Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 274

 

Б.Отгонжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 482 дугаар магадлалтай, 201624000242 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Арвайхээр овогт Батмөнхийн Отгонжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ганболд, шүүгдэгч Б.Отгонжаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Х.Отгончимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Б.Отгонжаргал нь хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж өөрийн гэм бурууг гүнээ ойлгон ухамсарлаж байна. Б.Отгонжаргал нь анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн ялыг хүндэдсэн ял шийтгэл гэж үзээгүй. Хууль хяналт, цагдаа, шүүхийн байгууллага ямар үнэн шударга шүүдэг болохыг тэрээр маш сайн ойлгож өөрийн асрамжинд байгаа 70 настай эцэг болон бүтэн өнчин 13 настай дүү нарыг минь надаас өөр харж хандан асрах хүн байхгүй, ар гэрийн байдлыг минь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгөхийг хүсэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх ялыг нь хэвээр үлдээлээ. Б.Отгонжаргал нь өөрийн хийсэн алдааг ойлгож, нэн даруй хохирогчоос уучлалт гуйж өөрийн гэмийг ухаарч хохирол төлбөрийн асуудлыг боломжийн хэрээр шийдвэрлэж, иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатарын авто машины хохирлыг бүрэн төлж барагдуулан, хохирогч Б.Ганболдын эмчилгээний зардалд гарсан 1,500,000 төгрөгийг бүрэн барагдуулсан байх ба мөн Б.Отгонжаргалын эцэг өндөр настан н.Батмөнх нь хохирогч Б.Ганболдод ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3,000,000 төгрөгийн хохирлыг нэмж барагдуулсан байна. Энэ байдлаас харахад Б.Отгонжаргал түүний ар гэрийн зүгээс бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөр, эмчилгээний зардлыг сайн дураараа барагдуулаад зогсохгүй хохирогч болон түүний гэр бүлийн гишүүдээс уучлалт гуйж, эргэж тойрч үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн ухамсарлан ойлгож, учруулсан хор уршиг үр дагаврыг арилгасан байна.

Авто аваар болон хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэмт хэрэг гэдэг маань урдаас төлөвлөж хүсэж зориуд үйлдсэн санаатай хэрэг биш, хайхрамжгүй, болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Шүүгдэгч Б.Отгонжаргал нь эрх зүйн мэдлэггүй, аймхай хулчгар зангаасаа болоод өнөөдөр ялтан болж, торны цаана сууж байна. Мөн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь: энэ хэргийг давтан үйлдсэн, бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн байдлаар тодорхойлогдоно. Шүүгдэгч Б.Отгонжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь дээр дурдсан хүндрүүлэх нөхцөл байдлын шинжийг агуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Отгонжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, ямар нэгэн шахалт хавчилт албадлагагүйгээр өөрийн ухамсраар гэм буруугаа чин санаанаасаа гэмшсэн, мөн хохирогчийн гомдолгүй гэсэн өргөдөл, өндөр настай эцэг, бүтэн өнчин дүү нар болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг үндэслэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Б.Отгонжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 109 дүгээр байрны гаднах авто зогсоолын замд “Hyundai Sonata-6” загварын, 31-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчин иргэн З.Оюунбаатарын эзэмшлийн “Toyota Prius”  загварын, 70-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 41,400 төгрөгийн шууд хохирол, нийт 62,100 төгрөгийн хохирол учруулж, мөн дүрмийн 2.5-д заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

мөн уг осол болсон газраас зугтаахдаа зохих шаардлага тавьсан иргэн Б.Ганболдын гарыг тээврийн хэрэгслийнхээ хаалганы шилэнд хавчуулан 500 метр орчим газар чирч бие махбодид нь зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн тохой, ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,  автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Отгонжаргалд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Б.Отгонжаргалыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх нь хэргийг хянан шийдвэрлэж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд уг зохицуулалтыг хэрэглээгүйг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх, тухайн хэрэгт заавал хэрэглэвэл зохих хууль гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь хохирогчид учруулсан хохирол болох эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалинг төлж барагдуулсан хэдий ч шинжээчийн дүгнэлтээр хохирогчид биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарахаар байгаа тул гэм хор бүрэн арилсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 482 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР