Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 160

 

Г.Г-ад холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах  даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

хохирогч М.Гантөгс,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 897 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911013010565 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Г.Г-, 1979 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт оршин суух,

            - Нийслэлийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            Г.Г- нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэр зусланд байрлах иргэн Ш.Баяраагийн байшинд М.Гантөгсийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгч Г.Г-аас 483.250 төгрөгийг гаргуулж хохирогч М.Гантөгсөд олгож, шүүгдэгч Г.Г-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Одоо би ганцаараа тодорхой оршин суух хаяггүй амьдарч байна. Олон жилийн өмнө эцэг, эх, ах, эгч нар маань гэнэтийн осол, өвчний улмаас нас барж, би өнчирч хоцорсон. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 480.000 төгрөгийг сайн хүмүүсийн туслалцаагаар төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч М.Гантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Г- давж заалдсан гомдолдоо хохирлыг нөхөн төлсөн гэх боловч өнөөдрийн байдлаар надад мөнгө өгсөн асуудал байхгүй байна.” гэв.

            Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Г- нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байна. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.Г- 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Билгүүний энгэр” гэх газарт оршин суух иргэн Ш.Баяраагийн хашаа, байшинд бусадтай нийлэн архидан согтуурч байхдаа, М.Гантөгсийг өөрийн хамтран амьдрагч Ш.Түвшинжаргалтай хардсаны улмаас цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь “өвчний зүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндий дэх цусан хураа /500 мл/ гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч М.Гантөгс нь “...Түвшинжаргал бид хоёр бие биенийгээ “тэнэг, мангар” гэж хэлээд тоглож байсан юм. Тэр үед Г- согтчихоод над руу уурлаад “Хүний эхнэрийг тэнэг, мангараар нь дуудаад арай даварч байгаа юм биш үү” гэж хэлсэн. Гадаа байхад Г- гэнэт сүх аваад над руу дайрахад нь би зугтаасан. Энэ үед Булгантамир дундуур орж салгасан. Тэгээд би зуслангийн байшинд ороод сууж байхад Түвшинжаргал миний араас орж ирсэн. Би түүнд “Одоо хоёулаа больё, танай нөхөр надтай хардаад байна” гэж ярьж байхад Г- гаднаас орж ирээд ширээн дээр ногоо арилгаж үлдээсэн байсан хутгыг аваад миний цээж рүү хутгалсан. ...” /хх 10-11, 130/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Г.Г-тай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Ц.Очирбатын “...гарч бие засчихаад орж ирэх үед Гантөгс Г-ын дээр нь гарчихсан заамдсан байхаар нь салгаад “Юу болсон бэ” гэхэд “Намайг эхнэртэйгээ хардаад байхаар нь доороо дарчихсан юм” гэсэн. Гадаа гарч тамхилчихаад ороод иртэл Гантөгс цээжээ дарчихсан “Г- намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...” /хх 21-22/,

- гэрч О.Булгантамирын “...Г- эхнэрээ Гантөгстэй хардаад хэрүүл өдөөд, сүүлдээ бие биенээ заамдаад маргалдсан. Удалгүй байшин руу бөөнөөрөө орох үед Г- Гантөгсийг сууж байхад нь нэг удаа хутгалсан. ...” /хх 24-25/,

- гэрч Ш.Түвшинжаргалын “...манай нөхөр Г- намайг Гантөгстэй хардаад хэрүүл өдөөд, сүүлдээ бие биенээ заамдаад маргалдсан. Удалгүй бид нар бүгдээрээ байшин руу орсон. Тэгсэн Г- ширээн дээр байсан хутгыг аваад Гантөгсийг хутгалсан. ...” /хх 27-28/,

- гэрч Ш.Баяраагийн “...байшингийн үүдэнд Гантөгс гэгч залуу цээжээ гараараа дарчихсан цус болчихсон байсан. Манай эхнэр Жаргалсайхан “Г- хутгалчихсан юм” гэж хэлсэн. ...” /хх 14-15/,

- гэрч Б.Жаргалсайханы “...Гантөгс, Г- нар хоорондоо маргалдаад байсан. Удалгүй гадаа орилж хашхираад байхаар нь гайхаад хартал Булгантамир надад хандан “Г- Гантөгсийг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...” /хх 18-19/,

- шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зуслангийн байшин руу явж ороод үлдээсэн байсан архийг ганцаараа уусан. Тэгээд ширээн дээр ногоо арилгасан хутгыг авч Гантөгсийн цээжин тус газарт хутгалсан. ...” /хх 61-62/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5314 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 34/, өвчний түүхийн хуулбар /хх 42-54/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Г.Г- нь хохирогч М.Гантөгсийг өөрийн хамтран амьдрагч Ш.Түвшинжаргалтай хардан тодорхой хугацааны туршид маргаан үүсгэсэн байх бөгөөд тэдгээрийг хоорондоо заамдалцаж, ноцолдох үед нь хамт байсан бусад этгээдүүд салгасан байхад Г.Г- дахин хохирогч дээр очиж түүнийг хутгалжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Г- нь хохирогч М.Гантөгсийн эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгыг урьдаас агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байхад анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...хохирогч М.Гантөгсийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөсөн нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн нь үндэслэл муутай болсон байна.

Гэвч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул уг асуудлыг хөндөхгүй орхисон болно.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүгдэгч Г.Г- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн ба тэрээр гаргасан давж заалдах гомдолдоо “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх боловч энэ талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч М.Гантөгсийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн “...өнөөдрийн байдлаар надад мөнгө өгсөн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээг буюу 5 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч М.Гантөгс нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг тодорхойлсон баримтууд гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгч Г.Г-аас гаргуулж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд заасан “Шүүгч гагцхүү хуульд захирагдан шийдвэрээ гаргах” зарчимд нийцэхгүй тул үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялын талаар гаргасан шүүгдэгч Г.Г-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 897 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Шүүгдэгч Г.Г-аас 483.250 төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Мөнхцэцэгийн Гантөгс /РД: УЮ93041011/-д олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-аас 483.250 төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Мөнхцэцэгийн Гантөгс /РД: УЮ93041011/-д олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

                               ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН