Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 897

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2019           11          20                                   2019/ШЦТ/897

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга:Б.Номинзул,

Улсын яллагч: А.Нямсүрэн,

Иргэдийн төлөөлөгч: Б.Нина,

Хохирогч: М.Гантөгс,

Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Г.Г -д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт, урьд

2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж,  хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Билгүүний энгэр зусланд байх Ш.Баяраагийн байшинд зэвсэг хэрэглэн М.Гантөгсийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч М.Гантөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...5 дугаар сарын 10-ны өдөр Тунгалагтамир, Очирбат хоёр хамт зуслан явах уу гэж асуухаар нь хамт явахаар болсон. Тухайн газарт 12-13 цагийн үед очоод хоол хийж идсэн. Тунагалагтамирын ах нь бүгдээрээ хээр гарсан юм чинь гээд архи гаргаж ирсэн. Архийг нь бөөнөөрөө тойруулж, хувааж ууж дуусгаад дараа нь дахиад нэг архи гаргаж ирээд уусан. Архи дууссаны дараа Тунгалагтамирын ахтай нь хамт архинд явсан. Буцаж ирээд байж байхад Г.Г-н эхнэр миний хажууд суухаар нь бид хоёр хоорондоо чи тэнэг, мангар гэх мэтээр маргаж байсан. Удахгүй Г.Г гаднаас орж ирээд юм ярилцаад сууж байхад Тунгалагтамир ах нь Г.Г эхнэр нь жоохон тэнэг гэхээр нь би тийм ээ, тэнэг юм байна лээ гэж хэлсэн. Тухайн үедээ тоглоомоор л хэлсэн. Г.Г тухайн үед зүгээр байсан. Гадаа байхад Г.Ггэнэт сүх бариад дайрахаар нь хашаа даваад зугтаасан. Тунгалагтамир, Очирбат хоёр Г.Г-с сүхийг нь аваад бариад авахаар нь би 2-3 удаа цохиход Очирбат яах гээд байгаа юм бэ, боль гэхээр нь больсон. Гэрт ороод Г.Г эхнэрт одоо хоёулаа больё, танай нөхөр надтай хардаад байна гээд ярьж байхад гаднаас хүмүүс бөөндөө орж ирсэн. Тухайн үед би авдар дээр хутга байсныг хараагүй. Гэнэт Г.Г хутга аваад намайг дүрсэн. Гэрчүүдийн мэдүүлэгт арай өөрөөр бичигдсэн байсан...” гэв.

Хохирогч М.Гантөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 10 цагийн үед найз Ц.Очирбат түүний эхнэр О.Булгантамир нарын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 3 дугаар орцны жижүүрийн байран дээр очсон. Ингээд Ц.Очирбат бид хоёр орцноос гараад 11 дүгээр байрны урд талын талбайд сагс тоглож байхад Ц.Очирбат надад хандан би эхнэрийхээ хамтаар хойшоо лагер луу явна чи цуг явах уу гэж асуусан. Тэгээд О.Булгантамир болно гэж хэлээд улмаар Ц.Очирбат, О.Булгантамир бид гурав Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны гадаар ирэхэд Г.Г ах түүний эхнэр Ш.Түвшинжаргал, охины хамт, Ш.Баяраа ах эхнэр Б.Жаргалсайхан нар хоёр хүүхдийн хамтаар ирчихсэн байсан. Тэгээд бид нар бөөнөөрөө Шаргаморьтын автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн автобусны буудал дээр буугаад ойролцоогоор 2 км шороон замаар алхаж, Билгүүний энгэрд байрлах зуслангийн байшин дээр очсон. Ингээд бид нар хоол унд, хорхог хийгээд 0.75 литрийн Шим нэртэй 3 шил архи бөөнөөрөө хувааж ууж байхдаа Ш.Баяраа ах, Ш.Түвшинжаргал бид гурав зэрэгцэж суугаад ногоо арилгаж байхад Ш.Баяраа ах босоод явахад Ш.Түвшинжаргал бид хоёр хоорондоо тэнэг, мангар гээд бие биенийгээ хэлээд тоглож байсан юм. Тэр үед Г.Г согтчихоод над руу уурлаад хүний эхнэрийг тэнэг, мангараар дуудаад арай даварч байгаа юм бишүү гэж хэлсэн. Тэгээд би нэг их тоогоогүй. Би дэлгүүрлүү яваад 0.75 литрийн Морьтон нэртэй 2 шил архи авчирсан. Авчирсан архиа өөрөө хундгалсан ба тэд нар согтчих гээд байхаар нь ганц ганц удаа алгасаад өөрөө уусан. Тэгээд байшингийн гадаа Ц.Очирбат, түүний эхнэр О.Булгантамир, Г.Г эхнэр Ш.Түвшинжаргал, Ш.Баяраагийн эхнэр Б.Жаргалсайхан бид тав “Морьтон” нэртэй 1 шил архийг хувааж ууцгаасан. Г.Г байшингийн урд талд модоо хагалсан сүхийг аваад гэнэтхэн над руу дайрахад нь би зугтаагаад хашааны цаана гарсан байсан. Тэгсэн над дээр Ц.Очирбат хүрч ирсэн, энэ үед О.Булгантамир Г.Г гар дээр ирээд гарт нь байсан сүхийг булаан авахад нь би Г.Г араас нь гүйж очоод түлхэж унагаагаад бөгс хэсэг рүү 3 удаа гараараа цохисон. Тэгсэн О.Булгантамир дундуур орж салгасан. Тэгээд би зуслангийн байшин руу ороод ус уучихаад сууж байхад Ш.Түвшинжаргал миний араас орж ирсэн. Удалгүй араас Б.Жаргалсайхан орж ирээд бид гурав юм ярьж сууж байгаад Б.Жаргалсайхан гараад явсан. Тэгсэн Г.Г гаднаас орж  ирээд ширээн дээр ногоо арилгасан байсан хутгыг авахаар нь би арай ч хутгална гэж бодоогүй сууж байтал гэнэтхэн миний цээж рүү хутгалсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/

Гэрч Ц.Очирбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн найзуудаараа салхинд гарч амрана гээд Ш.Баяраагийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрт байрлах манай зусланд очихоор болж би эхнэр О.Булгантамир найз М.Гантөсгийн хамтаар 12 цаг өнгөрч байх үед зуслан дээр нь очиход Ш.Баяраа ах эхнэр Б.Жаргалсайхан найз Г.Г эхнэр Ш.Түвшинжаргалын хамтаар ирсэн бөгөөд бид нар 0.75 литрийн 2 шил Шим архи авч ууцгаасан бөгөөд орой 18 цагийн үед Ш.Баяраа ах хүүхдээ Партизан хүргэж өгнө гээд гараад явчихсан. Тэгээд явсанаас хойш 2-3 цагийн дараа Г.Г согтож ирсэнээ эхнэрээ М.Гантөгстэй хардаад байх шиг байсан ба би гарч бие засчихаад орж ирэх үед М.Гантөгс, Г.Г дээр нь гарчихсан заамдсан байхаар нь салгаад М.Гантөгсөөс юу болсон бэ гэхэд намайг эхнэртэйгээ хардаад дайраад байхаар нь доороо дарчихсан юм гэсэн. Ингээд би салгаад хэсэг хугацаанд зүгээр байх шиг байхаар нь би гадаа гарч тамхилчихаад ороод иртэл М.Гантөгс цээжээ дарсан ба Г.Г эхнэр Ш.Түвшинжаргал мөн цээжийг нь цугтаа гараараа дарсан байсан ба М.Гантөгс Г.Г намайг хутгалчихлаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

Гэрч О.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Г.Г ах эхнэр Ш.Түвшинжаргал, охин Т.Энхчимэгтэйгээ, бид хоёр охиноо Ц.Очирбатын найз болох М.Гантөгсийг дагуулж очсон. Ингээд бид нар бөөнөөрөө Шаргаморьтын автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн автобусны буудал дээр буугаад ойролцоогоор 2-3 км шороон замаар алхаж, Билгүүний энгэрийн задгайд байх зуслангийн байшинд бөөнөөрөө очсон. Ингээд бид нар хоол унд, хорхог хийгээд 0.75 литрийн Шим нэртэй 2 шил архийг бөөнөөрөө хувааж ууцгаасан. Г.Г эхнэрээ манай нөхрийн найз М.Гантөгстэй хардаад хэрүүл өдөөд, сүүлдээ бие биенээ заамдаад маргалдаад байсан. Тэгсэн удалгүй Ш.Баяраа ах ирээд байшин руу бөөнөөрөө орох үед Г.Г М.Гантөгсийг сууж байх үед нь цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/

Гэрч Ш.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай нөхөр Г.Г наймаг М.Гантөгстэй хардаад улмаар хэрүүл өдөөд, сүүлдээ бие биенээ заамдаад маргалдсан. Удалгүй Ш.Баяраа ах ирэхэд гадаа байсан бид нар бүгдээрээ байшин дотор орсон. Ц.Очирбат бие засах гээд гараад явсан. Тэгсэн ширээн дээр хутгыг аваад М.Гантөгсийг хутгалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/

Гэрч Ш.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн найзуудаараа салхинд гарахаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрт байрлах зуслангийн байшинд өдөр 12 цаг өнгөрч байх үед найз Булгантамир, түүний нөхөр Очироо, Галбадрах түүний эхнэр Түвшинжаргал манай эхнэр Жаргалсайхан болон Очироогийн найз Гантөгс гэгч залуугийн хамтаар очсон. Ингээд бид нар бүгдээрээ 0.75 литрийн 2 шил архи хувааж ууж байгаад ороц 18 цагийн үед би Ар гүнтээр давж СХД-ийн 21 дүгээр хороо, Партизаний сангийн аж ахуйд хүү Алтаншагайг хүргэж өгчихөөд 21 цаг өнгөрч байхад буцаад Билгүүний энгэрт ирж байшиндаа орсон чинь байшингийн үүдэнд Гантөгс гэгч залуу цээжээ гараараа дарчихсан цус болчихсон байсан тул би цээжийг нь сөхөж харахад цус гоожиж байсан шууд цонхны хөшиг аваад дарж боогоод хэвтүүлсэн бөгөөд энэ үед Түвшинжаргал, Жаргалсайхан, Булгантамир нар байсан ба манай эхнэр Жаргалсайхан Галбадрах хутгалчихсан юм гээд Булгантамирын хамтаар Галбадрахын хамтаар зууралдаж байхад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/

Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг: “...М.Гантөгс Г.Г нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би нээх тоогоогүй, гадаа байсан Г.Г охин, О.Булгантамирын охин нарыг дагуулаад байшинлуу авч орсон. Тэгээд удалгүй гадаа орилж хашгираад байхаар нь гайхаад хартал О.Булгантамир надад хандан Г.ГМ.Гантөгсийг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэрнээс би Г.Г М.Гантөгсийг хутгалж байхыг хараагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №5314  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: “1. М.Гантөгсийн биед өвчний зүүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндий дэх цусан хураа /500мл/, хэвлий зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. М.Гантөгсийн биед өвчний зүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндий дэх цусан хураа /500мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-р хуудас/

Хохирогч М.Гантөгсийн эмчилгээний зардал болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 80-83-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8-р хуудас/

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /хавтаст хэргийн 42-54-р хуудас/

Яллагдагч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед Ш.Баяраа над руу залгаад маргааш өдөр салхинд гарна шүү, хувцасаа бэлдээрэй гэж хэлсэн2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед Ш.Баяраатай ярьж байгаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны гадаа эхнэр Ш.Түвшинжаргал, охин Т.Энхчимэг нарыхаа хамтаар очиход удалгүй араас О.Булгантамир, нөхөр Ц.Очирбат охиноо дагуулсан, хохирогч М.Гантөгсийг дагуулан ирсэн. Ш.Баяраа эхнэр, хоёр хүүхдийн хамтаар бид нар гурван гэр бүлээрээ Шаргаморьтын автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн автобусны буудал дээр буугаад ойролцоогоор 2 км шороон замаар алхаж Билгүүний энгэрд байрлах Ш.Баяраагийн зуслангийн байшин дээр очсон. Тэгээд бид нар хоол унд, хорхог хийгээд 0.75 литрийн Шим нэртэй 3 шил архийг бөөнөөрөө хувааж ууцгаасан. Тэгсэн М.Гантөгс дэлгүүрлүү яваад 0.75 литрийн Морьтон нэртэй 2 шил архи авчирсан. Тэгээд авчирсан архинаасаа хүмүүст ганц нэг амсуулаад ихэнх архиа өөрөө ганцаараа уусан. М.Гантөгс согтчихоод хүмүүст архинаас хийж өгөхөд манай эхнэр Ш.Түвшинжаргалыг эргүү мангараар дуудаад байхаар нь би “чи яах гэж хүний эхнэрийг тэгж хэлдэгийн бэ” гэж хэлээд дуугай л өнгөрөөсөн. Тэгээд би манхан дээрээ ирж охинтойгоо байхад манай эхнэр Ш.Түвшинжаргал над дээр ирээд “М.Гантөгс намайг эргүү, мангараар дуудаад, цохиж аваад байна” гэж хэлэхээр нь миний уур хүрээд газарт байсан сүхийг авч М.Гантөгс дээр очиход М.Гантөгс надаас зугтаасан. Тэгсэн О.Булгантамир, Б.Жаргалсайхан нар миний гарт байсан сүхийг булаан авах гэхэд нь би “юу гэж би сүхээр хүн цохихов дээ, жаахан айлгах гэсэн юм” гэж хэлээд гартаа байсан сүхээ бариад М.Гантөгсийн араас гүйхэд миний араас О.Булгантамир, Б.Жаргалсайхан нар дагаад гүйсэн. Тэгээд би гүйгээд гүйцэхгүй болохоороо гартаа байсан сүхээ О.Булгантамир, Б.Жаргалсайхан нарт өгчихөөд буцаад алхаад явж байтал араас М.Гантөгс ирж намайг түлхэж унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн манай эхнэр Ш.Түвшинжаргал, О.Булгантамир нар дундууд ороод салгасан. Тэгээд би зуслангийн байшин луу явж ороод үлдээсэн байсан архийг ганцаараа уусан. Тэгээд ширээн дээр ногоо арилгасан байсан хутга байхыг хараад авч тэр хутгаар М.Гантөгсийн цээжин тус газарт нь хутгалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-2-р хуудас/

Шүүгдэгч Г.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 64-р хуудас/

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 101-р хуудас/

Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 69-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Билгүүний энгэр зусланд байх Ш.Баяраагийн байшинд хутгыг зэвсэг болгон хэрэглэж М.Гантөгсийг чээжин тус газарт нь хутгалж өвчүүний зүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушигны авчилт, цээжний баруун хөндий дэх цусан хураа /500мл/ гэмтэл бүхий хүний биед хүнд гэмтэл, хэвлий зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан  хохирогч М.Гантөгс, гэрч Ш.Түвшинжаргал, Ш.Баяраа, О.Булгантамир, Б.Жаргалсайхан  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №5314 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Цэргийн төв эмнэлэгийн өвчний түүх болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.Г  нь хохирогч М.Гантөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг эд мөрийн баримтаар тооцох тогтоолд дурьдагдсанаар саарал өнгийн төмөр иштэй, нарийн хутга 1 ширхэг /хутганы нийт урт нь 25,5 см, бариулын урт нь 12 см, ажлын хэсгийн урт нь 13,5 см, ажлын хэсгийн өргөн нь 2,3 см, бариулын өргөн нь 1,6 см/ хутгыг зэвсэг болгон ашиглаж өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Г.Г бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан хутга нь аливаа биетийг устгах, гэмтээх зориулалт бүхий эд зүйл байх тул зэвсэг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд маргаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Прокуророос Г.Г үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:

Хохирогч М.Гантөгс нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 483.250 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Гнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлөөгүй байх тул 483.250 төгрөгийг шүүгдэгч Г.Ггаргуулан хохирогч М.Гантөгсөд олгуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч М.Гантөгс нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол хүлээсэн хугацаан дахь ажилгүй байсан үеийн цалин, хөлсийг нэхэмжилсэн байх тул Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдээс дээрх төлбөрийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн дүгнэлт, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь  хэдийгээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч ял шийтгэлээ эдэлж дууссаны дараа гэмт хэрэг үйлдсэн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, мөн хохирогч М.Гантөгсийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн үед болсон хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Гантөгсийг хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Г.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн төмөр, эвхэгддэг хар өнгийн иштэй / хутганы нийт урт нь 25,5 см, бариулын урт нь 12 см, ажлын хэсгийн урт нь 13,5 см, ажлын хэсгийн өргөн нь 2,3 см, бариулын өргөн нь 1,6 см/ 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 21 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурьдаж, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г.Г -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-д 5 жилийн хугацаатайгаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 5 жилийн хугацаатайгаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн төмөр, эвхэгддэг хар өнгийн иштэй / хутганы нийт урт нь 25,5 см, бариулын урт нь 12 см, ажлын хэсгийн урт нь 13,5 см, ажлын хэсгийн өргөн нь 2,3 см, бариулын өргөн нь 1,6 см / 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 21 хоног цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Г 483.250 төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Мөнхцэцэгийн Гантөгс /РД: УЮ93041011/-д олгосугай.

7. Хохирогч М.Гантөгс нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-дурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР

                                                 

                                              ШҮҮГЧИД                                   Б.ХАЛИУН

                                                       

                                                                                           П.АРИУНБОЛД