Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0525

 

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 441 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн A/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: Манай компани Богд уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 1.0 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2012 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 2012/34 тоот гэрчилгээгээр ашиглаж байсан. Анх уг газар нь барилгын хог шороо овоорсон, газрын эвдрэл ихтэй байсан газрыг өөрсдийн зардлаар засаж сайжруулсан. Мөн хуулийн дагуу газар ашиглалтын төлбөрт 78,775,000 төгрөгийг бүрэн төлсөн. 2016 оны 01 сарын 28 өдрийн 09/142 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тус дүүргийн газрын үнэлгээний бүсчлэл шинэчлэгдэн батлагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай танай газрын үнэлгээний 1 дүгээр бүс болж өөрчлөгдсөн тул 1 м.кв газрын үнэлгээ 1320 төгрөг болж жилд 13,200,000 төгрөгийг төлж ирсэн.

Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1088 тоот мэдэгдлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10 өдрийн А/355 дугаар тушаалаар газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Тушаал хүчингүй болгох тухай” 2019 оны А/355 дугаар тушаал гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 заалтыг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байсан нь хуульд нийцээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч анх А-154 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохдоо аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн байх ба уг хууль зөрчсөн алдааг залруулж сайдын 2019 оны 07 сарын 10 өдрийн А/355 тоот тушаалыг гаргасан байх тул маргаан бүхий 2019 оны А/355 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн байна гэсэнд гомдолтой байна.

Үндэслэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Тушаал хүчингүй болгох тухай” 2019 оны А/355 дугаар тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 заалтыг үндэслэн “Т” ХХК нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. “Т” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчөөгүй, хуульд заасан хориглосон ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан.

“Т” ХХК-д хууль зөрчин олгосон гэх энэ үйлдэлд ямар ажил зохион байгуулж, ямар шийдвэрт хүрсэн талаар баримт байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хууль зөрчин олгосон шийдвэрээ буруу гэж үзсэн бол ямар ажлыг хэрхэн зохион байгуулсан талаар баримт байхгүйгээр шууд цуцлах шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй. Хэрэв газрыг эзэмшүүлэхдээ хуульд заасныг зөрчсөн бол хуульд нийцүүлэх нь энэ хуулийн заалтын гол агуулга. Түүний газар ашиглахыг хүчингүй болгох заалт биш. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөлийг зааж хуульчилсан байхад хууль зөрчин газар ашиглах эрхийг хүчингүй болгосонд гомдолтой.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад уг маргаан бүхий газар нь Дархан цаазат нутаг дэвсгэрт хамаарах эсвэл Байгалийн цогцолборт газарт хамаарах эсэх бүр цаашлаад Хан-Уул дүүргийн газарт хамаарах эсэх нь маргаантай хилийн заагийн тодорхой биш асуудал гарч ирсэн. Шүүхэд гаргаж өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/4070 тоот хариунд Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг, Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Чингэлтэй хайрхан уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газарт авсан газрын хил заагийг нарийвчилсан багаж, тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбицлийг тодорхойлоогүйгээс үүссэн газрын асуудлыг цэгцлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар ажлын хэсэг томилон ажиллаж байгаа бөгөөд холбогдох шийдвэр гараагүй тул ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэжээ. Энэ баримтаас үзвэл хил заагийг нарийвчлан тогтоогоогүй, ажлын хэсгийн шийдвэр эцэслэн гараагүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосонд гомдолтой.

Шүүхээс энэхүү баримттай холбоотой хилийн зааг, тушаал, шийдвэрийг гаргуулан аваагүйгээс маргаан бүхий хилийн зааг тодорхой болохгүйгээр хэрэг шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэр эргэлзээ бүхий болсон.

Хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн тушаалыг гаргахдаа маргаан бүхий газар дээр нэг бүсчлэлд байгаа газар ашиглах компаниудаас зөвхөн сугалж “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Энэ талаар хариуцагчаас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тайлбар гаргахдаа “М” ХХК болон “Б” ХХК-ийн газрийн эрхийг дуусгавар болгоогүй гэсэн тайлбар өгсөн. Энэ нь тухайн компаниудын хилийн зааг маргаантай байгаа учир хүчингүй болоогүй бөгөөд газар ашиглуулсан зориулалтыг өөрчлөх талаар ашиглагч нартай хэлэлцэх талаар яригдаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий газар нь дархан цаазат газрын хилийн бүсчлэл, эсвэл байгалийн цогцолборт бүсчлэлд байгаа эсэхийг баримтаар нотлоогүй. Хариуцагчаас гаргаж өгсөн хэргийн 125, 142 дугаар хуудсанд авагдсан баримт нь энэ бүсчлэлийн аль хэсэгт оршиж байгааг нотолсон баримт болж чадаагүй. Өөрөөр хэлбэл ойлгомжгүй баримт. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл ямар баримтаар нотлогдож байгаа талаар шийдвэртээ дурьдаагүйд гомдолтой байна.

Хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Н, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.С, мэргэжилтэн М.Т нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байхад Б.С, М.Т гарт хэргийн баримт танилцуулж, шүүх хуралд оролцуулаагүй. Хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, М.Т нараас татгалзсан эсэх талаар баримт хэрэгт байхгүй байна.

Эцэст нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүнийг төлөөлж буй сайд хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол уг шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээг авч хуульд нийцүүлэн ашиглуулах эсэхийг шийдвэрлэхийг ойлгоно. Гэтэл шууд хүчингүй болгох тухай заагаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй. Маргаан бүхий газрыг огт ашиглуулахгүй гэж хориглоогүй байхад ашиглагчийг ямар ч хууль дүрэм зөрчөөгүй байхад хариуцагч манай байгууллагын шийдвэр буруу гэж шууд хүчингүй болгосонд гомдолтой. Хариуцагч маргаан бүхий ашиглах эрхийг хүчингүй болгохдоо газрын хилийн бүс тодорхой биш байхад А/355 дугаар тушаалыг гаргасанд гомдолтой. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий актаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

“Т” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-154 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Ташгайн ам нэртэй газарт байрлах 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас олгосон “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-154 дугаар тушаалаар “Т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн, уг хууль зөрчсөн алдааг залруулж маргаан бүхий А/355 дугаар тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн байна...” гэж дүгнэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 33 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулсан бөгөөд харин уг хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм буюу тус бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг заасан. Нэхэмжлэгч “Т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан буюу дархан цаазат нутаг дэвсгэрт хамаарах эсэх, Байгалийн цогцолборт газарт хамаарах эсэх нь маргаантай хилийн зааг тодорхой эсэх, байгалийн унаган төрхийг эвдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийнхээ үндэслэлийг бүрэн тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаан бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар ашиглах эрх бүхий газрын хил заагийг нарийвчлан тогтоогоогүй, газрыг ашигласан тохиолдолд байгалийн унаган төрх алдагдахад хүрэх эсэхийг бүрэн тогтоох, үүний тулд шүүхийн үзлэг хийх зэрэг шаардлагатай /хил заагийн талаарх/ нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй байжээ. 

Хэдийгээр анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 30 минутад үзлэг хийх тов тогтоосон боловч үзлэгийг хэзээ, хаана, хийсэн нь тодорхойгүйгээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 41-42 дугаар зүйлүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна.

Мөн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгчид тухайн газрыг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ашиглуулахаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ”-г байгуулсан, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу газрын төлбөр төлсөн гэж тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол захиргааны хууль бус актыг хүчингүй болгохоор заасан байна.

Үүнээс үзвэл, маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсноор хэний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхол яаж сэргэхийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогоогүй буюу нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-154 дүгээр тушаалыг үндэслэн байгуулсан уг гэрээ нь “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” маргаан бүхий захиргааны актын үр дагаварт нөлөөлөх эсэх талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байхад энэ талаар дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. 

Иймд, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН