Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 858

 

 

                                                           

 

 

 

 

 

2019            11          08                                   2019/ШЦТ/858

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: М.Очбадрах /томилолтоор/,

Шүүгдэгч: П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Баярхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Т- д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2001 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх ах, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй,  П.Т

Холбогдсон хэргийн талаар:

П.Т нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай, гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн улмаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл  суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Үзлэг хийж буй газар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10-230 тоот гэх ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай 4 тал банзан хашаа байшин байх ба ...сэжигтэн П.Т-с хашаа байшинд хар тамхи, мансууруулах бодис болон түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл байна уу? Хэрэв байгаа бол сайн дураараа зааж өгнө үү? гэхэд П.Т нь байшингийн үүдний амбаар хэсэгт гялгар ууттай Гүнтийн давааны цаад хэсгээс ганцаараа явж түүсэн каннабис өвс байгаа түүнээс өөр хууль бус эд зүйл байхгүй гэж хэлээд гялгар ууттай хар, бор өнгийн өвс мэт зүйл гаргаж ирснийг цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 64.7 грамм жинтэй байсныг шинжилгээнд өгөхөөр хураан авлаа” /хавтаст хэргийн 6-11-р хуудас/

     Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14-р хуудас/     

     Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...П.Т нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” /хавтаст хэргийн 15-17-р хуудас/

     Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...П.Т нь би 2019 оны 8 дугаар сарын эхээр явж түүсэн газраа зааж өгч чадна тухайн газар нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байдаг гэж хэлээд төлөөлөгчид зам зааж явсаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч Хар тамхитай тэмцэх газрын байрнаас 72 км-ийн зайд байх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Зочны тохой амралтын газраас хойд зүгт 300 метрийн зайд зам дагуу зогсоож өөрийн өвс түүсэн гэх газрыг зааж өгсөний дагуу гэрэл зураг авч бэхжүүлэв. Мөн П.Төөс өөрийн түүсэн өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой ижил төстэй ургамалыг авч өгнө үү гэхэд ургамалаас ногоон өнгийн 5 салаа бүхий ургамалаас 1 ширхэгийг тасдаж өгснийг шинжилгээнд хүргүүлэхээр гялгар уутанд хийж хураан авлаа. Уг тасдаж өгсөн ургамал нь энэ хавийн газраар түгээмэл ургасан байлаа” /хавтаст хэргийн 18-21-р хуудас/

     Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол “ШШҮХ-ийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болох нь тогтоогдсон гялгар уутны хамт 64.7 грамм /Шинжилгээнээс ирсэний дараа 62.7 грамм жинтэй байв/ жинтэй хатсан өвс ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” /хавтаст хэргийн 22-р хуудас/

     Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт “ШШҮХ-ийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болох нь тогтоогдсон мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан цаасанд боож гялгар уутанд хийсэн хатсан ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” /хавтаст хэргийн 23-24-р хуудас/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №4701 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “П.Т” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “П.Т” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydracannabinol/ илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно”  /хавтаст хэргийн 31-32-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №4700 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн “БУЛОЧКА” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгөтэй гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “БУЛОЧКА” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгөтэй гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнбинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг”  /хавтаст хэргийн 35-36-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дугаар сарын 10-ны өдрийн №4872 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн “190200693 тоот хэрэг П.Т №1” гэж хаягласан гялгар уут дотор өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “190200693 тоот хэрэг П.Т №1” гэж хаяглан гялгар уут дотор өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнбинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно”  /хавтаст хэргийн 39-41-р хуудас/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №1039 тоот дүгнэлт: “1. П.Тнь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлэгийн бичиг баримт үгүй байна. 2. Одоо П.Тнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. П.Тнь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. П.Тнь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. 5. П.Тнь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 6. П.Тд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 7. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. .П.Тд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-46-р хуудас/

            Яллагдагч П.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна манай гэрээс хойш яваад байдаг Гүнтийн давааг давж Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас нэрийг нь мэдэхгүй байна нэг амралтын газрын ойролцоогоос Каннабис өвсийг гялгар уутанд түүн авч гэртээ хадгалж байсан. Түүсэн өвсөө гялгар ууттай дэлгэж тавиад хатсаных нь дараа хуванцар саванд хийж хэрэглээд савыг нь хаясан ингээд гэртээ байж байгаад цагдаад баригдсан. Мөн өөрийн өвс түүсэн гэх газраа зааж өгч мэдүүлгээ шалгуулсан байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш ихээр харамсаж байна ...би урьд өмнө нь өвс гэх зүйлийг хэрэглэж байгаагүй. Мөн түүсэн өвс ургамал мэт зүйлээсээ хэн нэгэн хүнд худалдан борлуулж өгч, хамт хэрэглэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60-р хуудас/

Шүүгдэгч П.Тийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 78-р хуудас/

Шүүгдэгч П.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73-р хуудас/

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №718 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 76-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч П.Тнь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад  багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай, гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10-230 тоотод байх өөрийн түр оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,  хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор бэхжүүлэгдсэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “ШШҮХ-ийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болох нь тогтоогдсон гялгар уутны хамт 64.7 грамм /Шинжилгээнээс ирсэний дараа 62.7 грамм жинтэй/ өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт “ШШҮХ-ийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болох нь тогтоогдсон мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан цаасанд боож гялгар уутанд хийсэн хатсан ургамал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №4701 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №4700 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дугаар сарын 10-ны өдрийн №4872 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №1039 тоот дүгнэлт, шүүгдэгч П.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Т нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад  багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай, гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Зочны тохой амралтын газрын ойролцоогоос түүж бэлтэсэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10-230 тоотод байх өөрийн түр оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл буюу гэмт хэрэг таслан зогсоогдох хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч П.Тнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч П.Тнь “өвс” гэх нэршилтэй бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээгээр хориглогдсон, гэмт хэрэгт тооцогдох үйлдэл гэдгийг мэдээгүй үйлдсэн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.  

Шүүгдэгч П.Тнь прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд болон гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос П.Т ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай “өвс” нэршилтэй гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч П.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч П.Тийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр П.Тнь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч Монгол Улсад хориглосон мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэн гэмт хэрэг таслан зогсоогдох хүртэл өөрийн амьдарч байсан газартаа хадгалсан, үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч П.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг байна. Шүүгдэгч П.Тнь гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураараа хүлээн мэдүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай ургамал ургаж байсан газрыг зааж өгсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож  байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож тэнсэгдсэн хугацаад хяналт тогтоохыг шүүгдэгч П.Тийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Тнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, улсын яллагчийн саналыг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай 62.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн мэдүүлэг шалгах ажиллагаагаар дээжлэн авсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн  3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.Тд сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч П.Тд сануулсугай.

6.Шүүгдэгч П.Тнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 62.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн мэдүүлэг шалгах ажиллагаагаар дээжлэн авсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.  

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР