Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 37

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: А.Амгалан,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.З, Э.П нарт холбогдох 1929001980135 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ерөнхий прокурор Н.Ганбатын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч А.З, Э.П нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Х сумын төвөөс хойш байрлах Морины-Овоо гэх газарт О.Ё-тай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,   

Шүүгдэгч А.З нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х сумын төвөөс хойш байрлах Морины-Овоо гэх газарт хохирогч О.Ё-г тонгорч унагасны улмаас баруун сарвууны 4 дүгээр хурууны зөрүүтэй хугарал буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь шүүгдэгч А.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч А.З, Э.П нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З, Э.П нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч А.З-т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч А.З, Э.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 3000000 төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй А.З, Э.П нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Ерөнхий прокурор Н.Ганбат нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: ”Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас А.З-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар, Э.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э.П, А.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох, А.З-т  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч А.З-т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1000000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон.

Шүүхээс А.З-ын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэхдээ нийт эдлэх ялын хэмжээг буруу тогтоосон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600000  төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэхэд 1050000 төгрөг байхад шүүх тооцооллын алдаа гаргаж эдлэх ялын хэмжээг 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоосон нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын  05-ны өдрийн 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтыг зөвтгөж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд эсэргүүцлээ бүрэн дэмжиж оролцож байгаа. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-т 600000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Харин эдгээрийг нэмж нэгтгэхдээ 1000000 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан. Энэ нь Давж заалдах шатны шүүхээс 1050000 төгрөг болгож засахад шүүгдэгчид оногдуулсан ялын байдал хүндрэхгүй учраас шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Дээд шатны прокурор эсэргүүцэл бичихэд сум дундын шүүхдээ, сум дундын прокурорын газраас хяналт тавиад сум дундын шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн хуулгатай танилцах боломж байдаггүй. Шийтгэх тогтоолд гарсан алдааг залруулъя гээд эсэргүүцэл бичээд өнөөдөр шүүх хуралдааны өмнө хавтаст хэргийн материалтай танилцаад байр суурь өөр боллоо. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудсанд авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй байна. Мөн шийтгэх тогтоолд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй Т.Алтангэрэл гэдэг хүнд хохирол нөхөн төлсөн мэтээр дурдаж алдаа гаргасан байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч гарын үсэг зураагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь харагдаж байгаа учраас шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгоод анхан шатны шүүхээр хэргийг дахин хэргийг хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ерөнхий прокурор Н.Ганбатын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5/133 дугаартай яллах дүгнэлтдээ /хх-120-124/ шүүгдэгч А.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

Хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг хянахад 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-138-139/ шүүх хуралдаан даргалагч нь гарын үсэг зурж, тамга дараагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйл, 11.8 дугаар зүйлүүдийг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад А.З-тоногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэхдээ нийт эдлэх торгох ялын хэмжээг 1000000 төгрөгөөр тогтоосон, 5 дахь заалтад “хохирогч Т.А” гэж хохирогч О.Ё-гийн нэрийг буруу бичсэн, мөн хэсэгт шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлж барагдуулах, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүгдэгч нарт хүлээлгэх хариуцлагын талаар тусгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.З, Э.П нарт холбогдох 1929001980135 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                 Т.БЯМБАЖАВ