Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 00374

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

    2019          12             16                                           2019/ШЦТ/374

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С-,

Орчуулагч, хэлмэрч В.Хуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б.М-, Г.В.С- нарт холбогдох эрүүгийн 1938007500400 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Оросын Холбооны улсын Буриад улсын иргэн, Ц.Б.М.

2. Оросын Холбооны улсын Буриад улсын иргэн, Г.В.С.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн ... дүгээр тэмдэгтээс 300 метрын зайд боомт бус газраар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор таван нохой дагуулан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг буюу галт зэвсгийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Оросын Холбооны Улсын Буриад улсын иргэн шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нар нь бүлэглэн ан хийх зорилгоор Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн ... дүгээр тэмдэгтээс 300 метрийн зайд боомт бус газраар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор таван нохой дагуулан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

Мөн Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль,  болон Монгол улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт” зэрэг хууль, журмыг тус тус зөрчин, Монгол улсын хилээр оруулахад хязгаарлалт тогтоосон бараа болох винтов маркын буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын буу 1 ширхэг, винтов маркын бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркын бууны сум 81 ширхэг зэрэг галт зэвсэг, сумыг Монгол улсын хилээр хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- Хилийн зөрчлийн шалгасан тухай акт /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

- Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Хил зөрчин саатуулагдсан Ц.Б.М-, Г.В.С- нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч зураг /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай

протокол /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Хилийн уулзалтын протокол /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

- Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- Хил зөрчигч Ц.Б.М-, Г.В.С- нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 18 дугаар хуудас/,

- Хил зөрчигч Ц.Б.М-, Г.В.С- нарын унаж явсан морь, дагуулж явсан нохойг хүлээлгэж өгсөн акт /хх-ийн 16 дугаар хуудас/,

- Хилийн ... дүгээр заставын хариуцсан хэсэг ... дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн буу, сум, галт хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай акт /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Хилийн ... дүгээр заставын хариуцсан хэсэг ... дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн зурган баримт /хх-ийн 20-27 дугаар хуудас/,

- Хил зөрчигч нарын авч явсан буу, сум, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-55 дугаар хуудас/,

- Хил зөрчигч нарын унаж явсан 2 тооны морь, авч явсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-68 дугаар хуудас/,

- Баруун ташаандаа В үсгэн тамгатай, сартай хонгор зүсмийн 6 настай Томс үүлдрийн морь, зүүн ташаандаа зөв харсан зуузай тамгатай халиун зүсмийн 8 настай Томс үүлдрийн морийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 71-76 дугаар хуудас/,

- Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт Х байнгын хилийн харуулын дарга, ахлах ахлагч Г.Б- утсаар холбогдож хилийн ... дүгээр тэмдэгтийн баруун талаар 300 метрын газраар ОХУ-ын Буриад улсын талаас Монгол Улсын тал руу нэвтэрсэн 2 морь, 5 нохойны мөрийг тухайн өдрийн 15 цагт илрүүлсэн...Х- харуулын цэгт очоод саатуулагдсан 2 иргэнд дахин үзлэг хийн хэн болохыг нь тогтоосон. Тэд ОХУ-ын Буриад улсын Г.В.С-, нөгөө нь Ц.Б.М- гэж байсан. Ингээд 24-ний өглөө хил зөрчсөн этгээдүүдийг хил нэвтэрсэн газарт нь очиж саатуулсан газар оронд үзлэг шалгалт хийх, хилийн зөрчил гарсан чиглэлд очиж хил зөрчсөн ул мөрийг хамгаалалтанд авах арга хэмжээ авсан. Тэгэхэд 2 морины мөр, мөн 5 нохойны мөр илэрсэн. Тэд хил нэвтрээд хилээс дотогш 9 орчим километр яваад буцсан байсан....тухайн этгээдүүдийн нэрийг өмнө нь ОХУ-ын талд албан захидалаар хүргүүлсэн байсны дагуу тухайн 2 хүний овог, нэр регистрийн дугаар, гэрийн хаяг зэргийг нь авч ирсэн байсан. Тэрийгээ манай талд өгсөн. Тэдний талаас ар гэрт нь мэдэгдэхээр болсон...Тэр хоёр хүнд винтов 1, калибр 1, винтовын сум 29 ширхэг, калибрын сум 81 ширхэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/,

- Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07 цагаас ахлах ахлагч Б-, дэд ахлагч Ч- нарын хамт хилийн ...-өөс ... дугаар тэмдэгтийн чиглэлд харуулын үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цагийн орчим хилийн ... дүгээр тэмдэгтээс баруун гар талд 300 метрын зайд ОХУ-ын талаас Монгол Улсын хил цувж нэвтэрсэн морины мөр болон нохойны мөр илрүүлсэн. Ингээд энэ талаар ... дүгээр заставт мэдэгдээд хаалт манаагаа гаргаад мөрийг араас нь мөрдсөн. Ингээд харуулын дарга ахлагч Н-, ахлах ахлагч Ш- нарыг урдаас нь угтуулж явуулсан. Ингээд тэр 2 тухайн хил зөрчигч этгээдүүдийг Хялгаасан давааны аманд саатуулаад биед нь үзлэг хийгээд харуулын байранд авч ирсэн. Харуулын байранд авч ирэхэд тэдэнд нарийвлан үзлэг хийхэд винтов 1, калибр 1, винтовын сум 29 ширхэг, калибрын сум 81 ширхэг байсан. ...Тэд өөрсдийгөө Буриад улсын иргэд гэж байсан ба Монгол хэлээр муухан ярьж ойлголцож байсан. ...Энэ хүмүүсийн хил нэвтрэн орж ирсэн хилийн ... дүгээр тэмдэгтийн хэсгээр бол ой модон дундуур моднуудыг тайраад 20 орчим метрт өргөн зурвас гаргасан байдаг. Түүгээр өнгөрч байгаа хүн бол өөр улсын хил рүү орж ирж байна гэдгээ мэдэх боломжтой. Мөн эдгээр хүмүүс нь өдөр 13 цагийн үед гэгээтэй, цаг агаар хэвийн тогтуун байх үед орж ирсэн учраас үзэгдэх орчин хязгаарлагдсан, манан будантай байсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс төөрсөн гэж үзэх үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

- Гэрч Л.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07 цагаас харуулын ахлагч Б-, ахлах ахлагч Б-, Ч- нар харуулын үүрэг гүйцэтгэхээр явсан. Би харуулын байранд үлдсэн. Гэтэл 15 цагийн орчим ахлагч Б- богино долгионы станцаар гадаад талаас нохой дагуулсан морьтой хүн орж ирсэн байна. Нутгийн гүн рүү хурханы эхээр явсан байна гээд ахлагч Н- бид хоёрыг Х- аманд хаалт манаанд гар гэж хэлсэн. Ингээд бид хоёр тэр даруй харуулын байрнаас гараад мориор Х- аманд очиход хил тал руу явсан 2 морьтой хүний шинэ мөртэй тааралдсан. Мөн нохойны мөр байсан. Ингээд мөр даган араас нь явж байгаад Х- давааны аманд хилийн ... дугаар тэмдэгтийн чиглэлд явж байгааг харсан. Ингээд бид 2 явж байгаа чиглэлээр нь амдан очоод араас нь зогс гэж анхааруулах дохио өгөхөд эргээд харахаар нь би морьтой давхин тулж очоод мориноосоо буун нэг эрэгтэйнх нь морины цулбуурнаас бариад мориноосоо буу гэхэд тэр буусан. Ингээд биед нь үзлэг хийхэд арай залуу эрэгтэй калибр буутай, бууны хүхээгэнд 5 сумтай, халаасанд нь даавуун уутанд 26 сум, ...калибрын 50 ширхэг сум байсан. Нөгөө эрэгтэйд нь винтов буу, бууны хүхээгэнд 5 сумтай, буугаа цэнэглэсэн, бүсэндээ хуйтай хутга зүүсэн, өмдний халааснаас нь 4 ширхэг винтовын сум гарч ирсэн. ...Тэд анх хэлэхдээ дагуулж явсан нохойнууд нь тураг хөөгөөд явчихаар нь араас нь орж ирсэн гэж хэлж байсан. ...Тэр хэсгээр зоон татаад ой модийг нь унагаж цэвэрлээд 50 орчим метр газар зоон татсан байдаг, мөн хилийн багана байгаа. Мөн ... дугаар тэмдэгт дээр хилийн хуучин өндөр цамхаг байдаг юм. Ер нь энгийн хүн хараад хил нэвтэрч байна гэдгээ мэдэх боломжтой. Тэр өдөр тэнгэр цэлмэг, нартай, цаг агаар тогтуун байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан манан, будан гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

- Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагаас хилийн ... дүгээр тэмдэгтээс ... дугаар тэмдэгтийн чиглэлд харуулын дарга Б-, Ч- нарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Ингээд шалгалтаа хийгээд ... дүгээр тэмдэгтийг өнгөрөөд явж байтал уг тэмдэгтийн баруун талаар 300 орчим метрийн зайд ОХУ-ын талаас манай улсын хилийг нэвтэрсэн морь болон нохойны мөр илэрсэн. Мөрийг үргэлжлүүлэн харахад нутгийн гүн рүү явсан байсан. Ингээд ахлагч Б- харуулын байр руу мэдэгдээд өмнөөс нь амдан саатуулахыг үүрэг болгоод бид гурав тэр мөрийг араас нь мөрдсөн. Ингээд явж байтал харуулын байрнаас гарсан харуулын дарга Н-, Ш- нар мөр илрүүлсэн талаараа богино долгионы станцаар хэлэхээр нь бид гурав мөрөө орхин ... дүгээр тэмдэгтийн чиглэлд хаалт манаанд шилжсэн. Удалгүй 15 цаг 40 минутын орчим хил зөрчигч нарыг саатуулсан гэсэн мэдээг нөгөө хоёр өгөхөд харуулын дарга Б- тэр хоёр дээр очихоор болоод Ч- бид хоёрт ул мөрийг үргэлжлүүлэн шалгах үүрэг өгсөн. Ингээд бид хоёр мориор явахад тэр хүмүүс мориноосоо буулгүй нутгийн гүн рүү 7-8 орчим километр яваад ... дугаар тэмдгийн чиглэлд эргэсэн байсан. Нийт явсан мөр нь 7-8 орчим километр юм. Ингээд бид ул мөрийг тэдний хилээр орж ирсэн газраас эхлээд манай харуулуудад баригдсан газар хүртэл шалгаж дуусаад байрлалдаа ирсэн. ...Тэдний явсан замыг нь тооцож үзэхэд тэд барагцаагаар 12-13 цагийн орчим хил нэвтэрсэн гэж үзэж байна. ...Тухайн хэсэгт ой модыг нь унаган хилийн зоон татсан байдаг. Тэд яг хилийн зоон татсан хэсгээр орж ирсэн байдаг. Тиймээс улсын хил нэвтэрч байна гэдгээ энгийн иргэн ч мэдэх боломжтой. Мөн тухайн өдөр тэнгэр цэлмэг нартай байсан тул төөрч будилхаар нөхцөл байдал байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагаас харуулын дарга Б-, ахлагч М.Б- нарын хамт хилийн ... дүгээр тэмдэгтээс .... дүгээр тэмдэгг хүртэл харуулын үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өдөр 15 цагийн орчим хилийн .... дүгээр тэмдэгтийн баруун талаар 300 орчим метрийн зайд ОХУ-ын талаас манай улсын хил нэвтэрсэн хоёр морьтой хүний мөр болон хэд хэдэн нохойны мөр илэрсэн. Ингээд Б- харуулын байр руу хэл хүргэж хүчлэн хамгаалалт дуудаад бид хил талаа хамгаалалтанд авсан. Тухайн хэсгээр зоон татаад ой модыг нь 20-50 метр өргөнтэй хэсгээр тайрч үзэгдэх орчинг чөлөөлсөн байдаг. Мөн хилийн манааны зам байдаг юм. Түүгээр өнгөрч байгаа хүн бол хил нэвтэрч байна гэдгээ мэдэх боломжтой. Тиймээс тэр хоёр хүнийг төөрч будилж орж ирсэн гэж үзэхгүй байна. Оросын хилийн талд ч гэсэн хилийн бүс тогтоосон таних тэмдэг зоон байдаг. Тэгэхээр хоёр улсын хил давсан гэдгээ тэдгээр хүмүүс мэдээгүй байх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

- Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би харуулын байрандаа байж байхад 15 цагийн орчим ахлах ахлагч Б- станцаар холбогдон “.... дүгээр тэмдэгтийн зүүн талаар морь болон нохойны цуваагаар явсан мөр илэрлээ, ОХУ-н талаас хил зөрчигч орж ирсэн байна” гэж хэлсэн. Ингээд би заставт мэдэгдэн тэндээс өгсөн үүргийн дагуу ахлах ахлагч Ш-гийн хамт морьтой харуулын байрнаас гарч ... гэдэг газраар тосож оч гэсний дагуу тэр газарт очиход хил зөрчигч нар эргэж хилийн зүг явсан шинэ мөр байсан. Ингээд Б-т станцаар мэдэгдээд хил талаа бид нар хаана, та хоёр араас нь морд гэсний дагуу араас нь 1 километр орчим газар явж тэр хоёр хүнийг араас нь хөөж гүйцэж очсон. Тэгэхэд тэнд хоёр эрэгтэй хүн байсан ба тус бүрдээ морьтой, мөн 5 нохой дагуулсан байсан. Тэд биднийг араас нь хөөж ирж байгаа гэдгийг мэдээгүй. Биднээс зугтаж магадгүй тул гэнэтийн байдлаар саатуулсан зугтах боломж олгоогүй. Ингээд тэдний биед үзлэг хийхэд винтов буу, буу нь 5 сумтай, хоолойндоо сумтай байсан. Мөн халаасанд нь 1 хайрцаг сум мөн задгай 4 ширхэг нийт 29 сумтай байсан. Нөгөө эрэгтэй нь калибр буутай 5 сумтай мөн хоолойндоо сумтай, биед нь 76 ширхэг сум халаасандаа хийсэн байсан. Өөрсдөө эхлээд хэлэхдээ нохой юм хөөгөөд явчихаар нь нохойгоо авах гэж яваад араас нь ороод ирлээ гэж хэлсэн. Гэтэл дараа нь төөрөөд орж ирсэн гэж байсан. Ан хийх, нохойгоо анд сургах зорилготой явж байсан гэсэн. Тэднийг саатуулаад харуулын байр руу авч ирж байхад тавиад явуулчих гээд байсан. Тэгж байснаа дараа нь биднийг буугүй явсан гээд мэдүүлчих гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138 дугаартай: “1. Шинжилгээнд хүргүүлсэн 7.62мм-ын гэх 29 ширхэг, 5мм-ын гэх 81 ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн сумнуудын бялт тэсрээгүй, бүрэн бүтэн байх тул буудлага үйлдэх боложтой. Буудлага үйлдэж болно. 3. Хүрэн улаан өнгийн хонгио болон хошуутай, малгайн хэсэгт “188” “88” гэсэн тэмдэглэгээтэй 24 ширхэг сумнууд нь 1988 онд Оросын Холбооны улсын Новосибирскийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х54R мм калибртай сум байна. 4. Ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, хошууны дээд хэсгээр З мм тугалгатай, малгайн хэсэгт “БПЗ” “7,62х54R гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х54мм калибртай 5 ширхэг сум нь Оросын Холбооны улсын Барнаулын зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. 5. Хар саарал өнгийн хонгиотой, саарал өнгийн тугалган хошуутай, малгайн хэсэгт “Л” гэсэн тэмдэглэгээтэй, 81 ширхэг сум нь Оросын Холбооны улсын Востокын зэвсгийн үйлдвэрт ан агнуур, сторт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5,6x15R мм калибртай сум байна. 6. Тухайн сумнууд нь сум тус бүрт зориулагдан хийгдсэн бүх буунд ашиглагдана” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн буу нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь 1959 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн 250 метрийн тусгалтай, 5,6 мм калибр бүхий ТОЗ-8 маркийн буу байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд анги бүрэн байх бөгөөд тухайн бууны эд анги солигдсон эсэхийг тогтоох боломжгүй. Зориулалт өөрчлөөгүй байна. 4. Тухайн шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Буудлага үйлдэхдээ нэгийн галаар буудлага үйлдэнэ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 140 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги ГИЯ1361” гэсэн бичиг бүхий буу нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь 7,62x54R сумаар буудахаар хийгдсэн гар хийцийн залгамал буу байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд анги бүрэн байх бөгөөд сумны хонгио татагч 1 ширхэг хумс хугарсан байна. Тухайн бууны эд анги солигдсон эсэхийг тогтоох боломжгүй. Зориулалт өөрчилж гол төмөр, овоо, харааг салгаж гагнасан байна. Мөн тухайн бууг хэзээ, хаана үйлдвэрлэснийг тогтоох боломжгүй. 4. Тухайн шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Буудлага үйлдэхдээ нэгийн галаар буудлага үйлдэнэ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

- Шинжээчээс мэдүүлэг авсан: “...1959 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсэг байсан. Энэ галт зэвсэг нь спорт, сургалт, ангийн зориулагтаар үйлдвэрлэгдсэн тул иргэний зориулалтай галт зэвсэг юм” гэх тэмдэглэл /хх-ийн 114 дүгээр хуудас/,

- “Томс үүлдрийн хоёр морины зах зээлийн үнэ 3.000.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлсэн тайлан  /хх-ийн 118 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Г.В.С--ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: “...Би ан хийхээр нутгын танил Ц-н хамт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Санага тосгон дахь гэрээсээ гарсан. Бид тус бүрдээ нэг нэг морьтой, буутай, мөн 5 нохой дагуулж гарсан. Ингээд явсаар орой болоод Даваа бэлчир гэдэг газарт хоносон. Өглөө нь босоод үүр цайж байх үед босход манантай юм сайн харагдахгүй байсан. Ингээп явсаар нэг жалга уруудаад гол дээр ирхэд урсгал нь эсрэгээр урсаж байхаар нь Монголын нуагт ирсэн байна гэж мэдсэн, мөн газар орны байдлыг хархад 80-д онд миний тээвэр хийж явсан газар мөн байхаар нь Монголд орж ирсэн байна гээд буцаадявж байтал хилийн харуулууд ирээд биднийг саатуулсан юм. ...Манай нутгын Даваа бэлчих гэх газар гахай элбэг байдаг болхоор нохойгоо анд сургахаар явж байсан. Хил нэвтрэх ямар нэгэн санаа байгаагүй. Өнгөрсөн жил би хилийн орчмоос самар жимс түүх зөвшөөрлийг нутгийн хилийн албанаас авсан байсан юм. ...Манантай байхад нохой түрүүлэд давхиад явсан бид араас нь дагаад явсан юм. ...Бид манантай газраар явж байгаад тэр гол дээр ирээд мэдсэн. ...Би винтов маркын буу, 20-д сумтай байсан, мөн хутга, хүнсний зүйлс, гар чийдэг, эсгий дотортой мишок зэрэг зүйлс байсан. Морь бол шарга зүсмийн, 5-6 настай морьтой байсан. Сум нутагтаа дэлгүүрээс авч байсан. ...Улсын хил зөрчсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу уучлаарай” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Г.В.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Монгол Улсын хил зөрчсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би нутгийн танил Ц-н хамт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Санага тосгон дахь гэрээсээ бид тус бүрдээ нэг нэг морь, буутай, мөн 5 нохой дагуулж гарсан. Ингээд явсаар орой болоод Даваа бэлчир гэдэг газарт хоносон. Ингээд өглөө 07 цагт босоод ирэхэд цас орсон байсан учраас гэртээ харихаар буцаж явсан. Гэтэл гэртээ харих замаа андуураад өөр жалгаар орсон, баримжаа алдаад юм харагдахгүй байсан. Ингэж явсаар нэг гол дээр ирэхэд урсгал нь эсрэг урсаж байхаар нь Монгол улсын хилээр давсан байна гэдгээ ойлгосон. Тэгээд буцаж явж байгаад хилийн харуулууд ирж бид хоёрыг барьсан. Миний буу 7.62 мм-н сумаар бууддаг, гар хийцийн винтов маркын буу юм. Би хүнээс худалдаж авч байсан. Ямар нэгэн зөвшөөрөл бичиг баримт байхгүй. ...Нэмж яллагдагчаар татаж байгаа хуулийг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149, 163 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нутгын танил С-н хамт ан хийхээр нэг нэг морь, мөн нэг нэг буутай, 5 нохой дагуулан Санага тосгон дахь гэрээсээ гарсан. Ингээд гэрээс гарч явсаар орой нь Буриад улсын хилийн цаана 5 километрт байдаг Даваа бэлчир гэдэг ууланд хоносон. Маргааш өглөө нь босоод гэртээ харихаар явсан. Ингээд явж байгаад жалга руу орж ирээд уруудаж явж байгаад нэг голтой тааралдахад голын ус баруун тал руугаа урсаж байсан манай нутагт бол гол эсрэг тал руу нь урсдаг юм. Ингээд Монголын хилээр орж ирсэн болохоо мэдээд буцаад явья гээд явж байтал хилийн харуулууд ирээд ирээд зогс гээд бид хоёрыг барьж харуулын байрандаа авч ирсэн. ...Ямар нэгэн зорилго байгаагүй төөрч яваад орсон байсан. ...Хил нэвтэрч байна гэдгээ мэдээгүй. ...Би цагаан шаргал өнгийн 6 настай, томс үүлдрийн морьтой, жижиг калибр маркын буутай, мөн сумтай сумны тоог санахгүй байна, тонгорог хутгатай, богцондоо хүнсний зүйлс хийсэн, эмээлэндээ нэхий дотортой мишок ганзгалсан байсан. ...Ан хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Улсын хил зөрчсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би нутгийн танил Г-н хамт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Буриад улсын Санага тосгон дахь гэрээсээ ан хийхээр морьтой, нохойтой гарсан. Ингээд бид хоёр Даваа бэлчир гэдэг ууланд хоноод өглөө босоод уулын толгой тойроод гэрлүүгээ явах гэж явсан. Тухайн үед манантай байсан учраас бид 2 явсаар байгаад нэг гол дээр ирсэн. Тэгээд явж байтал хилийн харуулууд ирээд бид хоёрыг барьсан юм. ...Ямар нэгэн зорилго байгаагүй. ...Миний буу бол манай ааваас үлдсэн буу байгаа юм. Ямар нэгэн бичиг баримт байхгүй. Калибр буу л гэдэг юм ямар нэртэйг нь би мэдэхгүй. ...Галт зэвсэг, сум хилээр нэвтрүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159, 166 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нар “Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б.М-ийн хувийн байдлыг тодорхойлсон:

  • Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170 дугаар хуудас/,

- ОХУ-ын Хиагтын бүрэн эрхт төлөөлөгчөөс факсаар ирүүлсэн баримтын орчуулга, хуулбар /хх-ийн 175-176, 178 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.В.С-ийн хувийн байдлыг тодорхойлсон:

- Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169 дүгээр хуудас/,

- ОХУ-ын Хиагтын бүрэн эрхт төлөөлөгчөөс факсаар ирүүлсэн баримтын орчуулга, хуулбар /хх-ийн 175-177 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хайхрамжгүй, улсын хилийн зөрчил, уг гэмт хэргийн талаарх хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд халдсан байна.

Улсын хилийн халдашгүй дархан байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн”, Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэж зааснаар тодорхойлогдоно.

Монгол Улс, ОХУ-ын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 2006 онд соёрхон баталж мөрдөн ажиллаж байгаа бөгөөд “Монгол Улсын хил”-ийг Монгол Улсын хилийн тухай хуульд зааснаар тодорхойлно.

Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай байгуулсан гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршдог. 

Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хууль бус үйлдлээр илрэх ба хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.

Шүүгдэгч нар нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Хилийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нар нь бүлэглэн Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,

Мөн бүлэглэн Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу винтов маркын буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын буу 1 ширхэг, винтов маркын бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркын бууны сум 81 ширхэгийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Оросын Холбооны улсын Буриад улсын иргэн шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нар нь бүлэглэн ан хийх зорилгоор Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн ... дүгээр тэмдэгтээс 300 метрийн зайд боомт бус газраар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор таван нохой дагуулан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль,  болон Монгол улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт” зэрэг хууль, журмыг тус тус зөрчин, Монгол улсын хилээр оруулахад хязгаарлалт тогтоосон бараа болох винтов маркын буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын буу 1 ширхэг, винтов маркын бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркын бууны сум 81 ширхэг зэрэг галт зэвсэг, сумыг Монгол улсын хилээр хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хилийн зөрчлийн шалгасан тухай акт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт /хх-ийн 7 дугаар хуудас/, хил зөрчин саатуулагдсан Ц.Б.М-, Г.В.С- нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч зураг /хх-ийн 8 дугаар хуудас/, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол /хх-ийн 9 дүгээр хуудас/, хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол /хх-ийн 10 дугаар хуудас/, хилийн уулзалтын протокол /хх-ийн 11-12 дугаар хуудас/, улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хил зөрчигч Ц.Б.М-, Г.В.С- нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 18 дугаар хуудас/, хил зөрчигч Ц.Б.М-, Г.В.С- нарын унаж явсан морь, дагуулж явсан нохойг хүлээлгэж өгсөн акт /хх-ийн 16 дугаар хуудас/, хилийн 9 дүгээр заставын хариуцсан хэсэг ... дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн буу, сум, галт хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай акт /хх-ийн 17 дугаар хуудас/, хилийн 9 дүгээр заставын хариуцсан хэсэг ... дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн зурган баримт /хх-ийн 20-27 дугаар хуудас/, хил зөрчигч нарын авч явсан буу, сум, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-55 дугаар хуудас/, хил зөрчигч нарын унаж явсан 2 тооны морь, авч явсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-68 дугаар хуудас/, баруун ташаандаа В үсгэн тамгатай, сартай хонгор зүсмийн 6 настай Томс үүлдрийн морь, зүүн ташаандаа зөв харсан зуузай тамгатай халиун зүсмийн 8 настай Томс үүлдрийн морийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 71-76 дугаар хуудас/, гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/, гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, гэрч Л.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/, гэрч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/, гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 140 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 114 дүгээр хуудас/, “Томс үүлдрийн хоёр морины зах зээлийн үнэ 3.000.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлсэн тайлан  /хх-ийн 118 дугаар хуудас/, шүүгдэгч Г.В.С--ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар хуудас/, шүүгдэгч Г.В.С--ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 148-149, 163 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Б.М--ийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 151-152 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Б.М--ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 158-159, 166 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдоно.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, акт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан баримт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээр Монгол улсын бүрэн эрхт байдал, хилийн халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдалд халдаж, Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын хилийн тухай хууль, Монгол улсын Галт зэвсгийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан тогтоомжуудыг зөрчиж, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн гэмт халдлагыг үйлдсэн байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

  1. Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн ... дүгээр тэмдэгтээс 300 метрийн зайд боомт бус газраар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
  2. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн ... дүгээр тэмдэгтээс 300 метрийн зайд боомт бус газраар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болох винтов маркын буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын буу 1 ширхэг, винтов маркын бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркын бууны сум 81 ширхэгийг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршиг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй.

Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 30 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг харгалзан үзэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч нарын хувийн байдал, мөн үйлдсэн гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байх боловч

Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нар нь Монгол улсад байнга оршин суудаггүй, Оросын Холбооны улсын Буриад улсын иргэд тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэсэн заалтуудыг хэрэглэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна”, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ...ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлэх боломжгүй гэж үзэж өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзав.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийг гүйцэтгэгч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалтуудыг тус тус журамлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа зэргийг тус тус харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 30 /гуч/ хоногийн хорих ялаар тооцож, эдлэх хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасны дагуу “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бол прокурорыг саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж болно” гэснийг тайлбарлаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан винтов маркын буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын буу 1 ширхэг, винтов маркын бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркын бууны сум 81 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн байгууллагад,

морины эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, тонгорог хутга 1 ширхэг, хүрэн бариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн бризентэн шорооны цув 2 ширхэг, нэхий дотортой мишок 2 ширхэг, бризентэн богц 2 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн өнгийн гар чийдэн 1 ширхэг, хээрийн тогоо 4 ширхэг, “Сайра” нэртэй консерв 1 лааз, лаазалсан махан таташ 1 ширхэг, хөзөр 1 ширхэг, бариултай төмөр аяга 2 ширхэг, паалантай төмөр аяга 2 ширхэг, амны халбага 4 ширхэг, шүдэнз 2 хайрцаг, хоол амтлагч 17 ширхэг, Чили соус 1 ширхэг, элсэн чихэр 2 сав, даавуун ууттай давс, савхан гоймон 2 уут /720 грамм/, масло 1 уут, гурвалжин будаа 1 уут /1.75кг/, тал талх 2 ширхэг, цагирган боов 2 ширхэг, ууттай боов 1 ширхэг /455 грамм/, ургамалын тос 1 сав, морины чөдөр 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, /Спутник маркын 1 ширхэг, Furbo маркын 1 ширхэг/, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, гутлын үдээс 2 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 2 тооны Томс үүлдрийн морийг хэрэгцээний дагуу Хил хамгаалах ... дугаар ангид шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарыг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс сэжигтнээр, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч нарын баривчлагдаж, цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б.М-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр нэвтрүүлж, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрч “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.В.С-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр нэвтрүүлж, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрч “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч Ц.Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Г.В.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 30 /гуч/ хоногийн хорих ялаар тооцож, эдлэх хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарын баривчлагдаж, цагдан хоригдсон тус бүр 50 /тавь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан винтов маркын буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын буу 1 ширхэг, винтов маркын бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркын бууны сум 81 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн байгууллагад,

 морины эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, тонгорог хутга 1 ширхэг, хүрэн бариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн бризентэн шорооны цув 2 ширхэг, нэхий дотортой мишок 2 ширхэг, бризентэн богц 2 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн өнгийн гар чийдэн 1 ширхэг, хээрийн тогоо 4 ширхэг, “Сайра” нэртэй консерв 1 лааз, лаазалсан махан таташ 1 ширхэг, хөзөр 1 ширхэг, бариултай төмөр аяга 2 ширхэг, паалантай төмөр аяга 2 ширхэг, амны халбага 4 ширхэг, шүдэнз 2 хайрцаг, хоол амтлагч 17 ширхэг, Чили соус 1 ширхэг, элсэн чихэр 2 сав, даавуун ууттай давс, савхан гоймон 2 уут /720 грамм/, масло 1 уут, гурвалжин будаа 1 уут /1.75кг/, тал талх 2 ширхэг, цагирган боов 2 ширхэг, ууттай боов 1 ширхэг /455 грамм/, ургамалын тос 1 сав, морины чөдөр 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, /Спутник маркын 1 ширхэг, Furbo маркын 1 ширхэг/, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, гутлын үдээс 2 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 2 тооны Томс үүлдрийн морийг хэрэгцээний дагуу Хил хамгаалах ... дугаар ангид шилжүүлсүгэй.
  2. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ