Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0561

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан нэхэмжлэгч Б.Бээс гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 тоот тушаалын 1.5 дахь заалтын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр олгогдоогүй саатуулсан 6 902 952 төгрөгийн тэтгэвэр, тус дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон 1 210 381 төгрөгийн алданги нийт 8 113 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, шүүхийн шийдвэр гарснаас хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр тооцон олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч хууль бус захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах", мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно" гэх, мөн хуулийн 15 дугаар зүйлийн заалтаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид эдлүүлэхээр заасан эрхийг тус тус зөрчжээ. Ингэснээр улсын байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэх заалтаар захиргаа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар заавал урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналыг авч, сонсох ажиллагаа явуулсны дараа шийдвэр гаргах үүргийг хуульчилсан байтал хуулиар тогтоосон тус үүргийг илтэд зөрчиж, хэрэгжүүлэлгүйгээр А/68 дугаар тушаалыг гаргасан нь хууль бус болсон байтал шүүх энэхүү зөрчлийг үл харгалзан, Захиргааны ерөнхий хуулийн дурдсан хэм хэмжээг үл хэрэглэн шийдвэр гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахаасаа өмнө сонсож, шалгавал зохих бүхий л ажиллагаагаа шүүхээр гүйцэлдүүлж буюу шүүхээр баримтыг бүрдүүлүүлсэн байдлаар эргэлзээгүй нотлогдож байтал шүүх тус баримтыг үл харгалзан Захиргааны ерөнхий хуулийн дээр дурдсан хэм хэмжээг үл хэрэглэн шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б "Лг” ХХК, “БЭЭД” ХХК, “Эгэ” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэн, цалин хөлс авч, ийнхүү авч байсан цалин хөлснөөс хуульд заасан журам, хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан үйл баримт эргэлзээгүй нотлогдож буй тухай дүгнэсэн атлаа дор дурдсан хуулийг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь хэсэгт зааснаар удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ажил эрхэлсэн гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн тус заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсгийн заалтаар “...жилийн орлого нь 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно” гэж заасан байтал тус заалтыг хэрэглээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг болсон. Мөн түүнчлэн, хэрэв шүүх нэхэмжлэгчийг давхар ажил эрхлэхдээ эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй гэж үзэж, дүгнэж буй бол энэ нь зохих хууль тогтоомжоор хариуцлага хүлээж болохоос биш харин нэхэмжлэгчийн бодитойгоор төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үгүйсгэх, тэтгэврийг бууруулах хариуцлага хүлээлгэх үндэслэл огт болохгүй болно. Шүүх тус дүгнэлт бүхий шийдвэрээрээ “нэхэмжлэгч Б.Б-ийг эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүй давхар ажил эрхэлсэн нь буруу” хэмээн хууль заагаагүй “түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг үгүйсгэж, тэтгэврийг бууруулах” хариуцлага хүлээлгэсэн нь хууль дээдлэх зарчимд харшилсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан журмын дагуу цалин хөлсөө үнэн зөв мэдүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Авлигын эсрэг хуулиар тогтоосон “хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага”-ын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг хуульд хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлээгүй этгээдэд тус хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр зааснаас биш Нийгмийн даатгалын тухай хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй. Нийгмийн даатгалын хуульд “хөрөнгө орлогоо мэдүүлээгүй бол тэтгэврийг бууруулан тогтоох” тухай зохицуулалт огт байхгүй байхад шүүх ийнхүү илт үндэслэлгүй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх дээр дурдсанчлан, Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон “...шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй” гэх үндсэн зарчмыг зөрчсөн, хууль хэрэглээний илт алдаатай шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар тушаалаар “тэтгэвэр тогтоолгох цалингийн дунджийг нэмэгдүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон албан тушаалд давхар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Б.Б-т ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс, орлогоос төлсөн шимтгэлийг буцаан олгож, уг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хассан хэмжээгээр тэтгэвэр тогтоосон 5 жилийн дундаж цалинг бууруулах тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн тогтоож олгох”-ыг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон. Үүний дагуу Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар актаар нэхэмжлэгч Б.Б-ийн тэтгэврийн хэмжээг бууруулан тогтоожээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Б нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэст нийгмийн хамгааллын улсын байцаагчаар ажиллаж байхдаа үндсэн ажлынхаа зэрэгцээ эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “БЭЭД” ХХК-д 2012 оны 01 дүгээр сараас 2016 оныг 12 дугаар сарыг хүртэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эгэ” ХХК-д 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл, автозасварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лг” ХХК-д 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл тус тус нягтлан бодогчоор давхар ажиллаж, эдгээр цалин хөлснөөс аль алинд нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид дээрх үйл баримтын тухайд болон тэтгэвэр бууруулан тогтоосон тооцооллын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс “...эдгээр компаниудад санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах хориглосон албан тушаалд хамаарахгүй, тэтгэврийг өөрчлөн тогтоох үндэслэл болохгүй” гэж маргасан байна.

Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан “БЭЭД” ХХК, “Лг” ХХК, “Эгэ” ХХК-уудын санхүүгийн анхан шатны баримтуудаар[1] нэхэмжлэгч Б.Б нь нягтлан бодогчийн ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байсан байх ба мөн эдгээр компаниудын гүйцэтгэх захирлын гэрчээр өгсөн мэдүүлгээр энэ нь давхар нотлогдсон байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “ ... бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно” 18.5.1-д “хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил”, 18.5.2-т “багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил”, 18.5.3-д “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг”, 18.6-д “Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно” гэж зааснаас өөр ажил, албан тушаалыг нийтийн албан тушаалтанд давхар эрхлэхийг хориглосон,

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Б.Б нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа дээрх компаниудад нягтлан бодогчоор давхар ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчийн хориглосон үйл ажиллагаанаас орлого олж, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх тул хуулиар хориглосон албан тушаалын цалин хөлснөөс төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлд үндэслэн тэтгэвэр тогтоосон үндэслэлээр түүний тэтгэврийн хэмжээг бууруулан тогтоохоор шийдвэрлэсэн маргаан бүхий акт үндэслэлтэй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс “...шүүх нэхэмжлэгчийг давхар ажил эрхлэхдээ эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй гэж үзэж, дүгнэж буй бол энэ нь зохих хууль тогтоомжоор хариуцлага хүлээж болохоос биш харин нэхэмжлэгчийн бодитойгоор төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үгүйсгэх, тэтгэврийг бууруулах хариуцлага хүлээлгэх үндэслэл огт болохгүй” гэж маргасныг хүлээн авах боломжгүй, учир нь шүүхээс хууль ёсоор үүссэн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх боломжтой юм.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч ашгийн төлөө хуулийн этгээдэд нягтлан бодогчийн ажлыг давхар хавсран гүйцэтгэх нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-д “...бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх албан тушаал” гэж заасанд хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байгууллагын нягтлан бодогчийн орон тоог ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэдэг байнгын ажлын байр гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн “...сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал гаргах боломж олгоогүй” гэх давж заалдах гомдлын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б-т тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байсан хэдий ч нэгэнт хуулиар хориглосон албан тушаал хавсран гүйцэтгэж олсон цалин хөлснөөс шимтгэл тооцож, тэтгэвэр тогтоолгосон нь тогтоогдсон энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй байх тул маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 


[1] “Би Эс Энд И” ХХК – 2хх-173-232

   “Эзэн говийн элс” ХХК – 3хх-02-54

   “Логийн говь” ХХК – 3хх-98, 103