Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 578

 

 

 

 

 

 

Дорнод аймгийн Дашбалбар сумын

А н, Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Ү.Б, П.Б, Ч.Г, Ц.Б нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Дорнод аймгийн Дашбалбар сумын А н, Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын болон аймгийн Сонгуулийн хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймгийн Дашбалбар сумын А н, Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Дашбалбар сумын Сонгуулийн хороо, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгаж, Б.Б даргатай ХНТ3868 дугаартай тамгатай, Б.Б даргатай ХНТ1029 тамгатайгаар бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх атлаа “... Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгах” гэсэн хэний шаардлага болох нь тодорхойгүй байдлаар, хэрэгжих болохгүй, тодорхой бус шийдвэр гаргалаа.

Энэхүү тодорхой бус шийдвэрийг далимдуулж, сумын болон аймгийн Сонгуулийн хороо өөрийнхөөрөө тайлбарлан, Б.Б-ийг Дашбалбар сумын Ардчилсан намын дарга гэж үзэн, түүний хүсэлтээр, түүний тамга, албан бичгийн дагуу сумын Ардчилсан намыг бүртгэн, сонгуульд оролцох гэж байна.

Б.Б нь сумын Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй бөгөөд хүчингүй болсон тамга ашиглан, ийнхүү намын эрх ашигт хохирол учруулан, сонгуульд оролцох аргагүй болгоод байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” хэмээн тодорхой зааж өгсөн байтал Дашбалбар сумын сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолд хуульд байхгүй үндэслэл зааж бүртгэхээс татгалзсан. 

Б.Б намайг Дорнод аймгийн Ардчилсан намын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тушаалаар Ардчилсан намын Дорнод аймгийн Дашбалбар сумын хорооны даргаар батламжилж, ХНТ3868 дугаартай тамгыг албан ёсоор гардуулж өгсөн.

Дээрх албан  ёсны шийдвэрийн дагуу Б.Б миний бие Ардчилсан намын Дорнод аймгийн Дашбалбар сумын хорооны даргын хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж, өөрийгөө Ардчилсан намын Дашбалбар сумын хорооны дарга бөгөөд түүнийг төлөөлөх эрхтэй болох талаар албан ёсны бүрх баримтуудыг бүрдүүлэн сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Б.Б-д Дорнод аймгийн Ардчилсан намын даргын 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тушаалаар шийтгэл ногдуулж Ардчилсан намын гишүүнээс 8 жилийн хугацаатай хасаж Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны даргын сонгуулийг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан.

Дээрх тушаалын дагуу Ардчилсан намын Дорнод аймгийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос Дашбалбар сумын Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулж тус хорооны 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоол түүний 5 дугаар хавсралтад Ардчилсан намын Дашбалбар сумын хорооны даргаар сонгогдсон болохыг баталсан.

Б.Б би 2 сар гаруйн өмнө Ардчилсан намын Дорнод аймгийн Дашбалбар сумын хороо нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох тухай хүсэлтийг Дашбалбар сумын сонгуулийн хороонд гаргаж байсан бөгөөд тус хүсэлтийг хүлээн авч Улсын Их Хурлын сонгуульд оролцуулсан атлаа одоо ийм шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд энэхүү гомдлыг хянуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянаж шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хороонд зохих журмын дагуу гомдлоо гаргасан.

Харин Б.Б-ий хувьд сумын сонгуулийн хорооны тогтоолыг хүлээн аваад, аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаагүй, манайд өгсөн хариу албан тоотыг хувилж авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ч шүүх энэ байдлыг шалгаж үзэлгүйгээр Б.Б-ийг гомдол гаргасан мэтээр тайлбарласан нь нотлох баримтгүйгээр, хэт нэг талыг баримталсан нь харагдаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүйгээр шууд шүүхэд хандсан байх тул, Б.Б-ий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Мөн Б.Б нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй болох нь Ардчилсан намаас удаа дараа гаргаж өгсөн баримт, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Дашийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын дарга Ү.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Мөн Улсын төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар намаас шийдвэрлэсэн холбогдох баримтууд нь байсаар байтал шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үнэлэлгүй шийдвэр гаргасан гомдолтой байна.

Мөн Б.Б-ий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, учир нь уг тогтоол нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн маргаан бүхий захиргааны акт биш, харин захиргааны актыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаад, гаргасан дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр юм.

Дашбалбар сумын Ардчилсан нам гэж төлөөлөн 2 этгээд сонгуульд оролцох хүсэлт гаргасан бөгөөд, уг хүсэлтүүд, түүнд хавсаргасан баримт бичгүүдийн бүрдлийг шалган үзэж, хуульд заасан бүрдүүлэх ёстой баримт бичгийн шаардлага хангасан байсан уу гэдгийг шүүх хянан үзэх ёстой байсан.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан нам /Б.Б даргатай, ХНТ386/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, өөрчлөлт орууллаа. 

Анхан шатны шүүх “Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан нам, Б.Ба, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын болон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг “Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгаж, Б.Б даргатай ХНТ3868 дугаар тамгатай, Б.Б даргатай ХНТ1029 тамгатайгаар бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 02 дугаар тогтоолоор[1] “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг тус тус үндэслэн Ардчилсан намаас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох бүртгэлийн хүсэлтийг ирүүлэхдээ Б.Б даргатай гэх ХНТ3868 дугаартай тамгатай, мөн Б.Б даргатай гэх ХНТ1029 дугаартай тамгатай өөр өөр хүсэлтүүд ирүүлсэн тул бүртгэхээс татгалзсан” байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дорнод аймгийн Дашбалбар сумын эрх чөлөөний одонт Ардчилсан намын хорооны 04 дүгээр тогтоолоор[2] Б.Б-ийг намын даргаар сонгожээ.

Үүний дараа 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дорнод аймгийн Ардчилсан намын даргын 06 дугаар тушаалаар[3] Б.Б-ийг “... Ардчилсан намын гишүүнээс 8 жилийн хугацаатай хассан” шийтгэл ногдуулсныг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ардчилсан намын Дорнод аймгийн хорооны Үндсэн Дүрмийн салбар Хорооны 01 дүгээр тогтоолоор[4] хүчингүй болгосон байна.

Ардчилсан намын үндсэн дүрмийн 5.21.1-д “Үндсэн дүрэм, бусад журмыг сахиулах, хэрэгжилт болон намын үйл ажиллагаа, санхүү, гишүүний ёс зүй, сахилгын асуудалд хяналт тавих, чиг үүрэг бүхий төв байгууллага нь Үндсэн Дүрмийн Хороо мөн”, 5.9.15-д “Сумын намын хороо болон баг, хорооны үүрийн дарга нарыг дор дурдсанаас бусад тохиолдолд огцруулахыг хориглоно. 5.1.15.1-д “ҮДсХ-ноос Үндсэн дүрэм болон бусад журам зөрчсөн тухай дүгнэлт гарсан”, 5.21.19-д “ҮДХ-ны дүгнэлтэд үндэслэн Намын Дарга, Нийслэлийн намын дарга, ҮДсХ-ны дүгнэлтэд үндэслэн анхан, дунд шатны намын дарга нар тушаал гарган гишүүнд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулна”, 3.9.3-т “Гишүүнд дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ”, 3.9.3.4-т “... Намын гишүүнээс 4-өөс 8 жилийн хугацаатай хасах” гэж заажээ.

Эндээс үзвэл гишүүнд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь анхан, дунд шатны намын дарга нар байх бөгөөд эдгээр дарга нар нь тушаал гаргахдаа Үндсэн Дүрмийн салбар Хорооны дүгнэлтийг үндэслэхээр байна. Түүнчлэн Үндсэн Дүрмийн салбар Хороо нь үндсэн дүрэм болон бусад журам зөрчсөн тухай дүгнэлт гарахаас бус Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны даргын тушаалыг хүчингүй болгох эрх хэмжээгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд тайлбарласан болно. 

Мөн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Ардчилсан намын Дорнод аймгийн хорооны Үндсэн Дүрмийн салбар Хорооны даргын 08 дугаартай тодорхойлолтод[5] “... Б.Б-ийг Ардчилсан намын жинхэнэ дарга, ХНТ1029 дугаартай хүчинтэй тамгыг хэрэглэж байгаа” гэсэн боловч үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Дорнод аймгийн Ардчилсан намын Үндсэн Дүрмийн салбар Хорооны 03 дугаар тогтоолд[6] “... дээрх тодорхойлолтыг хүчингүй гэж үзэн, Дашбалбар сумын Ардчилсан намын дарга Б.Б-аас сумын Сонгуулийн хороонд өгсөн сонгуульд оролцох тухай материал нь хүчин төгөлдөр болохыг баталсан” байна.

Түүнчлэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Ардчилсан намын даргын 33 дугаар тушаалд[7] “... Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын даргаар Б.Б-ыг батламжилсан”, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02/260 дугаар чиглэл өгөх тухай албан бичигт “... Ардчилсан намын даргаар Б.Б-ыг батламжилж, 8488916 ХНТ3868 дугаар бүхий тамгыг хүчинтэйд тооцож, үйл ажиллагаа явуулах нь зүйтэй”, мөн 2018 оны 03 дугаа сарын 25-ны өдрийн Дорнод аймгийн Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны 08 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар Дорнод аймгийн Дашбалбар сумын намын даргаар Б.Б-ыг  баталсан[8] байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, Б.Б-ийг Ардчилсан намын гишүүнээс хассан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр, нөгөө талаас Б.Б-ыг Ардчилсан намыг төлөөлөн Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намыг бүртгүүлэх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй баримтууд хэрэгт авагдсан байх тул маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 02 дугаар тогтоол нэхэмжлэгч Б.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана”, 27.2-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас ... бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”, 27.3 “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ”, 27.3.3-д “Сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан”[9], 27.3.4-т “Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарч хавсаргасан”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” гэж тус тус заасан.

Тодруулбал сумын Сонгуулийн хороо нь намаас бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад, шаардлага хангахгүй бол бүртгэхээс татгалзан шийдвэрлэхээр хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Б нь дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүсэлт болон хүсэлтэд хавсаргах баримт бичиг болон аудитын дүгнэлтийг бүрэн гүйцэд хавсаргасан байна.

Харин нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Төрийн аудитын газарт бие даан нэр дэвшигчээр мөрийн хөтөлбөр хүргүүлсэн[10], мөн тус газрын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 663[11], 666[12] дугаар албан бичгээр бие даан нэр дэвшигч Б.Б-д сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг тус тус хүргүүлсэн, мөн холбогдох баримтуудыг хавсаргаагүй болох нь нотлогдож байна.

Эндээс үзвэл нэхэмжлэгч Б.Б-ий сумын сонгуулийн хороонд гаргасан баримт бичгүүд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хорооноос Б.Б даргатай Ардчилсан намыг бүртгэхээс татгалзсан үйлдэл үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ын “Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б даргатай ХНТ3868 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгаж, нэхэмжлэгч Б.Б-ын гомдлыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна” гэж заасан.

Б.Б-ыг Дорнод аймгийн Ардчилсан намыг орон нутгийн Хурлын сонгуульд төлөөлөх эрх бүхий этгээд гэж дүгнэсэн, мөн холбогдох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ий “Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б даргатай ХНТ1029 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан, гэтэл нэхэмжлэгч Б.Б-ий хүчингүй болгуулахаар маргаж байгаа аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоол нь маргаан бүхий 02 дугаар тогтоолыг хянасан, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, дотогш чиглэсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан буюу захиргааны актын шинжийг[13] агуулаагүй байна.

Иймд дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-т “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан дагуу “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлэж, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, Б.Б даргатай ХНТ3868 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгаж”, нэхэмжлэгч Б.Б-ий “Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Б.Б даргатай ХНТ1029 дугаар тамгатай Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай“  гэж өөрчилж,

шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ий гаргасан “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооноос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгон, нэхэмжлэгч Б.Б-ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 1 хавтас 6 хуудас

[2] 1 хавтас 23 хуудас

[3] 1хавтас 24 хуудас

[4] 1 хавтас 27 хуудас

[5] 1 хавтас 31 хуудас

[6] 1 хавтас 50 хуудас

[7] 1 хавтас 32 хуудас

[8] 1 хавтас 25-26 хуудас

[9] Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т хүсэлтэд хавсаргах баримт бичгийг тусгасан.

[10] 1 хавтас 232 хуудас

[11] 1 хавтас 228 хуудас

[12] 1 хавтас 231 хуудас

[13] Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1