Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

         Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

         Улсын яллагч: Б.Энхмэнд

         Шүүгдэгч: А.З, Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаангууд овогт Алтаншагайгийн З, Шарнууд хөх овогт Эрдэнэжаргалын П нарт холбогдох 1929001980135 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч А.З, Э.П нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс хойш байрлах Морины-Овоо гэх газарт О.Ёндонсамбуутай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.З нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс хойш байрлах Морины-Овоо гэх газарт хохирогч О.Ёндонсамбууг тонгорч унагасны улмаас баруун сарвууны 4 дүгээр хурууны зөрүүтэй хугарал буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Амгай хүлэг” уяачдын галаараа нийлж ямааны хорхог хийсэн. Хорхог хийж дуусаад галд харьяалагддаг Ёндонсамбуу Баянжаргал 2-ыг дуудсан.  Тэр 2 дуудсанаас цаг орчмын дараа ирсэн. Тэгээд намайг гэрт байж байхад Ёндонсамбуу, Баянжаргал 2 гэрийн баруун урд маргалдаад байсан болохоор би манай уяанд хэрүүл хийлээ гэж хэлсэн чинь Ёндонсамбуу намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлж нэг цохисон. Тэгээд дараа нь манай эхнэр Ёндонсамбуугийн эхнэртэй ирээд бид 2-ыг гэр гэрт нь хүргэж өгөөд явсан” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ: “Бид нар уяан дээр хорхог хийчихээд хаяанд утсаар ярьж байсан чинь Ёндонсамбуу морь яриад зогсож байсан. Би тэр морийг нь Баянжаргалын ахын морь гэдгийг мэдэхгүй “хэний морь юм бэ?” гээд асуусан чинь “манай ахын морийг таньдаггүй, чи мэдэхээ байж гарья” гэсэн тэгээд гадаа гараад гэрээс баруун урагш дагуулж яваад  зодолдсон. З ах “больцгоо” гэсэн би гэрлүүгээ шууд явж орсон. Ёндонсамбуу Зоригоо ахтай гэрийн ард муудалцсан. Тэгээд миний өөдөөс дайраад байхаар нь гэрийн баруун талд хорхог хийж байсан модны тэнд байсан хадаасыг авч зүссэн” гэв.

Хохирогч О.Ёндонсамбуугийн өгсөн: “...Тэгээд архи ууцгааж байгаад Птэй маргалдсан П “гэрээс гарья” гээд хамт гадаа гараад маргаан үргэлжилж байгаад П намайг гараараа цохиж авсан бид хоёр барилцаж аваад байж байсан чинь З гэрээс гарч ирээд П бид хоёрын голоор орж ирээд миний нүүр нүд рүү гараараа цохисон би Зтай зууралдаад ноцолдож байгаад З намайг тонгорч газарт унагасан энэ үед П гүйж ирээд миний цээжрүү нэг юмаар хатгачих шиг болсон тэгээд П зугтаасан хажууд байсан хүмүүс зодооныг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч З.Сувд-Эрдэнийн өгсөн: “...баруун талын эгэмний орчимд хумсаар гүнзгий самардчихсан юм шиг шарх байсан уг шархнаас бага зэрэг цус гараад хатчихсан байсан, хамраас нь нилээд цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх сорив байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч О.Баянжаргалын өгсөн: “...бид нар Зын гэрийн гадаа машинтай очиход зодоон цохион болоод дуусчихсан Зыг Сувданшагай гэж хүн хориод зогсож байсан. Ёндонсамбуу нь гэрийн зүүн талд нүүр нь цус болчихсон, нүд нь хөхөрч хавдсан, баруун талын хөхний дээд талд үзүүртэй зүйлээр хатгасан бололтой цус гараад хатчихсан байсан. П гэж залуу гэрийн гадаа байсан цагаан өнгийн Гранд маркийн дугаарыг нь мэдэхгүй жижиг машинд орчихоод дотроосоо хаалгыг нь түгжихээд хаалгаа тайлахгүй суугаад байсан. Тэгээд би Пгийн сууж байсан машин дээр очоод “хаалгаа онгойлго, чи яахаараа хүн хутгалдаг юм” гэсэн чинь машиныхаа хаалгыг нээж өгөхгүй байсан. Тэгээд би Ёндонсамбууг машиндаа суулгаж аваад замаараа би морьныхоо уяан дээр үлдээд эхнэр нь Ёндонсамбууг эмнэлэгрүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Д.Батхүүгийн өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө жижүүрээс буух гээд байж байх үед 08 цагийн үед Ёндонсамбуу гэж хүн ганцаараа “гар өвдөөд байна гараа үзүүлнэ” гэж ирсэн. Тэгээд Ёндонсамбууд үзлэг хийхэд баруун нүд хавдаж хөхөрсөн, баруун гарын сарвууны хэсгээр хавдсан байсан. Тэгээд гарны зургийг нь авч харахад баруун гарын 4 дүгээр хурууны дунд шивнүүр яс сэлтэрч бага зэргийн зөрүүтэй хугарал гэмтэл авсан байсан. Тэгээд эмчилгээ зөвлөөд гарт нь гипс тавиад явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Гэрч Н.Цэцэгсүрэнгийн өгсөн: “...Ёндонсамбуугын баруун талын эгэмний доод хэсэгт зүсэгдсэн шархтай, баруун гарын чигчий, ядам дунд хуруунууд хавдчихсан, уруул нь бас хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаартай: “О.Ёндонсамбуугийн биед баруун сарвууны 4-р хурууны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг, бусад зүйлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

Шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “О.Ёндонсамбуугийн биед учирсан баруун сарвууны 4-р хурууны зөрүүтэй хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.”, “Хохирогч О.Ёндонсамбуугийн биед учирсан дээрх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

Яллагдагч А.Зын өгсөн: “... би О.Ёндонсамбуугийн нүүр лүү нь гараараа цохиж, дараа нь тонгорч газарт унагсан өөрөөр гэмтэл учруулаагүй. Гэмтэл  учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,  

Яллагдагч Э.Пгийн өгсөн: “... би Ёндонсамбуугийн биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, баруун эгэмний доохон талд нь хадаасаар хатгаж хажуу тийш нь татаж гэмтэл учруулсан” мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгч А.З, Э.П нарын хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч А.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/,   

            Шүүгдэгч А.Зын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72-р хуудас/,

Шүүгдэгч Э.Пгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,   

Шүүгдэгч Э.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73-р хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар авагдсан хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв  байна.

Шүүгдэгч А.З, Э.П нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс хойш байрлах Морины-Овоо гэх газарт О.Ёндонсамбуутай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Иймд А.З, Э.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.З, Э.П нар нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж  шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Улаангууд овогт Алтаншагайгийн З, Шарнууд хөх

овогт Эрдэнэжаргалын П нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Улаангууд овогт Алтаншагайгийн Зыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.З, Э.П нарыг тус бүр 450 / дөрвөн зуун тавин /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зыг 600 / зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч А.Зт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1000000/ нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч А.З, Э.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Алтангэрэл нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн  болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй А.З, Э.П нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8  дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА