Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/05495

 

2016 оны 10 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05495

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Сарантуяа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байрны 24 тоотод оршин суух, Их хойд овогт Баатарын Нарантуяа /РД-ЧЛ65022462/-гийн,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 38 дугаар байрны 24 тоотод оршин суух, Боржигон овогт Лхасүрэнгийн Мөнхбаатар /РД-ЧР71032597/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 51-53 тоотод оршин суух, Боржигон овогт Батаагийн Бадамсансар /РД-УХ75071568/ нарт холбогдох

Гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баатар, хариуцагч Л.Мөнхбаатар, Б.Бадамсансар, иргэдийн төлөөлөгч Б.Хүслэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Б.Нарантуяа 1997 онд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 13 дугаар байрны 4 дүгээр орцны О тоот өрөөг хувьчилж авсан.

Хажуугийн 111 тоот байрны өмчлөгч С.Батхишиг гэгч 2011 оны 01 дүгээр сард 5х8-ын хэмжээтэй өргөтгөл зөвшөөрөлгүй барьж, манай байшингийн цонх, явган зам таглан иргэний эрх зүйд бүдүүлгээр халдсан тул мэргэжлийн хяналтын газар, шүүх, дүүргийн Засаг даргад хандаж, Засаг даргын 2012 оны 10 дугаар сард А/442 тоот захирамж гаргуулан, өргөтгөлийг албадан буулгахаар шийдвэр гаргасан. Гэтэл уг захирамжийг хууль зөрчигч биелүүлэхээс зайлсхийж, Б.Бадамсансарт худалдаж, харин уг зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн орон сууцыг худалдан авсан дүр үзүүлж буй өнөөгийн эзэмшигч Л.Мөнхбаатар нар манай байрны цонх тагласан хэсгийг буулгаад чимээгүй болсон.

Би хууль зөрчсөн үйлдлүүдийг арилгуулахаар дахин гомдол гаргаж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/1280 тоот албан бичгийн дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын А/913 дугаар захирамж гарсан бөгөөд өнөөг хүртэл биелэгдээгүй учир шүүхэд хандаж байна.

Иймээс уг А/913 дугаар захирамжийн дагуу уг өргөтгөлийг албадан буулгуулах, эсвэл хүнд түрээслүүлж байгаад нар үзэхгүйгээс мөөгөнцөр ургаж түрээслэгч Б.Алтантунгалаг 2 жилийн өмнөөс дайжин гарсан тул бүтэн 2 жилийн түрээсийн төлбөр 2,4 сая төгрөг, шүүхэд 2 удаа тэмдэгтийн хураамж төлсөн 140,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 250,000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зэргийн хохиролд 3 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Одоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 250,000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал гаргуулах шаардлагаас татгалзаж, түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 2,400,000 төгрөгөө 2 сая төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд хариуцагч Л.Мөнхбаатар, Б.Бадамсансар нараас 2 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Бадамсансар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би зарын дагуу 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 13-111 тоот байрыг С.Батхишиг гэж хүнээс худалдаж авсан. Би олон жил Солонгост ажиллаж байхдаа осолд орсны улмаас хүнд өвчтэй болсон ба байнга үнэтэй эм, тариа хэрэглэх шаардлагатай байсан тул өөрийн 3 өрөө байрыг зарж ажлын байртай болох зорилгоор энэ орон сууцыг худалдаж авсан. С.Батхишиг, Т.Баатар гуай хоёрын хооронд ийм маргаантай байгааг мэдээгүй. Тухайн үед уг байранд зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх байрыг худалдан авснаас хойш хэсэг хугацааны дараа нар хаалаа, манайхаас болж мөөгөнцөртсөн гэх мэт байдлаар удаа дараа илт худал тайлбарыг шүүхийн байгууллагад гаргаж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн бөгөөд шүүх миний буруугүйг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Би уг байрыг худалдан авсан хугацаандаа нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд өөр хүнд зарсан тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Л.Мөнхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Бадамсансартай гэрээ байгуулан 1 өрөө орон сууцыг өргөтгөлийн хамт худалдаж авсан.

Уг байр нь хойшоо харсан орцтой бөгөөд өргөтгөл нь далан дээр баригдсан учир явган хүний зам хаагаагүй.

Тус өргөтгөл нь 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 145 тоот тушаалаар зөвшөөрөл олгогдсон ба хотын захиргаа эсвэл дүүргийн Засаг дарга түүний тамгын газрын зүгээс тус өргөтгөлийг бүхэлд нь буулгах, зөвшөөрлийг хүчингүй болгох талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн тушаал, шийдвэр, акт захирамж гараагүй байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2010 оны 07-244/4085 тоот дүгнэлтээр тус өргөтгөл нь зөвшөөрөлгүй баригдсан гэдэг нь няцаагдаж байна.

Өргөтгөлийг анх барихад Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу түүний эцэг Т.Баатар нь тус орон сууцны СӨХ-ны даргаар ажиллаж байхдаа өргөтгөл барихыг зөвшөөрсөн болох нь Баянгол дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт тусгагдсан байна.

Мөн Б.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар өмнө нь шийдвэрлэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож байсан шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байхад шүүхэд дуудагдаад байгааг гайхаж байна.

Орон сууцны өргөтгөл нь 13 дугаар байрны орцны эсрэг талд буюу байрны ар талд явган хүний зам байхгүй хэсэгт баригдсан бөгөөд Б.Нарантуяагийн өмчлөлийн 0 тоот өрөөний цонхны доогуур нэмж тамбар барьсныг Баянгол дүүргийн Засаг даргын А/913 тоот захирамжаар сүүлд нэмэгдүүлж барьсан хэсгийг нураах шийдвэр гарсны дагуу миний бие захирамжийг биелүүлсэн. Энэ үеэр нэхэмжлэгч Б.Нарантуяа надад удаа дараа хандан, 3 сая төгрөг өгчихвөл бид гомдлоо татаж авна, чи заавал нураалгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэж ятгаж байсан.

Би Засаг даргын захирамжийг хүлээн авч, хэрэгжүүлсэн талаар хариу бичгийг Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байсан.

Өргөтгөл болон сүүлд барьсан хэсэг нь нэхэмжлэгчийн 0 өрөөний цонхыг хаагаагүй болох нь хэрэгт хавсаргасан зургаас харагдаж байгаа бөгөөд хүн амьдрахад зориулагдаагүй, агааржуулалтгүй өрөөнд 0, душ, угаалтуур суулгаж, сантехникийн холболт хийснээс мөөгөнцөр үүссэн байдаг.

Иймд миний өмчлөлийн орон сууцны өргөтгөл нь Б.Нарантуяагийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Б.Бадамсансар, Л.Мөнхбаатар нарт холбогдуулан, өргөтгөлийг албадан буулгуулах, гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн үнийн дүнг 2 сая төгрөг болгон багасгаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ Б.Бадамсансарын хувьд ...өмнө нь уг асуудлыг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, ... би байрыг худалдан авсан хугацаандаа нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй, өөр хүнд зарсан учир үндэслэлгүй гэж, хариуцагч Л.Мөнхбаатар нь ... нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар өмнө нь шийдвэрлэсэн ... шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, ... Б.Нарантуяагийн өрөөний цонхыг хаагаагүй, байранд илэрсэн мөөгөнцөр нь өргөтгөлөөс болоогүй, ... дүүргийн Засаг даргын А/913 тоот шийдвэрийг биелүүлсэн .... гэж тайлбарладаг.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/913 тоот захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2012 оны А/442 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 111 тоотын иргэн С.Батхишиг /одоо эзэмшигч нь Б.Бадамсансар/-ийн барьсан өргөтгөлийн барилгын сүүлд нэмэгдүүлж барьсан хэсгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буулгахыг хариуцагч Б.Бадамсансарт үүрэг болгосон байна. /хх-6 дугаар тал/

Хариуцагч Б.Бадамсансар нь Л.Мөнхбаатарт дээрх 111 тоот орон сууцыг худалдаж, түүнд өмчлөх эрх 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжсэн байх бөгөөд Л.Мөнхбаатар нь Баянгол дүүргийн Засаг даргын А/913 тоот захирамжийн биелэлтийг хангаж, 111 тоот орон сууцны өргөтгөлийн сүүлд нэмэгдүүлж барьсан хэсгийг буулгасан болох нь хариуцагч нарын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000366062 тоот гэрчилгээ, фото зураг зэргээр тогтоогдож байна. /хх-26, 32, 37-38 дугаар тал/

Нэхэмжлэгч тал уг үйл баримтыг болон хариуцагчийн шүүхэд цуглуулж өгсөн бичгийн баримтыг няцааж чадаагүйн зэрэгцээ А/913 тоот захирамж биелэгдээгүй, өргөтгөлийн сүүлд баригдсан хэсгийг дутуу нураасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. /хх-26 дугаар хуудас/

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баатар, Б.Нарантуяаг төлөөлж 2011 онд иргэн С.Батхишигт холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 13 дугаар байрны 111 тоот орон сууцны өргөтгөлийг албадан буулгуулах тухай, 2012 онд С.Батхишиг, Б.Бадамсансар нарт холбогдуулан хөршийн нөлөөллийн нөхөн төлбөрт 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд тус тус гаргасныг тус шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 879, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2246 дугаар шийдвэрүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн мөн оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 503, 2013 оны 83 дугаар магадлалуудаар тус тус хэвээр үлдээсэн байна. /хх-16-18, 50-52 дугаар хуудас/

Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 111 тоот орон сууцны өргөтгөл нь Б.Нарантуяагийн өмчлөлийн 0 тоот өрөөний цонхыг хаасан эсэх талаар ... өргөтгөлийн хаалганы хэсгийн доголыг битүүлсэн нь цонхны нарыг хаагаагүй, доголыг битүүлэхдээ газрыг ухсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй ... гэж, мөн нэхэмжлэгчийн О тоот өрөөний үүдний дээд булан, крантны доод хана хавиас илэрсэн хөгц, мөөгөнцөр нь С.Батхишиг өргөтгөл барьсны улмаас үүссэн гэж үзэх боломжгүй ... гэж дүгнэсэн учир шүүх тухайн үйл баримтад дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. /хх-61-68 дугаар хуудас/

Мөн нэхэмжлэгч тал нь хариуцагч нарын буруугаас 0 тоот өрөөнд мөөгөнцөр ургасан, үүний улмаас хөлслөгч байрнаас гарснаас олох ёстой байсан орлогоороо хохирсон, уг 0 тоот өрөөг Б.Алтантунгалаг гэх этгээдэд хөлсөлж байсан гэх үйл баримтуудаа баримтаар нотолж чадаагүйн гадна 111 тоот орон сууцны өргөтгөл нь явган хүний зам хаасан эсэх асуудлаас Б.Нарантуяагийн эрх хэрхэн хөндөгдөж буй нь ойлгомжгүй байна.

Иймээс шүүх, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Б.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Б.Нарантуяагийн, Б.Бадамсансар, Л.Мөнхбаатар нараас гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД А.САРАНТУЯА

Н.ХАНГАЛ