Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00170

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/01730 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2108 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ч” ХХК болон Ө.Г нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн “Чандмань бар” ХХК, “Вато” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны УБ-14/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ө.Ганбат, хариуцагчийн төлөөлөгч Ю.Алтайхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, Н.Нарантуяа, хариуцагчийн төлөөлөгч Ю.Алтайхүү, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани “Чандмань бар” ХХК-ийн захирал Н.Алтайхүүтэй 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр анх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт сарын хугацаанд үргэлжилсэн ажил бөгөөд ажлаа гүйцэтгэж дуустал ямар нэгэн саад байгаагүй. Нэг м.куб шороо зайлуулах ажлыг 4 000 төгрөгөөр тохиролцож, нийтдээ 24 000 м.куб шороо зайлуулсан бөгөөд энэ нь 96 000 000 төгрөг болж байгаа. Үүнээс бид ажлын явцад тодорхой хэмжээний мөнгө авч, ажлын төгсгөлд 55 000 000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 41 360 880 төгрөг байгаа.

Бид илүү хийсэн ажлаа нэхэмжлээгүй, хийсэн ажлынхаа тухайн үедээ тохиролцсон мөнгөө авах хүсэлтэй байна. Энэ бол тухайн үеийн зах зээлийн буюу дунджаас доогуур ханш. Иймд 41 360 880 төгрөгийг “Чандмань бар” ХХК-иас гаргуулъя. Хамтран хариуцагч Ө.Ганбат нь өөрөө компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарладаг учраас түүнийг татах хүсэлгүй, татгалзаж байна. Хариуцагч “Чандмань бар” ХХК нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэж тайлбарладаг тул компаниас нь гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Чандмань бар” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр газар шороон ажлын 1 м.кв нь 4 000 төгрөг байх талаар заагаагүй. Уг гэрээгээр Түмэн-Амгалан төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн шороо буюу котлован ухаж зайлуулах ажлыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 48 000 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаанд нь 5 000 000 төгрөг өгч, ажлыг 1 сарын дотор хийж дуусгана, хэрэв энэ ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй бол алданги төлөхөөр заасан. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн энэ гэрээний дагуу 48 000 000 төгрөгийг “Вато” ХХК-д өгсөн Түмэн-Амгалан төслийн хүрээнд баригдах Жанжин клубын зүүн урд талд байрлах хоёр барилгын суурь шороог зайлуулах ажлын захиалагч нь Монгол Туркийн хамтарсан Гранд лайн гэдэг компани, гүйцэтгэгч нь Фэйм интернэшнл компани бөгөөд эдгээр компаниудын хороонд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Түүнээс биш энэ барилгын суурийн ажлыг хийхээр “Чандмань бар” ХХК болон “Вато” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг Грайнд лайн компани хийгээгүй. Үндсэндээ “Чандмань бар” ХХК, “Вато” ХХК нар хоорондоо хууль зөрчиж, гэрээ хийх эрхгүй этгээдүүд гэрээ хийсэн. Гэсэн хэдий боловч “Чандмань бар” ХХК-ийн тухайд “Вато” ХХК-д гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж дуусгасан.

Үлдсэн ажлыг хийх талаар “Вато” ХХК болон “Чандмань бар” ХХК нарын хооронд гэрээ хийгдээгүй. Хичнээн м.кв талбайг, ямар үнээр, ямар хугацаанд хийж гүйцэтгэх талаар ямар ч гэрээ хийгдсэн зүйл байхгүй. Тэгэхээр хийх ажил болон үнэ нь тодорхой биш ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Барилгын тухай хуульд зааснаар барилга захиалагч болон барилгын ажил гүйцэтгэгчийн талаар хуульчилж өгсөн. “Чандмань бар” ХХК болон “Вато” ХХК-ийн аль аль нь тухайн барилгын захиалагч ч биш, гүйцэтгэгч ч биш. Тиймээс нэхэмжилж байгаа 41 360 880 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнийг “Чандмань бар” ХХК хариуцах үндэслэлгүй. Гэрээний дагуу хийсэн ажилд 48 000 000 төгрөгийг өгсөн, авснаа “Вато” ХХК хүлээн зөвшөөрдөг.

Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ганбат шүүхэд гаргасан  тайлбартаа:

Миний гарын үсэг зурж байгуулсан гэрээнд заасан үүргээ хоёр тал харилцан биелүүлж, нэг нь хийх ёстой ажлаа хийж, нөгөө нь өгөх ёстой мөнгөө өгчихсөн. Илүү хийгдсэн гэх ажлыг ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хоёр тал зөвхөн бичгээр тохиролцож шийдвэрлэнэ. Энэ дагуу гэрээнд дахин нэмэлт оруулж байж захиалагч, ерөнхий захиалагч нар хоорондоо ярилцаж байж шийдвэрлэх учиртай. Тийм учраас байгуулагдсан гэрээний дагуу үүргээ биелүүлсэн гэж бодож байна. Хэрвээ илүү ажил хийгдсэн, илүү мөнгө гэж “Вато” ХХК нэхэж байгаа бол дахин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, талууд баталж, хугацаа болон үнэ өртөгөө дахин тохиролцож байж шийдэгдэх учиртай. Тухайн үед гэрээ байгуулагдахад би “Чандмань бар” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тэтгэвэртээ гарсан.

Гэрээг ерөнхий захирал Н.Алтайхүү тухайн үед гэрээнд давхар гарын үсэг зурж батлах боломжгүй байсан болохоор ярьж байгаад би гэрээнд гарын үсэг зурж, гэрээг хийсэн. Тэр мөнгийг “Чандмань бар” ХХК хүлээн аваагүй учраас төлөх ямар ч боломжгүй, “Чандмань бар” ХХК авчихаад өгөхгүй байгаа юм шиг тайлбарлаад байна. Үүнийг аваагүй гэдгийг “Вато” ХХК-ийн захирал Э.Баярсайхан сайн мэдэж байгаа. Тухайн үед нь уулзаж ярьж байсан. Хамгийн сүүлд нь захирал Н.Алтайхүү өөрийнхөө санхүүжилтээс мөнгө өгсөн юм билээ. Одоо болтол “Чандмань бар” ХХК нь тэр компаниасаа төлбөрөө авч чадахгүй, өртэй явж байгаа. Түүнээс “Вато” ХХК-ийн хийсэн ажлын мөнгийг авчихаад өгөхгүй хүндрүүлж байгаа зүйл огт байхгүй. Энэ нь “Чандмань бар” ХХК-д ямар хэмжээний мөнгө, ямар зорилгоор гарч байсан талаарх Гранд лайн компаниас гаргасан жагсаалт дотор суурийн ажилд 48 000 000 төгрөг бичигдсэн байсан. Түүнийг 100 хувь төлсөн, бүр илүү давуулж өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч “Чандмань бар” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Гранд лайн” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжин клубын зүүн урд баригдаж буй Түмэн-Амгалан барилгын суурийн газар шорооны ажлыг гүйцэтгэх гэрээ нь “Гранд лайн” ХХК болон “Фэйм интернэшнл” ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээгээр 12 000 м.кв газар шорооны ажлыг 48 000 000 төгрөгөөр “Фэйм интернэшнл” ХХК гүйцэтгэх байсан. Тийм учраас “Фэйм интернэшнл” ХХК нь гэрээний үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх байгаагүй, мөн албан ёсоор шилжүүлээгүй тул “Вато” ХХК болон “Чандмань бар” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр УБ-14/01 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ гэрээнд “Чандмань бар” ХХК-ийг төлөөлж Ө.Ганбат гарын үсэг зурах эрхгүй этгээд байсан. Мөн “Чандмань бар” ХХК нь гүйцэтгэгч биш учраас энэ газар шорооны ажлыг гүйцэтгэх эрх бүхий этгээд биш атлаа “Вато” ХХК-тай гэрээ байгуулсан.

Иймд энэ гэрээг гэрээ хийх эрхгүй этгээд хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д зааснаар барилгын ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэдэг. Талбайг бэлтгэнэ гэдэг нь тухайн талбайг цэвэрлэх, суурь ухахаас эхлээд бүрдэл хэсгийг гүйцэтгэж, угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Энэ барилгын ажил нь өөрөө “Гранд лайн” ХХК-ийн төслөөр авсан буюу захиалагч нь “Гранд лайн” ХХК бөгөөд газар шорооны ажил гүйцэтгэгчид “Фэйм интернэшнл” ХХК байсан. Бид холбогдох гэрээг сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхэд гаргаж өгсөн. Хуулийн дагуу “Вато” ХХК болон “Чандмань бар” ХХК-ийн хэн хэн нь барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн аль нь ч биш. Хэн хэн нь дураараа хоорондоо гэрээ байгуулсан. Харин байгуулсан гэрээний дагуу 12 000 м.куб талбайн ажил гүйцэтгэж, нөгөө нь хөлсийг нь өгсөн. Хэрэв илүү маргах юм бол тэр мөнгийг буцаагаад “Гранд лайн” ХХК-д аль аль нь гаргаж өгөх үндэслэл байгаа. Түүнээс биш бид дураараа зохиож, эсвэл өөрсдөө барилгын ажлын захиалагч нь байж байгаад гүйцэтгэсэн ажлын хөлсөө гүйцэтгэгчид төлөхгүй байгаа биш. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 48 000 000 төгрөгийг өгчихсөн. Хичнээн төгрөгийн ямар талбайд, ямар ажил гүйцэтгэх талаар ямар ч гэрээ хэлцэлгүй мөнгө нэхэмжилж байна.

Иймд тухайн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэдэг үүднээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч “Вато” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Анх гэрээ хийж байхад “Гранд лайн” ХХК, “Фэйм интернэшнл” ХХК-иуд дурдагдаж байгаагүй, ерөөсөө мэдэхгүй. “Чандмань бар” ХХК болон манай “Вато” ХХК-ийн нарын хооронд хийгдсэн гэрээний ажил яригдаж байхад хариуцагч тал захиалагч нь биш, хууль бус гэх мэт баримтгүй, хийсвэр зүйл ярьж байна. Жишээ нь “Гранд лайн” ХХК-ийнхан “Чандмань бар” ХХК-ийнхантай уулзаад та нар нэг компани олж ирээд энэ ажлыг хийлгэчих, тэгээд мөнгийг нь өгөхгүйгээр шүүхээр маргаан үүсгэж, захиалагч нь “Чандмань бар” ХХК биш юм байна гэдэг энэ үндэслэл гаргаж ирэх санаатай зохион байгуулалттай зүйл юм шиг санагдаж байна.

Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/01730 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Вато” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Чандмань бар” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагч “Чандмань бар” ХХК-иас 41 360 880 төгрөгийг гаргуулж, “Вато” ХХК-д олгож, хамтран хариуцагч Ө.Ганбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Чандмань бар” ХХК-ийн нэхэмжлэгч “Вато” ХХК-д холбогдох “Чандмань Бар” ХХК, “Вато” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны УБ-14/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364 754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 46 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “Вато” ХХК-д олгож, хариуцагч “Чандмань бар” ХХК-иас 364 754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Вато” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “Чандмань бар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2108 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/01730 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “344 дүгээр зүйлийн 344.1” гэснийг, 2 дахь заалтаас “56.1.5” гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Чандмань бар” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хэд хэдэн үндэслэл байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Чандмань Бар” ХХК-ийн захирал Ю.Алтайхүүтэй гэрээ байгуулсан, гэрээнд шороо зайлуулах ажлыг метр кубын үнэ 4000 төгрөг, 24000 метр куб шороо зайлуулахаар тохиролцсон гэх мэтээр огт үндэслэлгүй худал зүйл бичиж нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 62 дугаар зүйл, 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаар нотолсон үйл баримт байхгүй байхад шүүхээс хууль зүйн буруу үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэсэн. 3охигчдын маргаж байгаа УБ-14/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд “Чандмань Бар” ХХК-ийг төлөөлж Ө.Ганбат дэд захирлын албан тушаалд байхдаа гарын үсэг зурсан байх ба мөн ажлын гүйцэтгэлд гарын үсэг зуржээ. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 64.2.1, 64.2.2-т заасан хуулийн шаардлагуудыг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн гүйцэтгэх захирал санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан тул дэд захирал Ө.Ганбатад ажлыг хүлээн авах эрх олгогдоогүй байхад гарын үсэг зурсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Барилгын суурь ухах ажлын жинхэнэ захиалагч нь “Грандлайн” ХХК бөгөөд “Грандлайн” ХХК нь өөрийн компанийн Туркийн мэргэжилтэн талбайн даамал Осман, Талбайн геодезист Зеркан, барилгын инженер Ахмед, хяналтын инженер Наранбаатар төслийн удирдагч Редван бей нарын хүлээж аваагүй ажлыг тэдний зөвшөөрөл, гарын үсэггүй хүчин төгөлдөр бус актыг нэхэмжлэгч нь төлөөлөх эрхгүй этгээд Ө.Ганбатаар зуруулан гаргаж өгч байхад шүүх үндэслэх гол нотлох баримт болгож хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 116.2-т заасныг зөрчин хэрэг буруу шийдвэрлэсэн байна.

Үүнд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Вато” ХХК-ийн ухсан ажлын хэмжээг тогтоолгохоор “Инжкон” ХХК барилгын Хот байгуулалтын Яамны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон ЗТ19-196/16 дугаартай барилгын зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй компаниар тус ажлыг хүлээн авсны дараа бүтэн 2 жил гаруйн хойно гарсан эрхийн актыг үндэслэн нотлох баримт болгосон, шүүгч гэрчээр асуусан О.Сумьяабазарын мэдүүлэгт гарын үсэг зураагүй атлаа мөн нотлох баримт болгосон, “Вато” ХХК-ийн захирал Ю.Алтайхүүд мэдэгдэхэд хэмээн хариуцагч нэхэмжлэгчийг хольж бичиж утгын алдаа гаргасан, нэхэмжлэгч нь шороо ухах ажлыг 2014.05.17-ны өдрөөс 2017.05.26-ны өдрийн дотор хэмээн 2 жил ажил гүйцэтгэсэн мэтээр алдаа гарган хэргийг шийдвэрлэсэн зэрэг ноцтой зөрчлүүд байгаа болно.

Талуудын хоорондын байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 Ажил гүйцэтгэх гэрээний 8-д “ажил гүйцэтгэх явцад оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж, талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” мөн гэрээний 3.3-т зааснаар “Ажлыг бүрэн гүйцэтгэж, хоёр талын комиссоор хүлээлцсэн актыг үндэслэнэ” гэж маш тодорхой заасан заалт байхад гэж тохирсон байх ба Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийг нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэснийг шүүх зөрчсөн болно.

Нэхэмжлэгч нь шүүхэд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж зөвхөн 2014.05.16-ний өдрийн УБ-14/01 тоот гэрээний хүрээнд маргадаг бөгөөд нэхэмжлэгчээс Шороо зайлуулах ажлыг 4 000 төгрөг гэж үзэн үнэлсэн гэх боловч үнэлгээг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нотлоогүй үнийг барьж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянахдаа Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар тухайн үеийн зах зээлийн жишиг үнэлгээгээр бодохоор зохицуулалтыг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэгч “Вато” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажлын гүйцэтгэлийг хүлээж авч төлбөрийг төлөх асуудлын талаар гүйцэтгэсэн ажлын төсвийг төлөх үүрэг хүлээсэн жинхэнэ хариуцагч болох “Грандлайн” ХХК нь 2015 онд Түмэн Амгалан төслийн барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөрөнгө оруулалт, хуваарилалтын талаар Монгол улсын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрт Туркийн талтай маргаан үүсгэсэн бөгөөд улмаар 2015.03.26-ны өдрийн 47 тоот арбитрийн шийдвэр гарсан. Энэ нь арбитрийн хэрэгт шийдсэн хэргийн үйл баримтууд болох захиалагч “Грандлайн” ХХК-иас “Фейм Интернэйшнл” ХХК-д барилгын суурийн нүх ухахад 48,0 сая төгрөг төлсөн баримт болон тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээнүүдийг хариуцагч “Чандмань Бар” ХХК талаас гаргаж өгснөөр нотлогддог. Харин хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр нэгэнт гарсан талаар мэдээгүй, давж заалдах маргааны явцад олж мэдсэний улмаас шүүхэд гаргаж өгч чадаагүй, үүнийг шүүхийн журмаар авахуулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд дээрх үндэслэлийг бүх талаас нь хянан хэлэлцэж хэрэгт цугларсан нотлох баримт болон хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой хэлэлцээд гаргасан арбитрийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар байгаа эсэхийг нягталсны эцэст шүүхээс эцэслэн шийдэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх” гэж хуулийн энэхүү зохицуулалт нь хийх ажлыг гэрээгээр тохирсон байхыг шаардсан байна. Гэтэл талууд нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажлыг гүйцэтгэх талаар гэрээнд заагаагүй. Ямар хэмжээний ажлыг, ямар хугацаанд, ямар хөлсөөр гүйцэтгэх талаар гэрээ байгуулаагүйг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх нь зохигчдын маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуульд заасан эрх бүхий талууд гэж үнэлж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай ба ийнхүү дүгнэсэн нь хэргийн шийдлийг бүхэлд нь төөрөгдүүлсэн болно.

...“Вато” ХХК “Чандмань бар” ХХК-иуд хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн УБ14/01 “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “Чандмань бар” ХХК-ийг төлөөлж дэд захирал Ө.Ганбат гарын үсэг зурсан байдгаас гадна уг гэрээнд компанийн тамга тэмдэг дарагдаж, баталгаажуулаагүй байдаг. Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйл, “Чандмань бар” ХХК-ийн дүрэм, Оюуны өмч УБЕГ-ын ХЭУБ, дүүргийн бүртгэлийн эрх бүхий байгууллагаас ирсэн лавлагаанаас үзвэл хариуцагч “Чандмань бар” ХХК-ийг үүсгэн байгуулагч, компанийн удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ю.Алтайхүү болох нь тогтоогддог. Харин Иргэний хуулийн 62, 64-р зүйлд заасан хэлцэлд төлөөлөх болон төлөөлөх эрх нь Ө.Ганбатад олгогдоогүй, Ө.Ганбат нь “Чандмань бар” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байтал шүүх Ө.Ганбатын гарын үсэг бүхий хууль зөрчиж хийгдсэн “Чандмань бар” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн УБ14/01 “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн “Чандмана бар” ХХК-ийг төлөөлж Ө.Ганбатын гарын үсэг бүхий “Вато” ХХК, “Чандмань бар” ХХК хоорондын газар шорооны ажлыг хүлээлцсэн акт зэргийг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны УБ14/01 Ажил гүйцэтгэх гэрээ, газар шорооны ажил хүлээлцсэн акт нь энэхүү гэрээ актыг хуульд заасан эрх олгогдоогүй этгээд хийж, хүлээлцсэн байгаад анхан болон давж заалдах шатны шүүхүүд ач холбогдол өгсөнгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь огт үндэслэлгүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх нь Ажил хүлээлцсэн актын талаар хариуцагч тал маргаагүй гэж шийдвэрт ор үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн шүүх нь хариуцагч Ө.Ганбат нь анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын Сайдын 2006 оны 05-р тушаалаар батлагдсан Барилгын суурийн ажлыг хүлээлцэх актын маягт, загварыг хариу тайлбартаа хавсарган өгснийг гарган нотлох баримтаас хасч, үнэлээгүй нь шүүх хэт нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчиж, анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүйтэй холбоотой болно. Түүнчлэн шүүх барилгын газар шорооны ажил буюу Түмэн Амгалан цогцолборын барилгын суурийн котлован ухах ажлыг гүйцэтгэгч нь Барилгын тухай хууль болон Барилга, хот байгуулалтын Сайдын 2006 оны 105-р тушаалаар батлагдсан Барилгын суурийн ажлыг хүлээлцэх маягтын дагуу Захиалагч, Гүйцэтгэгчээс томилогдсон комисс-т хүлээлгэн өгч уг Сайдын тушаалаар баталсан загвар маягтын дагуу захиалагч, гүйцэтгэгч нь акт үйлдэх хууль болон гэрээнд тусгасан журмыг зөрчсөн, барилгын Захиалагч, санхүүжүүлэгчтэй “Вато” ХХК нь ямарч гэрээ, хэлцэл хийгээгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

“Вато” ХХК, “Чандмань бар” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн УЕ14/01 гэрээнд талууд хийх ажлын хэмжээг заагаагүй, зөвхөн хийх ажил нь юу болох, түүний үнэлгээ хэд болох, ямар хугацаанд гүйцэтгэх талаар тусгасан байдаг. “Вато” ХХК нэхэмжлэлдээ энэхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 41 360 880 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан 2014 оны УБ14/01 гэрээ дуусгавар болсон, уг гэрээнд ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй, талууд нэмэлт ямар ажлыг, хаана, хэн, яаж гүйцэтгэх, ямар хөлс, хэн төлөх талаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, дээрх гэрээнд хийх ажлын хэмжээ, 1 м/куб ажлын үнэлгээг тодорхой заагаагүй, магадгүй “Вато” ХХК-ийн хийсэн гэх 24 090.22 м.куб ажлын хөлс нийтдээ 41 000 төгрөг байсан эсэх нь тодорхой бус, “Вато” ХХК нь хэний ямар зөвшөөрлөөр нэмэлт ажил хийсэн гэж 41 360 880 төгрөг нэхэмжилж буй нь тодорхой бус, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад зөвхөн “Вато” ХХК-ийн гаргасан тайлбар, актад тулгуурлан хариуцагч “Чандмань бар” ХХК-иас гэрээний дагуу төлөх төлбөр гэж дүгнэн 41 360 880 төгрөг гаргуулсанд гомдолтой байна.

“Вато” ХХК нь гэрээнд огт тусгагдаагүй ажил хийсэн гэж 41 сая гаруй төгрөгийг хариуцагчаас нэхэмжилдэг бөгөөд талууд “Вато” ХХК-ийн нэхэмжилж буй ажлын талаар огт гэрээ хийгээгүй, “Вато” ХХК нь ямар ажлыг, ямар хугацаанд, яаж хийх, ямар үнэлгээтэй талаар талууд тохироогүй, ямар ажлыг хэний захиалгаар, хэн яаж хийх талаар гэрээ хийгдээгүй байхад “Вато” ХХК-ийн нэмж ухсан гэх 12 090.22 метр куб ажлын хийсэн гэж шүүх үзэж, ажлын хөлс 41 360 880 төгрөгийг “Чандмань бар” ХХК-иас үндэслэлгүйгээр гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 343.1, 343.5-д заасан ажил гүйцэтгэх гэрээг талууд нь Барилгын тухай хууль, Иргэний хуулийн 343.1, 343.5, 344.1, 346.1-д заасан журмаар байгуулаагүй, өөрөөр хэлбэл Түмэн Амгалан цогцолборын төслийн барилгын суурийн газар шорооны /котлован ухах/ ажлыг Захиалагч, санхүүжүүлэгч нь “Грандлайн” ХХК, гүйцэтгэгч нь “Фейм Интернэйшнл” ХХК байдаг. Гэтэл “Вато” ХХК, “Чандмана бар” ХХК-ийн хувьд хэн аль нь Түмзн Амгалан цогцолборын төслийн барилгын захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч биш юм. Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны УБ14/01 гэрээг тэд байгуулах эрхгүй этгээд байгуулсан, уг барилгын газар шорооны ажлыг Барилгын тухай хууль, батлагдсан журмын дагуу актаар хүлээлцэх эрх бүхий этгээдүүд хүлээлцээгүй зэргийг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн нэхэмжлэгч “Вато” ХХК-ийн шүүхэд гарган агсөн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 тоот Газар шорооны ажил хүлээлцсэн акт нь Барилгын тухай хууль, Барилга, хот байгуулалтын Сайдын 2006 оны 05-р тушаалаар батлагдсан журам, маягт, загварын дагуу тухайн төслийн хүрээнд баригдах барилгын газар шорооны ажил, барилгын суурийн котлован ухах ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хүлээлцсэн эрх бүхий этгээдүүдийн үйлдсэн акт биш байтал шүүх уг актыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зэргийг бүхэлд нь хүчингүй болгож, “Вато” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“Чандмань бар” ХХК, “Вато” ХХК-иудын хооронд 2014.05.16-ны өдөр байгуулсан УБ-14/01 тоот гэрээний дагуу Түмэн-Амгалан цогцолбор барилгын суурийн нүх ухсан, шороо зайлуулах ажлын ажил хүлээлцсэн актыг “Вато” ХХК-ийн хүсэлтээр “Грандлайн” ХХК-иас мөнгөө хөөцөлдөх гэсэн юм гэхээр нь Туркийн мэргэжилтэн талбайн даамал Осман, Талбайн геодезист Зеркан, барилгын инженер Ахмед, хяналтын инженер Наранбаатар төслийн удирдагч Редван бей нарын хүлээж аваагүй байхад тэдний зөвшөөрөл, гарын үсэггүй хүчин төгөлдөр бус актыг би үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ энэ хүчин төгөлдөр бус автор, гүйцэтгэгч, захиалагчийн төлөөлөгч талбайн инженер нар оролцоогүй актыг би гурван жилийн дараа бидний эсрэг шүүхэд баримт болгож ашиглаж байгааг бүхэлд нь эсэргүүцэж байна. Энэ баримтыг “Грандлайн” ХХК-тай ямар ч гомдол, зарга мэдүүлэхгүй байлгаж байгаад тухайн үед ажиллаж байсан инженер техникийн ажилчид болон “Грандлайн” ХХК-г татан буулгасны дараа буюу гурван жилийн дараа нотлох баримтууд байхгүй болсон үед хүчин төгөлдөр бус баримтаар биднээс мөнгө нэхэж байгаа нь залилан мэхлэх сэдэлтэй байна. “Вато” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр суурын нүх ухаж дуусгахдаа ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй ямар нэгэн суурийн нүх ухсан болон зохих акт баримт бичиг одоог хүртэл хүлээж аваагүй. Ингэхдээ тухайн үед би энэ талаар Ю.Алтайхүү захиралд хэлээгүй, Алтайхүүгээс “Вато” ХХК-иас ямар нэгэн ажил хүлээж авч гарын үсэг зур гэж надад үүрэг болгоогүй, ажил хүлээн авах комисс томилоогүй байсан ба миний бие Компанийн захирлаас ажил хүлээн авах болон компанийн мөнгө санхүүг хариуцаж компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байхад гарын үсэг зурсандаа харамсаж байна. “Вато” ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын талбай дээр Туркууд хяналт тавьж ажлын хөлсийг Туркууд ажлаа хүлээн авсны дараа олгохоор байсан. Талбайн ажлыг “Грандлайн” ХХК гүйцэтгүүлж, төлбөр болох 48,0 сая төгрөгийг төлж байсан зэргийг нотлох Арибтрийн шүүхийн шийдвэр болон бичиг баримтууд хангалттай байгаа энэ талаар гаргаж өгөх байсан. Гэтэл Э.Баярсайхан нь тухайн үед надад Ажил хийсэн нь үнэн болно гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч гэхээр нь итгээд өөрөө хийгээд аваад ир гэхэд надад тайлбарлахдаа гэрээний дагуу ажилласан нь үнэн болно гэсэн тодорхойлолт хийж авч ирсэн гээд гарын үсэг зуруулсан. Миний бие зөвлөх инженерээр олон жил ажилласан, аливаа ажлыг 2 талуудын томилсон комиссыг байлцуулж, батлагдсан бичиг баримтын дагуу нэг бүрчлэн хүлээн авч байж гүйцэтгэл дүгнэдэг билээ. Гэтэл намайг төөрөгдөлд оруулж байж залилж ямар гэдгийн мэдэхгүй баримтыг хууль шүүхийн байгууллага, ашиглан миний нэр төр, “Чандмань Бар” ХХК-ийн нэр төрд бүдүүлгээр халдаж төлөх ёсгүй төлбөр нэхэмжилж байгаа Баярсайханд маш их гомдолтой байгаа юм. Би шудрага хүний хувьд энэ бол захиалагчаас тохиролцоогүй гэрээн дээр ч тусгаагүй мөнгийг нэхэж байгаа хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхээс миний төөрөгдөлд орж зурсан ганц бичиг баримтаас болж бусдыг төлөх үүргээ хүлээгээгүй мөнгийг төлүүлэх шийдвэр бүү гаргаачээ гэж хүсэн гомдол бичихэд хүрлээ.

Шүүх шудрага шийдвэр гаргана гэдэгт миний бие гүнээ найдаж эцсийн удаа дуугүй байж чадахгүй хандаж байгааг минь хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон “Вато” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч “Вато” ХХК нь хариуцагч “Чандмань бар” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч шаардлагыг зөвшөөрөөгүй нэхэмжлэлийг татгалзсанаас гадна ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “Вато” ХХК болон хариуцагч “Чандмань бар” ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний агуулга Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн техникээр “Түмэн амгалан” төслийн хүрээнд баригдах хоёр барилгын суурийн котлован ухах, шороог зайлуулах ажлыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээж, уг ажлын хөлс 48 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.

Хоёр хуулийн этгээдийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан Ө.Ганбат, Э.Баярсайхан нарын бүрэн эрхийн талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж  ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй тул компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх хариуцагч талын тайлбар болон гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заажээ. Зохигчдын хоорондох гэрээнд хариуцагчийг төлөөлж оролцсон этгээд гэрээг дур мэдэн байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч компанийг итгэмжлэлгүй төлөөлөх бүрэн эрхтэй гүйцэтгэх захирал Ю.Алтайхүү гэрээний талаар мэдэж байсан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг тодорхойлсон байна. Харин үндсэн болон сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэл хамаарахгүй хуулийн зүйл, заалтыг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар хассан байна.

Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2108 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ө.Ганбатаас төлсөн 370 000 төгрөгийг, хариуцагч “Чандмань бар” ХХК-иас төлсөн 370 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН