| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 187/2017/0130/Э |
| Дугаар | 573 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Туяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 573
Б.Алтансэлэнгэд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Туяа,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр Б.Алтансэлэнгэд холбогдох эрүүгийн 201626022940 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Оточ овогт Баясгалангийн Алтансэлэнгэ, 1992 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Тээвэрчдийн 69-ийн 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЕО92110601/,
Б.Алтансэлэнгэ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын 11 дүгээр байранд О.Бат-Оршихын хамт байхдаа түүний халааснаас Хаан банкны виза карт, 250 ам.доллар /250х2374=593.500/-г хулгайлан, тухайн өдрөө 4.797.000 төгрөгийг виза картнаас нь 8 удаагийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийж авах замаар О.Бат-Оршихийн 5.390.500 төгрөгийг хулгайлсан,
2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 58 тоотод оршин суух Э.Мөнхтөрийн гэрт хонохдоо түүний гэрээс Э.Мөнхтөрийн мөнгөн аяга 4 ширхэг, Ж.Хатанхолбоогийн цүнх 1 ширхэгийг хулгайлж, Э.Мөнхтөрд 3.000.000 төгрөгийн, Ж.Хатанхолбоод 5000 төгрөгийн хохирол учруулан нийт 8.395.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Алтансэлэнгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Алтансэлэнгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Ариунсэлэнгээс 5.390.500 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бат-Оршиход, 1.265.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Сувдаад тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтансэлэнгийн 2 нас 7 сар 22 хоногтой хүү Б.Тайширт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад даалгаж, Б.Ариунсэлэнгэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Прокурор Б.Соёлмаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Баривчлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй” гэж заасныг зөрчиж шийтгэх тогтоол гарах үед 3 нас хүрээгүй хүүхэдтэй Б.Алтансэлэнгэд 6 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Алтансэлэнгийн нэрийг Б.Ариунсэлэнгэ гэж зөрүүтэй бичсэн байсныг дурдах нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж тус шүүх хуралдаанд оролцож байна, тусгайлсан гаргах тайлбар, дүгнэлт байхгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Алтансэлэнгэ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын 11 дүгээр байранд О.Бат-Оршихын хамт байхдаа түүний халааснаас Хаан банкны виза карт, 250 ам.доллар /250х2374=593.500/-г хулгайлан, тухайн өдрөө 4.797.000 төгрөгийг виза картнаас нь 8 удаагийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийж О.Бат-Оршихийн 5.390.500 төгрөгийг,
2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 58 тоотод оршин суух Э.Мөнхтөрийн гэрт хонохдоо түүний гэрээс Э.Мөнхтөрийн мөнгөн аяга 4 ширхэг, Ж.Хатанхолбоогийн цүнх 1 ширхэгийг хулгайлж, Э.Мөнхтөрд 3.000.000 төгрөгийн, Ж.Хатанхолбоод 5000 төгрөгийн хохирол нийт 8.395.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Баривчлах ялыг шүүхийн тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй” гэж хуульчилсан байхад 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 2 нас, 9 сар, 17 хоногтой хүүхэдтэй Б.Алтансэлэнгэд анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан нь ял оногдуулах нийтлэг зарчим, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.” гэж заасан хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргажээ.
Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул прокурор Б.Соёлмаагийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Б.Алтансэлэнгэд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Алтансэлэнгэд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Алтансэлэнгэд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
Н.БАТСАЙХАН