөгөөд үүгээр бас Нэгдэлд ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. С.Р нь Дэлүүн сумын 3 дугаар багт ажиллаж байсан, одоо ч гэсэн тэнд амьдарч байгаа, өвчтэй, саяхан эмэгтэй хүүхэд нь нас барсан. Тийм учраас 1982-1986 онуудад Дэлүүн сумын О дүгээр нэгдэлд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Р нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд 1982 оноос 1986 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 271 дугаартай Архивын лавлагаанд Дэлүүн сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1982-1986 оны баримтыг шүүн үзэхэд С.Рт холбогдох баримт гараагүй байна гэх боловч хүсэлт гаргагч С.Р нь Дэлүүн сумын О нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-С.Рын 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 1982.01.11 О нэгдэлд малчнаар авч ажиллуулав гэх бичилт, 7-11 дүгээр хуудсанд 1982 оны 01 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сар хүртэл ажилласан хоног, тооцсон үндсэн хөлс, олгосон нэмэгдэл хөлсний талаар хийгдсэн бичилт,

-Дэлүүн сумын 3 дугаар багийн иргэн Х.Ынтыхбайг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр байцаахад өгсөн Би 1979 оноос 1982 оны хооронд цэргийн алба хааж, 1982 оны 9 дүгээр сараас эхлэн О нэгдэлд малчнаар ажиллахад С.Р нь тус О нэгдэлд мал маллан ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн Х.Айпын С овогтой Р нь О нэгдэлд 1982-1986 онуудад таван жил малчнаар ажиллаж байсныг тодорхойлов. Тэр үед миний бие нэгдлийн ерөнхий ня-бо гоор ажиллаж байсан тул энэхүү тодорхойлолт олгов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн Т.Баянханы Дэлүүн сумын 3 дугаар багийн иргэн С овогтой Р нь намайг 1981-88 онуудад тус багт хүний эмчээр ажиллаж байхад О нэгдлийн малчнаар ажилладаг байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт ба гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.Р шүүхэд Дэлүүн сумын Нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан боловч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд ...Хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдсан 1982 оноос 1986 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хүсэлт гаргагчийн 1980 онд Нийтийн халуун усны газар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагагүй гэсэн учраас хүсэлт гаргагчийн энэ хүсэлтийг шүүхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Т.Ж, С.Р нарын гэрлэлтийн гэрчилгээ, Т.Жы 793096 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, С.Рын 16159 дугаартай Олон хүүхэдтэй эхийн дэвтэр, Дэлүүн сумын 1982-1986 оны Нэгдлийн 70 дугаар дансны хөдөлмөрийн хөлсний тооцооны хуулбар зэрэг нь энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзлээ.

Иймд хүсэлт гаргагч С.Рын Дэлүүн сумын О нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сн Р нь Дэлүүн сумын О нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН