Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 923

 

 

                                                           

 

 

 

   

      2019        12          03                                2019/ШЦТ/923

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч /хохирогч/ Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх,

шүүгдэгч /хохирогч/ Н.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овгийн Намжилдоржийн Б, Гоёдэмбэрэл овгийн Байгаль-Эрдэнийн А нарт холбогдох эрүүгийн 1911016530931 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гоёдэмбэрэл овогт Б А, /РД: ..........

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79-901 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хатагин овогт Намжилдоржийн Б, /РД УХ75020871/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.А, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих- Эрдэнэ ХХК”-ны байранд иргэн Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Дээрхи үйлдлийг нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзсэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Быг тус хэргийг үйлдсэн гэх баримт авагдаагүй байна.

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сүүлд нь би уурандаа гаднаас орж ирээд үүдний хэсэг байсан хогийн савны тагыг аваад шидсэн. Гэхдээ Б.Аын толгой дээгүүр нь гараад өнгөрсөн, оноогүй ...” гэх /хх-ийн 70х/,

Гэрч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би цаад талд нь ажлаа хийж байсан чинь гэнэтхэн хүмүүсийн дуу чанга дуугарч сонсогдоод байхаар нь гайхаад очоод хартал Н.Б ах газар суучихсан, Н.А ахыг цааш нь түлхсэн чинь Н.Б ах гараад явсан. Ингээд буцаад очоод ажлаа хийж байтал ойролцоогоор 10-аад минутын дараа чанга, чанга дуу гарахаар нь гайхаад очоод Н.А наад талд зогсож байсан, Н.Б үүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр барьсан зогсож харагдаж байсан...” гэх /хх-ийн 41-42х/, Гэрч Д.Давааням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгсэн Н.Б нь уурлаж Б.А ахад хандан “ Чи миний хийж байгаа ажлыг заахгүй шүү” гээд хэрүүл маргаан үүсгээд бие биенээ заамдаж харагдсан. Түүнээс хойш би юу болсныг хараагүй...” гэх /хх-ийн 37х/ зэрэг мэдүүлэгүүдээс үзэхэд шүүгдэгчийг Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

   Иймд Чингэлтэй дүүргийн прокуророос Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ ХХК”-ны байранд иргэн Н.Быг оногдсон ажлаа сайн хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...06 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ ирээд байж байсан. Би тухайн ажлыг Энхтөрөөр хийлгье гэхэд тэрээр маш их уурласан. Бид хоёр маргалдаад би түүнийг эхлэж цохисон нь үнэн. Дахиад над руу төмөр аваад дайраад байсан. Ингээд намайг цохиж байгаад гарчихаад орж ирэхдээ цагдаа дагуулаад орж ирсэн гэв...” гэв

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа ирсэн. Ажил дээр манай ажлын хүмүүс ирсэн байсан ба би Н.Бын өчигдрийн хийсэн гагнасан төмөр нь салсан байхаар нь би Н.Б-д хандан “нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч” гэж хэлээд Н.Бын гагнасан төмрийг өөр хүнээр дахин хийлгэсэн. Тэгээд Н.Б ганцаараа хийх ажлыг Даваанямын хамтаар хийж байсан ба Энхтөр гэх залуу хоёр хүний хийх ажлыг ганцаараа хийж байхыг нь хараад Даваанямыг Энхтөр-д туслаад ажилла гэж хэлсэн чинь Н Б надад уурлаад над дээр хүрч ирээд “чи хийх ажил заахгүй шүү" гээд надтай хэрүүл маргаан үүсгээд ажил хийлгэхгүй байхаар нь би Н.Быг цааш нь түлхсэн чинь дахиад Н.Б надруу хэрүүл маргаан үүсгээд дайраад байхаар нь би Н.Бын зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан бие биеэ замдахад харилцан бие биеэ өшиглөж цохиж байхад дундуур Ганболд орж ирээд салгасан. Тэгсэн Н.Б ажлын байрнаас гараад явсан. Тэгээд би үүдний хажуугийн ширээн дээр ажлаа хийгээд сууж байхад гаднаас орж ирээд үүдний хэсэг байсан хогийн савны тагыг аваад миний толгой руу цохиход хогийн савны таг нь хагараад салсан. Тэгээд миний нүүрэн тус газар луу гараараа шанаа руу цохиход нь би нээх тоогоогүй Н.Быг цааш нь түлхсэн. Тэгсэн Н.Б үүдний таамбар дээр байсан төмрийг гартаа барьчихсан надруу дайраад ална гээд дайрахад нь би гараараа хаасан. Тухайн үедээ би гараа шалбарсаныг мэдээгүй ажлаа хийж байхад гар хөндүүрлээд байхаар нь гайхаад бээлийгээ тайлаад хартал баруун талын ядам хуруун дотор талын арьс урчигдсан цус гарсан байсан. Тухайн үед би гартаа ажлын бээлийтэй байсан тулдаа бага зэргийн шалбарч зүсэгдсэн. Хэрэв ажлын бээлийгүй байсан бол гарандаа илүү их гэмтэл авах байсан. Энэ үеэр Ганболд дундуур орж салгасан. Тэгсэн Б гараад яваад өгсөн. Дараа нь цагдаад өргөдөл гаргасан байна лээ...” гэх /хх-ийн 76х/,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 06 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байранд ирээд байж байтал Б.А миний өчигдрийн хийсэн ажил буюу төмөр хаалганы тавцанг гагнуурсаныг шалгасан чинь төмөр нь гагнагдаагүй салсан байсныг голоод өөр хүнээр хийлгэхээр болсон. Тухайн үед би Б.Аод юу хэлээгүй, компани удирдаж байгаа хүн гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би ажил дээр Давааням гэх туслах ажилтантай гагнуурын ажил хийж байтал Б.А надтай хамт ажиллаж байсан Даваанямыг Энхтөр гэдэг залуу нэмэлтээр ажил гээд намайг гагнуурын ажлаа ганцаараа хий гэхээр нь би ганцаараа амжихгүй ш дээ гэж хэлсэн чинь Б.А шууд намайг заамдан аваад нүүрэн тус газар 2 удаа цохиж, ажлын хамгаалалтын хүнд гутлаар гэдэс болон хөлрүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед дундуур Б.Ганболд орж салгасан. Сүүлд нь би уурандаа гаднаас орж ирээд үүдний хэсэг байсан хогийн савны тагыг аваад шидсэн. Гэхдээ Б.Аын толгой дээгүүр нь гараад өнгөрсөн, оноогүй ...” гэх /хх-ийн 70х/,

Хохирогчоор Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Би түүнийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би гомдолгүй ...” гэх

Хохирогчоор Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд Б буцаж орж ирэхдээ үүдэн хэсэгт өрөм дээр юм хийгээд сууж байсан чинь гаднаас Н.Б орж ирээд хогийн савны таг аваад толгой руу цохьсон. Тэгээд үүдэн хэсэгт байсан төмрийг аваад над руу дайрахаар нь би гараараа хааж байгаад гараа урчихсан. Энэ үеэр Ганболд дундуур орж салгасан. Тэгсэн Б гараад яваад өгсөн. Дараа нь цагдаад өргөдөл гаргасан байна лээ. Н.Б надруу төмөр барьж дайрахад нь би гараараа хамгаалж байгаад баруун гарын ядам хурууны дотор талын арьс нь шалбарч зүсэгдсэн...” гэх /хх-ийн 25-27х/,

Хохирогчоор Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ .. 06 дугаар сарын 07-ны өглөө ажил дээр байсан. Би хийж байсан ажлаа дуусаад гагнах гэтэл чамаар гагнуулахгүй гэж хэлсэн. Зодоон 06 цаг 30 минутын үед болсон би цагдаад дуудаад нилээн олон минут хүлээж байгаад хувансар сав авч шидсэн үнэн. Гэхдээ төмөр барьж шидсэн нь үнэн. Би энэ үйлдлээс хойш ажилгүй явж байна. Энэ хэрэг нь гагнуураас болсон зүйл биш энэ хүн намайг хэрэггүй болсон гэж бодоод байгаа юм шиг байна. Гагнуур олон жил хийж байгаа болохоор миний нүдний хараа муудаж байгаа би харахгүй гагнасан урчаас салсан байж болзошгүй. Би энэ хүний ажилчин биш...” гэх

Хохирогчоор Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.А шууд намайг заамдаж аваад нүүрэн тус газар хоёр удаа цохиж, ажлын хамгаалалтын хүнд гутлаар гэдэс болон хөлрүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед дундуур Ганболд орж салгасан...” “ ...миний бие Аод гар хүрсэн зүйл байхгүй. Тухайн үед Аод би ганцаараа хийж чадахгүй ш дээ гэж хэлсэн чинь А намайг шууд заамдаж аваад нүүрэн тус газар цохиж, ажлын хамгаалалтын хүнд гутлаар гэдэс, хөлрүү өшиглөсөн. Тэгээд шууд гараад гадаа утсаар цагдаад дуудлага өгчихөөд буцаж орохдоо үүдэнд байсан төмрийг аваад гартаа барьчихсан дотогшоо ороход Ганболд дундуур орж, миний гарт байсан төмрийг салгаж аваад тэгээд А хоорондоо маргалдаж, “Аыг чи яахаараа хүнийг доромжилж, зодож цохидог чи юу юм бэ” гээд бид хоёрыг салгасан. Тэгээд би буцаж гадаа гараад байж байтал цагдаа ирсэн. Тэрнээс би гартаа төмөр барьчихаад А руу дайрсан зүйл байхгүй. Энэ худлаа. Цагдаа ирэхэд А гараа боочихсон харагдсан. Гараа юунд урсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 19-20х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7042 дугаартай дүгнэлтэд:

Н.Бын биед баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

Баруун гарын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй...” гэх /хх-ийн 52х/,

Гэрч Д.Давааням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө ажлын байрандаа ирээд Н.Б ахын гагнасан төмрийг Б.А ах шалгахдаа гагнасан төмөр нь салчихсан байхаар нь Б.А ах “ нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч” гэж хэлсэн Тэгээд Н.Б ах бид хоёр төмөр хаалга гагнаж байсан юм. Тэгсэн цаад талд Энхтөр ганцаараа гагнуурын ажлыг хийж байхыг Б.А ах харчихаад намайг Энхтөрийн хийж байгаа ажилд нь тусал гэсний дагуу Энхтөрийн гагнаж ажиллагасан ажилд нь тусалж ажилласан. Тэгсэн Н.Б нь уурлаж Б.А ахад хандан “ Чи миний хийж байгаа ажлыг заахгүй шүү” гээд хэрүүл маргаан үүсгээд бие биенээ заамдаж харагдсан. Түүнээс хойш би юу болсныг хараагүй. Учир нь цаад талд нь гагнуурын ажлаа Энхтөрийн хамтаар хийж байсан...” гэх /хх-ийн 37х/,

Гэрч Э.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө ажлын байрандаа ирээд Н.Б ахын гаргасан төмрийг Б.А шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь Б.А “нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч” гэж хэлсэн. Тэгсэн Н.Б ганцаараа хийх ажлыг Даваанямтай хийж байсан. Би цаана нь гагнуурын ажлыг ганцаараа хийж байхыг Н.А ах харчихаад миний ажилд Даваанямаар туслахаар өгсөнд Н.Б ах ууралсан. Учир миний хийх ёстой гагнуурыг 2 хүн хийх ёстой байдаг юм. Н.Б ах уурлаад А ахад “чи миний хийх ажлыг заахгүй шүү” гээд хэрүүл хийгээд нүүрэн тус газраа баг зүүсэн байсан болохоор хэн хэнийгээ цохисоныг сайн хараагүй...” гэх /хх- ийн 32-33х/,

Гэрч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө ажлын байрандаа ирээд Н.Б ахын гаргасан төмрийг Б.А шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь Б.А “нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч” гэж хэлсэн. Би цаад талд нь ажлаа хийж байсан чинь гэнэтхэн хүмүүсийн дуу чанга дуугарч сонсогдоод байхаар нь гайхаад очоод хартал Н.Б ах газар суучихсан, Н.А ахыг цааш нь түлхсэн чинь Н.Б ах гараад явсан. Ингээд буцаад очоод ажлаа хийж байтал ойролцоогоор 10-аад минутын дараа чанга, чанга дуу гарахаар нь гайхаад очоод Н.А наад талд зогсож байсан, Н.Б үүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр барьсан зогсож харагдаж байсан...” гэх /хх-ийн 41-42х/,

Шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89х/,

Шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн полсо 8 сантиметрийн өргөнтэй 1м урттай төмөр 1 ширхэг, резинэн ажлын бээлийн 1 хос хураагдан ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Шүүгдэгч Гоёдэмбэрэл овогт Байгаль-Эрдэнийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 450 нэгж буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн полсо 8 сантиметрийн өргөнтэй 1 метр урттай төмөр 1 ширхэг, ажлын резинэн бээлий 1 хос-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.Ариунболд