Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 243

 

Б.А-, Н.Б- нарт холбогдох

 эрүүгийн  хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 923 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар магадлалтай, Б.А-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б.А,

2. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-, Н.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.А-, Н.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн хянасангүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Б-, Б.А- нар нь маргалдаж, Б.А- Н.Б-ыг цохисон, Б.Г  тэднийг салгахад Н.Б- гарч яваад буцаж орж ирэхдээ үүдэнд байсан төмрийг гартаа барьж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, мөн Н.Б-ын нүүрэн тус газар цохиж, өшиглөсөн нь Б.А-ын өөрийнх нь мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон маргаангүй үйл баримт юм. Харин Б.А-ын толгой руу хогийн савны тагаар цохисон гэх нь тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхдөө Б.А-  огт мэдүүлээгүй, мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. ... төмөр барин дайрч Б.А-од гэмтэл учруулаагүй болох нь Б.А-ын өөрийнх нь мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Тухайн төмрийн шинж байдал үзлэгийн тэмдэглэлд бичсэнээр 100см урттай, 8 см өргөнтэй, 0,5 см өндөртэй том хэмжээтэй бөгөөд үүгээр цохиход гарт ийм жижиг хэмжээний гэмтэл учрах боломжгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж заасан атал ...магадлалын тогтоох хэсэгт “30 хоног” хэмээн алдаатай бичсэнийг залруулах шаардлагатай байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэрхэн няцаасан талаар дэлгэрэнгүй дурдаж өгөөгүй буюу нотлох баримтыг дутуу үнэлсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зөрчсөн. Б.А, Н.Б- нарыг зодолдоход хажууд байсан гэрч н.Д, н.Э нар 2019 оны 06 дугаар сарын 11, 09 дүгээр сарын 30-ны өдөр тус бүр 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүд нь хоорондоо төстэй. Тэд гүйцэтгэх захирлынхаа буюу Д.А эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй юм. Гэрч Д.Гд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “Гэнэт хүмүүсийн дуу чангархаар нь очтол Н.Б- ах газар сууж, Д.А ах урд нь зогсож харагдсан ба Д.А-ыг түлхсэн, Н.Б- гарч явсан. 10 орчим минутын дараа үүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр бариад зогсож байсан” гэдэг. Д.А 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Би Н.Б-ыг түлхсэн, нэг шанаадсан, харилцан цохисон, өшиглөсөн, хогийн савны таг авч толгой руу цохисон, урт төмөр бариад дайрахад нь хааж байгаад гараа урсан” гэх мэдүүлгийг өгсөн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Н.Б- төмөр барьж дайрсан зүйл байхгүй. Харин ажлаас болж маргасан нь үнэн. Ажлаа сайн хийхгүй, дутагдалтай байсан болохоор нь уурандаа цохисон, цагдаа дуудахаар нь гайхсан. Маш их харамсаж байна” гэж хэргийн талаар мэдүүлдэг. Үүнээс хойш харин эсрэг мэдүүлэг өгсөн. Н.Б- “нүүрэн тус газар 2 удаа цохисон, гурван удаа гэдэс рүү өшиглөсөн” гэх мэдүүлгийг тасралтгүй 5 удаа өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Н.Б- зодуулсан болох нь тогтоогдсон. Хэрэв харилцан зодоон байсан бол Б.А-ын биед шинжээчийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдох ёстой. Энэ нь зөвхөн хоёр хүний хоорондын зодооны асуудал бус иргэдийн шүүхэд итгэх итгэлтэй холбоотой юм. Гэрч Д.Г хэргийн талаар үнэн зөв байдлуудыг хэлсэн. Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр Н.Б- төмрөөр цохисон үйл баримт харагддаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Мөнхсүх хэлсэн саналдаа “...Хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг хангалттай авагдсан бөгөөд тухайн үйл баримт маш хурдан болж өнгөрсөн. Маргаан үүссэнээс хойш 10 минутын дараа шүүгдэгч Н.Б- төмөр барьж орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт тухайн үйл баримт тодорхой тусгагдсан, анхан шатны шүүхэд миний үйлчлүүлэгч шударгаар хэргээ хүлээсэн ч Н.Б- цохисон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдолтой байгаагаа хэлсэн. Хоорондоо зодолдсон гэхээс илүү компанийн эрх ашиг сонирхолтой холбоотой асуудлууд бий. Н.Б-ыг хэргээ хүлээх юм бол Д.Ариунболд уучлахад бэлэн. Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзээ бүхий учир давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлэхдээ үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б- түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.А-, Н.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Н.Б-ыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн байранд Б.А-той ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Б.А- нь дээрх цаг хугацаа, орон зайд Н.Б-ыг “оногдсон ажлаа сайн хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.А-, Н.Б- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “Гэрч Б.Г , Д.Давааням нарын мэдүүлгээс үзэхэд Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцсон байна.

Харин давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан” гэсэн дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-, Н.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үйл баримттай харьцуулан дүгнэж, яллах талын нотлох баримтууд болон прокурорын дүгнэлтэд үндэслэлтэй няцаалт хийж чадаагүй байна.

Б.А-, Н.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт хэрэг учралын нөхцөл байдлыг шууд харсан гэх гэрчүүд болон дамжмал байдлаар мэдүүлсэн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг  шинжлэн судалсан атлаа зөвхөн нэг хэсгийг авч үйл баримтыг тогтоохдоо эсрэг нотлох баримтад няцаалт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн Н.Б-т холбогдох хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч, шийдвэрийг хүчингүй болгох хууль ёсны үндэслэл тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гарсан үзлээ.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                               ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР