Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 545

 

Б.Бямбадорж, Б.Баяржаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав  даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор С.Баттамир,

Шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч П.Одонтунгалаг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, улсын яллагч О.Багшбаярын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот эсэргүүцлээр Б.Бямбадорж, Б.Баяржаргал нарт холбогдох 201625012878 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Борогчин овогт Бадамсамбуугийн Бямбадорж, 1995 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-10 дугаар гудамжны 307 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ95010791/,

Шааз Боржигон овогт Буян-Өлзийгийн Баяржаргал, 1995 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-10 дугаар гудамжны 315 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АЮ95071219/,

Б.Бямбадорж нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр Б.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, биед нь “эрүү ясны хугарал, 1 шүдний булгарал, цээжинд цус хуралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал” бүхий  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Б.Баяржаргал нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр Г.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, биед нь “хүзүүний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бямбадоржид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, Б.Баяржаргалд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бямбадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Б.Баяржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбадоржийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Бямбадоржид оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бямбадорж, Б.Баяржаргал нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэжээ.

Улсын яллагч О.Багшбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх...”, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасан “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэх шаардлагыг тус тус хангаагүй байна. Б.Баяржаргалын үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үйлдэгдсэн, анх удаа эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан улмаар хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр зохицуулсан байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байсан. Гэтэл шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу Б.Баяржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Баяржаргалын Шааз Боржигон гэх ургийн овгийг Боргочин гэж бичсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дутаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

Прокурор С.Баттамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Боржигон овогт Буян-Өлзийгийн Баяржаргал гэснийг Шааз Боржигон овогт Буян-Өлзийгийн Баяржаргал гэж түүний ургийн овгийн Шааз гэх үгийг орхиж бичсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй байна. Улсын яллагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна. Прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно гэдэг нь нэгэнт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал. Гэм буруугийн асуудлыг ярихгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Шүүх үүнийг яаж шийдвэрлэх эрх хэмжээнийх нь асуудал...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Б.Бямбадорж нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр Б.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, биед нь “эрүү ясны хугарал, 1 шүдний булгарал, цээжинд цус хуралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал” бүхий  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Баяржаргалын “...Шөнө 04 цагийн орчим Г.Тэмүүжин машины цонх хагалчих гээд “гол оръё, ус бүлээхэн байна” гэхээр нь “унтмаар байна” гэж гуйсан боловч миний үгийг авахгүй байсан учир түүнийг нэг удаа цохисон. Гэтэл Б.Бямбадорж миний шилэн хүзүүнээс барьж аваад хавирч унагаах гэхээр нь би эргэж хараад цохисон. Тэгтэл Б.Бямбадорж миний эрүү рүү цохисон. Миний эрүү баруун болон зүүн талдаа бяцарч хугарсан. Эрүүний урд тал шугаман хугаралтай, эрүү 3 хэсэг газраа хугарч эрүүгээ хадуулах хагалгаанд орсон...” /хх-15-16/,

Б.Бямбадоржийн сэжигтнээр өгсөн: “...Өглөө нар мандаж байхад усанд орж сэргэцгээе гэхэд Г.Тэмүүжин Б.Баяржаргалыг сэрээхээр явсан. Тэгтэл Б.Баяржаргал уурлаад Г.Тэмүүжинг цохиод толгойгоороо мөргөхөөр нь очиж салгах гэтэл над руу дайраад цохисон. Миний хүрэмний захнаас боогоод доошоо дарсан. Би боолтыг нь тавиулах гээд 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Б.Баяржаргалыг цохисны дараа түүний зүүн талын шанаа нь хавдсан...” /хх-37-38/,

Хохирогч Г.Тэмүүжингийн “...Намайг нүүрээ угаачихаад ирэхэд Б.Баяржаргалын зүүн шанаа нь хавдчихсан байсан...” /хх-18-19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9863 дугаар “...Б.Баяржаргалын биед эрүү ясны хугарал, 1 шүдний булгарал, цээжинд цус хуралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-23/ гэх дүгнэлт,

Б.Баяржаргал нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр Г.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, биед нь “хүзүүний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Г.Тэмүүжингийн “...Би Б.Баяржаргалыг унтаж байхад нь “усанд оръё” гээд түүний гарнаас нь татаад босгох гэтэл учир зүггүй уурлан “унтмаар байна” гээд намайг хоёр удаа нүүр хэсэгт мөргөөд хэд хэдэн удаа гараараа толгой руу цохисон. Би хамгаалж чадаагүй. Тэгтэл Б.Бямбадорж ирж биднийг салгасан. Миний үүдэн хоёр шүд хөдөлж, уруул язарсан...” /хх-18-19/,

Б.Баяржаргалын сэжигтнээр өгсөн: “...Намайг унтаж байтал Г.Тэмүүжин машины цонх хагалчих гээд цохиод байхаар нь “яасан бэ” гэтэл “гол оръё ус бүлээхэн байна” гэхээр нь “унтмаар байна” гэтэл гарнаас байн байн татаад байхаар нь уур хүрээд түүний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Дүгнэлтэд дурдсан гэмтлийг би учруулсан...” /хх-92/,

Шинжээч эмч Г.Номинцэцэгийн “...Дээрх гэмт нь бүгд шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-117/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9760 дугаар “Г.Тэмүүжингийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-25/ гэх дүгнэлт, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/ болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын  шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар Б.Бямбадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, гэж  тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, байцаан шийтгэх  хуулийг зөрчөөгүй байна.

2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Г.Тэмүүжин нь Б.Баяржаргалд ямар нэгэн гомдол, саналгүй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлтээ шүүхэд гаргасны үндсэн дээр хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дах хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Б.Бямбадоржийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 зүйлд заасны дагуу шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Улсын яллагч О.Багшбаяр “...Б.Баяржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байсан...” гэсэн агуулгатай эсэргүүцэл бичжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс (2016 оны 7 дугаар сарын 9) хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно прокурор яллах дүгнэлт (2017 оны 3 дугаар сарын 31) үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн атлаа, шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байсан хэмээн эсэргүүцэл бичсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдвол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны эцэст ял оногдуулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

Шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсний (2017 оны 5 дугаар сарын 3) дараа хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн (2017 оны 8 дугаар сарын 9) тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн төдийгүй нэгэнт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн учир Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс шийтгэх эсвэл цагаатгах тогтоол гаргах ёстой ба шүүгдэгч нь гэм буруутай болох нь нотлогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс шийтгэх тогтоол гаргасан нь хуульд нийцжээ. 

Шүүхээс Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэдэг онцлогтой бөгөөд энэхүү эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Баяржаргалыг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн иргэний үнэмлэхний лавлагаанд “Борогчин овогт Бадамсамбуугийн Бямбадорж” гэсэн байхад яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд “Боргочин овогт Бадамсамбуугийн Бямбадорж”  гэж буруу бичсэн, шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Б.Баяржаргалын ургийн овгийг Шааз Боржигон хэмээн зөв бичсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Боржигон овогт Буян-Өлзийгийн Баяржаргал” гэж тус тус буруу бичсэн алдаа гаргасан байхад улсын яллагчийн эсэргүүцэлд “Б.Баяржаргалын Шааз Боржигон гэх ургийн овгийг Боргочин гэж бичсэн хэмээн эсэргүүцэлдээ мөн буруу бичсэн байх тул шийтгэх тогтоолд буруу бичсэнийг дурдан үүгээр зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч О.Багшбаярын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч О.Багшбаярын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН