Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 216/МА2017/00006

 

Г.Ян нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэрийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2017/00029 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г Я /РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Д-Ө П /РД: , утас:/-д холбогдох,

 

2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Сүмбэр сумын -р баг  тоот орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд  тооцуулах, тус гэрээгээр Д.П шилжүүлсэн тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н  Г.Я, Д.П нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, С сум -р баг  тоот орон сууцыг Д.П нэр дээр өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.П өмгөөлөгч  Т.Сайнбаяр,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н, түүний өмгөөлөгч Э.Сайханаа,  

  нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор 2010 оны 06 дугаар сарын 20-нд М.Н харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний өмчлөлийн С сум, дугаар баг, дүгээр байрны  тоотод байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр 3 жилийн хугацаатай шилжүүлэн аваад, зээл авч хуваарийн дагуу төлж байсан хэдий боловч хувийн шалтгааны улмаас тохирсон хугацаандаа тус орон сууцыг М.Н эргүүлэн шилжүүлж чадаагүй. Ингээд уг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан Хас банкнаас зээл авах зорилгоор Д.Н бид хоёр харилцан тохиролцож, түүний дүү Д.П тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Бодит байдал дээр Д.П худалдаагүй, хариуцагч Д.П ч худалдаж аваагүй. Д.Н  зөвхөн Хас банкнаас зээл авах зээлийн барьцааны хөрөнгө болгох зорилго агуулж, түр надаас байрыг шилжүүлж авахаар бид хоёр тохиролцсон.

Харин Д.П бид хоёрын хооронд ямар ч яриа хийгдээгүй. Тиймээс өнөөдөр  дүгээр байрны  тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох М.Н хүү Э.У тус орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч, өмчлөгч М.Н, Э.У нар тус орон сууцны ус, дулаан, цахилгааны зардлыг төлж байгаа болно. Тэгээд би Хаан банкинд  1 800 000 төгрөгийн барьцаанд байсан уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж аваад Д.П гэрээ хийсэн. Тэр үед Д.П таньдаггүй байсан. Харин Д.Н өөрийнх нь нэр дээр зээл гарахгүй байна гээд дүүгийнхээ нэрээр зээл авъя гэж бид тохиролцоод Д.П нэр дээр орон сууцыг шилжүүлсэн. Тэр үед Д.Н, Д.П 2 хоёулаа М.Нарангэрэлийн байр гэдгийг мэдэж байсан.  Д.Н намайг байрыг 1 жилийн хугацаатай түр хугацаагаар өгөөчээ л гэсэн. Тухайн үед манай нөхөр өвдөөд надад мөнгөний хэрэгцээ байсан учраас би зөвшөөрсөн. Энэ зээлнээс Д.Н намайг шагнаж байна гээд надад 3 500 000 төгрөг өгсөн, бусдыг нь өөрөө авсан. М.Н эгч байраа авъя гэж маргаан үүсгэхээр нь би Д.Н хамт очиж уулзахад өөрөө баталгаа гаргаж өгсөн. Тэгсэн хэрнээ одоо шүүх хуралдаан дээр огт өөр зүйл ярьж байна. Мөн Д.П өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөөд надтай эвлэрлийн гэрээ хийж гарын үсэг зурсан баримт байгаа.

Иймд нэхэмжлэгч Г.Я хариуцагч Д.П шилжүүлсэн Г аймгийн С сумын  дугаар баг  дүгээр байрны тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус орон сууцыг Д.П шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа/хх-180/: Говьсүмбэр аймгийн С сумын  дүгээр байрны  тоотод байрлах, өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийж, 24 500 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авахдаа 10 500 000 төгрөгийг байршуулаад 24 500 000 төгрөгийг Хас банкнаас зээлж, одоо сар бүр төлбөр төлж байна. Г.Я, М.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 тоот шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Говьсүмбэр аймаг, С сум, тоот орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул орон сууцны үнийг Г.Я гаргуулах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд М.Н гэдэг хүн оролцоогүй, гэрээний талууд биш учраас ямар нэг шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Г.Я, М.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг үндэслэн миний бие улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй, харин худалдах, худалдан авах гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоогийн байдлаар уг орон сууцанд амьдарч байгаа хүн ус, дулааны төлбөрийг төлсөнөөр өмчлөгч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. 2014 онд орон сууцыг худалдаж авах үед Г.Я би энэ байранд амьдарч байгаа, түрээсийн төлбөрийг төлөөд хүссэн үед чинь байрнаас гарна гэсэн тул би орон сууцыг худалдаж авахдаа үзээгүй. Нэгэнт байрны үнийг гаргуулах талаар шүүхээс шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон тул М.Н шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар ярина. Нэхэмжлэгч уг хэлцлийг хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж даргалагчийн асуултад хариулж байна. Хуурч, мэхэлж хийсэн хэлцэл гэж юуг хэлдэг вэ гэхээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч түрүүнд миний асуусан асуултанд хариулсан. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шаардлага гаргах эрх нь нээгдсэн.. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар шаардлага гаргасан талаар нотлох баримтаа хавтаст хэрэгт өгөөгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл хавтаст хэрэгт шаардлага гаргасан талаар нотлох баримт байхгүй. Зөвхөн өөрийнх нь тайлбараар нэг жилийн хугацаанд гэдэг тайлбар байдаг.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байх үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байсан. М.Н эрх үүрэг дуусгавар болж Г.Я өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн талаар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авсан гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотолдог. Банк нотлох баримтан дээр үндэслэж ипотекийн зээл олгодог. Тийм учраас гуравдагч этгээдийн гаргасан тайлбар нотлогдож байна гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн тухай хууль болон Иргэний хуульд өмчлөгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлж зааж өгсөн байдаг. Өмчлөгч гэдэг нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэнэ. Ямар нэгэн байдлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа, ус, дулаан цахилгааны төлбөрийг төлж байгаа этгээд тухайн байрны өмчлөгч биш юм.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж заасан байдаг. Өмчлөгч тэр байрыг үзэх, үзэхгүй байх шаардлага байхгүй. Ямар нэгэн байдлаар шаардлагатай гэсэн зүйл байхгүй. Д.П гэдэг өмчлөгч тэр байрыг үзсэн, үзээгүйгээр өмчлөх эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж хэлж байгаа боловч эскро данснаас мөнгө авч захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гар дээр ирсэн байдаг. Ямар ч байсан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч Г.Я эд хөрөнгийг шилжүүлсэн, түүний хариу төлбөр болгож Д.П банкнаас ипотекийн зээлээр авсан мөнгөө өгсөн. Энэ нь эскро дансны хуулгаар нотлогдож байгаа.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Г.Я бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н хоёрын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээий асуудлыг шийдсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг шийдвэрийн тогтоох хэсэгт хэсгийн 2-т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар Говьсүмбэр аймгийн С сумын дугаар баг,  тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.н нь орон сууцны үнийг Г.Я гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл уг шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш М.Н давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаас гадна шийдвэрийг дахин хянагдаж ажиллагаа явуулах ёсгүй, энэ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хөдөлгөөнд оруулах, сонирхогч этгээдийг ашиг сонирхлыг хязгаарлаж өгч байгаа. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж нь заавал биелэгдэх ёстой эрх зүйн акт,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нь өмчлөгч Д.П тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна. Зохигч, хэргийн бусад оролцогч шүүхээр шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж заасан байдаг. Гэтэл бие даасан шаардлага гаргаж байгаа гуравдагч этгээдийн шаардлагыг шүүхээс хүлээж авч байгаа нь буруу юм. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргаж байгаа шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр болж, маргаан бүхий иргэний хэрэг нотлох баримтаар авагдсан, нотлох баримт шинжлэн судлахад үүнийг судалсан. Энэ маргаан Хас банкны дотоод журмын талаар, банкийг буруутгах гэсэн банктай холбоотой маргаанаар шаардлага гаргасан иргэний хэрэг биш, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой. Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд ямар хэлцлийг халхавчлаад худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн юм бэ гэдгийг тодорхойлж чадсангүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тайлбар гаргаж байна гэсэн. Гэтэл Иргэний хуулийн тайлбар дээр, хэлцэл хийгч тал халхавч хэлцлийг аливаа үр дагаврыг би болгохыг зорихгүй, үүргээр дүр үзүүлсэн хэлцлийн нэгэн адил гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг эрмэлздэг гэж бичсэн байдаг. Гэтэл үр дагавар бий болохыг шаардахгүй гэсэн хэрнээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдээд хариу төлбөр нь худалдагч талд шилжиж очсон байгаа. Мөн зээлийн гэрээ байгуулахын тулд дүр үзүүлсэн хэлцэл гэж байх шиг байна. Гэтэл ипотекийн зээлийн гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа, тэрийг халхавчлаагүй, барьцааны гэрээ болон зээлийн гэрээ бүгд хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр аль зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа талаар шаардлага гаргаж чадсангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогчид өөрсдийнхөө ярьж байгаа үйл баримтын талаар нотлох баримтыг гаргаж өгөх нь өөрсдийнх нь үүрэг байдаг. Гэтэл ийм хэлцлийг халхавчлаад байна гэсэн нотлох баримтаа гаргаж өгч чадсангүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар баг  дүгээр байрны  тоот орон сууцыг 2010 онд Г.Я бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон.

Харин Г.Я уг орон сууцыг Д.П худалдах, худалдан авах гэрээгээр 2014 оны 06 дугаар сарын 20-нд шилжүүлсэн байсан. Ийм боломж байхгүй. Тэр миний сайхан сэтгэлийг ашиглан хууран мэхэлж, элдэв шалтаг тоочин, надад мэдэгдэлгүй, хууль бус аргаар нуун дарагдуулж миний орон сууцыг Д.П худалдсан байна.

Учир нь энэ орон сууцанд миний хүү Э.У гэр бүлийн хамт 2012 оноос хойш амьдарч байгаа ба миний бие худалдаж авсанаас хойш буюу 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл цахилгаан, дулаан, бусад холбогдох зардлыг хүү Э.У хамт төлж байгаа. 2014 оноос хойш хэн ч тус орон сууцыг худалдаж авсан талаар бидэнд мэдэгдэж чөлөөлөхийг шаардаагүй. Миний нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа бэлэглэлийн гэрээний асуудал нь худалдах, худалдан авах гэрээний  асуудал байдаг. Тэгэхээр энэ нь 2 өөр эрх зүйн харилцаа юм.  Мөн хариуцагч Д.П орон сууц худалдан авах хүсэл зорилго байгаагүй нь өмнөх шүүх хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. Тэр нь орон сууцыг худалдаж аваад өдөрт нь Хасбанкны зээлийн барьцаанд тавьсан. Энэ худалдах, худалдан авах гэрээг өөрөө оршин суух зорилгоор, өөрөө амьдрах зорилгоор хийгээгүй. Зөвхөн зээлийн барьцаанд тавьж хөрөнгө барьцаалах зорилгоор худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж, өөр бусад гэрээг  халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь 2016 оны 11 дүгээр сарын  02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл Д.П тухайн орон сууцанд хэн амьдарч байгаа, орон сууцыг худалдаж авах үед ямар засвар хийцтэй, хэдэн цонхтой, хэдэн өрөө байгааг мэдээгүй. Мэдэхийг ч хүсээгүй. Ийм байдлаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хэн ч хийхгүй. Өмнөх шүүх хурал дээр ч гэсэн хэлж байсан. Хүн үзэг худалдаж авахдаа гарч байна уу гэж зурж үзсэний дараа авдаг. Түүн шиг амьдрах орон сууц худалдаж авахдаа мөнгөө өгөхөөсөө өмнө үзэж хардаг. Гэтэл орон сууцыг үзэж хараагүй байж Г.Я байгаа гэсэн зүйлийг ярьдаг. Энэ нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээсээ татгалзсан зүйл харагддаг. Г.Я орон сууцыг бие даан захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж надад хэлэхгүйгээр Д.П шилжүүлсэн гэдгээ ойлгож байсан. Үүнийг би дараа нь мэдээд харилцан ярилцаж, ойлголцсон байдаг. Гэрч Д.Н энэ байр нь М.Н байр, буцааж өгөх ёстой, орон сууц худалдагдаагүй зээлийн барьцаанд тавих зорилгоор худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нотлох баримт болон бусад тайлбаруудаас үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.П нь уг орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан гэж тайлбарлаж байна. Уг асуудлаар тус шүүхийн 2016 оны 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдсан гэрээ, Хас банкны зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн ба хуулийн хүчин төгөлдөр болсон. Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр банк 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д.П зээлийн гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттай зээл олгосон. Хэрэв орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүсэл сонирхлыг илэрхийлээгүй байсан бол Г.Я Д.П өмчлөх эрх үүсэхгүй байсан. М.Н нь өөрийнхөө хөрөнгийг бусдад алдсан бол энэ тухай банкинд мэдэгдэж сэрэмжлүүлэх байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй. Бид улсын бүртгэлээс лавлагаа авахад Г.Я нэр дээр орон сууц бүртгэлтэй байсан. Тэгэхээр Д.П нь шударга өмчлөгч юм. Тиймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй тул банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг шүүх хуралдаан дээр хариуцагч Д.П өөрөө байсан. Зээлийг Я төлж дуусгахад үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгнө гэдгийг хоорондоо ярилцаад шийдсэн гэж шүүх хуралдаан дээр хэлсэн байсан. Г.Я ийм тохиролцоо хийсэн болохоор эвлэрэх хүсэлтэй байна гэж тодорхой нотолж байсан. Одоо болохоор өөр зүйл ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар Г.Я нэхэмжлэлтэй хариуцагч Д.П холбогдох 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар багийн дүгээр байрны  дугаар орцны  тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нэхэмжлэлтэй Д.П холбогдох 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар багийн  дүгээр байрны  дугаар орцны тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Г.Я нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШЗ2016/00750 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 403 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэгч Г.Я хариуцагч Д.П холбогдуулан С сумын  дугаар багийн  дүгээр байрны  дугаар орцны 122 тоот орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Д.П шилжсэн тус орон сууцын бүртгэлийг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Д.П 2016.09.16-нп гаргасан хариу тайлбартаа “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй учир нь Д.П миний нэр дээр зээл авчихсан байгаа гэсэн тайлбар,  гэрч Д.Н “Г.Я бид хоёрын хооронд тохиролцоо байсан. Энэ байрыг хямдхан 24 500 000 төгрөгөөр зармаар байна. Хэрэв 24 500 000 төгрөгөөр зарчихвал 30 хувиа байршуулаад дутуу мөнгө гарах гээд байсан гэсэн.

Тэгэхээр нь бид хоёр 35 000 000 төгрөгөөр зарж байгаа болоод худалдах худалдан авах гэрээ хийгээд 10 500 000 төгрөгийг банкинд байршуулсан. 24 500 000 төгрөг бэлнээр аваад дээр нь 500 000 төгрөгийг нэмж өгөөд байрыг худалдан авъя гэсэн тохиролцоог хийсэн. Гэвч миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан учраас би дүү Д.П санал тавиад тухайн байр зах зээлийн үнээс хямд байсан болохоор 24 500 000 төгрөгөөр миний төрсөн дүү Д.П Г.Я худалдан авсан. Тухайн үед М.Н байр гэдгийг бид хоёрын хэн ч  мэдээгүй байсан. ...байр худалдан авахаас өмнө би Г.Я хамт байранд очиж үзэхэд хэн ч байгаагүй хоосон байр байсан. Гэрчилгээ нь шилжсэн болохоор байранд очих шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг,

Нэхэмжлэгч Г.Я: “Д.Н бид хоёр харилцан тохиролцож, түүний дүү Д.П нэр дээр тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Бодит байдал дээр Д.П худалдаагүй, Д.П ч худалдан аваагүй. ...харин Д.Н өөрийн нэр дээр зээл гарахгүй байна гээд дүүгийнхээ нэрээр зээл авъя гэж бид хоёр тохиролцоод Д.П нэр дээр орон сууцыг шилжүүлсэн. Тэр үед Д.Н, Д.П 2 хоёулаа М.Н байр гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг.

ХХ-82, 83-р тал дахь бичгийн нотлох баримтуудаас үзэхэд С сумын  дугаар багийн дүгээр байрны дугаар орцны  тоот орон сууцыг Д.Н, Д.П нарын хэнд нь ч худалдан авах хүсэл зорилго байгаагүй зөвхөн 24 500 000 төгрөг зээлж авах зорилго байсан ба энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд орон сууц худалдах, худалдан авах  гэрээ байгуулсан, мөн 24 500 000 төгрөг зээлж авахын тулд “хуурамч материал бүрдүүлсэн” гэдгээ мэдүүлдэг.

Худалдах, худалдан авах гэрээг Г.Я, Д.П нар дүр үзүүлэн хийсэн тус гэрээгээрээ халхавчилж зээлийн гэрээ байгуулж банкнаас 24 500 000 төгрөг зээлж авсан.

Мөн хариуцагч Д.П орон сууц худалдан авснаа хэзээ ч чухалд тооцож байгаагүй зөвхөн миний нэр дээр байгаа зээлийг төлчихвөл орон сууцыг маргаангүйгээр буцааж өгөх талаар тайлбар гаргадаг.

 

2. Шүүх хариуцагч Д.П Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга өмчлөгч гэж үзээд гэрч З.У тус орон сууцанд 2010 оноос хойш  амьдарч ус дулаан, цахилгааны үнийг төлж байсан нь нотолгооны ач холбогдолгүй, жинхэнэ өмчлөгч М.Н гэдгийг хариуцагч Д.П мэдэх боломжтой байсан гэдгийг нотлох баримт болгохгүйгээс гадна одоо уг орон сууцанд хэн амьдарч байгаа талаар зохигч маргаагүй тул ... нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм гэжээ.

Хариуцагч Д.П нь орон сууц худалдан авахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан бол тус орон сууц Г.Я өмчлөлийнх биш М.Н өмчлөлийн орон сууц гэдгийг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Хариуцагч Д.П орон сууц худалдан авах хүсэл зорилго байгаагүйгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйл дэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй ба орон сууцны талаарх ямар ч мэдээлэл Д.П сонин байгаагүй нь илтэд ойлгомжтой байгаа ба энэ нь гэрч Э.У мэдүүлгээр /хх-73/ нотлогддог.

 

3. Анхан шатны шүүх нь хх-82,83 дугаар хуудсан дахь бичгийн нотлох баримтыг гэрч Д.Н “... эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн ...” Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын “... банкны зээлийг буцаагаад төлчихвөл би заавал энэ байрыг авах шаардлагагүй буцаагаад Г.Я өгнө гэж Д.П хэлсэн” гэсэн тайлбартай тохирч байгаа гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул дээрх 2 баримтыг шүүх үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэжээ.

Шүүх нь хх-82,83 дугаар тал дахь бичгийн нотлох баримтыг эвлэрлийн гэрээ байгуулсан гэж гэрч Д.Н мэдүүлэгт хөтлөгдөн үнэлсэн нь ойлгомжгүй юм. Харин хавтаст хэргийн 83-р тал дахь бичгийн нотлох баримтанд  тоот орон сууцыг  Г.Я хамтаар зээлийн барьцаанд тавьсан,  тус байр нь зарагдаагүй, 2016.01.07-нд зээлийн барьцаанаас суллаж, Н.Н  өрөө орон сууцыг шилжүүлж өгнө” гэсэн өөрийн гар бичмэлээ гэрч Д.Н 2016.11.02-ны өдрийн шүүх хуралдаанд миний гар бичмэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг шүүх үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэн гэрч Д.Н мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

4. Гэрч Д.Н нь 2017.02.09-ний өдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ байр худалдан авахаас өмнө 2014 оны зун бороо орж байхад Г.Я хамт байранд очиж үзэхэд хэн ч байгаагүй хоосон тавилгагүй байсан” гэсэн мэдүүлгийг Г.Я би Д.Н тоот орон сууцанд очоогүй. Надад түлхүүр байхгүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н, Д.Н худлаа хэлж байна. Манай хүү Э.У 2010 оноос хойш амьдарч байгаа гэсэн мэдүүлгээр гэрч Д.Н дээрх мэдүүлэг болон Д.Н “Д.П бид 2 хоёулаа М.Н байр гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг” үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгааг шүүх анзаарч үзээгүй.

Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой хэдий ч шүүх хуулийн заалтыг удирдлага болгож нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй зөвхөн улсын бүртгэлийн хэлтсээс С сумын  дугаар багийн  дүгээр байрны  дугаар орцны  тоот орон сууц Д.П нэр дээр бүртгэгдсэн, гэрч Д.Н /зарим эргэлзээ бүхий/ мэдүүлэгт үндэслэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан 3 -дагч этгээд М.Н нэхэмжлэлийн шаардлагыг ханхан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.Я нь Д.П холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан С сумын  дугаар баг  дүгээр байр,  дугаар орцны  тоот 48 м.кв талбайтай 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,  Д.П шилжүүлсэн орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Гуравдагч этгээд М.Н нь Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан 2014.06.19-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, улмаар Д.П нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хариуцагч Д.П холбогдуулан тус тус гаргажээ.

 

 Хариуцагч Д.П нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч уг орон сууцыг 2014.06.20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, 24 500 000 төгрөгөөр худалдан авсан, уг мөнгийг Хас банкнаас зээл авч одоо сар бүр төлж байгаа,

-маргаан бүхий орон сууцыг Г.Я худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан, уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд М.Н гэдэг хүн оролцоогүй, гэрээний талууд биш учир хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна.

 

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар Г.Я нэхэмжлэлтэй хариуцагч Д.П холбогдох 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар багийн  дүгээр байрны  тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг,

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нэхэмжлэлтэй Д.П холбогдох 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар багийн  дүгээр байрны тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг  тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

           Учир нь хэргийн материалд авагдсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.21-ний өдрийн 98 дугаар шийдвэр[1] болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Я нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээлд хамрагдах зорилгоор М.Н гэгчийн эзэмшлийн С сумын  дугаар баг тоотын 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 3 жилийн хугацаатайгаар бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ.

 

            Г.Я нь М.Н тохиролцсон хугацаандаа М.Н орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөөгүйн улмаас М.Н нь Г.Я байгуулсан “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 06 дугаар сард анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

Шүүх дээрх маргаан бүхий орон сууц нь Д.П гэгчийн өмчлөлд 2014 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн, улмаар Д.П нь уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, түүнд өмчлөх эрх үүссэн ба тэрээр Хас банкинд зээлийн барьцаанд тавьсан ас банкны барьцаанд Хас байх тул уг маргаан бүхий орон сууцыг буцаан өгөх боломжгүй болжээ гэж дүгнэн,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар М.Н, Г.Я нарын хооронд байгуулагдсан 2010.06.15-ны өдрийн “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Сүмбэр сум  тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я гаргуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон  байна. 

Өөрөөр хэлбэл  М.Н нь дээрх хэргийг шийдвэрлэх явцад С сум -р баг  тоот 48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрх нь бусдын өмчлөлд шилжсэний улмаас уг орон сууцыг  өөрийн эзэмшил болон өмчлөх эрхэд Г.Я буцаан шилжүүлж авах боломжгүй, харин уг орон сууцныхаа үнийг Г.Я  нэхэмжлэх эрхтэй  болсон гэдгээ мэдсэн гэж үзэхээр байх ба тэрээр дээрх шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаагүй байх тул шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Мөн тэрээр тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхийнхээ дагуу тухайн үед Г.Я, Д.П нарын хооронд 2014 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага  гаргаагүй байна.

            Улмаар Г.Я нь дээрх  орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг  өөрийнхөө  нэр дээр байх хугацаанд буюу 2014 оны 06 дугаар сарын19-ний өдөр хариуцагч Д.П /орон сууц/ худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Д.П нэр дээр бүртгэгдэж, Д.П нь Х б зээлийн болон барьцааны гэрээ байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр Хас банкнаас 35 000 000 төгрөгийн зээл авсан  байна.

Гэтэл Г.Я нь “бэлэглэлийн гэрээгээр” өөрт нь шилжүүлэгдсэн  С сум -р баг, 4- тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан Хас банкнаас зээл авах зорилгоор Д.Н харилцан тохиролцож түүний дүү Д.П орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн ба  бодит байдал дээр тус орон сууцыг худалдаагүй, Д.П нь худалдан аваагүй хэмээн Д.П байгуулсан /орон сууц/  худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, улмаар Д.П нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан. 

Мөн М.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт зааснаар Г.Я нэхэмжлэлтэй Д.П холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлага гаргаснаар тэрээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх М.Н нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан шаардлагыг зөрчөөгүй гэж гомдлын шаардлага гаргах хугацааны талаар дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Я, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнэсэн нь буруу биш байна.

 

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хооронд харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  байна.

 

Хариуцагч Д.П хувьд нэхэмжлэгч Г.Я болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нарыг ямар нэгэн байдлаар хуурч мэхэлсэн үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нь цаашид тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрийн дагуу өөрт учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй талаар дүгнэлт хийсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх  үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2017/00029  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 282 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд М.Н нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх ёстой 403150 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172  дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал  гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

    

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                            Н.БОЛОРМАА

                                                                                        Х..БАЙГАЛМАА

 


[1] 2016.07.21-ний  Шийдвэр Дугаар 98. Хх-70.