Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 05

 

       Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05495 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Мөнхбаатар, Б.Бадамсансар нарт холбогдох         

Гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Л.Мөнхбаатар, Б.Бадамсансар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Б.Нарантуяа 1997 онд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 13 дугаар байрны 4 дүгээр орцны 0 тоот өрөөг хувьчилж авсан. Хажуугийн 111 тоот байрны өмчлөгч С.Батхишиг 2011 оны 01 дүгээр сард 5х8-ын хэмжээтэй өргөтгөл зөвшөөрөлгүй барьж, манай байшингийн цонх, явган зам таглан иргэний эрх зүйд бүдүүлгээр халдсан тул мэргэжлийн хяналтын газар, шүүх, дүүргийн Засаг даргад хандаж, Засаг даргын 2012 оны 10 дугаар сард А/442 тоот захирамж гаргуулан, өргөтгөлийг албадан буулгахаар шийдвэр гаргасан. Гэтэл уг захирамжийг хууль зөрчигч биелүүлэхээс зайлсхийж, Б.Бадамсансарт худалдаж, харин уг зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн орон сууцыг худалдан авсан дүр үзүүлж буй өнөөгийн эзэмшигч Л.Мөнхбаатар нар манай байрны цонх тагласан хэсгийг буулгаад чимээгүй болсон. Би хууль зөрчсөн үйлдлүүдийг арилгуулахаар дахин гомдол гаргаж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/1280 тоот албан бичгийн дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын А/913 дугаар захирамж гарсан бөгөөд өнөөг хүртэл биелэгдээгүй учир шүүхэд хандаж байна.

Иймээс уг А/913 дугаар захирамжийн дагуу уг өргөтгөлийг албадан буулгуулах, эсвэл хүнд түрээслүүлж байгаад нар үзэхгүйгээс мөөгөнцөр ургаж түрээслэгч Б.Алтантунгалаг 2 жилийн өмнөөс дайжин гарсан тул бүтэн 2 жилийн түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг, шүүхэд 2 удаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 140 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 250 000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зэрэг хохиролд нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.  Одоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 250 000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал гаргуулах шаардлагаас татгалзаж, түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 2 400 000 төгрөгөө 2 000 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хариуцагч Л.Мөнхбаатар, Б.Бадамсансар нараас 2 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Мөнхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Бадамсансартай гэрээ байгуулан 1 өрөө орон сууцыг өргөтгөлийн хамт худалдаж авсан. Уг байр нь хойшоо харсан орцтой бөгөөд өргөтгөл нь далан дээр баригдсан учир явган хүний зам хаагаагүй. Тус өргөтгөл нь 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 145 тоот тушаалаар зөвшөөрөл олгогдсон ба хотын захиргаа эсвэл дүүргийн Засаг дарга түүний тамгын газрын зүгээс тус өргөтгөлийг бүхэлд нь буулгах, зөвшөөрлийг хүчингүй болгох талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн тушаал, шийдвэр, акт захирамж гараагүй байна. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2010 оны 07-244/4085 тоот дүгнэлтээр тус өргөтгөл нь зөвшөөрөлгүй баригдсан гэдэг нь няцаагдаж байна. Өргөтгөлийг анх барихад Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу түүний эцэг Т.Баатар тус орон сууцны СӨХ-ны даргаар ажиллаж байхдаа өргөтгөл барихыг зөвшөөрсөн болох нь Баянгол дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт тусгагдсан байна. Мөн Б.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар өмнө нь шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож байсан шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байхад шүүхэд дуудагдаад байгааг гайхаж байна. Орон сууцны өргөтгөл нь 13 дугаар байрны орцны эсрэг талд буюу байрны ар талд явган хүний зам байхгүй хэсэгт баригдсан бөгөөд Б.Нарантуяагийн өмчлөлийн 0 тоот өрөөний цонхны доогуур нэмж тамбар барьсныг Баянгол дүүргийн Засаг даргын А/913 тоот захирамжаар сүүлд нэмэгдүүлж барьсан хэсгийг нураах шийдвэр гарсны дагуу миний бие захирамжийг биелүүлсэн. Энэ үеэр нэхэмжлэгч Б.Нарантуяа надад удаа дараа хандан, 3 000 000 төгрөг өгчихвөл бид гомдлоо татаж авна, чи заавал нураалгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэж ятгаж байсан. Би Засаг даргын захирамжийг хүлээн авч, хэрэгжүүлсэн талаар хариу бичгийг Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байсан. Өргөтгөл болон сүүлд барьсан хэсэг нэхэмжлэгчийн 0 өрөөний цонхыг хаагаагүй болох нь хэрэгт хавсаргасан зургаас харагдаж байгаа бөгөөд хүн амьдрахад зориулагдаагүй, агааржуулалтгүй өрөөнд 0, душ, угаалтуур суулгаж, сантехникийн холболт хийснээс мөөгөнцөр үүссэн байдаг. Иймд миний өмчлөлийн орон сууцны өргөтгөл нь Б.Нарантуяагийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бадамсансар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зарын дагуу 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 13-111 тоот байрыг С.Батхишиг гэж хүнээс худалдаж авсан. Би олон жил Солонгост ажиллаж байхдаа осолд орсны улмаас хүнд өвчтэй болсон ба байнга үнэтэй эм, тариа хэрэглэх шаардлагатай байсан тул өөрийн 3 өрөө байрыг зарж ажлын байртай болох зорилгоор энэ орон сууцыг худалдаж авсан. С.Батхишиг, Т.Баатар нарын хооронд ийм маргаантай байгааг мэдээгүй. Тухайн үед уг байранд зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх байрыг худалдан авснаас хойш хэсэг хугацааны дараа нар хаалаа, манайхаас болж мөөгөнцөртсөн гэх мэт байдлаар удаа дараа илт худал тайлбарыг шүүхийн байгууллагад гаргаж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн бөгөөд шүүх миний буруугүйг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би уг байрыг худалдан авсан хугацаандаа нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд өөр хүнд зарсан тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нарантуяагийн, Б.Бадамсансар, Л.Мөнхбаатар нараас гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний охин Б.Нарантуяагийн 0 тоот өрөөний цонхыг хааж огт нар үзэхэгүй болгосон зургийг О.Алтантунгалагийн тодорхойлолт, хорооны Засаг даргын 102 албан тоотыг шүүгчдэд харуулан уг өргөтгөл Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөрчсөн учир улсын бүртгэлийн бүртгэлгүй болохыг тус газрын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/3841 тоот лавлагаагаар тогтоосон учир түүнийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар нэхэмжлэлээ танилцуулсан. Мөн өргөтгөл Нийслэлийн Засаг даргын 2005 оны 511 тоот захирамж, хотын ерөнхий менежерийн 2008 оны 158 дугаар тушаалаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын төлөвлөлтийг зөвшөөрлөгүй өөрчлөн өргөтгөл барихыг хориглосон шийдвэрийг зөрчин 2010 онд өмнөх зөвшөөрөлгүй өргөтгөл дээр гаднах ханын хавтанг буулган авч, 1,6 м газар доош ухаж шинээр 4*6 метр өргөтгөл барьж явган замыг бүрмөсөн нааж бусдын нар үзэх эрхийг хохироосон үйлдлийг шүүгч хамгаалсаар өнөөг хүргэж байна.

 ...Миний хоёр ч өргөдлийг шударга бусаар шийдвэрлэсэн шүүгчээр хэргээ шийдвэрлүүлэхгүй өөр шүүгчид өргөдлөө шилжүүлэх хүсэлт бичгээр гаргаад Ерөнхий шүүгчид хүсэлт тавихад тэр мөн л хуучин хэрэг шийдсэн хүн дээр өгч тэр хэргийг зориуд 3 сарын турш удаашруулан бараг мартахад хүргэсэн. Бид өмнө нь 2014 оны 9 дүгээр сард Засаг дарга, газрын албаны дарга нарт 2 удаа өргөдөл өгч н.Бадамсансарын хамт нэхэмжлэлийнхээ дагуу өмнөх 2014 оны 10 дугаар сарын 15-ны А/442 тоот захирамжаа хэрэгжүүлэн өргөтгөлөө буулгуулахад хоёр сарын хугацаа өгснийг зальтай этгээд болох Батхишигтэй шүүхээр явна гэхэд нь бид зөвшөөрөлцөж бүх хэргийн нотлох баритмтуудаа өгөөд түүнд итгэл хүлээлгээд түүнийг өөрөө хөөцөлдөж дарагдсан материалаа олж авч шүүх хуралдаанд оролцуулаад ямар ч дэмжлэг аваагүй. Бид өнөөдрийг хүртэл 4 удаа тэмдэгтийн хураамжид 280 000 төгрөг, өмгөөлөгч өмнөх хэрэгт авч, 250 000 төгрөгөөс 125 000 төгрөгийг төлсөн, өмнөх хэрэгт шинжээчийн зардалд 24 000 төгрөг өмнөх түрээслэгч О.Алтантунгалагт /2007 оноос 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл/ түүнийг гарч явснаас хойших түрээс 1 800 000 төгрөг, бичиг баримтууд баталгаажуулсан зэрэгт ойролцоогоор 10 000 төгрөг зөвхөн үүнийг тооцож үзэхэд 2 240 000 төгрөг нэхэмжлэх бүрэн үндэстэй гэж үзээд хохирлоо 2 000 000 төгрөг хүртэл буулгасан. Үндсэн хууль бусад 4 хуулийн зүйл, заалт зөрчсөн хэргийг булзааруулан хоорондоо үгсэн хуйвалдсан зальт этгээд Л.Мөнхбаатар, Б.Бадамсансар нар бусдыг хохироосон энэ хэргийг ул үндэстэй авч үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хариуцагч Л.Мөнхбаатар, Б.Бадамсансар нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/913 тоот захирамжаар “Дүүргийн Засаг даргын 2012 оны А/442 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 111 тоотын өргөтгөлийн барилгын сүүлд нэмэгдүүлж барьсан хэсгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буулгахыг хариуцагч Б.Бадамсансарт үүрэг болгосон”  /хх-6/ бөгөөд хариуцагч Б.Бадамсансар нь Л.Мөнхбаатарт маргаан бүхий орон сууцыг худалдаж, түүнд өмчлөх эрх 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч Л.Мөнхбаатар нь Баянгол дүүргийн Засаг даргын А/913 тоот захирамжийн биелэлтийг хангаж, 111 тоот орон сууцны өргөтгөлийн сүүлд нэмэгдүүлж барьсан хэсгийг буулгасан болох нь хариуцагч нарын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000366062 тоот гэрчилгээ, фото зураг /хх-26, 32, 37-38/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал уг захирамж биелэгдээгүй, өргөтгөлийн сүүлд баригдсан хэсгийг дутуу нураасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч нарын өргөтгөл барьсан үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо, хохирол бодитой учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, С.Батхишиг, Б.Бадамсансар нарт холбогдох хөршийн нөлөөллийн нөхөн төлбөрт 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2246 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН                   

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА