Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2016/00155

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Цахиуртын 3-3а тоотод оршин суух, Илжигэн овогт Ганболдын Янжинсүрэн /РД: ЕЙ69100104, утас: 90699000/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч:1975 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 8-4-53 тоотод оршин суух, Боржигон овогт Довдон-Өлзийгийн Пүрэвчулуу /РД: ЕЙ75112049, утас: 99248071/-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Нэгдсэн эмнэлэгт тогооч ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, Цагаан-Усны 1-15 тоотод оршин суух, Дайртан овогт Мишкагийн Нарангэрэл /РД: ЦВ65012600, утас:93035920 /-ийн бие даасан шаардлагатай

 

Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Янжинсүрэн, хариуцагч Д.Пүрэвчулуу, хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, гэрч Д.Нямжав, нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор 2010 оны 06 дугаар сарын 20-нд М.Нарангэрэлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний өмчлөлийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр 3 жилийн хугацаатай шилжүүлэн аваад, зээл авч хуваарийн дагуу төлж байсан хэдий боловч хувийн шалтгааны улмаас тохирсон хугацаандаа тус орон сууцыг М.Нарангэрэлд эргүүлэн шилжүүлж чадаагүй. Ингээд уг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан Хас банкнаас зээл авах зорилгоор Д.Нямжав бид хоёр харилцан тохиролцож, түүний дүү Д.Пүрэвчулууд тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Бодит байдал дээр Д.Пүрэвчулууд худалдаагүй, хариуцагч Д.Пүрэвчулуу ч худалдаж аваагүй. Зөвхөн Хас банкнаас зээл авах зээлийн барьцааны хөрөнгө болгох зорилго агуулсан байсан. Тиймээс өнөөдөр 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох М.Нарангэрэлийн хүү Э.Ууганбаатар тус орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч, өмчлөгч М.Нарангэрэл, Э.Ууганбаатар нар тус орон сууцны ус, дулаан, цахилгааны зардлыг төлж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Г.Янжинсүрэнгээс хариуцагч Д.Пүрэвчулууд шилжүүлсэн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус орон сууцыг Д.Пүрэвчулууд шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:

2010 онд бэлэглэлийн гэрээний дагуу Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4-122 тоот орон сууцыг М.Нарангэрэл эгч надад шилжүүлж өгсөн. Уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байсан учраас надад байрыг зарах эрх үүссэн тул Д.Пүрэвчулууд 24 500 000 төгрөгөөр худалдсан. Одоо миний бие шүүхэд гаргасан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж байна. Энэ татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Д.Пүрэвчулуу шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4-122 тоотод байрлах, 48 м.кв, 3 өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийж, 24 500 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авахдаа 10 500 000 төгрөгийг байршуулаад 24 500 000 төгрөгийг Хас банкнаас зээлж, одоо сар бүр төлбөр төлж байна.

Г.Янжинсүрэн, М.Нарангэрэл нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 тоот шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4-122 тоот орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул орон сууцны үнийг Г.Янжинсүрэнгээс гаргуулах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд М.Нарангэрэл гэдэг хүн оролцоогүй, гэрээний талууд биш учраас ямар нэг шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Г.Янжинсүрэн, М.Нарангэрэл нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг үндэслэн миний бие улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй, харин худалдах, худалдан авах гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоогийн байдлаар уг орон сууцанд амьдарч байгаа хүн ус, дулааны төлбөрийг төлсөнөөр өмчлөгч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. 2014 онд орон сууцыг худалдаж авах үед Г.Янжинсүрэн би энэ байранд амьдарч байгаа, түрээсийн төлбөрийг төлөөд хүссэн үед чинь байрнаас гарна гэсэн тул би орон сууцыг худалдаж авахдаа үзээгүй. Нэгэнт байрны үнийг гаргуулах талаар шүүхээс шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон тул М.Нарангэрэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг 2010 онд Г.Янжинсүрэнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00098 дугаар шийдвэрээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Харин Г.Янжинсүрэн уг орон сууцыг Д.Пүрэвчулууд худалдах, худалдан авах гэрээгээр 2014 оны 06 дугаар сарын 20-нд шилжүүлсэн байсан. Ийм боломж байхгүй. Тэр миний сайхан сэтгэлийг ашиглан хууран мэхэлж, элдэв шалтаг тоочин, надад мэдэгдэлгүй, хууль бус аргаар нуун дарагдуулж миний орон сууцыг Д.Пүрэвчулууд худалдсан байна.

Учир нь энэ орон сууцанд миний хүү Э.Ууганбаатар гэр бүлийн хамт 2012 оноос хойш амьдарч байгаа ба миний бие худалдаж авсанаас хойш буюу 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл цахилгаан, дулаан, бусад холбогдох зардлыг хүү Э.Ууганбаатарын хамт төлж байгаа. 2014 оноос хойш хэн ч тус орон сууцыг худалдаж авсан талаар бидэнд мэдэгдэж чөлөөлөхийг шаардаагүй. Иймд Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Д.Пүрэвчулуу нь уг орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан гэж тайлбарлаж байна. Уг асуудлаар тус шүүхийн 2016 оны 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдсан гэрээ, Хас банкны зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн ба хуулийн хүчин төгөлдөр болсон.

Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр банк 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д.Пүрэвчулуутай зээлийн гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттай зээл олгосон. Хэрэв орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүсэл сонирхлыг илэрхийлээгүй байсан бол Г.Янжинсүрэнгээс Д.Пүрэвчулууд өмчлөх эрх үүсэхгүй байсан. М.Нарангэрэл нь өөрийнхөө хөрөнгийг бусдад алдсан бол энэ тухай банкинд мэдэгдэж сэрэмжлүүлэх байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй. Бид улсын бүртгэлээс лавлагаа авахад Г.Янжинсүрэнгийн нэр дээр орон сууц бүртгэлтэй байсан. Тэгэхээр Д.Пүрэвчулуу нь шударга өмчлөгч юм.

Тиймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй тул банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь хариуцагч Д.Пүрэвчулууд холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд уг хэрэгт шаардлага гаргасан байх тул шүүх бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзлээ.  

Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслээд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг 2013 онд миний өмчлөлд шилжүүлэх ёстой атал надад мэдэгдэлгүй, нуун дарагдуулж, хууран мэхэлж Д.Пүрэвчулууд шилжүүлсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан, уг асуудлаар хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1902000456 дугаар бүхий 48 м.кв, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь 2010 онд М.Нарангэрэлээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авч, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Д.Пүрэвчулуугийн өмчлөлд шилжүүлжээ. Гэтэл тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэрээр /хх-70-72/ дээрх орон сууцыг бэлэглэх санаа зорилго зохигчид байгаагүй тул бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн байна. Энэ шийдвэрээр М.Нарангэрэл, Г.Янжинсүрэн нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, харин Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний асуудлыг шийдвэрлээгүй байна.  Мөн шийдвэрийн 2 дугаар заалт нь энэ хэргийг урьд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэхгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Г.Янжинсүрэн нь уг орон сууцыг Д.Пүрэвчулууд худалдсан, Д.Пүрэвчулуу нь 24 500 000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлаж, үүнийгээ 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд /хх 5-6, 34/ үндэслэж байгаа боловч Д.Пүрэвчулуу 2014 оноос хойш одоог хүртэл орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад аваагүй, энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байна.  

Нөгөө талаар Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууц нь 2010 оноос хойш гуравдагч этгээд Д.Нарангэрэл болон түүний хүү Э.Ууганбаатарын эзэмшилд байгаа болох нь “2014 онд орон сууцыг худалдаж авахдаа болон авсанаас хойш үзээгүй, Г.Янжинсүрэн тэр байранд амьдарч байгаа, түрээсийн төлбөрийг төлж, шаардсан цагт гарна гэсэн тул би орон сууцыг эзэмшилдээ аваагүй байна” гэсэн хариуцагч Д.Пүрэвчулуугийн тайлбар, тус шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “байрыг суллаж өгөх талаар мэдэгдсэн бол би халаалтын мөнгийг төлөхгүй” /хх-76/ гэсэн гэрч Э.Ууганбаатарын мэдүүлэг, ус, дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримт /104-105, 92-100, 139-143/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн орон сууцанд одоо Э.Ууганбаатарыг амьдарч байгаа талаар зохигч маргаагүй болно. 

Түүнчлэн Д.Пүрэвчулуу нь орон сууцыг худалдаж авахдаа болон худалдаж авсанаас хойш уг орон сууцанд очиж үзсэн бол Г.Янжинсүрэнг өмчлөх эрхийг шударгаар олж авсан шударга өмчлөгч биш болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч үүнийг хэрэгжүүлээгүйгээс Г.Янжинсүрэнд хууртан мэхлэгдсэн гэж үзэж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.

Учир нь шүүх хуралдааны явцад “орон сууцыг Г.Янжинсүрэнгээс худалдаж авсан”, “Д.Пүрэвчулууд орон сууцыг худалдсан” гэх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч Д.Нямжавын “уг орон сууц маргаантай гэдгийг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг, орон сууцыг барьцаалж Хас банкнаас орон сууцны зээл авсан /хх35-49/ зэрэг баримтыг үндэслэн Г.Янжинсүрэн нь Д.Пүрэвчулууг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзлээ.  Иймд Г.Янжинсүрэн болон Д.Пүрэвчулуу нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв. Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хариуцагч Д.Пүрэвчулуу өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

Нэгэнт хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул Д.Пүрэвчулуугийн өмчлөлд бүртгэгдсэн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй. 

Түүнээс гадна Хас банк болон Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар шаардлага гараагүй тул барьцаа хөрөнгийн талаар шүүх шийдвэрлээгүй ба Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууц Хас банкинд барьцаалагдсан хэвээр байгаа болно.

Нэхэмжлэгч тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШЗ2016/00750 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага хангагдсан тул М.Нарангэрлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх хураамжийг гаргуулж, М.Нарангэрэлд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Янжинсүрэнг шүүхэд гаргасан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэлийн шаардлагаар Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсугай.

 

3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д зааснаар Д.Пүрэвчулуугийн өмчлөлд бүртгэгдсэн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

4. Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШЗ2016/00750 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Пүрэвчулуугаас улсын тэмдэгтийн хураамжид 403 150 төгрөгийг гаргуулж, М.Нарангэрэлд олгосугай.   

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ