Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0495/З |
Дугаар | 221/МА2020/0542 |
Огноо | 2020-09-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2020/0542
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай А/563 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн газрын албаны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/271 дүгээр мэдэгдэлд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г дурьдсан ба нэхэмжлэгч тус зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй тухай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13/2019 дугаар албан бичгээр тайлбар өгсөн. Гэвч хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд эдгээр зохицуулалтад холбогдох мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй.
“У” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/2019 тоот тайлбарт “.. газар банкны үйл ажиллагааны зориулалттай байгаа нь компани төсөл санаачлан боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллах явцад шийдвэрлүүлэх шаардлагатай болсноо уламжилсан” талаарх баримтаа нотлох баримтаар тусгайлан судлуулсан байтал шүүх тус үйл баримт, нотлох баримтын талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүхийн шийдвэрт “Гэхдээ нэхэмжлэгч талаас уг газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу баригдах банкны барилгын батлагдсан зураг төсөл, санхүүжилтын тооцоо болон батлагдсан техникийн нөхцөлүүд хийгдсэн эсэх талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй болно” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн актад “Нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг чөлөөтэй байлгасан эсэх-“Тийм” гэснийг нотлох баримтаар тусгайлан судлуулсан байтал шийдвэрийн үндэслэх хэсэгт “тухайн маргааны хувьд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь нийтийн эзэмшлийн зам талбайтай давхцалтай болох нь үзлэг хийсэн тэмдэглэл бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул хуулийн дээрх заалтыг хангасан буюу захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчөөгүй байх тул итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй, нэхэмжлэгчийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа нэхэмжлэгчид хамааралгүй тухай гомдлыг хангах үндэслэлгүй” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн шүүх “Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь нийтийн эзэмшлийн талбайтай давхцалтай болох нь үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон” гэсэн байх бөгөөд бусад ямар нотлох баримтаар тогтоогдсоныг дурьдаагүй.
“Улаанбаатар хотын банк” ХХК-ыг гуравдагч этгээдээр оролцох 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дүгээр магадлалд “... Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-иас маргаан бүхий газрын эзэмших эрхийг “У” ХХК-д шилжүүлсэнээр “Улаанбаатар хотын банк” ХХК-ын газар эзэмших эрх дуусгавар болсон. Иймд нийслэлийн Засаг даргын 2019 оны А/563 дугаар захирамжаар анх тус компанид газар эзэмшүүлсэн 2011 оны 261 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсоноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үр дагаврыг үүсгээгүй, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй” гэж гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Гэтэл шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн буюу анх “Улаанбаатар хотын банк” ХХК-д эрх олгосон шийдвэрт хамаарах үйл баримтууд болон нэхэмжлэгчийн өөрт хамааралгүй гээд маргаагүй үйл баримтуудыг дүгнэсэн.
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хурлын хүсэлт хэлэлцэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Автозамын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3313 дугаартай албан бичиг тухайн хэрэгт хамааралгүй буюу бичигт дурьдсан “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудам, төв шуудангийн араас Хангарьд ордоны баруун талаар Жуулчны гудамж хүртэлх авто зам” гэх байршил маргаан бүхий газрын байршилтай давхцахгүй гэх үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг гомдол гаргах эрхгүй захирамжаар шийдвэрлэсэн нь тус нотлох баримтыг хөдөлбөргүй үнэн гэж урьдаас тогтоосон гэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасны дагуу мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан асуудлыг шийдвэрлэсэн захирамжинд гомдол гаргах эрхтэй байх ёстой. Гэтэл хүсэлт хэрэгсэхгүй болгож захирамжлахдаа мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг тус тус үндэслэн, Автозамын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3313 дугаар албан бичгийг дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.
Шүүгч гомдол гаргах эрхгүй захирамжлахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг үндэслэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасанд нийцээгүйн зэрэгцээ захирамжийг давж заалдах шатны шүүхээр хянуулах нэхэмжлэгчийн эрхийг хууль зөрчиж хязгаарласан.
Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, ... тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хүрээнд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3313 дугаар албан бичигт дурдсан байршил маргаан бүхий газрын байршилтай давхцахгүй болохыг нотлох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ны 2/2401 тоотын хавсралт 8 зургийг дүгнээгүй. Эдгээр зурагт маргаан бүхий газар Төв шуудан болон Хөрөнгийн биржийн дунд байршилтай нь харагддаг ба шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар мөн тус үйл баримт баталгаажсан.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт орууллаа.
Анхан шатны шүүх “У” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/563 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Анх нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжийг үндэслэн, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 0232528 дугаар гэрчилгээгээр “Улаанбаатар хотын банк” ХХК-д “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хөрөнгийн биржийн баруун талд банкны үйл ажиллагааны зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар” олгожээ[1].
Энэхүү газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжийг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-иас Улаанбаатаркапитал” ХХК-д шилжүүлэн, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна[2].
Үүний дараа маргаан бүхий захиргааны акт буюу нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/563 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэн, Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 м.кв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчсөн, мөн нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Улаанбаатаркапитал ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжийн хавсралтын 21 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжийг тус тус хүчингүйд тооцжээ”.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.3-д “Зам, шугам сүлжээний газар”, 12 дугаар зүйлийн 12.2-д “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам ... зэрэг газар хамаарна” гэж заасан.
Тодруулбал, хотын гудамж, зам, талбай нь нийтээр ашиглах газарт хамаарах бөгөөд уг газар нь төрийн өмч байхаар хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”-д нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг чөлөөтэй байлгасан эсэхэд “Тийм” гэсэн” гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримт болох шүүхээс хийсэн үзлэгүүд[3], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн кадастрын зургуудаас[4] үзвэл маргаан бүхий газар нь 2 урсгал бүхий автомашины замтай давхцалтай, нийтээр ашиглах гудамж, зам, талбай гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3313 дугаар албан бичигт[5] “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж, төв шуудангийн араас Хангарьд ордны баруун талаар Жуулчны гудамж хүртэлх авто зам нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд 2009 онд их засвар, шинэчлэлийн ажил хийгдсэн” гэснээс үзвэл маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс өмнө тухайн газар нь авто зам буюу нийтийн эзэмшлийн зам байсан болох нь тогтоогдож байна
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх нийслэлийн Авто замын хөгжлийн газрын албан бичигт дурдсан газар нь маргаан бүхий газрын байршилтай давхцалгүй тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн гэж маргажээ.
Хэрэгт авагдсан энэхүү баримтад тусгагдсан газрын байршил нь маргаан бүхий газарт хамааралтай болох нь шүүхээс хийсэн үзлэг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зураг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд дээрх баримт хэрэгт ач холбогдолтой байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор гэрээнд зааснаар газрыг банкны үйл ажиллагааны зориулалтаар ашиглаагүй бол Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/563 дугаар захирамж нь маргаан бүхий газрын эзэмшлийн хугацаа дуусахаас өмнө гарсан байх боловч нэхэмжлэгч нь захирамж гарах хүртэлх хугацаанд гэрээн заасан зориулалтаар газар ашиглахаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь нотлогдохгүй байна.
Мөн нэхэмжлэчийн өмгөөлөгч “У” ХХК 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13/2019 дугаар албан бичгээр “... банкны үйл ажиллагааны зориулалттай байгаа нь компани төсөл санаачлан боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллах явцад эрх бүхий байгууллагад хандах шаардлагатай байгаа тухайгаа уламжилсан” гэж маргаж байх боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй нь газрыг ашиглах үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах 2 жилийн хугацаанаас нь өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч энэхүү газар нь нийтээр ашиглах зам, талбай, гудамжид орохоор байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгч “... хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд эдгээр зохицуулалтад холбогдох сонсох, мэдэгдэх, ажиллагаа хийгээгүй” гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан.
Нийслэлийн Газрын албаны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/271 дүгээр албан бичгээр[6] нэхэмжлэгч “У” ХХК-д “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн, мөн нийтийн эзэмшлийн орц, гарц, зам талбай бүхий газарт эзэмших эрх олгогдсон байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсны мэдэгдье” гэсэн агуулагатай мэдэгдэл хүргүүлсэн нь сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгт ач холбогдолгүй хуулийн заалт баримталсан тул өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1 ... ” гэснийг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.2., 6.2.3, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 ... ” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтас 56 хуудас
[2] 1 хавтас 44 хуудас
[3] 1 хавтас 112-118, 229-232 хуудас
[4] 1 хавтас 80-88 хуудас
[5] 1 хавтас 217 хуудас
[6] 1 хавтас 24 хуудас