Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2017/03372/И |
Дугаар | 001/ХТ2018/00431 |
Огноо | 2018-03-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/00431
Г.П-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03133 дугаар шийдвэртэй,
ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2017/02447 дугаар магадлалтай,
Г.П-гийн нэхэмжлэлтэй,
Ч.С-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 847.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Ч.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.П-, хариуцагч Ч.С-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Г.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ч.С-д 600.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 08-ны өдөр, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээгээ байгуулсан. Уг хугацаанд эхний сард 110.000 төгрөг, 2 дахь сард 40.000 төгрөг төлсөн. Мөнгө зээлнээс хойш 9 сар өнгөрч, мөнгөө авахаар олон удаа уулзсан ч авч чадаагүй. Иймд зээл, хүүд 565.000 төгрөг, алданги 282.000 төгрөг, нийт 847.000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Унааны зардалд 10.000 төгрөг авсан. Нийт 1.080.000 төгрөг болсоноос 233.000 төгрөгийг хасч 847.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.С-гийн шүүхэд хуралдаанд гаргасан тайлбарт: Г.П-гээс 2016 оны 11 сарын 08-ны өдөр 600.000 төгрөг авсан. Хүү, алдангийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.П- хуурамч зээлийн гэрээг канондсан цаасан дээр бичиж, хуурамч нотлох баримт гаргасан. Миний бие 210.000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд дансаар 110.000 төгрөг, 40.000 төгрөг, бэлнээр 50.000 төгрөг, 10.000 төгрөгийг тус тус төлсөн. Г.П- нь 2017 оны 01 сарын 19-ны өдөр хариуцагчийг зодож түрийвчинд байсан 200 долларыг булааж авсан. Энэ нь монгол төгрөгөөр 500.000 төгрөг болж байгаа тул өргүй болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03133 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ч.С-гаас 730.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22.082 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2017/02447 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.С-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.555 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ч.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 600.000 төгрөгийг Г.П-гээс 2016 оны 11 сарын 08-ны өдөр хүлээж авахдаа ямар нэг гэрээ байгуулж хүү алданги төлөхөөр тохирсон зүйл байхгүй, нэхэмжлэгчийн миний гарын үсэгтэй цаасыг ашиглаж нөхөж бичсэн баримт байхад хоёр шатны шүүх үнэн зөв үнэлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн 600.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл тооцоог маш зөрүүтэй гаргасан. Нэхэмжлэгч нь шүүх хурал дээр Ч.С-гаас 233.000 төгрөг авсан, 367.000 төгрөг үлдсэн гэж тайлбарласан байхад үндэслэл болгоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.П- Ч.С-гаас зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү, алдангид 847.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч төлөх төлбөргүй гэж маргасан байна.
2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ч.С- нэхэмжлэгч Г.П-гээс 600.000 төгрөг зээлж авснаа маргаагүй тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч Г.П- нэхэмжлэлийн үндэслэл болгож, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “600.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтэрсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохиролцсон тухай Ч.С-гийн гарын үсэг бүхий бичгийн гэрээг нотлох баримтаар гаргасныг хариуцагч Ч.С- уг баримтад байгаа мөнгө хүлээн авсан тухай бичиглэл, түүнд зурагдсан гарын үсгийг өөрийнх болохыг хүлээн зөвшөөрсөн ч, нэмэлт үүрэг хүлээж бичгээр гэрээ байгуулаагүй гэж маргаж, “хүү тогтоож, алданги тооцох” баримтын дээд талын хэсгийг хуурамч гэж тайлбарлажээ.
Тухайн баримт хуулбар болон хуурамч болох нь нотлогдоогүй тул талуудын хооронд тохиролцож үйлдэгдсэн эх баримт гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэн зээл 600.000 төгрөг, 2 сарын хүү 120.000 төгрөг, нийт 720.000 төгрөгөөс төлөгдсөн 233.000 төгрөгийг хасч, 437.000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу алдангийг бодож үүнийг 50 хувиар тооцон зээлийн үүргийг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.
Шүүх хариуцагчийн нотлох баримт гаргах, цуглуулах, хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Харин анхан шатны шүүхийн дараах алдааг давж заалдах шатны шүүх засаагүй нь буруу байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэж зааж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох эрх зүйн ойлголтыг зохицуулжээ.
Анхан шатны шүүх эдгээр эрх зүйн өөр ойлголтуудыг буруу тодорхойлж шийдвэрийн тогтоох хэсэгт заасан байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэнх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2017/02447 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03133 дугаар шийдвэрийн 3 дахь заалтад “...хүчин төгөлдөр...” гэснийг “...хүчинтэй...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 11.660 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ