Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1094

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Э.Намуун /томилолтоор/, хохирогч Д.Г, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00467 0294 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Д.Г, Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Би Пи Эс” ХХК-д мужаан ажилтай, ам бүл дөрөв,  гурван дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын 31 дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн 7 дугаар хороо, Намгийн задгайн ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 47 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “ЭДЭЛ” авто угаалгын газрын баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ ; тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 2.68 хувийн согтолттой үедээ; “Хюндай Портер” маркийн 3247 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин явган зорчигч 15 настай Б.Т, 50 настай Д.Г нарыг мөргөж, тэдгээрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Боржигон овогт Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 47 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “ЭДЭЛ” авто угаалгын газрын баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 2.68 хувийн согтолттой үедээ “Hyundai Porter” загварын 3247 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин явган хүний замаар зорчиж явсан явган зорчигч 15 настай Б.Т, 50 настай Д.Г нарыг барилгатай хавсран мөргөж, тэдний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гарах өдөр амралтын өдөр байсан бөгөөд дүүгийнхээ 3 хүүхдэд идэж, уух юм хүргэж өгөх гээд явж байсан юм. Тухайн үед эцэг, эх хоёр нь ажилтай байсан юм. Тэгээд Зүүн салааны автобусанд суугаад буучхаад явж байтал гэнэт нэг цагаан Портер урсгал сөрөөд ороод ирсэн. Тухайн үед миний хүү чи бид хоёрыг дайрах нь ээ, одоо хоёулаа яах уу гэж хэлээд л байж байсан чинь гэнэт дайрчихсан. Нэг мэдэхэд би Портерын доороос мөлхөж гарч ирсэн. Тухайн үед цус алдчихсан байна гэж бодсон чинь өмдөндөө шээс алдчихсан байсан. Тэгээд хүүхэд рүүгээ харахад хажуу талд ээжээ, ээжээ гээд уйлаад сууж байсан. Удалгүй эмнэлгийн болон цагдаагийн машин ирсэн бөгөөд намайг хэдэн залуучууд өргөж эмнэлгийн машинд суулгасан. Эмнэлэг дээр очсоны дараа жолоочийг нь согтуу байсан талаар мэдсэн. Осол гарсны дараа шүүгдэгч битгий цагдаа дуудаарай, битгий хэлээрэй, танд ямар л хохирол гарсан байна тэр болгоныг гаргана гэж хэлж байсан. Миний бие эрүүл мэндээрээ маш их хохирсон. Осол гарснаас хойш байнгын хэвтэрт байсан болохоор хүүхдээ огт эмнэлэгт үзүүлж чадаагүй. Одоо манай хүүхдийн нугас руу их өвддөг, цаана нь ямар зовуурь байгааг би хэлж мэдэхгүй байна. Осолд орсон хүмүүс хэдэн жилийн дараа өвчин нь сэдэрдэг гэсэн. Би яах вэ, миний хүү л хэцүү байна. Шүүгдэгч нь намайг эмнэлэгт байх хугацаанд бие нь яаж байна гэж нэг ч удаа асууж байгаагүй. Би сүүлдээ прокурор, мөрдөн байцаагч нартаа хэлж байж нэг хэдэн төгрөг олж авсан. Авто угаалгын цоморсон газрын төмрийг хоёр дотор янзалж өгсөн хэр нь хүүхэд бид хоёрыг тоогоогүй. Гэхдээ би энэ хүнийг санаатай намайг мөргөсөн гэж бодохгүй байна. Одоо эмнэлгийн төлбөрийн үлдэгдэл мөнгө болох 150,000 төгрөг, сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүү Т-тэй хамт гэрээсээ гараад дүүгийнхээ гэр лүү авто угаалгын газрын хажууд явган хүний замаар явж байсан, тэгтэл цаанаас нэг цагаан өнгөтэй, Портер маркийн автомашин ирж байсан тэгээд дөхөж ирээд гэнэт манай хүүхэд бид хоёр луу эргэж орж ирээд бид хоёрыг мөргөөд газарт унагасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас);

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ээж Д.Г-ийн хамт “Содон” хороолол дээрээс Зүүн салааны автобусанд суугаад “Шинэ давхар” дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойшоогоо замын зүүн талаар явган зам дээр ээж Д.Г-тэй явж байхад авто угаалгын хавьцаа хойноосоо урагшаа чиглэлтэй эсрэг урсгалаас цагаан өнгийн Портер машин ирээд ээж бид хоёрыг мөргөсөн. Яг яаж мөргүүлж дайруулснаа санахгүй байна. Огцом хурдтай дараад зам дугуй нь чахарч дуугарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);

5. Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ахын Портер машинд суугаад Г ах өөрөө машинаа жолоодоод Хилчин хотхоны зүүн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байхад 1-р эгнээнд цагаан өнгийн ачааны машин явж байхад тэр машины хажуугаар нь буюу зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад эсрэг урсгал руу ороод явган хүний замаар явж байсан нэг эмэгтэй хүнийг мөргөөд цаад талд нь байсан авто угаалгын буланг мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас);

6. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 5-14 дүгээр хуудас), хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан компакт диск, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 16 дугаар хуудас);

7. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Д.Гансүх нь 2.68 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-19 дүгээр хуудас);

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5638 дугаартай шинжээчийн “...Б.Тэ-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн...” дүгнэлт (хх-ийн 60 дугаар хуудас);

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн “...Д.Г-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн...” гэсэн дүгнэлт (хх-ийн 64 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч Д.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 129 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 127 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Т, хохирогч Д.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг эргэлзээгүй тогтоосон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Г-ийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Д.Г-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг, харин “согтуурсан үедээ үйлдсэн” нь хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Г-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 2,890,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 150,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 391,074 төгрөгийн тус тус нэхэмжилсэн ба шүүх шүүгдэгч Д.Г-ээс нийт 541,074 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулж Д.Г-т олгуулах, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Г нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.

Иймд шүүх дээр дурдсан хэргийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Г-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулав.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь 10 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Г-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.Г-д шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ээс 541,074 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулж хохирогч Д.Г-т олгосугай.

6.Хохирогч бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь 10 хоног цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

                                                ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА