| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2017/0297/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2017-07-25 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 546
У.Батбилэгт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Ялтан У.Батбилэг /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан У.Батбилэг, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Батбилэгт холбогдох 201726020514 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Жанжин гүн овогт Ууганцэцэгийн Батбилэг, 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “Lof” цахим тоглоомын газар админ ажилтай, ам бүл 3, эмээ, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 712 дугаар байрны 52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ92032576/,
У.Батбилэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард Аюушийн 2 тоот хашаан дахь нийтийн байрны 37 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “дээрэнгүй харьцдаг” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан Д.Нямдорж, Л.Долгоржав, Б.Цэцэгсайхан нарын амгалан тайван байдлыг алдагдуулан гэрт нь дайран орж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бүргэд хаалга, гал тогооны тек зэргийг зүсэж, Б.Батбаярын биед “зүүн гарын ядам хурууны 1 дүгээр үений зүсэгдсэн шарх, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас У.Батбилэгт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Батбилэгийг хутга хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар У.Батбилэгийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Батбилэгт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан У.Батбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасганд байх нийтийн байрны 02-09 тоот 1 өрөө байрыг нэг жилийн хуагцаагаар түрээслэхдээ түрээслүүлэгч Д.Нямдоржид түрээсийн хөлсөө цалин буухаар өгье гэж тохиролцоод найз охин С.Солонготой хамт түрээсэлж суухаар болсон. Гэтэл байрны эзэн түрээсийн хөлсөө төлөлгүй гуйж орсон болохоор их дээрэнгүй харьцаж, найз охин С.Солонгыг хэл амаар доромжилж байсан. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр С.Солонго, түүний найз С.Мягмаржав нарын хамт караокед сууж байгаад 23 цаг 30 минутын орчим харихаар явж байхдаа 2 ширхэг 0.5 граммын пиво аваад түрээслэж байсан байрандаа очиж ууцгаасан. Би огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй болохоор амархан согтсон. Тухайн үед С.Солонготой маргалдаж байтал гэрийн таазнаас цохиод байсан. Мөн энэ үйлдэл өмнөх өдрүүдэд ч болж байсан болохоор боль гэж хэлэхээр дээд давхарын 37 тоотоос Д.Нямдоржтой уулзахаар түүнийг дуудахад гарч ирээгүй. Тэр үед С.Солонго гарч ирээд намайг аваад орсон. Тэгээд цонхны орчим зогсож байтал мах хэрчдэг хутга байхаар нь Д.Нямдоржийг айлгах санаатай аваад 2 давхар луу гараад хаалгыг хутгаараа удаа дараа цохих үед хаалгаа онгойлгосон. Би дотогш ороод түүнд “...түрээсийн мөнгөө өгнө гэж хэлээд байхад чи байнга биднийг дарамталж дээрлэхлээ...” гэж хэлээд зогсож байтал галч хийдэг Б.Батбаяр миний хутгыг аваад гал тогооны текин дээр тавьсан. Д.Нямдорж, Б.Батбаяр нар намайг унагаан гарыг маань өчсөн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Б.Батбаяр нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, CD бичлэг хоёр зөрүүтэй байдаг учир үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хохирогчийн гарыг санаатай гэмтээгээгүй, уг гэмтэл нь хуучин гэмтэл байсан учир дахин шинжээч томилж өгнө үү. Тухайн үед Б.Батбаяр намайг цохих гээд гараа далайхад нь би зугтсан бөгөөд тэрээр эрчиндээ гараараа хана цохисон. Уг хутгыг би Д.Нямдоржийн гэрт ороод текэн дээр нь шууд тавьсан. Текний хуучин хагарсан байдлыг нарийн тогтоогоогүй, намайг хагалсан гэдэг. Энэ нь хагарсан завсраар нь харласан байдалтай гэрэл зураг авагдсан байдаг. Би 2007 онд тархиндаа гэмтэл авч, 2016 оны өвөл хальтирч унахдаа нүдээ гэмтээн одоо зүүн нүд хараагүй болсон бөгөөд толгой байнга таллаж өвддөг. Одоо Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би эмээгийнхээ хамт Улаанбаатар хотод амьдардаг. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, биеэ зөв авч явна гэдгээ амлаж байна. Иймд хэргийг дахин шалгаж, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү...” гэв.
Ялтан У.Батбилэгийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтад дүн шинжилгээ хийхэд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоолд хэнд холбогдсон тухай нарийвчлан бичээгүй, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгуулах тогтоолын он, сар, өдөр тодорхойгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 171, 173, 174 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн байна.
2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Д.Нямдоржоос авсан тайлбарт “...эхнэр, эхийн хамт гэртээ амарч байхад согтуу хүн ирээд хаалга нүдээд эхэлсэн. Тухайн үед 04 цаг болж байсан. Хаалгаа онгойлоход 9 номерын өрөөний У.Батбилэг гэх залуу гартаа хутга барьчихсан дайраад ороод ирсэн. Намайг харчихаад “алнаа” гээд орилоод байсан. Түүний эхнэр, найз хоёр нь “боль” гэж хориглоод дийлэхгүй байсан. Энэ үед манай галч Б.Батбаяр ирээд түүнийг гэрээс гаргасан. Цагдаад дуудлага өгөөд байж байтал хаалганы цаанаас “алнаа, гөлөгөө” гээд орилоод байсан. 2-3 минут орчим гэрийн хаалга өшиглөж байгаад дахин орж ирээд бид нар луу дайрч байхад нь Б.Батбаяр гараас нь хутгыг нь булааж авсан. Түүнийг дараад сууж байтал цагдаа ирээд аваад явсан. У.Батбилэг намайг цохиж гэмтээгээгүй, ална гээд орилоод байсан. Би биеэ хамгаалж түүнийг дарж хэвтүүлсэн. Бидний дунд өс хонзон байхгүй, би түүнийг түрээсийн төлбөрөө төл л гэж хэлсэн. Гэртээ засвар хийгээд удаагүй байгаа, гэтэл манай гал тогооны текний чулуу завсар гарсан янзлуулмаар байна...”,
2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Б.Батбаяраас авсан тайлбар, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би түүний гарнаас хутгыг салгаж авах гэж байгаад зүүн гарын ядам хурууг зүсэж, баруун гарын чигчий хуруугаа гэмтээсэн. Би түүний араас тэврэхэд хутгатай гараа хойш нь савахдаа гал тогооны чулуун тавцан руу миний гарыг хүчтэй саваад, хутгаа алдахаар нь хутгыг нь холдуулсан. Надтай огт маргалдаагүй. Анх удаа пиво ууж үзэж байгаа гэсэн...”, гэрч Солонгын “...байрны эзэн муухай харьцаатай, хүмүүстэй ширүүн харьцдаг...”, гэрч Д.Ариунболдын “...Нийтийн байрны эзэн гэх хүн буруу харьцаатай хүн шиг байсан. Тухайн үед хутга барьж танхайрсан гэх боловч хутга нь байхгүй, хэн нэгэн бэртэж гэмтээгүй байсан...”, гэрч П.Баянмөнх “...уг залуу ярихдаа нийтийн байрны эзэн нь дээрэнгүй харьцдаг болохоор нь айлгах санаатай байсан гэж ярьж байсан...” гэж тус тус мэдүүлсэн. Гэтэл Б.Батбаяртай ярилцсан бичлэгт байгаа яриа нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй тул тодруулах шаардлагатай байна. Мөн хутга барьж танхайрсан гэсэн атлаа уг хутгыг эд мөрийн баримтаар хураагаагүй нь хэргийг үндэслэлтэй тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм. Сиди бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар авсан боловч шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Эд хөрөнгө гэмтээсэн гэдэг ч хохирлын үнэлгээ гаргаагүй, энэ нь хуучин эвдрэл байсан эсэхийг шалгаагүй. Мөн хохирогч Б.Батбарын биед учирсан гэмтэл нь шинэ эсвэл хуучин гэмтэл эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
У.Батбилэг нь согтуурсан үедээ 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард Аюушийн 2 тоот хашаан дахь нийтийн байрны 37 тоотод Б.Батбаярын биед “зүүн гарын ядам хурууны 1 дүгээр үеийн зүсэгдсэн шарх, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Хохирогч Б.Батбаярын “...2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 23 цагийн үед У.Батбилэг гаднаас пиво аваад гэртээ орж байсан. Тэгээд хамт байсан найзуудтайгаа чанга дуугараад байхаар нь “чимээгүй бай, хүмүүс амарч байна” гэж хэлсэн. Тэгээд буцаад гэртээ ороод хэвтэх гэтэл 2 давхарт хүмүүс орилолдоод байхаар нь 2 давхар луу гарахад өндөр залуу 2 номерийн хаалгыг нүдээд “ална шүү та нар, зүгээр байгаарай” гээд байхаар нь Д.Нямдорж ах бид хоёр тайвшруулаад гэрт нь оруулсан. Гэтэл Д.Нямдоржийн ахынд сууж байтал нөгөө залуу гартаа хутга барьчихсан “ална та нарыг” гээд хаалга өшиглөсөөр байгаад ороод ирсэн. Тэгэхээр нь би араас нь тэврээд авахад хутгатай гараа хойш нь савж гал тогооны чулуун тавцантай тек рүү миний гарыг хүчтэй саваад хутгаа алдахаар нь хутгыг нь холдуулсан. Тэр үед Д.Нямдорж ахын эхнэр цагдаа дуудсан. Миний баруун гарын чигчий хуруу хавдаад ядам хуруу жаахан зүсэгдсэн байсан...” /хх-23-24/,
Хохирогч Д.Нямдоржийн “...Манай нийтийн байранд өрөө хөлслөн суудаг У.Батбилэг 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө гэрт согтуу, хутга барьж орж ирэхээр нь манай эх Л.Долгоржав аргалаад гаргасан. Хэсэг хугацаны дараа дахин хаалга нүдээд эвдээд орж ирсэн. Хутга барьчихсан “та нарыг ална, та нар юу юм бэ” гээд орилоод танхайраад байхаар нь манай галч Б.Батбаяр хутгыг нь авах гээд ноцолдож байхад манай эхнэр Б.Цэцэгсайхан цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд түүнийг аваад явсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Хохирлоо бүрэн барагдуулсан...” /хх-28-29/,
Хохирогч Б.Цэцэгсайханы “...Нийтийн байрны 2 давхарт нөхөр, эхийн хамт амарч байхад хүн орилоод байхаар нь хаалгаа тайлахад 1 давхарын 9 тоотод байдаг У.Батбилэг гэх залуу хутга барьчихсан “та нар надаас түрээс нэхдэг хэн бэ” гээд зогсож байхаар нь “юу болоод байна, боль” гэх үед нөгөө залуугийн эхнэр, найз хоёр орж ирээд аваад гарахаар нь хаалгаа түгжээд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд нөгөө залуу манай хаалгыг өшиглөсөөр байгаад эвдэж орж ирээд манай нөхөр лүү хутгаа далайж байгаад гал тогооны текийг хутгаараа зүссэн. Тэр үед манайд галч хийдэг Б.Батбаяр орж ирээд араас нь гарыг нь барьж авах үед манай нөхөр хутгыг нь аваад түүнийг хэвтүүлсэн. Тэгээд цагдаа нар ирээд түүнийг хутгатай нь аваад явсан. Б.Батбаяр түүнтэй ноцолдож байгаад гараа булгалчих шиг болсон...” /хх-31-32/,
Хохирогч Л.Долгоржавын “...Шөнө 04 цагийн орчим хүү, бэр хоёрын хамт амарч байхад хүн орилоод байхаар нь хаалгаа онгойлготол 1 давхарын 9 тоотод байдаг У.Батбилэг гэх залуу хутга барьчихсан гэрт орж ирэхээр нь бид нар бүгд хойшоо болох үед “та нар надаас түрээс нэхдэг хэн юм бэ” гээд хутга барьчихсан зогсож байхаар нь “юу болж байгаа юм бэ, юун хутга вэ, миний хүү хутгаа тавь” гээд аргадаж байх хооронд түүний эхнэр, найз хоёр орж ирээд аваад гарсан. Тэгээд манай бэр цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд У.Батбилэг хаалга өшиглөсөөр байгаад орж ирээд гал тогооны текийг хутгаараа зүссэн. Тэр үед галч хийдэг Б.Батбаяр орж ирээд гарыг нь араас нь барьж аваад хутгыг нь салгасан. Д.Нямдорж, Б.Батбаяр нар түүнийг шалан дээр хэвтүүлсэн. Удалгүй цагдаа нар ирээд түүнийг хутгатай нь аваад явсан. Надад ямар нэг хохирол учраагүй, Б.Батбаярын гар гэмтсэн...” /хх-34-35/,
Гэрч С.Солонгын “...Бид гурав дэлгүүрээс авсан пивоо уугаад хөзөр тоглож байх үед байрныхаа эзнийг их харьцаа муутай, сонин хүн гэж ярьж байгаад У.Батбилэг бид хоёр маргалдахад У.Батбилэг гараад явахаар нь нэг их анзааралгүй өрөөндөө сууж байтал гэнэт 2 давхарт У.Батбилэг орилоод байхаар нь араас нь очоод болиулах санаатай уг байрны эзэн болох Д.Нямдоржийн гэрт ороход галч Б.Батбаяр, Д.Нямдорж хоёр түүнийг хэвтүүлчихсэн байхаар нь аваад өрөөндөө оруулах гэтэл дахин нөгөө айлын хаалгыг нүдээд “та нар нар яагаад бид нартай нохой шиг харьцаад байдаг юм бэ” гээд орилоод байсан. Удалгүй цагдаа ирээд түүнийг аваад явсан...” /хх-36-37/,
Гэрч С.Мягмаржавын “...Галч гэх Б.Батбаяр орж ирээд “чимээгүй бай, бид нар унтаж амармаар байна” гээд гарсан. Тэгтэл У.Батбилэг “энэ байрны эзэн яах гэж манай эхнэрийг дээрэлхээд байдаг юм” гээд 2 давхар луу гараад байрны эзний хаалгыг нүдээд “гараад ир” гээд орилоод байхаар нь гарах гээд хувцсаа өмсөх хооронд буцаж орж ирээд хутга авахаар нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “хаалгыг нь хөшиж онгойлгох хэрэгтэй байна” гээд 2 давхар луу гүйсэн. Намайг 2 давхарт гарахад У.Батбилэг газар хэвтчихсэн, байрны эзэн түүнийг дарчихсан, Б.Батбаяр хажууд нь зогсож байсан. Удалгүй цагдаа ирээд хутгыг хурааж аваад түүнийг аваад явсан. Галч залуугийн гар нь хавдсан байсан...” /хх-42-44/,
Гэрч Д.Ариунболдын “...Согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу очиход нийтийн байрны 2 давхарт нэг залууг хэвтүүлчихсэн, эзэн нь гэх залуу дээрээс нь дарчихсан байсан. Тэгээд агсам тавьсан гэх залууг эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгсөн...” /хх-45-46/,
Гэрч П.Баянмөнхийн “...Тухайн үед 04 цаг болж байсан. Нийтийн байрны хүмүүс сэрчихсэн, “энэ хүнийг аваад яв, хүн гэмтээчих гээд байна” гэж байсан. Уг согтуу залуу ярихдаа нийтийн байрны эзэн муухай ааштай, байнга дээрэнгүй харьцдаг болохоор нь айлгах санаатай хутга барьсан юм гэж ярьж байсан. Согтуу залуу цагдаагийн алба хаагчийн шаардлагыг сайн биелүүлж байсан. Дуудлага ихтэй байсан учир нөгөө залууг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн...” /хх-47-48/,
У.Батбилэгийн сэжигтнээр өгсөн: “...Би 2 давхарын 37 тоотын хаалгыг нүдээд Д.Нямдоржийг дуудахад гарч ирээгүй. Тэр үед Б.Батбаяр, С.Солонго нар араас гарч ирээд намайг буулгаад 9 номерын өрөөнд оруулсан. Тэгээд цонхны ойролцоо зогсож байтал мах хэрчдэг хутга байхаар нь намайг байнга дээрэлхэж харьцдаг байрны эзэн болох Д.Нямдоржийг айлгах санаатай аваад түүний гэрийн хаалгыг хутгаараа нэг удаа цохих үед хаалгаа онгойлгохоор нь дотогш ороод “чи байнга ингэж дээрэлхэх юм, түрээсийн чинь мөнгийг өгнө” гэж хэлээд гал тогооны текний тавцан хэсэгт нь хутганыхаа урд хэсэгт буюу ир хэсгээр нь хүчтэй дарах үед тек нь зүсэгдчихсэн юм. Тэгээд Д.Нямдорж, Б.Батбаяр нар намайг газар унагаан гарыг минь ард өчсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” /хх-58-59/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн 2381 дүгээр “Б.Батбаярын биед зүүн гарын ядам хурууны 1 дүгээр үеийн зүсэгдсэн шарх, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо, ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-51/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-16/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-19/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх У.Батбилэгийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба У.Батбилэгт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Иймд ялтан У.Батбилэг, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолын:
1 дэх заалтын “У.Батбилэгийг хутга хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,
“У.Батбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар У.Батбилэгийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,
“2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар У.Батбилэгийг 840 нэгжээр буюу 840.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, цагдан хоригдсон 56 хоногийг 840 нэгж буюу 840.000 төгрөгөөр торгох ялтай дүйцүүлэн тооцож, түүнийг торгох ялаа эдэлсэн гэж үзсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, 3, 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. У.Батбилэгийг нэн даруй сулласугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Н.БАТСАЙХАН