Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 636

 

                                                         П.Т-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Х.Еркебулан,

          шүүгдэгч П.Т,

          нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1902 00693 0251 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ургийн овгоо тодорхойлоогүй, П-н Т, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

         П.Т нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ............... тоотод буюу өөрийн түр оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: П.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, П.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 62.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн мэдүүлэг шалгах ажиллагаагаар дээжлэн авсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх өмнөх 4 жилийн тэнсэж хянан харгалзсаныг өөрчилж, эрх зүйн байдлыг дордуулан, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаагч, прокурорын дуудсан цагт бэлэн байсан. Энэ хэрэгт холбогдсоноос хойш миний бие өөрийн алдаа дутагдалтай байдлыг ойлгож, ямар нэгэн мансууруулах төрлийн бодис огт хэрэглээгүй.

Би Чингэлтэй дүүрэгт эх, эхнэр, дүү нарын хамт амьдардаг. Эхнэр Ундармаа нь саяхан төрж, охинтой болсон. Охин маань одоо хоёр сартай. Энэхүү байдлыг болон миний өмнө ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх П.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн хор уршиг, үр дагавар, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол, үр дагавар үүсгэж байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

П.Т нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 64.7 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо.............. тоотод буюу өөрийн түр оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Т” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг. ...” гэсэн 4701 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Булочка“ гэсэн бичиглэлтэй улбар шар өнгөтэй ууттай ургамал мэт зүйлээс “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агуулга илэрч байна. Шинжилгээнд илэрсэн “дельта-9 тетрагидроканнабинол” нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг. ...” гэсэн 4700 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “190200693 тоот хэрэг Т №1“ гэж хаягласан гялгар уутанд ургамал мэт зүйлээс “дельта-9 тетрагидроканнабинол” илэрч байна. ...” гэсэн 4872 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39-40/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... П.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ...” гэсэн 1039 дугаартай дүгнэлт /хх 44-46/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “... П.Т нь “байшингийн үүдний амбаарын хэсэгт гялгар ууттай, ......... цаад хэсгээс ганцаараа явж түүсэн, “Каннабис” өвс байгаа, түүнээс өөр хууль бус эд зүйл байхгүй” гэж хэлээд гялгар ууттай, хар бор өнгийн өвс мэт зүйл гаргаж ирэв. ...” /хх 6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...П.Т-с биологийн дээж авч, үр дүнг харахад ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас буюу эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь түүнийг “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. ...” /хх 15-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх 18-21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч П.Т-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

   Шүүгдэгч П.Т-н 64.7 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодисыг түүж бэлтгэн, өөрийн гэртээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгайлан хуульчилжээ.

Шүүгдэгч П.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ...,”, 7.1 дүгээр зүйл буюу “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтууд нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

 Дээрх үндэслэлээр шүүгдэгч П.Т-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн гаргасан “... хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.