Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 118/2019/0011/з |
Дугаар | 221/МА2020/0562 |
Огноо | 2020-09-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0562
“ШЖЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “ШЖЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 38 дугаар зүйлийн 38.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О давж заалдах гомдолдоо: “... “ШЖЧ” ХХК 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр 2018 онд хээрийн хайгуулын ажил хийгээгүй тул орон нутгаас байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөө батлуулах шаардлагагүй болно гэж тайлбарласан. Мөн нөгөөтээгүүр анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж заасан зохицуулалтыг тухайн хэргийн хувьд буруу хэрэглэн дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д зааснаар хайгуулын ажлын явцад байгаль орчны сөрөг нөлөөлөл үүссэн тохиолдолд тайлагнахаар заасан бөгөөд “ШЖЧ” ХХК-ийн хувьд хайгуулын ажлын явцад байгаль орчны сөрөг нөлөөлөл үүссэн зүйлгүй, хайгуулын ажлын тайланд мөн энэ талаар тайлагнасан байдаг.
... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 355 дугаар магадлалаар “Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэнэ. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг нэг мөр тогтоож, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.
Мөн түүнчлэн "ШЖЧ” ХХК нь 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах иргэн Н.Ц-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0516 дугаар магадлалаар нэхэмжлэгч компани 2016 онд тусгай зөвшөөрлөө сунгуулахдаа Ашигг малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тул тусгай зөвшөөрлийг сунгасан гэж дүгнэсэн буюу энэ нь нэхэмжлэгч компани 2016 оноос өмнө бүх тайлан, төлөвлөгөөгөө хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулж үүргээ биелүүлсэн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр юм.Нэхэмжлэгч компани нь Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын тайланг хайгуулын ажлын тайлангийн хамтаар гаргаж, 2016, 2017, 2018 оны тайлангуудыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан бөгөөд энэхүү тайланг байгаль орчны улсын байцаагч Р.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, албаны тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Үүгээр хариуцагч Сумын засаг дарга нь уг тайланг мөн хүлээн авч байсан болох нь шалтгаант холбоогоор тогтоогдох боломжтой юм.... өмгөөлөгч миний бие эрүүл мэндийн байдлын улмаас 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг нэхэмжлэгч компани болон түүний өмгөөлөгчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 355 дугаар магадлалд заасан ямар ажиллагааг хийсэн болохыг нэхэмжлэгч компанид танилцуулаагүй, уг ажиллагааг хийсэн бол мэдэгдэж оролцох боломжоор хангаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байна. Хэрэв хариуцагч Засаг дарга нь “ШЖЧ” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Тодорхойлолт санал авах тухай” 07/08, 07/09 дугаар албан бичгүүдэд дурдсан асуудалд нухацтай хандаж, хуулиар тогтоосон журмын дагуу үүргээ биелүүлж ажиллан, хүсэлт гаргагчаас холбогдох тайлан, төлөвлөгөө, тайлбар зэргийг гаргуулан авах, өөрийн сумын тухайн асуудлыг хариуцсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын байгаль орчны улсын байцаагч Р.М-аас тайлбар тодруулга авах, аймгийн Мэргэжлийн хяналтын алба, Аймгийн засаг даргын тамгын газар, байгаль орчны хяналтын байцаагч, Ашигт малтмал газрын тосны газар, харьяалах яам зэрэг газруудаас баримт материал цуглуулах эрх, үүргээ хэрэгжүүлсэн бол шүүхээр асуудал шийдвэрлүүлэх хэмжээнд хэрэг үүсэхгүй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хамаарах хэргийн оролцогчдын тайлбарт дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ШЖЧ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 12596X дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдсэн “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан” тухай тодорхойлолтыг гаргуулахаар хариуцагч Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад хандсан, хариуцагчаас тус тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзаж, үндэслэлээ “...хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон 2007 оноос хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж байгаагүй, төлөвлөгөөний тайланг огт ирүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тодорхойлолт өгөх боломжгүй” гэж тайлбарласан.
Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” гэж заасан.
Үүнээс үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан” талаарх тодорхойлолтыг хайгуулын үйл ажиллагаа явуулсан бүхий л цаг хугацаанд буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлснээс хойш хамааруулан тооцохоор байна.
Гэтэл хэрэгт нэхэмжлэгч “ШЖЧ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 12596X дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил хийхдээ байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх ямар үйл ажиллагаа явуулсан болох, тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 2007-2019 онуудад байгаль орчныг хамгаалах, хайгуулын ажлын явцад үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажилласан талаарх баримт бүрэн авагдаагүй, үүний улмаас давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “ШЖЧ” ХХК-ийг “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлээгүй” хэмээн тодорхойлолт өгөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзалд дүгнэлт хийх боломжгүй байна.
Хариуцагчаас “...2012, 2016-2019 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, бусад хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, тайланг ирүүлээгүй” гэж тайлбарласнаас үзвэл байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж, тайланг ирүүлсэн бол “...хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэнд тооцно” гэж үзээд байгаа юм уу, эсхүл байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүний улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж тайлбарлаад байгаагийн аль нь болох нь тодорхойгүй байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан, ийнхүү анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “...байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан эсэх, тайланг ирүүлсэн эсэх” талаар дүгнэснээс өөрөөр маргааны үндсэн үйл баримт болох тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаар огт дүгнээгүй орхигдуулжээ.
Түүнчлэн хариуцагчийн “...хайгуулын талбайд 2012, 2016-2019 онуудад ажил хийгдээгүй” гэсэн тайлбарт дүгнэлт хийгээгүй, хэрэв тухайн онуудад хайгуулын ажил хийгдээгүй бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж татгалзах үндэслэл болох эсэх, мөн хэрэгт авагдсан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.М-аар хянуулсан 2016-2018 онуудын байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ, Маягт-7 гэх баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна.
Иймд өмнө нь энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн 355 дугаар магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, 12596X дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2007-2019 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлээгүй болохыг хариуцагч ямар баримтаар тогтоосон болохыг тодруулж, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай.
Мөн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг өмнө нь батлуулаад тайланг ирүүлж байсан, тэр баримтуудыг мэргэжлийн хяналтын байгууллага авсан” гэсэн байх тул 2007-2015 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж байсан эсэхийг нэг мөр тогтоох, хэрэв тухайн онуудад хайгуулын ажил хийгдэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахгүйгээр байгаль орчинд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсан бол хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхийг тодруулах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч “ШЖЧ” ХХК-иас “...тодорхойлолт өгөхөөс татгалзсан эс үйлдэхүй”-д холбогдуулан маргах боловч хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар албан бичгээр тодорхойлолт өгөхөөс татгалзсан хариуг нэхэмжлэгчид өгсөн байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлуулж, хууль бус эс үйлдэхүй эсхүл татгалзлын алинтай нь маргасан болох талаар тодруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...хэргийн материал танилцуулаагүй, шүүхээс явуулсан ажиллагааг танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй” гэх гомдлын тухайд,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 30 дугаар зүйлийн 30.3.1-д зааснаар хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогч, түүний өмгөөлөгчийн эрх бөгөөд анхан шатны шүүхээс тэдгээрийн хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан болох нь тогтоогдохгүй байх тул хуулиар олгогдсон эрхээ эдлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй.
Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт мэдэгдсэн байхад шүүх хуралдааныг товлосон болохыг мэдсээр атлаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О шүүх хуралдааны товыг лавлаагүй, мөн “хөдөө явсан тул утас холбогдоогүй байх” гэж тайлбарласан байх ба шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН