Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0543

 

2020 оны 09 сарын 16 өдөр           Дугаар 221/МА2020/0543                          Улаанбаатар хот

Д.У-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Д.У-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер, аудитор нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, аудитор Г.Б нарт холбогдох “Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 тоот актын Д.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч Д.У 40 гаруй жил нийгмийн даатгал, ажилгүйдлийн даатгалд цалингаасаа байнга төлж байсны үр дүнд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Од цогцолбор сургуулийн захирлын үүрэгт  ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Мөн өдрөөс Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд 1,402,940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан. Шүүхийн шийдвэр, магадлал тогтоолоор 2015 оны 07 дугаар сараас ажилд эргүүлж томилж бүтэн 3 жил ажилгүй байсан хугацаанд 1,402,940 төгрөг авч хувьдаа зарцуулсан үнэн. Харин ажилдаа ороод цалингаа нөхөж авсан бас үнэн.

Гэтэл 7 жилийн дараа Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 дугаар актаар Д.У-д 1,402,940 төгрөг төлүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолын дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6, 5.6-д заасныг баримталсан нь буруу, хууль буцаан хэрэглэх зарчим байхгүй талаар нэхэмжлэл гаргаж актыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

Гэтэл шүүх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Журам шинэчилж батлах тухай 22 дугаар тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6, 5.6-д заасныг баримталсан нь буруу, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 74/01 дугаар акт эрх зүйн хувьд алдаатай гэж шүүх үндэслэх хэсэгтээ дүгнэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлжээ ... гээд шүүх захиргааны 74/01 дугаар актын хавсралтад дурдсан 10 иргэний 9-өөр нь 2,914,239 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлж байхад нэхэмжлэгч өөрт нь холбогдох 1,402,940 төгрөгийг төлөөгүй байгаа нь шударга байх, тэгш байх зарчимд нийцээгүй байна гэж үндэслэх хэсэгт хоёр өөр утга агуулгатай шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т зааснаар захиргааны 74/01 тоот акт илт хууль бус болох нь тогтоогдсон тухай шүүгч үндэслэх хэсэгт заасан. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 дугаар актыг хуульл зөрчиж гаргасан учир актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг шүүгч үгүйсгээгүй. Захиргааны 74/01 дугаар акт эрх зүйн хувьд алдаатай, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6, 5.6-д заасныг баримталсан нь буруу гэж шүүх үндэслэх хэсэгтээ заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 (Б) дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн захирал Д.У-г 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ.

Нэхэмжлэгч Д.У-с 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 1,402,940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна.

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 дугаар актаар Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг  шүүхээс  тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож  зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ” гэж заасны дагуу “эгүүлэн томилогдсон 1 иргэнд 1.4 сая ... төгрөг олгосныг ажилгүйдлийн даатгалын санд буцаан төлүүлээгүй” гэсэн үндэслэлээр буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6, 5.6-д заасныг баримталсан нь буруу, хууль буцаан хэрэглэх зарчим байхгүй талаар нэхэмжлэл гаргаж актыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан” гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 6 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах ... өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана” гэж тус тус заажээ.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтой тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө гаргах бөгөөд өргөдлөө гаргасны дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж олгохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, даатгуулагч ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсч, ажилгүй байх үед нь тодорхой хугацаанд тэтгэмж олгох зорилготой байна.

Гэтэл Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэрээр Д.У-г Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2,961,540 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 367 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Д.У ажилгүйдлийн тэтгэмж авсны дараа түүнийг ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажлаас халагдсан өдрөөс нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг түүнд олгосон байна.

Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл үүсгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсгэсэн шийдвэр хүчингүй болж, үр дагавар нь арилсан тул өмнө олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь зөв болжээ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авсан боловч энэ хугацаандаа мөн ажилгүйдлийн тэтгэмж авсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч шийдвэрт нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 1, 7 дугаар зүйлийг баримталсан нь буруу, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт нь маргаж буй харилцааг шууд зохицуулаагүй, маргааны үндэслэлийг шийдвэрлэхэд хэрэглэгдэхээргүй байх тул залруулсан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Д.У-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, аудитор Г.Б нарт холбогдох “Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 тоот актын Д.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ