Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1063

 

 

 

 

 

 

 

 

 2019        12           16                                    2019/ШЦТ/1063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Хохирогч Н.Баярсайхан,

            Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Жт холбогдох эрүүгийн 1909037351143 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Пионерын 3-21 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 31-504 тоотод түр оршин суух, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж 1 жил 6 сараар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялын зарим болох 5 жил 7 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 85 дугаартай Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 26 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассан, Х овогт Бын Ж /регистрийн дугаар ЛЖ94031915/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 35а тоотод Н.Баярсайханы биед хүч хэрэглэн “Жи Мобайл” маркийн гар утсыг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр хохирогч Н.Баярсайхан зурагт үзээд сууж байхаар нь “гар утсаа өгөөч, нэг ярьчихаад өгье” гэж хэлэхэд Н.Баярсайхан босож ирээд баруун талын орон дээрээс “Жи Мобайл” маркийн товчлууртай хар өнгийн жижиг утас авч өгөхөөр нь би хүн рүү залгаад ярьж байгаа юм шиг дүр үзүүлээд гэрээс гараад үүдэнд нь 1-3 минут болоод хашаанаас гараад зугтаасан. Түүнийг цохиж зодоогүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Н.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нүдний болор суулгах хагалгаа хийлгээд удаагүй хэвтрийн дэглэм бариад гэртээ байсан. Энэ үед шүүгдэгч орж ирээд миний гар утсыг аваад зугтаасан. Ингэхдээ миний толгой болон элэг рүү цохисон. Би араас нь гүйсэн боловч амжаагүй. Зодуулсанаас хойш нүд бүрэлздэг болсон. Гомдолтой байна...” гэв.

 

Эрүүгийн 1909037351143 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 35а тоотод буюу ээж Нэргүйн гэрт ганцаараа байсан. Би нүдний хагалгаанд ороод удаагүй байсан учир хэвтэж байсан юм. 16 цаг өнгөрч байх үед гаднаас үл таних эрэгтэй хүн манай гэрт орж ирээд шууд миний толгойн зүүн дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би орноос босоод ирэх үед миний гэдэс рүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон ба би газарт унасан. Тэр үед орны хажууд байсан товчлууртай хар өнгийн Жи Мобайл загварын гар утсыг аваад гэрээс гараад зугтсан ба би тэр залуугийн араас гүйсэн боловч гүйцээгүй...”  мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхтогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 05 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 35а тоотод байрлах гэрээсээ ажилдаа ганцаараа гарч явсан. Тэгээд 16 цагийн үед ажлаа дуусгаад 17 цагийн үед гэртээ харих гээд гудамжаараа явж байх үед дүү Н.Баярсайхан над руу залгаад “намайг гэрт байх үед хүн гаднаас хүн орж ирээд зодоод дээрэмдээд явчихлаа” гэж хэлэхээр нь би ээжийнхээ гэр лүү явж ороход Н.Баярсайхан гэртээ ганцаараа баруун талын орон дээр хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухаар нь “гаднаас хүн орж ирээд миний толгой болон гэдэс рүү 2-3 удаа цохиод орны хажуугийн сандал дээр байсан Жи Мобайл маркийн гар утсыг аваад гарсан, би араас нь хөөсөн боловч халтарч унаад барьж авч чадаагүй” гэж хэлсэн ба Н.Баярсайханы хөл нь хүйтэн болчихсон, таталт өгч байхаар н ь хөл нөмрүүлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11 дүгээр хуудас/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12395 дугаартай:

“1.Н.Баярсайханы биед гэмтэл тогтоогдоогүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

“Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн СБ2-19-1030 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 26.400 /хорин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Цагдаагийн илтгэх хуудас /хх-ийн 17/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 35а тоотод ганцаараа ороход хохирогч Н.Баярсайхан зурагт үзээд сууж байхаар нь “гар утсаа өгөөч, нэг яриад өгье” гэж хэлэхэд Н.Баярсайхан босож ирээд баруун талын орон дээрээс “Жи Мобайл” маркийн товчлууртай хар өнгийн жижиг утас өгөхөөр нь би хүн рүү залгаад ярьж байгаа юм шиг дүр үзүүлж “байна уу, байна уу” гэж хэлээд гэрээс гараад үүдэнд нь 1-3 минут болоод хашаанаас гараад зугтаасан. Би нилээн гүйгээд худгийн хажууд зогсож байх үед хохирогч эрэгтэй гартаа чулуу барьсан “одоо чамайг ална” гэж хэлэхээр нь би тэр чигтээ гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/, 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, камерын бичлэгт үзлэг  хийсэн тэмдэглэл болон хохирогчийн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай байна.  

 

Тус дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 35а тоотод Н.Баярсайханы биед хүч хэрэглэн “Жи Мобайл” маркийн гар утсыг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь: Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед хохирогч Н.Баярсайханы эд хөрөнгө буюу гар утсыг авах зорилгоор Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 35а тоот хашааг даван орж, түүний толгойруу нэг удаа, хэвлий орчим 3 удаа гараараа цохиж буюу хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь хохирогчийн Цагдаагийн хэлтэст гаргасан “гаднаас үл таних этгээд орж ирээд толгой, гэдэсрүү цохиод утас аваад зугтсан тул хэргийг шалгаж өгнө үү” гэх өргөдөл /хх-ийн 5/, цагдаагийн илтгэх хуудас /хх-ийн 12, 17/ хохирогчоос авсан мэдүүлэг /хх-ийн 22, 23/, гэрч Б.Мөнхтогоогийн “дүү Баярсайхан надруу яриад гаднаас хүн орж ирээд, зодоод дээрэмдээд утас аваад явчихлаа” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний үзлэг шинжилгээ гэх хэсэгт Зовиур: толгой өвдөнө, зодуулснаас хойш нүд бүрэлзэнэ гэх хэсэг /хх-ийн 36/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

 

Түүний гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна. Мөн хохирогч Н.Баярсайхан болон гэрч Б.Мөнхтогоогийн хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн эх сурвалж нь тодорхой байна.

 

Болсон үйл баримтын талаар шүүгдэгч Б.Ж “утас өгөхөөр нь би хүн рүү залгаад ярьж байгаа юм шиг дүр үзүүлж “байна уу, байна уу” гэж хэлээд гэрээс гараад үүдэнд нь 1-3 минут болоод хашаанаас гараад зугтаасан зодож цохиогүй” гэж, хохирогч Н.Баярсайхан “гаднаас үл таних эрэгтэй хүн манай гэрт орж ирээд шууд миний толгойн зүүн дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би орноос босоод ирэх үед миний гэдэс рүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон ба би газарт унасан” гэж тус тус мэдүүлдэг ба шүүгдэгч Б.Ж гэм буруугаа хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Харин хохирогч хүч хэрэглэсэн буюу толгой болон хэвлий хэсэгт цохисон хүн нь шүүгдэгч Б.Ж мөн гэж нэр заан мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан судлахад гэрч Б.Мөнхтогоо “дүү Баярсайхан надруу яриад гаднаас хүн орж ирээд, зодоод дээрэмдээд утас аваад явчихлаа” гэж хэлсэн /хх-ийн 27/ гэж мэдүүлсэн ба дээрх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Н.Баярсайхан тус гэрт ганцаараа байсан бөгөөд  хэрэг үйлдэгдсэнээс хойш хохирогч гэрч Б.Мөнхтогооруу утасаар энэ тухай ярьж хэлсэн цаг хугацаа, гэрч Б.Мөнхтогоо гэрт ирэх хүртэл болон ирсэнээс хойш цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл өгсөн үйл баримтын талаар мэдүүлэг хоорондоо зөрөөгүй өөрөөр хэлбэл хохирогч Н.Баярсайхан “гаднаас үл таних эрэгтэй хүн манай гэрт орж ирээд шууд миний толгойн зүүн дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би орноос босоод ирэх үед миний гэдэс рүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон ба би газарт унасан” гэж тогтвортой мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Баярсайхан шүүгдэгч Б.Жаас толгойн шинжилгээний зураг авхуулах зардлаа гаргуулж, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Жаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Н.Баярсайхан “Жи Мобайл” маркийн гар утсыг хүлээн авсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 96 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Жыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Б Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Жыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Жт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Баярсайхан өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Жаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ